XIX зууны эцэс, XX зууны эхэн үеэр Монголд ирж байсан жуулчдын дунд ч, энэ оронд амьдардаг орос оршин суугчдын дунд ч монголчууд мөхөж сөнөж яваа, тэдний тоо хэмжээ дэндүү хурдан буурч байна гэсэн яриа ихээхэн өргөн дэлгэрсэн байв. П.К.Козловын бичсэнээр: “Монголын нийт хүн ам огтхон ч өсөж байгаа бус, харин эндэхийн хамгийн мэдээлэл, мэдлэг сайтай хүмүүсийн хэлж байгаачлан буурч байгаа ажээ.” Монголчуудын тоо цөөрч байгаа тухай болон түүний учир шалтгаануудын тухай Английн аялагч Карутерс бас бичсэн байдаг. Бидний нэг бус удаа дурдаж байсан Болобан гэгч: “Хошуу нутгийн нь оршин суугчид улам бүр цөөрч байна гэж бүх (монгол -И.М) түшмэл ноёд баталж байгааг өндөр настан монголчууд ч давхар өгүүлж байна. Монгол орон хүн амын хувьд мөхөж сөнөж байгаа нь энэ мэтээс илт харагддаг” гэсэн байна.

Ийм үзэл бодол дэвшүүлж байгаа аялагчид хийгээд ажиглагчид үүнийг нь батлах ямар ч тоо бүртгэл, баримт сэлтийг дурдаагүй байдаг бөгөөд тийм баримт материал байхгүй болохоор яаж ч дурдах билээ. Тэд тоо баримт дурдахын оронд хувийн санаа бодол, хөгшчүүдийн яриа, янз бүрийн ерөнхий таамаглал сэтгэгдлийг ашигласан байх ажээ.


Монгол улс, түүний ард түмний хөгжмийн хэтийн төлөвийг тодруулахад дээрх асуулт онцгой учир холбогдолтой байгаа юм. Монголчууд мөхөж сөнөж байна уу, үгүй юү гэдгийг тодруулж гаргаж ирэхэд үндэс суурь болж чадахуйц ямарваа тоо бүртгэл, баримт сэлт надад ч байсангүй.

Гагцхүү тоо баримт л ямар ч маргаангүй тод томруун байх ёстой боловч Ар Монголд хүн амын хөдөлгөөнийг ч бүртгэдэггүй, метрийн тэмдэглэл ч, гэр бүлийн бүртгэл ч, үхэл хорогдлын бүртгэл тэмдэглэл ч хаана ч хөтлөгдөж байгаагүй болохоор тийм тоо баримт гэж байсангүй.

1918 оны хүн амын тооллогын материал гар дээр минь байсан боловч түүнээс өмнө ямар ч тооллого хийгдэж байгаагүй болохоор түүнийг харьцуулж үзэх юм юу ч байсангүй. Хэдийгээр бэрхшээлтэй боловч энэ асуудлын учрыг олъё гэж би шийдсэн билээ. Тэгэх тусам, монголчуудыг мөхөж байна гэж үзэж буй хүмүүс ихээхэн маргаантай, бүр алдаатай, буруу зөрүү зүйлийг эх үндэс болгож байсан нь надад илт байсан юм. Тэдгээрийн нэг гэхэд XII-XIII зууны үетэй харьцуулахад монголчуудын тоо эрс буурсан гэдэг үзэл байлаа. Ингэж батлахыг зөвтгөх ямар тодорхой нотолгоо байна аа?

Чингис хааны үед Азид ч, Европт ч тоо бүртгэл гэж байгаагүй нь илт бөгөөд тэр үеийн монголчуудын тоог тодорхойлон тогтоох цорын ганц эх сурвалж нь бидэнд үлдэж хоцорсон гадаадын, гол төлөв хятад, орос түүхчдийн тэмдэглэл, бас ямар нэгэн шалтгаанаар Монголд ирж байсан католик шашинт гэлэн, хэрэн хэсэгчдийн санаатай, санаагүй хийсэн ажиглалт, мэдээ баримтууд байдаг.

