Эрхэм Зиндаа” булангийн энэ удаагийн зочноор “Хан-Уул” дээд сургуулийн захирал, Монголын математикийн багш нарын Академийн Ерөнхийлөгч, Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, Монголын ирээдүй судлалын тэргүүн Ц.Дэмбэрэлийг урилаа. Түүний хүүхэд нас хийгээд үзэл бодлоо илэн далангүй дэлгэсэн авьяас билгийн орноор зочлоорой. Монголын боловсролын тогтолцоо, хэрхэн ухаантай хүүхэдтэй болох вэ гээд олон сонирхолтой сэдвийг хөндөн ярилцлаа.

-Таны хүүхэд наснаас яриагаа эхлэх үү?

-Би Увс аймгийн Завхан сумын нутаг “Цагаан түнгэний Их өтөг” гэдэг газар төрсөн. Би чинь Цэрэнгийн Дэмбэрэл гэж ээжээрээ овоглодог, бутач хүүхэд юм шүү дээ. Ээж маань хэлэхдээ “Чи 1954 оны 12 дугаар сарын 31-ний шөнө дунд өнгөрч байхад төрсөн” гэдэг. Нагац ах маань 01 дүгээр сарын 1-нд бүртгүүлсэн юм билээ. Морь жилтэй. Морийг зурах юм бол би морины хондлой дээр нь төрсөн гэсэн үг.

-Та хэдүүлээ вэ? Бага нас сумандаа өнгөрсөн үү?

-Ах дүү гурвуулаа.Уртнасан ах маань надаас 12 ах, Оюун эгч маань надаас 4 эгч би Цэрэнгийн отгон хүү нь. Би ахынхаа сурах замыг хааж хөндөлсөж гарсан хүүхэд байгаа юм. Ундаа ах маань дөрөвдүгээр ангид онц сурдаг байсан ч ээж минь өрх толгойлсон эмэгтэй болохоор том хүүгээ амьдралдаа дэм тус болгуулахаар намайг төрөхөд сургуулиас гаргасан. Ах минь миний амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн аавын оронд аав болсон хүн. Намайг дөрвөн ой хүртлээ хэлд орохгүй удахаар нутгийнхан “Энэ Цэрэнгийн бага хүү их сэргэлэн юм, даанч хэлгүй юм даа” гэж ярьдаг байсан гэдэг. Ах эгч нар хэвийн хэлд орсон. Гэтэл нэг зун ээжийг ингэ саагаад зогсож байхад саваагаар мод уначихсан гүйж яваад гэнэт “Ээж” гэж дуугарсан байгаа юм. Тэр даруй ээж мөөмээ гаргаад “Мөөм” гэсэн, дагаад хэлсэн гэсэн. Тэгээд долоо хоногийн дотор хэлд орсон. “Долоо хоногийн дотор хүү минь дуржигнуулж байсан, тэр долоо хоногт би их баярласан даа” гэж ээж маань хэлдэг. Хүнийг үгийг ойлгодог ч ярьж чаддаггүй байж байгаад гэнэт гацаа гарсан байна.Тархины эд эстэй холбоотой. Би тархи судлаач хүн шүү дээ. Тийм юм байж болно. Тэр үед хүүхдүүд найм естэй сургуульд ордог байсан. Би тав хүрээгүй байхдаа сургуульд орсон. Ээж маань хичээлийн эрхлэгчийг таньдаг байж л дээ.

Ээж минь гойд ухаантай хүн байсан

-Ээж нь малчин хүн байсан уу?

-Ер нь малчин хүн юм, гэхдээ нэг их мал маллаж байгаагүй. Уран хатгамалч, гойд ухаантай хүн байсан. Тасархай цэцэн ухаантай хүн байсан болохоор хэр баргийн хүн гэр бүл болж суух боломж ер байгаагүй юм шиг байгаа юм. Дандаа хүний цаана гарч, тэр хүний үгийг багтаагаад бүр илүү цаана сэтгэж үг хэлдэг. Тэгэхээр хүмүүс энэ цэцэн цэлмэг амьтантай ингэж шөргөөцөлдөж суугаад яах вэ гэдэг байсан байх. Манай ээж чинь нутагтаа Цэцэнхүү нэртэй байсан юм шүү дээ. Ер нь миний нагацын тал бол оюуны өндөр угшилтай улсууд л даа. Гурван нагац бол хосгүй ухаантай улсууд байсан.

-Та яриагаа эхлэхдээ өөрийгөө би бутач хүүхэд гэж шууд хэлсэн. Хүмүүс иймэрхүү зүйлийг ихэвчлэн ил гаргахыг хүсдэггүй?

-Би бутачаа нуух юм байхгүй. Монголд олон байсан. Одоо бүр ч олон болж байгаа юм билээ. Би аавгүй гэхдээ эцэгтэй хүн. Аав гэж өөрийг нь өсгөж хүмүүжүүлсэн хүнийг хэлнэ. Эцэг гэдэг бол эцэг болоод өнгөрч байгаа төдий. Тэгэхээр би эцэгтэй хүн юм. Аав гэж дуудаж үзсэнгүй харин эцэг бол байсан.

-Таны эцэг ямар хүн байсан бэ?

-Би ээжийнхээ 34-тэйд гарсан юм. Тэр үед эцэг маань 18-тай байсан байна. Их олон насны зөрөөтэй. Манай эцгийг Баттогтох гэдэг. Эцэг болох хүн маань манай ээжтэй гэр бүл болох боломж насны хувьд ч, ахуйн хувьд ч байгаагүй. Хоёр хүүхэдтэй 34 настай хүнтэй чинь 17,18-тай жаахан хүүхэд яаж суух вэ дээ. Тэгээд нутгаар “Үгүй ээ энэ Цэрэн, Баттогтох хоёрыг хар даа. Хүүхэд нь эрүүл гарлаа. Даанч хэлгүй боллоо” гэж бөөн яриа болж байсан байгаа юм. Эцэг маань нутагтаа багтаж шингэх газаргүй болоод хойтон жил нь 19-тэй байхдаа Улаанбаатар явчихсан юм билээ.

- Та эцэгтэйгээ хожим уулзаа юу?

-Намайг 45-тай байхад манай эцэг ирлээ. Өөр хүнтэй суугаад зургаан хүүхдийн эцэг болсон. Би чинь Цэрэнгийн хамгийн бага хүүхэд ч нөгөө талаасаа айлын ууган хүү. Тэгэхдээ ээж минь эцэг чинь тэр хүн юм шүү гэж хэлсэн шүү.

- Таны нагацын тал их ухаантай улсууд байжээ. Хүний 18 насны ген оюун ухаанд нөлөөлөх үү?

-Генийн өгөгдөхүүн л дээ. Би олон жил хүний оюун тархи судалж байна. Хүний эцгийн ген оюун ухаанд нөлөө багатай. Оюун ухаанд эхийн тал цусан төрөл илүү. Яагаад гэхээр тархи цусаар тэжээгддэг. Монголчууд цусан төрөл илүү, “Төрлийн эх нь нагац” гэх нь ч бий. Хүүхэд ухааны хувьд дандаа нагацаа дагаж явна.

