Аргентин. Энэ нэрийг сонсохоор спорт сонирхогчдын сэтгэлд бол хөлбөмбөгийн шигшээ баг нь ордог. Харин очиж үзсэн хүн бол бийф стейк буюу үхрийн шарсан махыг нь хамгийн түрүүнд санадаг гэдэг. Түүхийн шарласан хуудсыг сөхөж үзвээс, “Шинэ тив”-ийн хажуу бөөрөнд “мөнгөлөгтөн” гялалзах энэ улсын хөгжил цэцэглэлтийг үхрийн махнаас салгаж ойлгох ямар ч боломжгүй ажээ.

Хэл, соёл өөр, газар нутаг хол ч энэ улс мал аж ахуй голлосон эдийн засагтай гэдгээрээ Монголтой адил төстэй. Ялгаатай нь, Аргентин мал сүргээрээ дэлхийг хооллож, тэр хэрээрээ эдийн засгаа тэтгэж чаддаг байхад Монголд одоо л эхлэл нь тавигдаж буй. Сонирхолтой нь, монголчууд эртнээс мал аж ахуй эрхлэн амь зууж ирсэн бол аргентинчууд тийм биш. XVI зууныг хүртэл мал гэж юу байдгийг ч мэдэхгүй явсан гэхэд гайхмаар. Мал аж ахуйн орон гэгдэх хүртлээ тус улс багагүй ээдрээтэй замыг туулжээ.

Пампасын талд зэрлэгшсэн “шинэ” амьтан

Аргентин улсын нэр нь мөнгө гэсэн утга илэрхийлдэг. Монголчууд алтны удаад орох үнэ цэнэтэй эрдэнэ хэмээн үздэг энэ металлын латин нэр нь аргентум юм. Далайн аялал ид хүчээ авч, шинэ, шинэ нээлтүүд хийгдэн дэлхийн газрын зураг байсхийгээд өөрчлөгдөж байсан тэр цаг үед испаничууд мөнгөний орд эрэн бэдрэхээр Аргентинд очиж, түүнээсээ улбаалан нэрийг нь оноосон байна.
Испанийн эзэн хааны элч, дон Педро Мендоза тэргүүтэй экспедиц 1536 онд Аргентинд хөл тавьж, нэгэн их уст голын эрэгт төвхсөн нь энэ нутгийн анхны суурин үүсэх эхлэлийг тавьсан юм. Гэвч европчууд нутгийн уугуул оршин суугчидтай таарамжгүй харилцаатай болсноос үүдэн таван жилийн дараа тэрхүү суурингаа орхин нүүж одсон гэдэг. Гэхдээ хугацаа нь удаан биш ч гэсэн үлдээсэн ул мөр нь агуу байлаа. Испаничууд нүүхдээ байшин сав, зарим эд хогшилоос гадна, хожим Аргентин улсын хөгжлийн гол “хөдөлгүүр” болох учиртай үхэр сүргээ үлдээжээ. Үүнээс өмнө Аргентинд нэг ч үхэр байсангүй. Пампас гэж нэрлэдэг, өтгөн өвсөөр хучигдсан тэгш тал испани үхэрт амьдрах гайхалтай орчинг бүрдүүлж, араатан амьтан, элдэв халдварт өвчин үгүй шинэ нутагт асар хурдан үржжээ.
40 жилийн дараа, Хуан де Гарайгаар толгойлуулсан испаничууд дахин шинэ тивд хөл тавихад дон Мендозагийн орхиж явсан үхэр сүрэг зэрлэгшин, хээр талд маш их үржсэн байжээ. Хуан де Гарай бол Аргентиний нийслэл Буэнос Айрес хотыг үндэслэн байгуулсан хүн. Тэрээр олон талын мэдлэгтэй ухаалаг хүн байсан бөгөөд үхэр эдийн засгийн хөгжлийн гол “хөдөлгүүр” байж болохыг олж харжээ. Гэхдээ махыг нь бус, арьс ширийг нь арилжаалах талаар сэтгэсэн байна. Буэнос Айресийн оршин суугчдын хандлага ч дэндүү балмад байв. Тэр үеийн анчид, агнах арга барил нь дэндүү зэрлэг балмад байсан бөгөөд 10-15 “шийдсэн” эр нэгдэн баг бүрдүүлж, пампасын талаар бэлчих үхэр рүү дайрч, иртэй махир хутгаар толгой, туурайг нь огтолж авдаг байжээ. Шинэ тутам үүссэн хотын иргэдийн хувьд амьжиргааны ганц эх үүсвэр нь үхрийн шир байв. Даавуу, тамхи, какао, дарь, буу зэргийг ширээр л сольж авна. Харин махыг нь иднэ гэдэг ойлголт байсангүй. Тэр ч байтугай, мах нь экспортын гол бүтээгдэхүүн болж, үйлдвэрлэгчид ихээхэн хэмжээний ашиг олж сурсан тэр үед ч үхрийн махыг ядуу зүдүү, гуйлгачдын хүнс гэж тооцдог хэвээр байсан гэдэг.