Гэвч шаштир түүх бичигчид ч, шашны нэр барьсан лам хуврагууд ч тоонд дургүй байжээ. Тэд “үй түмээрээ”, “тоо томшгүй олон”, “царцааны сүрэг мэт өч төчнөөн” гэх мэт үгээр Хятад, Европ руу XIII зуунд довтлон орсон нүүдэлчдийн тоо, хэр хэмжээг илэрхийлж байсан байдаг. Гэвч энэ мэтийн дүрсэлсэн, зүйрлэсэн тодорхойлолтуудын цаана яг ямар хэмжээ агуулагдаж байсныг хэн мэдэх билээ?

Хүний тоо хэмжээг төсөөлөх явдал харьцуулалт, жишилтэнд тулгуурлаж байжээ. Хээр талдаа өнчин ганц гэрээрээ нутаглан суудаг нүүдэлчин Монголын хувьд 1-2 мянган ламтай хийд маш том суурин мэт төсөөлөгддөг бол Москва, Берлин хотын оршин суугчдын хувьд 1 саяас доошгүй оршин суугчидтай хот л томоохон хотод тооцогддог. Юм бүхэн тухайн хүний оюун сэтгэлгээ дасаж хэвшсэн тэрхүү цар хүрээнээс хамааралтай байх болой. XIII зуунд эдгээр цар хүрээ өнөөгийнхөөс хавьгүй өчүүхэн жижиг байв.

XIII зуунд Францад барагцаалбал, 20 сая орчим хүн, XIV-XV зуун Испанид 11 сая орчим, Англид 2,5 сая, Данид 1,5 сая хүн тус тус оршин сууж байлаа. XIII зуунд Оросын нийт оршин суугчдын тоо 3-4 саяас хэтрэхээргүй, тэгэхдээ Хар тэнгисээс Финийн булан хүртэлх асар уудам орон зайд тархан суурьшсан байжээ. Дундад зууны томоохон хотууд өчүүхэн жижгээрээ өнөөгийн хүмүүсийг гайхашруулдаг. XII-XIII зууны үед зөвхөн Парис хот л 240 мянга, XV зууны эхэн болоход Венец 190 мянган оршин суугчтай байсан ч тэдгээр нь онцгой тохиолдол байлаа. XIV зууны эцсээр Лондонд 35 мянга, Ганзейн холбооны гол хот Любект 24 мянга, Базельд 7 мянга, бүр XVII зуун эхэлчхээд байхад Копегагенд 25 мянгаас хэтрэхгүй хүн оршин сууж байсан ажээ.

Тэр үеийн цэрэг армийн хүний тоо ч өчүүхэн байв. Хэдхэн мянган хүнтэй баг цэрэг гэхэд л томоохон хүч байлаа. Карамзины мэдээлснээр, XI-XII зууны турш Оросын ганц ч цэрэг армийн бүрэлдэхүүн 50 мянган хүнээс хэтэрч байсангүй. Шаштирчдын тэмдэглэн бичсэнээр, Куликовын тулалдааны үеэр оросуудын талд 150 мянган орчим дайчид тулалдсан байна. Монгол – татаруудын дарлалын үеийн хамгийн томд тооцогдох, хоёр талаас дээд зэргийн олон хүн оролцсон зэвсэгт мөргөлдөөн болсон нь Куликовын тулалдаан байсан юм. Тэр үеийн нийт хүн амын тоонд цэрэг дайчдын тооны ногдох тоо хэмжээ буюу харьцааны талаар бид энэ тулалдаанд үндэслэн ямар нэгэн хэмжээгээр дүгнэлт хийх боломжтой байна.

Дээр дурдсан мэдээ баримтуудыг бид иш үндэс болгон XIII зуунд Орос оронд цөмрөн орж ирсэн дайсан этгээдийн тоо нийтдээ хэдэн зуун мянгаас нэг их хэтрэхгүй, сайндаа л гэхэд хагас саяд хүрэхтэй үгүйтэй байжээ гэж үзэж болох юм.

