Монголчуудын ахуй амьдралын гадаад нөхцөл байдлыг дүрслэн бичихээс цааш хальж дотоод байдал руу нь оръё. Хамгийн түрүүнд тэдний гэрлэлт, гэр бүлийн байдлыг нь авч үзье.

Монголчууд нэлээд эрт гэрлэнэ. Ихэнх гэрлэлт 16-19 насанд болдог хэдий ч түүнээс өмнө гэрлэх явдал цөөн биш тохиолдоно.



Гэрлэж буй эр, эм хоёрын насны зөрүүг нэг их тоохгүй, эрчүүд нь эмээсээ насаар ахмад байх талаар Европт ихээхэн анхаардаг тэр байдал энд огт үгүй.

Харин гэрлэж байгаа хоёрын төрсөн жилийн харьцааны бэлгэдэлд онцгой ач холбогдол өгч заншжээ.

Монголчуудын уламжлалт он тоолол ёсоор 12 жилийн мөчлөгөөр цаг хугацааг тоолох бөгөөд жил тус бүр өөрийн нэртэй, тухайлбал: хамгийн эхний жил хулганаар нэршсэн байдаг бол дараагийнх нь үхэр, цаашлаад бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, хамгийн сүүлчийнх нь гахай болой. Монголчуудын ойлголтоор, жилийг хатуу, зөөлөн хуваах агаад хулгана, үхэр, туулай, могой, хонь, бич, тахиа жил зөөлөн, бусад нь хатуу жилд тооцогдоно.

Гэрлэлтийн үед сүйт бүсгүйн жил залуугийнхаас хатуугүй байхад анхаардаг байжээ, жишээлэхэд, туулай жил төрсөн эр хүн бар жил төрсөн эмэгтэйтэй гэрлэх ёсгүй байна, учир нь энэ тохиолдолд эмэгтэй нь эр нөхрөөсөө хүчтэй байх болно, ийм айл гэр бүлд аз жаргал үл ирэх ажээ.

Дээрхийн эсрэгээр, нөхөр нь бар, харин бүсгүй нь туулай жил төрсөн байх аваас ямар ч саад тотгоргүй байх гэнэ. Залуу эр, эм хоёрын сэтгэл санааг нэг их харгалзахгүй, хуучин цагт Европт байсан шиг эцэг эхүүд нь бүх зүйлийг зохион байгуулна.

Гэрлэлт маш олон ёслол, зан үйл, ёс заншлыг багтаасан байх ажээ. Хамгийн түрүүнд эцэг нь хүүдээ эхнэр болгох хүүхнийг товлочихоод ламд хандаж зөвлөгөө авна. Лам ном судраа үзэж, уг гэрлэлт хэр зэрэг ээлтэй, сайхан байхыг нь хэлж өгнө.

Лам аятайхан, таатай хариулт өгвөл залуугийн эцэг хоёр зуучийг хүүхний гэр лүү илгээнэ, хүүхний эцэг ч лам дээр очиж зөвлөгөө авах бөгөөд түүний хариулт таатай байх аваас гэрлэлтийн асуудлыг нааштай шийдлээ гэсэн үг болно.



Залуугийн эцэг эх дахин ламд хандаж ээлтэй сайхан сар, өдөр товлохыг гуйж зохих заавар аваад дахин зууч нараа хүүхний гэрлүү илгээж, хуримын цаг хугацааг мэдэгдэхийн хамт хүүхний талд өгөх сүй бэлэг болон түүний авч ирэх “инжний” талаар тохиролцоно. Аль аль нь хоёр талын бэл бэнчингээс хамаарах бөгөөд дундаж хөрөнгөтэй айл 2 морь, 30-40 лан мөнгө, тоо томшгүй олон хадаг сүй болгон өгдөг бол инжинд 4-5 үнээ, төдий чинээ гүү, 2-3 тэмээ, 30-40 хонь өгдөг байна.

Баячууд сүй бэлэгт хэдэн зуу, заримдаа хэдэн мянган лан мөнгө, хүүхний инжинд хэдэн арван үхэр, хэдэн зуун хонь, ямаа өгдөг байхад ядуучууд 2-3 хонь, хэдэн хадаг төдийг өгөлцөж авалцана. Инжийг шууд өгдөггүй, гэрлэлтээс жилийн дараа өгнө. Сүйт хархүү сүй бэлгээ өгөх нь хуульзүйн чухал учир холбогдолтой байжээ.