Харин хөгшрөх тусмаа ясан төрлөө дагаж эцэгтэйгээ адилхан болдог. Зан характер, бие хэлбэр нь эцгээ дуурайдаг. Хар хүч буюу сээр нурууны хүч, яс, булчингийн хүчийг эцгээсээ авна. Эцэг тамир тэнхээ муу байх юм бол хүүхэд тийм амархан бөх болохгүй. Бөхчүүдийн хүүхэд бөх байгаа нь эцгээ дагаж удамшдагт байгаа юм. Дэлхийн түүхийг хараад байхад ухаантай хүмүүс сэтгэгчид голдуу ухаалаг ээжтэй байжээ гэсэн байдаг.

-Энэ батлагдсан уу, эсвэл нэлээн олон тохиолдолд таараад байна уу?

- Монголчуудын хувьд олон жилийн амьдралаас үүдсэн ажиглалт, мэдлэг байна. Шинжлэх ухааны хувьд үндсэндээ бүрэн батлагдсан. Энэ талаар би арваад жил судалж сүүлийн таван жил энэ чиглэлийн ном бичиж байна. Монголд оюун ухааны чиглэлийн суурь гурван боть ном гаргах гэж байгаа юм. Миний номнууд гарч байж Монгол улс анх удаа оюун ухааны чиглэлийн сурах бичигтэй болох юм.


Хүүхэд насныхаа яриа руу эргэн ороход ээж минь намайг хүүхэд гэж гололгүй амьдралд тохиолдсон юмаа их ярьдаг байсан. Би тав хүрээгүй байхдаа сургуульд орсон. Намайг дөрөв, тавтай байхад ах маань надад тоо заасан. Би 1000-ын дотор гурван оронтой тоог гурван оронтой тоон дээр шууд нэмж, хасдаг байлаа. Сонсоод л хариуг нь шууд хэлнэ.Нэг ч алдаж байгаагүй. Одоогийн компьютороос хурдан. Ах маань ямар аргаар заасныг бүү мэд. Ямар ч байсан ЕБС-ийн зааж байгаа аргаар заагаагүй. Заасан бол удна ш дээ. Сүүлийн хоёр тоог нэмнэ, нэгийн санана, дараагийн хоёр тоог нэмнэ бас санана гээд .

-Тэгээд ямар аргаар заасан юм бол?

-Би өнгөөр л нэмээд байсан шиг санаад байдаг юм. Надад гурван оронтой тооны гурван өнгө харагдана, дахиад гурван өнгө харагдана. Тэгээд нэмэхээр бас нэг өнгө харагддаг байж.

Тав хүрээгүй шахуу байхдаа 1000-ын дотор тоо боддог байжээ. Сургуульд жинхэнэ “гавал” хүүхэд байв уу?

Дөрвөн ой есөн сартайдаа сурагч болж байлаа

-Манай ангийн багш нэг жижигхэн охин байлаа. Хичээл заахдаа хоёр савх мод дээр дахин нэг савхыг нэмэхээр гурав болно гээд нэмэх үйлдэл зааж байжээ янз нь. Тэгсэн би “Та заахгүй, би заана”гээд ширээн дээр нь авирч гараад багшийнхаа амыг гараараа таглалаа. Өөрийнхөө аргаар, заах гэж байхгүй юу. Тэр багшийн арга маш хоцрогдсон арга байна шүү дээ. Одоогийн тоо нэмж байгаа арга бол морин тэрэг шиг үнэнхүү хоцрогдсон арга мөн. Би тэгэхэд нэгдүгээр ангийн сурагч хэрнээ дөрвөн ой есөн сартай байсан. Тэгээд багшийн амыг бариад одоо би заана гэсэн чинь багш намайг тэврээд явсан. Инээгээд намайг тэвэрч хичээлийн эрхлэгчийн өрөөнд орж ирээд. “Цэвэлээ багш аа, энэ хүүхэд эрхлээд миний амыг барина гээд байна өө. Их жаахан юм аа.”гээд тэврээд зогсож байсан.

-Таныг хичээл заана гэхэд огт ач холбогдол өгөөгүй юм аа даа?

-Ерөөсөө өгөөгүй. Миний заах гэж байгааг ойлгоо ч үгүй. Багш сурагчид цөмөөрөө инээлдээд.Тэгсэн Цэвэлээ багш бичиг цаас үзэж байснаа “Өө, энэ Цэрэнгийн хүүхэд орчихсон байна ш дээ. Тав хүрээгүй хүүхэд. Одоо гэрт нь аваачаад өг” тэр дороо гэрт аваачаад өглөө. Манайх ч хажууханд нь байсныг хэлэх үү. Орой унтахдаа ээжийнхээ мөөмийг барина гэлээ. Тэгсэн ээж бариулахгүй гэж байна. “ Энэ жил би чамайг Цэвэлээтэй яриад сургуульд оруулчихсан чинь чи бид хоёрын булхай баригдлаа шүү. Ирэх жил би чамайг дахиад сургуульд оруулчихнаа. Тэгэхээр чи багш л юу гэж хэлнэ. Яг л дагаж хэлдэг юм шүү. Илүү юм ерөөсөө хэлж болдоггүй юм. Хэрвээ чи энийг зөвшөөрвөл би чамд мөөмөө өгнө” гэсэн. Тэгэхээр нь би тэгнэ тэгнэ гэж амлаж байж мөөмөө бариад хойтон жил зургаан настай сургуульд орлоо.

-Нэг жил гэртээ байхдаа бүр мундаг болсон байх даа?

-Үгүй ээ, би тоглоод л байж байдаг байсан. Би ер нь арван зургаа хүртлээ тувт тоглосон. Даалгавар хийнэ гэдэг юм манайд ерөөсөө байгаагүй. Би арван жилийн сургуульд даалгавар хийж үзээгүй ш дээ. Даалгавар хийнэ, даалгавар өгнө гэдгийг би ер ойлгодоггүй. Багш нар ч надад даалгавар өгч шалгаж байсангүй.

Би гэрийн даалгавар хийж үзээгүй

-Нийтэд нь даалгавар өгөөд шалгадаг шүү дээ. Та хаагуур нь үлдчихдэг байв аа?

- Мэдэхгүй, надад тийм юм байгаагүй.

-Ангидаа хичээлээ гэрийн даалгавартайгаа хамт хийчихдэг байсан юм уу?

- Багш л мэддэг байсан юм байгаа биз. Дэмбэрэлд даалгавар өгөх шаардлага байдаггүй байсан юм шиг байгаа юм янз нь. Багш хичээл орно. Би дор нь тогтоогоод тэрийг нь хэлээд өгчихнө. Дэмбэрэлийг оролдох хэрэг байгаагүй. Би даалгавар хийж ерөөсөө үзээгүй. Намайг хүлээн зөвшөөрсөн байсан юм шиг байна лээ. Даалгавар гэж юу юм бэ? Даалгавар гэдэг бол багшийн хичээл дээр заасан зүйлийг бататгах ажил. Нэгэнт бататгачихсан юм чинь яах юм.