XIII зууны үеэс үлдэж хоцорсон цөөн хэдэн тоо баримт бидний энэ таамагтай бүрэн нийцдэг. Жишээлэхэд, Карамзин түүхэн дурсгал бичгүүдийг судалсан судалгаандаа үндэслэн: 1237 онд Бат хан 300 мянган дайчидтай Орост ирсэн гэсэн дүгнэлт хийжээ. 1246 онд Ижил мөрөн дээрх Батын өргөөнд очиж байсан Плано Карпини тэр үед Бат 600 мянган цэрэгтэй байсны 150 мянга нь монголчууд, 450 мянга нь харь угсааныхан байсан гэж тэмдэглэсэн байна.

Эндээс харахад Бат ханы монгол дайчид, тэдний гэр бүлийнхэн нийтдээ хамгийн ихээр бодоход 400-500 мянгаас хэтрэхгүй байжээ. Эндээс, хагас сая хүнтэй байлдан дагуулагч армийг Өрнө зүгт илгээсэн тэрхүү улс орон хэр олон хүн амтай байсан байж таарах вэ? гэсэн асуулт гарч байна.

Тухайн тэр цаг үеийн ерөнхий цар хэмжээ, байнгын арми гэж байдаггүй, эр хүн болгон (заримдаа эмс охид нь ч гэсэн) цэрэг эр байдаг нүүдэлчин ард түмний тухай яригдаж байгааг, тэрчлэн Бат хан нь Чингис хааны том ач хүү, тэр үед төр барьж байсан их хаан Өгэйдэйн ач дүү, нэр нөлөөний хувьд гүрэн улсынхаа хэмжээнд хоёрдугаарт орж байсан болохоор Өрнөдийн орнуудыг байлдан дагуулахын тулд түүнд монгол цэргийн бараг талаас илүүг нь шахам өгөх ёстой байсныг тус тус бодолцон үзвэл тэр үед Төв Азийн тэгш өндөрлөгийн нийт оршин суугчид ямар ч гэсэн хэдэн арван саяар бус, харин ганц хоёр саяар тоологдохуйц байжээ гэж ихээхэн магадлалтайгаар тооцож болох байна. Бас тэгээд, эдгээр оршин суугчдын зөвхөн нэг хэсэг, тэгэхдээ ихэнх бус хэсгийг нь монголчууд бүрдүүлж байжээ. Учир нь Чингис хааны эзэнт гүрний бүрэлдэхүүнд монголчуудаас гадна, монгол биш олон овог аймаг багтсан байлаа.

Эдийн засгийн шинжтэй зарим зүйлүүдийг аваад үзэхэд ч гэсэн Чингис хааны үеийн монголчуудын тоо өнөөгийнхөөс хамаагүй их байсан гэсэн таамаглалыг батлах баримт олдохгүй байна. Тэрхүү эрт дээр цагт монголчууд яг XX зуунд байгаа шигээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд өнгөрсөн 700-гаад жилийн хугацаанд тэдний материаллаг үйлдвэрлэлийн арга маягт ч, нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны тогтолцоонд ч дорвитой өөрчлөлт гараагүй байна.

Нөхцөл байдал ийм болохоор хүн ам нь олигтой өсөж олширсон нь юу л бол. Аливаа ард түний ахуй амьдралын техникийн болон нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байгаа нөхцөлд л хүн ам нь ямар нэгэн хэмжээгээр тогтвортой өсөж үрждэг байна. Харин бүдүүн бараг, эрчимтэй бус маягийн нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд ард олны оршин тогтнох эд баялгийг бий болгож байдаг нийгмийн хөрөнгө хэрэгсэл аажим, жигд бус байдлаар хуримтлагддаг (Ар Монголын эдийн засгийн тухай хэсэгт энэ талаар тодорхой өгүүлэх болно). Нэгэнт нийгмийн баялгийн хуримтлал жигд бус, удаан явагдаж байгаа болохоор хүн амын өсөлт ч удаан, жигд бус байх болно. Ингэхээр, эдийн засгийн үүднээс аваад үзвэл Ар Монголын өнөөгийн хүн амын тоо Чингис хааны эрин үеийнхээс ялимгүй олон болсон байж болох боломжтой ажээ.