Махыг магнаг болгосон нь

Анчид аймшигт яргаллынхаа гэрч болон пампасын талд ялзруулахаар орхидог байсан махыг экспортын гол бүтээгдэхүүн, валютын эх үүсвэр болгох эхлэлийг тавьсан гавьяатан нь францын зохион бүтээгч, хамгийн анхны хөргөгчнүүдийн нэгийг зохион бүтээсэн Шарль Телле юм. Буэнос Айрес мужийн эрх баригчид 1870 онд зохион бүтээгчдийн дунд махыг Европ хүргэх урт, удаан тээврийн явцад муудуулалгүй хадгалах шинэ арга боловсруулах өндөр шагналтай уралдаан зарлажээ. Энэхүү уралдаанд Телле ялж, 1879 онд түүний зохион бүтээсэн хөргөгчтэй агуулах бүхий усан онгоцууд Францыг зорин хөдөлсөн гэдэг.
Хөргөгч зохион бүтээгдсэнтэй зэрэгцээд нүүн суурьшигчид, нутгийн иргэдийн хоорондын дайн төгсгөл болсон нь малын тоо толгой эрчимтэй нэмэгдэх хөшүүрэг болж, үр дүнд нь экспорт үлэмж өссөн байна. Аргентинчууд 1907 онд зөвхөн Их Британид л гэхэд 425 мянган тонн мах экспортолж байжээ. Европчууд амтлаг мах идэхийг хүсч байсан бол Аргентинд түүнийг нь хүссэн хэмжээгээр нь хангах боломж байлаа. 1880-1910 он хүртэлх 30 жил аргентинчуудын аз гийсэн үе байв. Аргентин үхрийн махны экспортоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж, мөнгийг вагон, вагоноор нь олж байв. Үүний ачаар хуучны суурингууд өнгө засав. Аргентиний олон хот энэ үед, махны худалдаанаас олсон мөнгөөр босчээ. Эдүгээ Аргентиний ДНБ-ий талаас илүү нь хөдөө аж ахуйн салбарт ногддог бөгөөд үүн дотор махны үйлдвэрлэл голлодог. Эдийн засгийн гол хөшүүрэг нь мах хэвээрээ байна.

Махаар ноёлох Аргентин “технологи”