-Тэгвэл таны хувьд сургууль уйтгартай газар байжээ дээ?

-Тэгэлгүй яах вэ, маш уйтгартай газар бол сургууль. Миний оюун ухаанд сургууль багтахгүй байна шүү дээ. Хичээл ер өнгөрдөггүй. Голдуу цаасан шувуу хийгээд л байж байдаг байсан. Хичээл тарангуут хамгийн түрүүнд гараад л тоглочихдог. Ангийнхнаасаа би хоёр насаар дүү.

Эндээс нэг юм хэлэхэд хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэх явдал маш чухал. Намайг ах маань хөгжүүлсэн. Монголд цааш нь аваад явах тогтолцоо байхгүй байна. Монголд өдгөө хүртэл билэг авьяастай хүүхдийг хөгжүүлэх тогтолцоо байхгүй. Ийм учраас Монголын ЕБС-д билэг авьяастай хүүхдүүд бүгд хэлмэгдэж байгаа юм. Би хохирогсдын тод жишээ.


Хичээл тараад л доод анги руугаа гүйчихнэ. Ангийнхнаасаа хоёр насаар дүү учраас ангийнхантайгаа тэр бүрий таардаггүй. Бага насны хүүхдэд насны зөрөө их мэдрэгддэг. Ангийнхан өөр юм ярина. Би шал өөр юм ярина. Би наймдугаар ангид байхдаа тав зургадугаар ангийн хүүхдүүдтэй тоглодог байсан. Биологийн нас, оюун ухааны нас гэж хүнд хоёр нас байна. Оюуны нас хавьгүй хол явчихсан, биологийн нас нь тав зургадугаар ангийнхантай таардаг. Багш нар намайг сүүлдээ “Дэмбэрэл бага тоглооч ээ. Бага насны хүүхдийг удирдаж тоглоод байх юм. Наадуул чинь даалгавраа хийг” гэдэг байв.

-Та онц сурдаг байв уу?

-Өө тэгэлгүй яахав. Ингээд наймдугаар анги төгсөв өө. Нэг жил бие өвдөөд жилийн чөлөө авсан. Харин дараа нь орж ирэхэд биологийн нас нь сүрхий ойртсон байсан шүү. Тэгээд есдүгээр ангидаа Дарханд шилжиж ирсэн. Тэгсэн “Залуучуудын үнэн” сонин дээр Монгол улсын математикийн эчнээ олимпиад болох гэж байна гээд бодлогууд зарлачихсан байна. Тэгэхээр нь тэрийг нь бодоод явуулчихлаа. Тэгсэн чинь дан удалгүй өөр нэг сонин дээр “Монгол улсын математикийн эчнээ олимпиад дүнгээ гаргалаа. Дархан хотын нэгдүгээр сургуулийн 9б ангийн сурагч Ц.Дэмбэрэл түрүүлэв” гээд биччихсэн байна. Тэгсэн манай сургуулийн хичээлийн эрхлэгч Рагчаа багш дуудаад нэг түлхүүр өглөө. Дотор нь нэг бичгийн ширээ сандал хоёр байна. “За Дэмбэрэл ээ, энэ түлхүүрийг ав. Энд сууж тоогоо бод. Ирэх жил аравдугаар ангидаа эчнээ биш улсын олимпиадад түрүүлнэ. Хичээлд битгий суугаарай” гэлээ. Тэгээд л би тэнд тоогоо бодоод суучихна. Хичээлд суухгүй ш дээ, өөрөө өөрийгөө мэднэ. Рагчаа багш надад заахгүй. Ер нь би багшаар заалгаж байгаагүй. Би өдгөө хүртэл багшаар заалгаж байгаагүй. Миний багш бол ном.

-Таныг ингэж хэлэхээр танд хичээл зааж байсан багш нар гомдох вий дээ?

-Үгүй ээ, гомдохгүй. Тэд надад юм заагаагүй юм чинь. Харин заасан бол буруу юм заасан байна.

Ном гэж сайн багш байнаа. Гэхдээ сайн ном шүү. Лев Толстойн “Дайн ба Энх” байна. Арван жилд нэг багштай. Тэр нь Рагчаа багш.Одоо ч гэсэн холбоо харилцаатай байдаг. Тэгээд аравдугаар ангидаа улсад түрүүллээ. 1972 оны математикийн наймдугаар олимпиадын Улсын аварга болсон. Би нэг бодлогыг хэн ч олоогүй шинэ аргаар бодсон байдаг гэсэн. Номонд орсон байдаг юм билээ. Тэр үед нэг л олимпиадтай, нэг л аваргатай. Улсын олимпиадад оролцсон хүүхдүүдээс 12 хүүхдийг Польшид болох олон улсын 13-р олимпиадад бэлдэж байсан юм.

Таван сард яаман дээр дуудаад бидэнд хуваарь өглөө. Монгол улсад байгаа бүх хуваарь байнаа. Дуртайгаа ав гэв. Би МУИС-ийн математикийн ангийг авч, миний дараа орсон 11 хүүхэд Унгар, Герман, Орос, Югослав гээд дандаа гадаадын хуваарь авсан.

-Математикийн анги байгаагүй юм уу. Та яагаад гадаадад бус дотоодын их сургуулийг сонгосон юм бэ?


-Математикийн ангиуд байсан. Дотоодод сурах нь муу биш байсан байна. Гадаадад сурсан бол би ийм юм хийхгүй л байх байсан. МУИС-т ордог нь сургуульдаа биш багшид байсан юм. Их сургуульд Л.Шагдар гэж монголын математикчдын ноён оргил болсон хүн байна. Одоо Украйнд байдаг 85-тай хөгшин бий. Сургуулийг биш хүнийг дагаж үлддэг юм.

Би 10 жилдээ Рагчаа гээд багштай байсан. Тэр хүн надад боломж олгосоноос гадна “Дэмбэрэл бол мэдээ чихдэг хогийн сав биш юм байна. Харин асаан дүрэлзүүлдэг бамбар байнаа” гээд миний итгэлийн маань галыг дүрэлзүүлчихгүй юу. Тэр үед багш нар эсэргүүцэж байсаан. Энэ одоо юу болж байна. Сургуульд сурдаггүй хүүхдийг есдүгээр ангиас нь чөлөөлчихсөн гээд багагүй хэл ам болсон. Харин аравдугаар ангид улсад түрүүлэхэд бүх багш нар таг дуугай болсон доо.

-Тухайн үедээ бас их зоригтой шийд гаргасан байна шүү?

-Тийм ээ, арга байхгүй Рагчаа багш бид хоёрын тохиосон хувь. Ер нь амьдралд хувь зохиол гэдэг юм байна .

- Хүн болох багаасаа гэдэг. Хүүхдийг зөв хүн болгох, оюун ухааныг нь хөгжүүлэх хоёрын алиныг нь эхэлж анхаарсан нь дээр вэ?