Өнгөрсөн хэдэн зуун жилд монголчуудын туулж ирсэн түүх нь Монголын хүн амын өсөлтөд гарцаагүй сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлаар дүүрэн байлаа. Өөр хоорондын тасралтгүй дайн дажин, хөрш зэргэлдээх суурин улс орнуудтай хийдэг арилжаа наймаагаа удаан хугацаанд завсарласан, шарын шашны сүм хийдийн нөлөө, эрүүл мэндийн хамгаалалт сул дорой байсан явдал – энэ бүгд нь (байгаль-түүхийн нөхцөл байдал зарим талаар улам бүр доройтож муудсантай хавсран) Ар Монголын хүн амын жам ёсны өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байж чадсангүй.

Дээр дурдсан зүйлүүдээс үндэслэн Төв Азийн хүн амын тоо өнгөрсөн хэдэн зуунд бараг тогтвортой байжээ гэсэн дүгнэлтэнд бид хүрч байна. Миний өөрийн ажиглалтууд ч үүнийг баталсан болно.

Ар Монголын уугуул оршин суугчдын дийлэнх олонх нь эрүүл чийрэг, хүчирхэг бие махбодтой, хөгжилтэй цагаан цайлган ааш зантай, эрүүл саруул оюун ухаантай бөгөөд хоол хүнсний хувьд сайн (“Монгол айл өрхийн төсөв” гэдгийг үзнэ үү), айл өрхүүд нь хүн бүл сайтай, гэр бүлийн дотоод харилцаа нь ерөнхийдөө маш хэвийн, жам ёсны шинж чанартай байсан болно.

Тэгэхдээ, өвчин зовлон, ариун цэвэр муутай ахуй амьдрал, янхандалт ихтэй, хүүхдийн нас баралт элбэг зэрэг нь XX зууны эхэнд ч монголчуудын жам ёсны өсөлтөнд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Энэ мэтийн сөрөг хүчин зүйлүүд хэчнээн ноцтой байлаа ч гэсэн Монгол угсаатан түмний оршин тогтнолд аюул заналыг шууд агаад бодитойгоор учруулж байна гэх үндэслэл болж үл чадна.

Чухам ийм учраас л монголчууд сөнөж мөхөж байна уу, үгүй юу? гэсэн асуултын хариултыг би аяллынхаа тайланд үгүйсгэх маягаар өгсөн болой. Гэхдээ нөгөө талаас нь, монголчуудын тоо өсөхгүй байсаар л байгаа учир гадны ямар нэгэн өчүүхэн нөлөө ороход л энэхүү тогтвортой байдлын оронд хүн амын тоо толгойн хорогдол эзэлж болзошгүй юм. Империализмын нөхцөл байдалд зөвхөн монголчуудын төдий ч биш, мөн ерөөсөө энэ дэлхийн жижиг, сул дорой үндэстэн угсаатан болгоны оршин тогтнолд ийм аюул заналхийлсээр байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: И.М.МАЙСКИЙ “Монгол орон хувьсгалын босгон дээр”.

“МОНСУДАР” хэвлэлийн газраас“Монголоор бэдэрсэн гадныхан”хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа билээ.

Уг цуврал нь монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв? гэдгийг тодруулах зорилготой юм.

Уг цуврал бүтээлийн дараагийн боть болох “Монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх энэхүү номонд 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3000 орчим километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын багийнханы цуглуулсан мэдээллүүд багтаснаас гадна нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам болон малын тоог статистик аргаар боловсруулан гаргаснаараа онцлог бөгөөд ХХ зууны монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж юм.