Авлигатай тэмцэх газраас 244 албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын нэгдүгээр хавсралтын дагуу бэлтгэн АТГ-ын цахим хуудаст байршуулжээ.

Мөн өнөөдөр Төрийн мэдээллийн эмхтгэлд бүрэн эхээрээ буюу 244 албан хаагчийн Хөрөнгө орлогын мэдүүлэг гарах нь ээ. Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99.99 хувь нь бүртгүүлжээ. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна.

Жилийн жилд анхаарал татдаг энэхүү мэдүүлэг нь УИХ-ын гишүүд, төр засгийн өндөр албан тушаалд сууж байгаа албан тушаалтнуудын бэл бэнчин хэрхэн зузаарсныг жил жилээр нь харуулж өгдөг гэдгээрээ давуу талтай. Хэвлэл мэдээлэл ч төр засгийн албан тушаалтнуудын бэл бэнчин хэрхэн нэмэгдсэнийг өмнө жилүүдтэй харьцуулан уншигчдад хүргэж, цаашлаад бүтэн жилийн турш хэвлэлийн “бай” болсон улстөрчдөөс хэн нь юугаа нууцалсныг шүүрдэн үздэг. 2014 оны хувьд Монгол Улс нийгэм эдийн засгийн амаргүй цаг үеийг давсан.

Харин энэ амаргүй цаг үе улстөрчдөд маань хэрхэн нөлөөлсөн нь хамгийн сонирхол татах асуудал. Монголчуудын тансаг хэрэглээ хэрээс хэтэрсэн гэдгийг машин, гар утас хоёроор нь дүгнэж болно. Нэг айл нэг л машин байхад хангалттай. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад зургаан машины ч хэрэг байхгүй. Харин эрхэм гишүүд маань тансаглал гэж зүйл Монгол Улсад хэрээс хэтэрсний бодит баталгаа нь болж байна. Парламентын талаас илүү хувь нь хоёроос дээш машинтай, эрхэм гишүүдийн ихэнхи нь 100 сая төгрөгөөс дээш төгрөгийн машин унадаг гэдгийг энэхүү ХОМ харуулж байгаа юм. Өмнөх жилүүдийн адилаар нэг ч машингүй гишүүд ч энэ жагсаалтад цөөнгүй байгаа.


Н.Номтойбаяр өнгөлж, Б.Наранхүү удаалав

Жагсаалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр орон сууц, Lexus-570, Mercedes Benz G-500, Toyota Land Cruiser-200, Mercedes Benz, Mercedes Benz G-300 хоёр, Mercedes Benz G 55 AMG гэсэн долоон машинтайгаар бичигдсэн бол жагсаалтын хоёрдугаарт УИХ-ын гишүүн Б.Наранхүү хоёр орон сууц, Rollsroyce Phantom-дөрөв, Mercedes Benz G-500, Land Cruiser standart гэсэн зургаан машин,109 хурдан удмын адуугаараа жагсав. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гурван орон сууц, Lexus-570-хоёр, Land Rover, Range Rover V1-нэг. Нийтдээ гурван машинтай. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Lexus-470, Suzuki Grand Vitara, Suzuki Jim гэсэн гурван машин, хоёр орон сууц, 430 адуу, 3000 хонь, 300 ямаагаар энэ жагсаалтын мөн л эхний хэсэгт багтаж байна. Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гурван орон сууц, Lexus-570, Toyota Land Cruiser-105, Toyota Highlander гэсэн гурван машинтай. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нэг орон сууц, Hyundai- нэг, Toyota Crown-нэг, Toyota Land Cruiser-200- нэг. Нийтдээ гурван машинтай гэдгээ ХОМ-тээ дурьдаж парламентын хамгийн олон машинтай гишүүдийн жагсаалтыг бүрдүүлж байна.