-Хүн чинь өөрөө хоёр хэсэгтэй. Яс мах, булчин, шөрмөс гээд бүгд махбодь. Тархи хүртэл цагаан бор бодис гээд махбодь. Энэ бодитой зүйл нь. Дээр нь нүдэнд үзэгдэж харагдахгүй оюун ухаан гэж нэг юм байна. Оюун ухаанаар бүхнийг бүтээдэг. Хүн махбодь ба оюун ухааны нийлбэр цогцос . Гэхдээ оюун ухаан тал нь давамгай.Оюун ухаан маань өөрөө төрмөл ба таримал гэсэн хоёр хэсэгтэй байна. Төрмөл нь заяагддаг бол таримал нь сургуулиас, ахуй орчноос, эцэг эхийн нөлөөгөөр, боловсролоор,номоор, хүрээлэх орчны нөлөөгөөр олж авч байгаа. Таримал нь дотроо бас ялгаатай .

Хүүхдийн юуг нь түрүүлж тарих вэ. Оюун ухааныг нь түрүүлж тарина.Манайхан хүмүүжүүлнэ гэж ярьж байна. Энэ буруу. Хүн төрөлхтөний хамгийн сүүлийн судалгаа нь оюун ухаан судалгаа. Энэ математик судлалтай адил биш, их хүнд. Монголд математик судлаад ойлгочих хүн хэдэн мянга гэж би хэлэх гээд байна. Оюун ухааны далай дотор сэлнэ гэдэг маш ярвигтай. Тиймээс оюун ухаанаар оролдсон хүн өнөөг хүртэл тун цөөхөн.

-Монголд оюун ухаанаар дагнан судалж байгаа хүн танаас өөр байна уу?

- Монголд байхгүй, дэлхийд 20 байдаг. Ихэнх нь нас барсан. Хоёр л хүн бий. Хорвардын их сургуульд Карднер гэж олон талт оюуны тогтолцоо сэдвээр ажилладаг хүн байна. Нөгөө нь Боногийн тогтолцоо гэж Кембрижийн их сургуульд ноён оргил нь байнаа.

Би тэдний юмыг аваад Монголд суурилуулах, эргүүлээд монгол хөрсөн дээрээс тэднээс илүү юм гаргах гээд байгаа юм. Сэтгэлд багтаад байгаа ажил аа. Би үүнийг хийх ёстой.

-Ер нь анх яагаад хүний IQ судлах болов? Хэзээнээс судлав?

- 1994 онд Хан-Уул дээд сургуулийг байгууллаа. Оюутан элсүүллээ. Тэнд дандаа бусад сургуулийн шалгалтанд ороод тэнцээгүй хүүхдүүд байсан.

Би хамар хашааныхаа охинд шууд 100 оноо тавьсан

Би түүнээс өмнө их сургуульд багшилж байлаа. МУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга гэдэг ажил хийж байсан юм. Хавар их сургуулийн эдийн засгийн ангийн элсэлтийн шалгалт боллоо. Хатуу шалгалт байдаг. МУИС-ийн эдийн засагт л хамгийн өөдтэй нь ордог шүү дээ. Одоо ч хэвээрээ байгаа гэж бодож байна. Бидний хэдэн багш нарыг тусгай нэг өрөөнд оруулж хуваарь хийгээд анги анги руу орууллаа. Ангид зохион байгуулагч, ассент багш гээд нэг хүн байж байна. Би шалгагч багш. Дөрвөн цагийн дараа бодлого бодоод дуусахад орж байгаа юм. Дүн тавиад л гаргалаа. Тэгсэн ассент багш хөл дээр гишгих юм. Нэг хүүхдийн нэр гараад ирлээ. Оноо тавьчихаж.Энэ хүүхдэд 98 оноо тавих юмаа. Их эвгүй байдалд ордог юм байна. Би ер тэгж байсан биш. Эгэл ардын 40 хэдэн хүүхэд байгаа. Гэтэл би 40 оноо авах хүүхдэд 90 оноо тавих нь байна ш дээ. Ёстой завааруулдаг юм билээ. Өөр арга байхгүй. Би тавилаа. Тэгээд би 97-г 87 болгоод 10 оноо багасгаж тавилаа ш дээ. Манай хамар хашаанын нэг охин надаас давтлага авдаг байсан юм. Ямар аз таарсан юм, тэр охин маань зогсож байна. Шууд 100 оноо тавьсан. Тэр хүүхэд 100 оноо авахаар байгаагүй л дээ.Миний уур хүрч байгаа байхгүй юу. Тэгээд л би төрийн сургуулийн оюутан элсүүлж авдаг арга нь бүрмөсөн дампуурчихсан юм байна гэж бодсон. Харин чадалтай хүүхэд бол орчихож байгаа юм. 100 оноо авсан хүүхдийг бол яаж ч чадахгүй ш дээ. Манай Хан-Уул дээд сургуулийн төгсөгчид өнөөдөр Монголыг авч явж байна. Улсын сургуульд унаад ирсэн хүүхдүүдийг би дандаа оюуны хөгжлөөр нь шалгаж авсан. Монголын боловсролыг толгойг нь дээш нь харуулах арга нь энд байжээ.

Өдрийн ангитай сургуулиуд үеэ өнгөрөөсөн

Хан –Уул дээд сургууль өдрийн ангигүй байгаа. 2004 оноос бид өдрийн ангитай сургуулиуд үеэ өнгөрснийг ойлгоод Хан-Уул дээд сургуулийн элсэлтийг зогсоочихсон. Одоо онлайн сургууль, виртуа сургууль, гэрийн сургууль, вакум сургуулиудаас сонгон сурна. Бакалавр, магистр, доктор үеэ өнгөрөөсөн шүү. Монголд бакалавр, магистр, доктороор төрийн сектор л амьдарч байгаа ш дээ. Төрийн бус секторт доктор хүний өмнө мөнгө нь хураагдаад л,магистр болонгуут мөнгө нэмэгдэж ирдэг юм уу. Цаашдаа энүүгээр амьдардаг юм гэж байхгүй. Ирэх жилээс төрийн ажилтны зөвлөлийг татан буулгаж нийтийн ажилтны зөвлөл болно. Хууль бэлэн болчихсон. УИХ-д өргөн барьчихсан байна. Тэгэхээр ямар ч зэрэг цол диплом хэрэггүй. Баруунд ийм болчихсон.

Нэгэнт өнгөрсөн бол явахгүй. Гэтэл зургаан жилийн дараа 2011 онд яам манай сургуулийн элсэлтийг зогсоосон. Би яамнаас бүр олон жилийн өмнө элсэлтээ зогсоогоод хамаг юмаа цэвэрлэчихсэн байхгүй юу. Оюутан гэдэг заавал танхимд хичээллэж өрөөнд байх ёстой гэнэ. Интернетийн оюутан оюутан биш үү. Онлайн, home, гэрийн сургуулийн оюутан оюутан биш үү. Насан туршдаа сур гэчихээд их сургуулийн дөрвөн жил сурсан хүнийг оюутан гэнэ гэх юм. Манай боловсролын яамныхны сэтгэлгээ шал дээр буусан шүү дээ.

