Судлаач Ганаа нэг өдөр Ганбуушийг учиргүй сонирхсон байна. Улмаар Google-ээр “Ганбууш” гээд хайгаад хаясан чинь 140.000 илэрц гарч иржийнэ гэнээ. Харин “Судлаач Д.Ганхуяг” гээд өөрийгөө бичтэл бараг тэнцүү илэрц олджээ. За яахав Google алдсан байж болно (Би Ганбуушаас илүү гэж бодож л дээ) гээд Yahoo дээр хайж үзтэл Гамбууш 6060, судлаач Д.Ганхуяг 4030 илэрцтэй байна. Ингээд л хөөрхий Ганаа судлаач гунигт автан, “Гамбууш намайг ялж байна, Монголын ард түмэн түүнийг хүндэтгэн биширч, хайрлан анхаарч байна. Намайг бол захын хүн л хуц гэж байгаа юм чинь. Нэр хүнд, алдар гавъяа түүнд л байна.” хэмээн дуу алджээ. Арга ч үгүй дээ арваад жил яхир хахираараа дуудуулаад, намаасаа хөөгдөж, блог хөтөлж, чадахаараа фэнүүдтэй болоод ч Ганбуушийн алдар нэрийг бараагүй тул хүнд байдалд орохоос яалтай. Тийм болохоор монголчуудад боловсрол хэрэгтэй гэж цаад судлаач гуай чинь хэлээд байна. Ганбуушаас өөр сонирхох зүйл орчлонд олон байдаг юм шүү гээд байна.  

Ер нь тэгээд судлаач Ганаагийн, бас тэр Молор-Эрдэнэ, өөр бас бус өвчтэй этгээдүүдийн яриад байгаа боловсрол гээч юм нь ховрын бараа юм даг уу даа. Молор-Эрдэнийн ярьж буйгаар Монголд өөрөөс нь өөр боловсролтой хүн байхгүй гэнэ. Их хэцүү ч юм байх тэр боловсролыг олж авахад. Тэрийг хайхын оронд шударга ёс гээч юмыг л хаа сайгүй хайж байна. Талбай дээр жагсаж, зурагтаар ярьж байгаа хэн бүхэн л “Шударга ёс хаана байна” гэцгээх. Жил бүрийн хавар хайгаад хайгаад олдоггүй юм шиг байгаа юм энэ шударга гээчийг. Уг нь УИХ-д “Шударга ёс” гээд эвсэл байна шд. Тэднээс асууж болно. Хурдхан олдоосой доо, тэр шударга ёс нь. 

За тэгээд заавал тэр боловсрол гээчийг хайж олоод, дарж унагааж байгаад эзэмших хэрэг байгаа ч юм уу. Номын сан хов хоосон байхад оюутнууд нь талбай дээр суулт хийж “Би бааранд суумааргүй байна. Номын санд сууя” гээд байдаг сонин ч хорвоо шүү дээ. Тэр оюутнууд зөвхөн гэрийнхээ 00-д л ном уншдаг болохоор номын санд суувал 00-д байна гэж бодоод баачихаж ч мэднэ. Тэднээс боловсрол хүсээд ямар ч нэмэргүй. Янз бүрийн сайхан нэртэй, бизнес маркетингийн сургуульдаа сурна биз. Шинжлэх ухаан, социологи, инженерчлэл, технологи гэсэн тархи толгой эргүүлсэн юмнуудаар юугаа ч хийх юм билээ. Дээр нь “Ард иргэд боловрол, мэдлэггүй байна” гэж яриад ч яах юм билээ. Одоо бүгдээрээ дүлий дүмбэ болчихоод сууж байгаа. Зүв зүгээр гэртээ савангийн дууриа үзээд, солонгос явахыг мөрөөдөөд байж байгаа хүнийг боловсролтой бол оо гээд зовоогоод ч хэрэггүй.  Хүсэхгүй байхад. 

Эртээд жагсаал дээр МАН-ын дарга нар Монгол айл бүрт нэжгээд янхан, архичин, хар тамхичин байна гэж хэлж байна лээ. Ийм том дарга нар хүртэл боловсролгүй. Ядаж намын байрнаасаа 100-хан метр яваад Үндэсний статистикийн хорооноос судалгаа аваад ярьж болношд. Ер нь энэ МАН-ынхан бичиг үсэг тайлагдсан эсэх нь эргэлзээтэй. Өмнөх дарга нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ярьдаг баатар болсон чинь махны үнийг 1200 гэж хэлээд булай болсон нь өнөөдөр Монголын улс төрийн мангарталтын түүхэнд үлдсэн.

Энэ дашрамд хэлэхэд айл бүрт байгаа тэр үл бүтэх хүмүүсийг ингэж айхтар илрүүлсэн МАН-ынханд баяр хүргэсэн хүмүүс ч байна билээ. Бухимдсан зарим хүн “Манайд янхан байхгүй” гэж уурлаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн сураг ч сонсогдоно лээ. 

Одоо тэгээд түрүүлж хөдөлсөн хамаг хүмүүс нь америк явчих юм байна л даа. Эхнээсээ тэндээ сайхан төвхнөөд ч авсан нь харагдах. Солонгос киноноос харах нь ээ, тэнд л боловсрол байдаг, тэндээс ирсэн хүмүүс л шууд дэвшдэг, ирээд шууд баян компанийн захирал болох. Баян айлын охид нь ядуу залууд дурлачихаад гэрийнхнийхээ хатуу эсэргүүцэлтэй тулгарч арга ядахдаа америк явах.  

Явах гэснээс Д.Одхүү гээд УИХ-ын гишүүн байсан нэг хүн “Би Эгийн голын станцыг барьж өгөөд явна” гэж Өнөөдөр сонины эхний нүүрэн дээр аймар том гарчигтай ярилцлага өгснийг харлаа. Хэдэн төгрөг олоод тэгээд Америк явна гэж байгаа юм биш биз дээ, энэ чинь. Д.Одхүүгээс бид юугаараа дутдын бүгдээрээ явна аа. Явж л таараа.

http://charlie.essay.time.mn