Учир нь сүй өгөлцөж авалцаагүй гэр бүлээс төрсөн хүүхэд хууль бусад тооцогдож, зөвхөн ээждээ хамаарна. Хүүгийн эцэг сүй бэлгээс гадна бас иж бүрэн гэр төхөөрч өгдөг бол хүүхний эцэг нь гэрийн оосор бүч, дотоод тавилгыг нь зэхэж өгнө. Хүүхэн шинэ гэртээ ирэхдээ эцэг нь инж болгож түүнд өгсөн зүйлийн нэрсийг авч ирэн нямбайлан хадгална, учир нь тэд салах болбол тус бүр өөр өөрийн эд хөрөнгийг буцааж авна. Монголд ялангуяа хүүхэдгүй бол эр, эм хоёр салахад маш амархан, салалт тийм ч ховор биш байсан учир иймэрхүү болгоомжлол огт илүүц биш байв.

Урьдчилсан яриа хөөрөө тохиролцоо дуусмагц хуримын ёслолд орно. Хуримын өдрийн өмнөхөн сүйт хархүүгийн төлөөний хоёр хүн хүүхнийд ирэх бөгөөд энд найр болж байх ёстой байдаг. Гэрийн гадаа идээ будаа өрсөн ширээ зассан байх ба хүмүүсийг ирэхэд тэнд хэн ч байх ёсгүй. Ирэгсэд морьдоо уяж, гэрийн гадаа 15 орчим хором хүлээнэ, дараа нь гэрээс хоёр эр гарч ирэн, тэдэнтэй мэнд амар мэдэлцэж хөөрөг зөрүүлнэ.

“Хаанаас хаана хүрч явна? Хэний хэн гээч вэ? Хэт нутаг хаана вэ? Хэрэг зориг хэнд билээ? Бууж болохгүй газар мориноосоо бууж, уяж болохгүй уяанаас морьдоо уясан чинь ямар учиртай юм?” гэх мэтээр асуухад зочид:

“Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд энд байна гэж бид сонслоо. Түмэн мал хариулдаг Төгөлдөр өвгөн ингэж хэлсэн юм. Хэрэг зориг танайд. Хүний хөлийн мөр ширээний дэргэд гарсныг хараад суулаа” гэх мэтээр хариулна.

Үүний дараа тосож авсан хоёр эр гэрт орж, ирсэн зочдын талаар гэрт байгаа хүмүүст мэдээлнэ. Дараа нь тэд буцаж гаран сүйт хархүүгийн зуучдыг гэрт урина. Тэд гэрт орж хүн болгонтой тусад нь мэндлэн авчирсан бэлгээ тараана. Хонины чанасан ууцыг толгойн хамт хүүхний эцэгт барьдаг бол шаант чөмөг, хоёр хавиргыг эхэд нь дөрвөн өндөр хавирга, зул, цөгцтэй архийг бурханд, лонхтой архийг хүндтэй зочдод, харин эмэгтэйчүүд залууст айраг барина.

Ингээд найрлаж эхлэх бөгөөд маргааш өглөө нь болтол үргэлжилнэ. Маргааш нь товлосон цагт сүйт хархүүгийн төлөөний хүн бүсгүйн гэрт ирж нүүрийг нь халхлах юүдэнтэй улаан цув түүнд өмсгөж моринд мордуулан авч явна. Ирсэн хүмүүсийн нэг нь хүүхний эмээлийн араар сундлан тэвэрч явдаг ажээ. Гэрээсээ гарахаас нь өмнө хүүхэнд найзууд нь сүү амсуулж, унаа морины нь баруун амгайнаас хадаг уяна.

Сүйт бүсгүйн цувааг залуугийнд хүрэхэд төрөл садан, найз нөхөд нь гадаа бөөнөөрөө тосож авна. Сүйт бүсгүйг тусгай бэлтгэсэн гэрт оруулж, үсийг нь хагалах ёслол үйлдэнэ. Нэг хүн түүний духанд үнэт эдлэл хүргэж, тэнд байсан нөхөртэй эмэгтэйчүүд халх эхнэрийн ёсоор үсийг нь янзална. Хүүхний духанд үнэт төмөрлөг хүргэсэн хүнийг бэргэн гэх (эрэгтэй хүн ч байж болно) ба сүйт хүүхэн түүний үгэнд орох ёстой. Үс хагалах ёслол дуусмагц хүүхний толгой нүүрийг дахин бүтээж хархүүгийн гэрт оруулна.

Хүүхэнд тэнд ороод бурхан тахил, гал голомт, нөхрийн эцэг эх, өөрийн эхэд (эцэг нь охиноо хүргэж ирдэггүй) тус бүрд мэхийн ёсолж мөргөнө, энэ үед лам цаг үргэлж ном уншина. Дараа нь хүүхний бүтээлэг юм уу, юүдэнг авч, түүний нэрийн өмнөөс хүн болгон хундагатай архи, боодол тамхи бэлэглэнэ.