-Шалгуур нь юу байхав?

Бодит чадвар буюу оюуны чадвар байна.

-Монголчуудын IQ дэлхийд хаахна явна?

- Оюуны потециалаар 180 орноос 5-д явж байна. Монгол тархи дэлхийд хамгийн том. Монгол тархи number one. Харамсалтай нь Монголын боловсрол тархины хэмжээний эсрэг явж байна.

- Оюуны өндөр чадавхи хүн бүрт заяахгүй байх?

Заяахгүй. Онцгой авьяастай хүн 1000-д 3 байдаг. Монгол улсын хэмжээнд бүтээлээрээ батлагдсан 130-аас дээш IQ-тэй 22 хүн байна. Тэдэн дундаас Ч.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн хавар 140-өөс дээш гэж батлагдаж гоц ухаантан гэдэг категорт шилжсэн.

-Дундаж хүний IQ хэд байх вэ?

-Эрүүл дундаж хүний IQ 100 байна. 100-70-ын хооронд мулгуудуу хүмүүс байна. IQ 70-аас доош орвол эмгэг болно. Энэ бол манай судалгааны ажил биш. 100-130-ын хооронд ухаалаг, 130-140-ын хооронд ухаантай хүн орно. 140-өөс дээш гоц ухаантай, 160-180-ын хооронд сод ухаантай, 180-200-ын хооронд суут ухаантан, 200-220-ын хооронд аугаа их суут гэж явна.Жишээ нь: Чингис хаан аугаа их суут хүн шүү. Түүний IQ 204 гарсан.

-IQ-г яаж тогтоох вэ?

-Бүтээлээр тогтооно. Бас тестээр тогтооно.Бүтээл гэхдээ хоёр янз. Жилд нэг боть гаргадаг. Тэр нь ус. 100 хавьцаа л юм хийгээд байдаг. Бид тэднийг шоргоолжин гэж байгаа юм. Олон хүн Ч.Эрдэнийг тасархай ухаантай гэдэг. “Бид ялав” гэдэг зохиол бичсэн. Түүний энэ номыг угаар нь ойлгоно гэдэг бол жирийн хүүхдийн ажил биш.

- Монголчууд оюун ухааны хувьд дэлхийд тавд эрэмбэлэгдэж байгаа хэрнээ сэтгэлгээний хувьд хайрцагнаас гарч чадахгүй байна гэх юм?

- Миний амьдралын замнал санамсаргүй юм биш зүй тогтол байна гэдэгт би итгэх боллоо. Би шашинд төдийлөн итгэдэггүй. Далай ламын ярьсан зүйл надад маш сайн ойлгогдож байна. Манай лам нарын яриа ер ойлгогдохгүй байна. Миний хувьд IQ-г л шинжлэх ухаанаар нотолчих гээд байгаа юм.


Эхлээд нэг түүх ярья. 1972 онд улсын олимпиадад түрүүлээд, олон улсын математикийн 13-р олимпиадад Польш улсын Торун хотноо оролцлоо. 103 хүүхэд оролцсоноос би яг 52-т орлоо. Яг голч нь гэсэн үг. Миний Дэмбэрэл гэдэг нэр чинь тохиолдол биш юм аа. Манай ээж хөрш Жалцав гэж номтой хөгшинд надад нэр хайрла гэж хадаг барьж гуйсан байгаа юм. Жалцав гуай хадгийг нь авч 7 хоног нэр бодоод нэг өдөр ээж, ах, эгч нарыг бүгдийг нь оролцуулж ахаар бичүүлж, эгчээр хуйлуулж, ээжээр татуулж таарсан нэр нь Дэмбэрэл. Дэмбэрэл гэж шүтэн барилдсугай гэсэн түвд үг. Орчлонгийн бүх юм өөр хоорондоо холбоотой шүтэн барилдсан байна. Шүтэн барилдаагүй, ном журмаас гадуур нэг ч юм байхгүй ээ. Хүний орчлон оюун ухаан дээр тогтож байна. Түүнийг угшил нь шүтэн барилдахуй юм. Олимпиадад орсоны дараа Польшоор автобусаар зугаалсан. Тэгэхэд миний хажууд 12 настай Герман хүүхэд суулаа. Тэр 40-өөс 40 оноо авч тэргүүн байр эзэлсэн байсан. Би 40-21 оноо авсан байсан юм даг. Түүнтэй тоглоод ер хожоогүй, тэгэхэд л би энэ математик биш байна, миний математикт бэлдсэн бэлтгэл дутуу байна гэдгийг ойлгосон. Насны зөрөөнөөс гадна оюун ухааны зөрөө байдгийг өөр дээрээ мэдэж авсан. Хүнд оюун ухааны болон биологийн гэж хоёр нас байна. Дэлхий дээр оюуны насаар анги бүрдэж байна. Монголд байхгүй. Нийгэм оюун ухаанаараа өрсөлддөг болж.

Монголын боловсрол хүүхдийг нэгэн хэв загварт оруулсан байна

2007-2008 хичээлийн жилд дэлхийн банкнаас нэг сая доллар гаргаж том судалгаа хийсэн юм.БСШУЯ-ны харьяа БҮТ гэдэг байгууллага хариуцаж “Хөдөөгийн боловсролыг дэмжих” нэрийн дор олон сургууль сонгож бүх аймгийн тавдугаар ангиудын дунд хийсэн судалгаа л даа. 2009 оны өвөл олон орны шинжээчид оролцон том тайлан бичигдсэн. Математик, байгалийн шинжлэл, монгол хэлний хичээлээр судалгаа хийхэд Монгол 45 оноо авч унасан. Дэлхийн шилдгүүд 80-90 оноо аваад байгаа юм. Өнгөрсөн жил дахин судалгаа хийсэн, нэг сая таван зуун мянган доллар зарцуулсан. Тэгэхэд манай улс 26 оноо авч бүр унасан. Тайланд “Монголын боловсрол монгол хүүхдүүдийн сэтгэлгээг нэгэн хэв загварт оруулсан байна. Монгол хүүхдүүд чөлөөтэй сэтгэн бодох даалгаврыг тааруу хийж байна.” гэж бичсэн байсан. Хүүхдүүд цээжлэхийг л мэддэг сэтгэхийг мэддэггүй. Сэтгэлгээ хоцрогдсон.Чадамжийг 100 хувь гэвэл монголчуудын сэтгэлгээний 20 орчим хувь нь нээлттэй байна. Бүтээлч сэтгэлгээ бүр унасан.

-Унасан сэтгэлгээг яаж задлах вэ?