Хос хүлэгтэй 17 гишүүн

Ч.Сайханбилэг: Нэг орон сууц, LEXUS-570, Land rover, Range rover V1-1
Ш.Түвдэндорж: Гурван орон сууц, Toyota Land Cruiser 105, Infiniti QX60, 427 гахай, дөрвөн адуу, хоёр хурдан удмын адуутай
М.Сономпил: Нэг орон сууц, Lexus-570, Hummer H2, 50 хонь, 20 адуутай. Хаан банкинд өртэй
О.Содбилэг: Нэг орон сууц, Mercedes Benz, Mercedes Benz G-500, 100 адуу, 70 ямаа, 30 үхэр, 100 хоньтой
С.Дэмбэрэл: Гурван орон сууц, Nissan X Trail- нэг, Nissan Patrol- нэг
Л.Гантөмөр: Дөрвөн орон сууц, Nissan Teana, Hyundai, Sonata V, 10 үхэр, 130 адуутай
С.Баярцогт: Гурван орон сууц, Land Rover, Range Rover V1-1, LEXUS-570-тай
Л.Цог: Хоёр орон сууцтай, Mercedes Benz S320, Toyota Land Cruiser 200 гэсэн хоёр машинтай.
М.Энхболд: Хоёр орон сууц, Toyota FJ Cruiser, Toyota Mark2 тус бүр нэг.
Су.Батболд: Nissan X Trail- нэг, Toyota Land Cruiser 200-нэг. Нийт хоёр машин, дөрвөн орон сууцтай.
Г.Батхүү: Mercedes Benz S350L, Lexus-570-тай.
З.Баянсэлэнгэ: Toyota Prius, Toyota Highlander тус бүр нэг.
Г.Баярсайхан: Таван орон сууц, Infiniti FX35, Infiniti QX56 тус бүр нэг.
Б.Болор: Chevrolet, Avalange-pick up-нэг, Toyota, Land Cruiser 200 нэг
С.Бямбацогт: Toyota Tundra, BMW нэг. Нийт хоёр машин, дөрвөн байртай.
Ц.Оюунбаатар: Хоёр байртай. Mercedes Benz ML350-нэг, Nissan, Juke-нэг.
Д.Оюунхорол: Lexus-570, Toyota, Land Cruiser 200-тай.


Амьжиргааны ганцтай гишүүд

Х.Тэмүүжин: Нэг орон сууц, Lexus 350 машинтай.
Ц.Оюунгэрэл: Гурван орон сууц, Toyota Pruis машинтай.
М.Зоригт: Нэг орон сууц, Nissan Patrol машин, 25 адуутай.
О.Баасанхүү: Нэг орон сууц, Toyota Crown машинтай. 100 үхэртэй.
Н.Алтанхуяг: Lexus-570-нэг, хоёр орон сууцтай.
Р.Амаржаргал: Toyota Land Cruiser 200 нэг, нэг орон сууцтай.
А.Бакей: Toyota kluger нэг, орон сууцны тоо нь ч нэг.
Ө.Энхтүвшин: Нэг орон сууц, мөн тооны Lexus-470 машинтай.
Н.Энхболд: Хоёр орон сууц, нэг Lexus-470 машинтай.
Д.Эрдэнэбат: Хоёр орон сууц, нэг Toyota Land Cruiser 200 машинтай.
Н.Батбаяр: Нэг орон сууц, Ford, Expedition машинтай.
Сү.Батболд: Нэг орон сууц, Mercedes Benz GL-500 машинтай.
Ж.Батсуурь: Нэг орон сууц, нэг Lexus-570-тай.
Х.Баттулга: Нэг орон сууц, мөн тооны Lexus-570-тай
Д.Батцогт: BMW-323-тай. Нэг орон сууцтай.
Н.Батцэрэг: Lexus, RX-350 машинтай.
Н.Батчимэг: Toyota, Prado нэг, мөн тооны орон сууцтай.
Ц.Баярсайхан: Volkswagen, Tiguan нэг, мөн тооны орон сууцтай.
Х.Болорчулуун: Гурван орон сууц, Mercedes Benz G-500 машинтай.
Р.Бурмаа: Toyota Land Cruiser 200
С.Ганбаатар: Toyota, Rav4 нэг, мөн тооны орон сууц.
Д.Ганбат: Lexus-570-тай.
Д.Ганхуяг: Lexus-570-тай.
Ц.Даваасүрэн: Suzuki үйлдвэрийн нэг машинтай.
Ц.Дашдорж: Toyota, Land Cruiser 200-тай.
Д.Зоригт: BMW, 740 машинтай.
Ц.Нямдорж: Toyota, Venza нэг, мөн тооны орон сууцтай.
Ё.Отгонбаяр: Хоёр орон сууц, Lexus-570-тай.
Я.Санжмятав: Lexus-570
Д.Сарангэрэл: Audi A4 нэг ширхэг.
Д.Сумъяабазар: Lexus-570
А.Тлейхан: Hyundai, Sonata 7 нэг ширхэг.
Д.Тэрбишдагва: Toyota, Land Cruiser 200-тай.
Ч.Улаан: Mercedes Benz GLK-300 нэг ширхэг.
Г.Уянга: Lexus, RX-350 машинтай
Д.Хаянхярваа: Volkswagen, Tiguan нэг ширхэг.
Ч.Хүрэлбаатар: Хоёр орон сууц, Lexus-470-тай.
Ц.Цолмон: Toyota, Land Cruiser 100 нэг ширхэг.
Л.Энх-Амгалан: Гурван орон сууц, Land Rover, Range Rover нэг.