Хэдхэн зуун жилийн өмнө нэг ч малгүй байсан Аргентин өнөөдөр махны эксполртоор дэлхийд тэргүүлж байна. Мал аж ахуйн эртний уламжлалтай биш мөртлөө тэд яаж энэ амжилтад хүрэв ээ.
Хамгийн түрүүнд, уламжлалт мал аж ахуй хоцрогдсонд байгаа гэж харж байна. Аргентин фермерийн мал аж ахуйтай. Дэгсдүүлж хэлэхэд “Паартай байшинд сууж, паалантай жорлонд бие зассан” малын мах авах сонирхолтой европчуудыг татах гол шалтгаан нь энэ.
Хоёрдугаарт, бүтээгдэхүүний чанар. Монгол, Аргентин махны чанарын талаар баримталдаг философ нь бараг адилхан. Сайн өвс идэж, цэнгэг усаар ундаалж, цэвэр агаараар амьсгалах нь гол гэж үздэг. Гэхдээ түүнээс цааш арай ялгаатай.
Мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүд нь хяналт сайтай байдаг онцлогтой. Өнгөрсөн онд 635 үйлдвэр ажиллаж байсны 288 нь л хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын албаны тусгай зөвшөөрлийг авчээ. Гадаад руу экспортлох эрх авсан үйлдвэр бүр ч цөөн, нийт үйлдвэрийн 15 хувийг л эзэлнэ. Эдгээр үйлдвэрүүд Европ, АНУ-ын мах, махан бүтээгдэхүүнд тавьдаг ВРМ, НАССР стандартыг хэрэгжүүлэхийг гол зорилго болгож ажилладаг. Зорилтот зах зээл гэж харсан улсынхаа стандартыг л харж ажилладаг гэсэн үг юм.
Одоогоор 66 үйлдвэр Европын холбооны стандартыг бүрэн хангаж, сертификат авчээ. Өөрөөр хэлбэл, бэлтгэсэн махаа Европын холбооны ямар ч улсад борлуулах эртэй ажээ. Бусад улс орны стандарт “Хөгшин тив”-ийнхээс доогуур тавигдсан байх нь олонтаа учир Европын холбооноос авсан сертификатыг дэлхийд мах экспортлох эрх гэж ойлгосон ч болох юм. Гуравдугаарт, хэрэглэгч хаан гэсэн уриаг баримталж, гадаадын худалдан авагчдынхаа саналыг уриалгахан хүлээж авч, үйл ажилагаандаа хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Үхрийн махыг эвдэж ангилах стандарт байдаг ч үйлчлүүлэгч хүсвэл өөрчилж болно. Энэ тал дээрээ уян хатан, дэгсдүүлж хэлэхэд, үхрийн зөвхөн хамгийн богино хавирганы махыг шулуулж дангаар нь авъя гэсэн ч бэлтгээд л өгчихнө.
Дөрөвдүгээрт, тасралтгүй ханган нийлүүлэх чадвар. Аргентинд албан ёсны зөвшөөрөлтэй 403, нийт 600 гаруй мал нядалгааны газар жилийн турш тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн томоохонд тооцогдох 13 нь сар тутамд 15 мянган толгой мал нядалдаг байна. Ингэснээр жилийн турш махны нийлүүлэлт жигд, үнэ ч тогтвортой байдаг ажээ. Мал цөөтэй улсууд “Аргентинд хүнсний ногоо махнаас илүү үнэтэй байдаг“ гэдэг оргүй үг биш.
Хамгийн чухал нь Аргентиний махны салбарынхан ашгийн хойноос хөөцөлддөггүй. Үнийн бүтцэд зардал 85-90, ашиг 10-15 хувийг л эзэлдэг юм байна.

Бид хэрхэн өрсөлдөх вэ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Аргентиний шигшээ багийн хэмжээнд одоохондоо хүрэхгүй нь үнэн. Харин мах, махан бүтээгдэхүүний зах зээлд тэнцүүхэн өрсөлдөх боломж бий.

Аргентин ОХУ-д мах экспортлох эрхийг 2007 онд авсан бол БНХАУ-д өнгөрсөн жил 200 орчим сая ам.долларын худалдаа хийжээ. Тэгвэл 2014 онд энэ боломж манайд олдсон билээ. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн даваа гарагт БНХАУ-тай түүхий мах экспортлох санамж бичиг байгуулсан. ОХУ-ын нэг муж руу Монголын хоёр компани мах экспортолдог байсан бол энэ жилээс эхлэн Хятад руу түүхий махыг 10 үйлдвэр гаргаж, ОХУ-ын найман мужид 26 үйлдвэр мах экспортлохоор боллоо. Хоёрхон жилийн өмнө 12 үйлдвэр шалгуулахад 10 нь “унаж” байсантай харьцуулахад энэ бол маш том дэвшил. Аргентины 27 үйлдвэр ОХУ-д мах экспортлох эрхтэй байдаг гэхээр үндсэндээ бид энэ салбарт Аргентинтай өрсөлдөөд эхэлчихсэн гэсэн үг. Гэхдээ чадамж сул байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