Маш их ажил орно. Сурах бичгийг бүгдийг өөрчилнө. Зохиогчдыг өөрчилнө.Сургалтын багш бэлтгэж байгаа тогтолцоог сууриар нь өөрчилж толгойг нь зөв харуулж тавина. Монголын боловсролын толгой уруу харчихсан. Чи буруу хэлж байна, би ингэж заагаагүй гэдэг. Ингэж өөрчлөхөд 20-30 жил болно.Төр оролцох ёстой, хийхгүй байна. Төрийн албан хаагчид үндсэндээ бүгд хаагдмал, сэтгэлгээ нь зогсчихсон. Манайхан боловсролын байгууллагын 91 жилийн ой хийнэ гэж байна. Тэрнээс өмнө боловсрол байсан. 1921 оноос өмнөх Монголын боловсролыг уламжлалт боловсрол гэж байгаа юм.Гэрийн багштай, жаахан хязгаарлагдмал, Чингисийн удмын цагаан ястнуудад зориулагдсан.

1921 оноос массын боловсрол бий болсон. Энэ хоёр боловсрол хамт байх ёстой. Монголын уламжлалт боловсролын сайн элементүүдийг оруулж ирье. Ухаантай хүүхдүүдийг түлхүү хөгжүүлдэг. Яагаад АНУ-д 12 той хүүхэд их сургууль төгсөж болж байгаа юм бэ,яагаад Монголд 18-тай хүүхэд их сургуульд орох ёстой юм бэ. Манай боловсролын хамгийн аюул нь бүх хүүхэд ижилхэн гэж боддог учраас бүх хүүхдийг ганцхан сурах бичгээр, ганцхан технологиор, ганцхан юм заанаа гэдэг байна.

Шоргоолж хэчнээн хөдөлмөрлөсөн ч нисдэггүй юм

- Хөдөлмөр 99 хувь, авьяас нэг хувь гэдэг. Жирийн IQ-тэй хүүхэд сайтар хичээвэл ухаантай, сод ухаантай мэт өндөр түвшинд очиж болох уу?

- Жирийн хүний IQ 100. Ийм хүүхдийг дэлхий дээр байгаа хамгийн сайн сургуулиар явуулаад хамгийн сайн боловсролоор тэтгэхэд IQ 130 болоод зогсоно. Цаашаа явахгүй.

Авьяас бол төрнө. Хөдөлмөрөөр авьяастай болно гэж байхгүй. Шоргоолж хэчнээн хөдөлмөрлөөд нисдэггүй юм. “Мөлхөхийн заяатай төрөгсдөд нисэхийн хувь дутлаа” гэж Горькийн хэлсэн үг байна. Энэ бол хүн доромжилсон үг биш.Чи төрөхдөө л 130-аас доош байхаар төрсөн бол хэчнээн зүтгээд нисэхгүй. Ниснэ гэдэг бол өөр ойлголт.

- Түрүүнийхээ сэдэв рүү эргэж оръё. Задгай сэтгэхийн тулд массын өмнөх боловсролыг л оруулж ирэх нь ээ дээ?

- 1000 хүүхдийн 992 нь эрүүл төрж байна. Тэгэхээр эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдийг гоц авьяастай л биш бол эрүүл төржээ гэж ойлгоход болно.

-Хүүхдийн сэтгэлгээг гэрт нь эцэг эх нь хөгжүүлдэг. Баруунд хүүхдээ сургуульд ортол ээж ажил хийхгүй хүүхдээ хөгжүүлдэг. Монгол эмэгтэй хүүхэдтэйгээ ажилладаггүй. Хүүхдүүдийг оюунжуулахын тулд 3-16 нас хүртэл эрэмбэтэй хийх ёстой. Хүний оюун ухааныг хамаагүй оролдож болохгүй. Эхлээд хүүхдээ оношилно. Хүүхдийн билэг авьяасыг тодруулна. Багадаа бол сайн. Тэр чиглэлээр нь явуулна. Хожмоо ямар мэргэжилтэй хүн болох гээд бүх юм нь гарч ирнэ. Монгол энийг хийхгүй байна. Сургаад чиглүүлнэ. Бүр нарийвчилсан онош бас тавьж болно.

-Энэ оношийг танай IQ төв дээр хийж байгаа юу?

-Жилд 20 мянга гаруй хүүхэд оношилж байна. Бараг бүх багш мэдэж байгаа. Миний бүтээлүүд ном гарсны дараа тусгайлсан баг гарч Монголын боловсролын толгойг өөд нь харуулах ажил хийгдэх байх. Энийг оюун ухаанаас ангид хийж хэн ч чадахгүй. Заавал түшиж таарна.

- Та багадаа даалгавар хийдэггүй байсан. Хүүхдүүдээ даалгавараа хий гэж шахдаг байв уу?

- Үгүй ээ, ерөөсөө үгүй. Манай хүүхдүүд даалгавараа хийдэггүй байсан байх аа. Нэг их хийж харагддаггүй байсан шүү дээ. Харин манай хүүхдүүд хичээл номоо хаанаас нь бол хаанаас мэднэ. Манайх охингүй дөрвөн хүүтэй. Одоо харин зургаан ач охин байнаа. Ер нь эцэг эхчүүд хүүхдээ бага гэж гололгүй тоож байх хэрэгтэй. Хүүхдийн IQ хөгжүүлэхэд клубээр хөгжүүлэх нь чухал.


Эмээ өвөө нар хүүхдийн IQ хөгжүүлнэ гэж байхгүй. Лав би хөгжүүлдэггүй юм билээ. Өвөр дээрээ суулгаад эрүүл байвал болоо миний охин гээд ач нараа хайрлаад сууж байдаг. Харин хүүхдүүдээ бол хөгжүүлдэг байсан шүү. Номын сан ч сайтай байсан.

- Та хүний оюун ухааныг олон жил судалж байгаа хүн. Хүний харцнаас нь хараад андашгүй гэж түрүүн хальт дурьдаад өнгөрсөн. Хэдийгээр таван үгнээс танигдана гэдэг ч гаднаас нь хараад хэр зэрэг ухаантай хүн бэ гэдгийг тогтоож болох уу?

Би хүний толгой ажигладаг хоббитой

- Хүн судалгааны ажлаасаа их хамаардаг юм байна. Их олон жил оюун ухаан судлахаар эргээд хүний тархины хэлбэр энэ тэрийг их сонирхож байна л даа. Би хүний толгой ажигладаг хоббитой болчихсон. Хүнтэй уулзаад л толгойг нь ажиглана. Хаанаа бандгартай юм, хаашаагаа зантгар юм, духны хэмжээ нь ямар юм, хоёр нүдний байрлал хаашаа байна, нүдний харц нь юу байна гэж их сайн ажигладаг болсон байна лээ. Тэнэгдүү хүний нүдний хараа ухаантай хүнийхээс өөр шүү . Би ер нь хүний нүдний харааг хараад ерөнхийдөө IQ тэд байна гэдгийг багцаална. Ийм тархитай хүүхэд ийм л байгаа даа, энэ ч явахгүй ээ гээд баримжаатай болчихно. Хурдан морь уядаг хүн морио хараад таньдаг шиг болчихдог юм билээ. Толгойны хэлбэр гэхэд л шинжлэх ухаан шиг юм байна. Дөрвөн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн IQ-г нь тогтоочихсон байгаа. Үүнийг харин зарлах уу яах вэ гэдэг асуудал байна. Баруунд бол ажлаас нь гарсны дараа зарладаг юм билээ. Хэсэг хугацааны дараа бүтээл нь байгаа учраас энэ хүний энэ чадвар нь илүү учраас ингэж хэлсэн байна. Толгойны хэлбэр нь тийм байсан гээд л зарлана даа.

