Бүр УИХ-ын гишүүд ч бий. Өмнө нь салбар хариуцан ажиллаж байсан сайд нарын нэр ч дуулдаж байна. Тэгэхээр МАНН-ыг байгуулбал боловсон хүчнээр дутагдана гэх аюул байхгүй юм. За тэгээд шууд парламентад суудалтай болчихож болно. Тэгвэл хүмүүсийг сандаргаж байгаад Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах хэрэгтэй. Энэ тохиолдолд хэнд аль яамыг хариуцуулах вэ гэж балмагдах явдалгүй. Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам л гэхэд сайдтай болчихлоо л гэсэн үг. Оройхон байгуулагдсан хэрнээ ширүүхэн дайрч яваа зарим нэг намынханд байнгын хороо ч удирдах хүн байхгүй, сандарч байсан цаг саяхан. Үүнээсээ болж тэд багагүй шүүмжлэлийн бай болсон юм. Харин МАНН-ынхан бол ийм бэрхшээлтэй тулгарахгүй л дээ. Түүнээс гадна чадварлаг мэргэжилтнүүд олон. Гааль дээр, татварын газарт болон ашигт малтмалын салбарыг хариуцаж, намын бодлогоо түгээн дэлгэрүүлэх хүмүүс ч бий. Сүүлийн үед Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох гэхээр туршлагагүй хүнд хариуцууллаа гэх шүүмжлэл гарах болсон.
Харин МАНН-д бол энэ ажлыг хариуцаж чадах туршлагатай хүн бий. Ингэж байгаад сонгуульд өрсөлдлөө гэж бодъё. МАНН-ынхан кампанит ажил хийх санхүүжилтээ бол гялс босгочихно. Хилийн чанад дахь оффшор компанийн хөрөнгөнөөс, 20 гаруй данснаас, зарим нь бүр хог дээр хэвтэж байгаа сейфнээс хүртэл мөнгөө гаргаад ирнэ.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гурав шиг хандивын данс энэ тэр гэж ард түмнийг “шулахгүй” ээ. Ямартай ч Монголын улс төрд МАНН-ын орон зай үгүйлэгдсээр л байна, улстөрчид өө.
Т.Элиса