Бэлчээрийн мал аж ахуй хамгийн том эрсдэл

“Rabobank”-ны шинжээч, Чежунг Пан өөрийн хийсэн судалгаандаа үндэслэн БНХАУ-ын махны хэрэгцээ жилээс жилд өсч, 2025 онд 2.2 сая тонныг нэмэлтээр импортлох төлөвтэй байгаа гэж мэдэгджээ. Тус улс өнгөрсөн оны эхний зургаан сард л Аргентинаас 17 мянган тонн мах худалдаж авсан байдаг. Монголоос авахаар болсон 10 мянган тонн мах нийт хэрэглээтэй нь харьцуулбал зөвхөн “амталгаа” гэдэг нь эндээс харагдаж байна.
Тиймээс бид цаашдаа махыг тогтвортой экспортлохыг зорьж байгаа бол фермерийн аж ахуйг олноор нь байгуулах шаардлагатай. Бэлчээрийн мал аж ахуй нь өртөг зардал багатай боловч үнэндээ тийм биш. Цаанаа маш том эрсдлийг дагуулж байна. Ийм төрлийн мал аж ахуйд халдварт өвчнийг хянахад бэрхшээлтэй. ОХУ, БНХАУ-ын аль, аль нь манай улсын зүүн бүсээс мах авдаггүй. Олон жил хянасны эцэст баруун бүсээс л авахыг зөвшөөрсөн. “Махнаас жилдээ тэрбум ам.доллар олно” гэж хөөрцөглөж байгаа ч нэг л удаа өвчин гарахад бүх хичээл зүтгэл талаар болж, хоёр хөрш импортоо зогсоочих магадлалтай. Тиймээс фермерийн аж ахуй хөгжүүлж, малын тоо, толгой нэг бүрийг хянаж байж л зах зээлээ хадгалж үлдэнэ.
Хоёрдугаарт, махны чанарыг сайжруулах. Махны амт чанарыг тодорхойлох Аргентин “технологи” манайхтай ижил, сайн чанарын өвс, цэнгэг ус, цэвэр агаар байхад болно гэж үздэг. Манайд энэ бүгд бий. Тиймээс чанарыг сайжруулах гэдэгт боловсруулах үйлдвэр бус, тоо толгойг онцоллоо. Манайд мал сүргийн тоо толгой байнга өсөх графикаар явдаг. Өнгөрсөн жил анх удаа 56 сая хүрсэн. Манайхаас бараг хоёр дахин их газар нутагтай, хоёр ч том дайнаар дэлхий нийтийг хооллож ундалсан Аргентинд малын тоо толгой 2002 онд анх удаа 56 саяын босгыг давжээ. Ингэмэгц 50 сая хүртэл цөөлсөн байна. 2016 онд 51 сая 995 мянган толгой мал тоолуулжээ. Гэсэн ч дэлхийн үхрийн махны худалдааны ес, адууны махны худалдааны 20 хувийг хянаж чадаж байгаа юм. Тоо толгой хэт олшрох нь махны чанарт нөлөөлдөг нь судалгаагаар батлагджээ.
Махны зах зээлийн талаар дагнан бичдэг www.globalmeatnews.com цахим хуудсанд Аргентин улс зөвхөн 2015 оны зургадугаар сард 5058 тонн үхрийн махыг БНХАУ-д 26.5 сая ам.доллараар экспортолсон тухай бичжээ. Нэг кг-ыг нь 5.23 ам.доллараар экспортолдог. Хаа холоос зөөсөн гэхэд ийм бага үнээр хэрэглэгчдээ хүргэж байгаа нь гайхалтай.

Мал аж ахуй бурхны хайрласан хишиг

Аргентин улс өнгөрсөн зуунд Хуан Перон гэгч зартай популист Ерөнхийлөгчийнхөө үрэлгэн бодлогоос болж дампуурч байсан гэдгийг мэдэх нэг нь мэдэх биз. 2014 онд ч хоёр дахь удаагаа дампуурлын ирмэг дээр ирсэн гэж мэдээлэгдэж байлаа. Тэгвэл мал аж ахуйн салбар эрх баригчдын буруу бодлого, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын алинд ч улс орны найдвартай багана, түшиг тулгуур нь болж иржээ. Уран, зэсийн үнийн уналт, популизм эдийн засгийг нь “ХЭВТҮҮЛДЭГ” ч мал аж ахуй нь “БОСГООД” л ирдэг юм байна. Мал махны салбараа Аргентиний жишгээр хөгжүүлж, алдаанаас нь суралцан, популизм хийж үүцээ тараахгүй, уул уурхайгаа зөв ашиглачихвал хүнд цаг үе ард хоцрох нь гарцаагүй.

Х.Батсайхан

http://eagle.mn/