- Хүмүүс зөв төрх гэж ярьдаг. Тэр бас нөлөөлнө биз?

- Зөв төрх чухал. Гэхдээ 100-130-ын хооронд байна. Түүнээс дээш явбал хэлбэр заавал өөрчлөгдөнө. Ген орчихож байгаа юм чинь.

- Хөгшин нөхөртэй залуу эмэгтэйчүүд Монголд олон боллоо. Хүний оюун ухаанд эцгийн нас нөлөөлөх үү?

–Насны зөрөө их чухал. Гэхдээ хол зөрөх бол буруу. Ялангуяа эмэгтэй хүн 35-аас хойш төрвөл төрөлтийн өвчнүүд, хожуу төрөлтийн эндэгдлээс гадна оюуны хомсдол нүүрлэх магадлал нэмэгдээд явчихна. Ер нь хөгшин хүн хүүхэд төрүүлэх ёсгүй. 45-аас хойш насны хүний эр үрийн хээлтүүлэх чадвар болон улмаар хожмоо наслах чадвар буурдаг. Амьтад хүртэл байгалийн хуулиараа хөгшин азаргыг халчихдаг. Байгалийн энэ зүй тогтол хүн дээр яг үйлчилнэ.

- Та нэгэн ярилцлагандаа төрөлтөө ухаалаг болгож, хүүхэд олохоо янзалмаар байна гэсэн байсан. 3 сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай манай орны залуу эцэг эхчүүдэд энэ хэрэгтэй болов уу?

- Оюуны төрмөл чанарыг төрсөн юман дээр л тарина. Төрмөл нь анхдагч, таримал нь хоёрдогч. Генетик буюу удамшил зүй, кибернетик буюу залуурзүйн ухаан 1990 он хүртэл Монголд хориотой байсан, огт хөгжөөгүй.Монголчуудын хувьд угийн бичиг хөтлөхөөс өөр юм байхгүй .

Цус холдлоо гээд оюун ухаан нэг их сайжирдаг юм биш, ойртлоо гээд ч дандаа тэнэг гардаг юм биш, нарийн зүй тогтолтой. Хэдий үед бэлгийн харилцаанд орох уу, эцэг эх нь хэд хэдэн настай байх юм. Ямар цаг үеийг яаж бүрдүүлэх гээд нарийн юм байна. Ургамлаар бол үр тарьж байгаа хэрэг.

-Тэгэхээр үрээ хэзээ яаж тарих вэ?

Хөгшин азарганы унагаар хурд тавьдаггүй

- Онцгой чухал. Миний ажигласнаар эцэг нь их хөгшин, эх нь залуу байгаад хүүхэд төрвөл 40 хүрээд эрс хөгширч байна. Эцэг хөгширсөн учраас ясан төрлөө дагаж байна. Монголчуудын эртнээс “Хөгшин азарганы унагаар хурд тавьдаггүй” гэдэг. Хөгшин азарганы унага санаа муутай байдаг. Гараан дээр түрүүлж гардаг ч амархан эцдэг.Аргагүй ш дээ. Анхны өгөгдөхүүн нь хөгшин байна . Ер нь байгалийн хуулийг дагах нь зүйтэй. Жишээ нь:Эрслэн эрэгчингаа дуугаараа мэдэрдэг. Илүү дуутай арслан хүрхрэх юм бол хөгшин арслан зайгаа тавьж өгнө.Хэрвээ үр тогтсон байвал үрээ зулбачихдаг.Зулбахгүй гаргалаа гэхэд эрэгчин арслан үнэрээр нь мэдрээд толгойг нь тас тас хазчихдаг.Өөрөөр хэлбэл өмнөх арслангийн үрийг тэжээдэггүй.

Тэгвэл хүн дээр яг ийм байдаг юм билээ. Хөгшин эцэгтэй хүн дөч гараад бүр хуучинсаг болоод шинэлэг юм авахгүй, царай зүс, бие хаана ч суларч байна. Ардчилал энэ тэр ярьдаг байсан бол түүнийхээ эсрэг хандаад нийгэмд садаа болдог юм байна. Энэ шинжлэх ухааны хувьд батлагдсан зүйл.

Амьтад дуугаар нь мэдэрдэг бол эмэгтэй хүнд бас мэдрэмж байна. Хэл яриа хурц, харьцангуй цоглог, цэцэн цэлмэг ярьсан хүнийг эмэгтэйчүүд их үнэлдэг нь ажиглагддаг. Жишээ нь: Р.Чойном найрагчийг олон хүүхэн дагаж байсан. Тэр бие томтой байгаагүй, царайлаг ч байгаагүй, амьдрал нь сарниун. Гэхдээ цэцэн цэлмэг үгтэй, үгээрээ охидыг илбэддэг байсан болов уу. Нүдний хараа бас их чухал. Тэр хүний үрийн чадавхи IQ тэйгээ шууд хамааралтай байдаг.

Вьетнамын дайны үеэр олон мянган эрийн үрийн шингэнийг вакум орчинд судлахад ухаантай цэргийн улсын үр хурдан, шалмаг давшингуй байсан бол маанагдуу цэргүүдийнх тун болхи хөдөлж байсан байгаа юм. Үүнийг мэдээд АНУ 1980-аад оноос үрийн банк байгуулсан. Одоо дэлхий дээр үрийн банктай орон олон байна. Хөлдөөсөн үр 31 жил хадгалагддаг. Хориод хүн төрснийг судлахад үнэхээр гоц сайн байна. Аргагүй эр үр нь сайн болохоор үр сайн байна.

- Бас эхийн тал бий?

-Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг. Хэлэх хэлэхдээ, хэн хүний үр биш, хүн бүрийн үр биш, сайн хүний үр гэсэн байгаа юм. Монголчууд бутач хүүхдийг гаргаж өөр дээрээ авч галын зээ гэдэг байсан. Бутач хүүхэддээ хамгаас хайртай. Түүнийгээ нагац ах буюу ээжийнх нь аав өөрөөрөө овоглодог. Хоёр хөгшин “Сайн хүнээс үрийг нь авч үлд охин минь. Тэгвэл үр удам маань үргэлжилнэ, сайжирна. Манай удмыг сайжруулахад энэ хэрэгтэй” гэдэг байсан байна.

Монголчуудын сэтгэл зүйн энэ тогтолцоог дамжиж орж ирсэн тогтолцоо бол бадарчингийн тогтолцоо. Түвдийн Лхас руу явж байгаа үүд Говь-Алтай аймаг байсан. Бадарчин гэдэг чинь горзгор хар түвд хүн юм шүү дээ.