Энэ бүхний дараа сүйт бүсгүй өөрийн шинэ гэрт орж хувцсаа сольж эхнэр хувцас өмсөнө. Эцэг эхийн гэрт найр өрнөж, орой болсон хойно таран гэр гэртээ харина. Гурав хоногийн дараа хүүхний эцэг хөршүүдийн хамт ирж, охиноо эргэх бөгөөд бүтэн хонины мах чанаж ирнэ. Найр дахин үргэлжилж, зочид, гэрийн эзэд амар мэндээ мэдэлцэх агаад эцэст нь хүүгийн эцэг эх хүүхний эцэгт дээлийн торго, бусдад нь хадаг барина. Хүүхний эцэг буцсанаар найр дуусна.

Гэрлэлтэнд (сүй бэлэг, найрын зардал, ламын барьц гэх мэт) нэлээд зардал гардаг учир хувьсгалын өмнөхнөөс эхлэн, ялангуяа чинээлэг бус монголчуудын дунд хүүхнээ хулгайлах явдал ихэд дэлгэрсэн байна. Сүйт хархүү, хүүхэн хоёр харилцан зөвшилцсөний үндсэн дээр ингэж хулгайлах болсон агаад үүний ачаар албан ёсны гэрлэлтэнд зарцуулагддаг ихээхэн өртөг зардал бүхий зан үйл, ёслолууд байхгүй болжээ. Хүүхнийг авч одсоноос хойш 1-2 сарын дараа элдэв ёслолгүй, өөрөөр хэлбэл ихээхэн зардал чирэгдэлгүйгээр уг гэрлэлтийг албан ёсны болгодог байв.



Шашин сүм хийдийн зүгээс олон эхнэртэй байхыг хориглодоггүй хэдий ч Монголд нэг эхнэр, нөхөртэй байх ёс зонхилж байжээ. Харин нийгмийн дээд давхрааныхан дотор олон эхнэртэй байх явдал тийм ч ховор биш, тэгэхдээ үлэмж сул хэлбэртэй байсан аж. Проф. А.Позднеевын мэдээлснээр, Монголын Далай ван есөн удаа гэрлэж байсан гэдэг, гэхдээ энэ бол онцгой тохиолдол бөгөөд олон ихэс ноёд 2-3 эхнэртэй байв.

Монголын сурвалжит язгууртнуудын тоо даанч өчүүхэн байсан учир олон эхнэртэй байна гэдэг нийт ард олонтой харьцуулахад өдрийн од мэт байсан байна.

Бас нэг сонирхолтой баримт тэмдэглэгдэн үлджээ. Ихэс ноёд, тайж нар өөрийн давхрааны эмэгтэйчүүдтэй гэрлэх ёсгүй байсан ба учир нь дээд хоёр давхрааныхан “цагаан ястангууд”, тийм өөр хоорондоо садан төрлийн сүлбээтэнд тооцогдох учир зөвхөн эгэл борчуудтай дэр нэгтгэх ёстой байв. Ноёрхогч ангийнхан өөрсдийн нь хувьд цус ойртох аюул байгааг зөн бэлгээрээ мэдэрч байсан бололтой агаад үжирч муудаж байгаа цусаа ард олны эрүүл, шинэ соргог цусаар сэлбэхийг хүсэж байсан нь илт.

Эхнэр авахыг хориглосон сахил санваартай маш олон лам хуврагуудтай боловч Монголд гэртээ өтөлсөн хөгшин хүүхнүүд маш цөөхөн. Лам нар арай цөөтэй хэдий ч тэдний нь авир араншин, дэг жаяг илүү хатуу дөрвөдүүдийн хувьд өтөлсөн хойноо хийдэд очиж гэлэнмаа болдог нөхөргүй авгайчууд олон байхад Халхад нөхөргүй хөгшин эхнэр маш цөөн байх ажээ. Бараг эм хүн болгон эр хүнтэй (лам нартай байх нь ч олонтоо) хууль ёсоор хууль бусаар хамтран амьдардаг байсан болохоор эрчүүдийн 40% сахил санваартнууд байдаг нь ард түмний хувьд тийм ч сүйрлийн үр нөлөөтэй байгаагүй юм.


ЭХ СУРВАЛЖ: И.М.МАЙСКИЙ “Монгол орон хувьсгалын босгон дээр”.

“МОНСУДАР” хэвлэлийн газраас“Монголоор бэдэрсэн гадныхан”хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа билээ.

Уг цуврал нь монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв? гэдгийг тодруулах зорилготой юм.

Уг цуврал бүтээлийн дараагийн боть болох “Монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх энэхүү номонд 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3000 орчим километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын багийнханы цуглуулсан мэдээллүүд багтаснаас гадна нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам болон малын тоог статистик аргаар боловсруулан гаргаснаараа онцлог бөгөөд ХХ зууны монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж юм.