“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монголчууд" түүхэн цувралын гуравдугаар ботийн нээлт өнөөдөр /2016/02/24/ "Интерном" номын их дэлгүүрт боллоо.

Уг даацтай бүтээлийн ерөнхий редактороор түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан ажилласан байна. Мөн түүхчдээс Түүхийн шинжлэх ухааны доктор, зөвлөх профессор З.Лонжид, доктор, профессор Г.Мягмарсамбуу, Түүхийн шинжлэх ухааны магистр П.Лхам нар ажиллажээ. Харин бусад салбараас Боловсрол судлалын ухааны доктор Б.Батсайхан, М.Дэлгэржав, Соёл судлалын ухааны доктор Ж.Баатарцогт, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар, Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Эрдэнэтунгалаг, Л.Энхбаатар нар ажилласан юм байна.

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Раднаабазар нээлтийн үеэр хэлэхдээ "Цуврал гарч байгаа нь Монголын ард түмнийг соён гэгээрүүлэхэд их үнэтэй хандив болж байгаа юм. Сүүлийн цувралын "Анагаах ухаан" гэсэн хэсгийг миний бие бичсэн. Тэгэхээр тус хэсэгт 1960 он хүртэл анагаах ухаан Монголд хөгжихөд ямар бэрхшээл байсан, ололттой тал нь юу байсан гэдгийг харуулах гэж зорьсон. Жишээлбэл, Монголд хамгийн анх хэн гэдэг хүн, ямар мэс засал хийсэн нь доторхойгүй байдаг. Мөн анх тарилга хийсэн хүн гэхэд л мэдэгддэггүй. Тиймээс янз бүрийн судалгаа хийн, түүхэн баримт цуглуулж мөн гадаадын орнуудад хэвлэгдсэн манай анагаах ухаантай холбоотой зүйлсүүдийг оруулсан нь энэхүү ботийн онцлог болсон. 1937 он хүртэл манайд анагаах ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл 10 гаруй гарсан байдаг. Тэдгээрийг бас жагсаан оруулсан нь энэхүү номын бас нэг онцлог зүйл болсон" гэсэн юм.

Уг цувралын эхний боть нь "Монголчууд ХХ зууны эхэнд" гэсэн нэртэйгээр гарч байсан бөгөөд тус ботьдоо Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан. Харин "Монголчууд XVII-XX зууны эхэн үе" гэх хоёр дахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим жилийн түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан байдаг.

Харин энэ удаагийн цуврал буюу гуравдугаар ботьдоо 1924-1959 оны үеийн Монголын түүхийг багтаасан бөгөөд энэхүү хугацааг сонгосны учрыг Бүгд найрамдах улс байгуулсан үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялсан үеийг түүхийн нэгэн үе болгон авсан хэмээн тайлбарлаж байна. Энэхүү 1924-1959 оны түүхийг өгүүлэх гуравдугаар боть нь "Монголчууд нийгэм журамд давшин орсон нь" гэсэн нэртэйгээр гарч байгаа бөгөөд нүүдэлчид хэрхэн суурьшмал амьдралын хэв маягийг хүлээн авсан хийгээд улс орны бүтээн байгуулалт, улс төрийн үйл явдлууд хэрхэн өрнөснийг сонирхолтойгоор өгүүлэх ажээ.

Тус цувралын эхний хоёр ботийг https://www.internom.mn/ сайтаас онлайнаар худалдан авах боломжтой ба 2016 ондоо багтаан Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн үеэс 13-р зуун хүртэл, 13-16-р зууны үеийг харуулсан хоёр ботийг уншигчдын хүртээл болгон гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

DNN.MN