Би чинь өөрөө бас бадарчингийн угшилтай хүн.Миний эцэг нэртэй том бадарчин ламын хүүхэд. 1920-оод оны үед Чингүнжавын удмын Дамдинсүрэн гэдэг лам Вангийн хүрээн дээрээс цаашаа сартуул руу нутаг дүрвэсэн. Тэгээд тэндээ гурван хүүхдийн эцэг болсны бага нь миний эцэг Баттогтох . Би эцгээ хөөх юм бол Чингүнжавын удмын хотгойд хүн.Ламын бадарчингийн угшилтай. Эхээ хөөх юм бол цэвэр сартуул. Тэгэхээр миний цусанд сартуул хотгойдын хольц байгаа юм.

-Өнөөгийн боловсролын талаар таны бодол?

-Монголын боловсролын систем мухардаад эхлэхээр оюун ухаан чухал биш, монгол хүүхдийг хүмүүжилтэй болгоно гэж ярьж байна. Бага насны хүүхдийг хүмүүжилтэй болгоно гэж байхгүй. 11 настай хүүхдийг ямар шалгуураар хүмүүжилгүй хүүхэд гэж хэлэх гэж байгаа юм. Хүүхэд бол хүүхэд. 21-тэй хүн бол өөр асуудал. ЕБС-д ахлах ангийн хүүхдэд л жаахан хүмүүжил ярина уу гэхээс бага ангид ярих ямар ч шаардлага байхгүй. Урьд нь сургуулиудад хүмүүжлийн эрхлэгч гэж байсан. Больсон. Одоо арван жилийн сургуулиудад нийгмийн ажилтан гэж байна. Хийх ажлаа мэдэхгүй. ЕБС-ийн нийгмийн ажилтан юу хийх ёстойг одоо болтол Монголд тодруулаагүй байна шүү дээ. Ажил нь тодорхойгүй, ажлын байр нь гарчихсан. Хүүхдүүдийг хүмүүжүүлнэ. Жагсаж явдаг, ижил форм өмсдөг болгоно. Хэсэг охид хүмүүжлийнхээ ажлаар ядарсан хөгшин хүнд очиж модыг нь хөрөөдөж өгнө гэж байгаа юм. Охидуудаар мод хөрөөдүүлэх юм байна л даа. Баянхошуунд хэдэн хөгшчүүл байна. Өөрсдөө модоо хагалахгүй, хүүхдүүдээрээ мод хагалуулахгүй. “Та нар явцгаа. Очиж архиа ууцгаа. Би хороондоо нэн ядуу гээд бүртгүүлчихсэн байгаа. Өнөөдөр тэддүгээр сургуулийн хүүхдүүд ирж хашаа цэвэрлэж мод хагалж, жорлон цэвэрлэж өгнө”. Арван жилийн хүүхдүүд ажил хийдэггүй, муухай санаатай, хүүхдээрээ юм хийлгэдэггүй хүний жорлонг цэвэрлэж өгдөг болсон байна ш даа.

Сүүлийн жилүүдэд Монголын ЕБС улам бүр хайрцаглагдаж байгаа шүү. ЕБС-ийн багш чөлөөтэй сэтгэж болохгүй, чөлөөтэй юм ярьж болохгүй. Зөвхөн стандартын дагуу заа гэсэн юмыг л заана. Үүний тулд анги бүрт орох хичээлийг гараараа бичиж ирнэ. Гараараа бичиж ирснийг нь сургуулийн менежер шалган гарын үсэг зурна. Ингэж орох болсон. 1960-аад онд тийм байсан юм. Илүү дутуу юм ярьж болдоггүй, илүү үг хэлж болдоггүй байсан байхгүй юу.

Монголчуудын толгой бүгд хойшоо харчихсан

-Та Монголын боловсролын системд ардчилал гараагүй, бүр дордсон гэж хэлэх гээд байна уу?

-Бүр улам дордсон. Нэг нам олон жил төрийн эрхийг барьж хуучны коммунист ёс суртахууныг, коммунизмын дэглэмүүдийг нууцаар бүх шат руу чигчиж хийсний гай. Харин БШУ-ны сайд Лу.Гантөмөр чинь бүр болохоо байж, дордчихож гэдгийг зөв мэдэрч байна. Гэхдээ амьдрал дээр хуучнаараа л байна. Монголчуудын толгой бүгдээрээ хойшоо буюу түүх рүү харчихсан. Дандаа өнгөрснөө ярина. Ирээдүйгээ ерөөсөө ярихгүй байна. Ирээдүй рүү дэлхий явж байгаа. Монголд ганц ч цаг ордоггүй. Барууны сургуулиудад түүхийн талаар нэг яривал ирээдүйн талаар есөн цаг ярь гэсэн зарчим барьж байна. Гэхэд Монголд 10 цаг түүх ярьж байна. Хүмүүсийн оюун сэтгэлгээ их хуучинсаг байна. Үүнийг төр их барьж байна. Энэ нь төрийн хэдэн хүнд ашигтай байх шиг байна шүү.

-Монголын боловсролын системд орж ирсэн нэг өөрчлөлт бол Кембрижийн хөтөлбөр. Энэ талаар?

Кембрижийн хөтөлбөрөөс илүү Шанхайн хөтөлбөр гэж байна ш дээ.Тэрийг яагаад авдаггүй юм. Шанхайн элит IQ гэж байна. Тэрийг нуучихсан байна шүү дээ. Өвөрмонголд хэрэглэж байгаа сүвэгчлэх ухааны хөтөлбөр гэж байна. Өвөрмонголчууд IQ- г сүвэгчлэх ухаан гэж орчуулсан байна лээ. Манайх бол оюуны бяд гэж орчуулаад байгаа.

Сээр нуруундаа бядтан нэгэн үедээ алдаршина

Сэтгэл оюундаа бядтан түмэн үедээ алдаршина гэж Чингис хаан хэлсэн байдаг.

-Сүүлчийн асуултаа нээлттэй үлдээе?

-Сэтгэл их зөв байх хэрэгтэй. Сэтгэл гэж оюун ухааныг хэлж байгаа юм. Өөрийгөө хөгжүүл, орчноо гийгүүл. Таны болон танай гэр бүлийн IQ өндөр баймаар байна. Сайн номын сантай, зөв хоолтой, яриа нь зөв, байгууллагадаа гэрэл гэгээ өгмөөр байна. IQ-тай хүнээс л гэрэл цацарна шүү дээ. Гэрлийнхээ цацаргыг томсгоё гэвэл оюун ухаанаа л та хөгжүүл. Өндөр IQ-тай хүн хэрэгтэн болдоггүй юм. Хүмүүжилтэй болно гэдэг хоёрдугаар зэргийн асуудал. Оюун ухаантай болчихвол аяндаа хүмүүжилтэй болчихно. Бидний алдаа оюун ухаанаа хоёрдугаарт тавьсан явдал шүү. Дэвшил бол харагдаад байна. Жаахан удаан байна. Ухаантай хүний үгийг боломжоороо сонсож бай.Сайн сонсож бай. Дахин дахин уншиж бай. Олон ном уншихгүй ээ, ончтой ганцыг уншаа.

Ярилцсанд баярлалаа.

Г.Оюун