Унах унаагүй 15 гишүүн байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг орон сууц, гурван үхэр 25 адуу, 20 хонь, 15 ямаатай, өөрийн гэсэн унаагүй. УИХ-ын дарга З.Энхболд мөн л өөрийн гэсэн унаагүй. Харин хоёр орон сууц, хоёр адуу, 50 хоньтой хэмээн бүртгүүлжээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж мөн л өөрийн гэсэн унаагүй.

Харин хоёр орон сууцтай, Туул кашмираас хувьцаа эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн байна. Машингүй гишүүдийн тоог УИХ-ын гишүүн Д.Арвин үргэлжлүүлж байгаа юм. Тэрбээр, ганц орон сууцтай, “Эрх цагаан дагина” ХХК-иас 100 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мөн л унах унаагүй. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Оюун, С.Одонтуяа нарын гишүүд машингүй гишүүдийн жагсаалтыг үргэлжлүүлж байна.

Харин эдгээр гишүүдээс хамгийн олон байшинтай нь С.Одонтуяа, хамгийн олон компанид хувьцаа эзэмшигчээр Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар нар нэрлэгдэх нь. “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэс Тавантолгойн хувьцаагаа ил тод мэдүүлсэн Я.Содбаатар гишүүн одоогоор унах унаагүй хэвээр байгаа хэмээжээ. Увсын мөнгөний түрийвч, МАН-ын хөрөнгөлөг эрхмүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөдрийг хүртэл ганц машин аваад уначих бэнчин байгаагүй хэмээн ХОМ-тээ дурьдсан нь олон хүний гайхшийг төрүүлэх биз.

Машингүй гишүүдийн жагсаалтыг Ж.Энхбаяр гишүүн нэмэгдүүлснээр Ардын намаас төрсөн машингүй гишүүдийн жагсаалтын тавд бичигдэх нь. Өнгөрсөн жил бензээрээ гайхуулж, “Бенз” гэх хоч аваад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн өнөө жил эдийн засгийн хямралаас болж бензээ зарсан уу, эсвэл өөр хүний нэр дээр шилжүүлсэн үү, ямартай ч машингүй хэмээн мэдүүлэгтээ бичсэн байна. Ингэснээр нийт 15 гишүүн өнөөгийн парламентад унах унаагүй, албаны машин хөлөглөдөг гэдгээ мэдүүлжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn