Хойд Америкт орших Мексик нь хүн ам ихтэй, ядуу орон. Тэнд үе залгамжилсан бизнесмэн гэж байдаггүй. Тус улсыг дэлхийд таниулах нэрийн хуудас нь хөлбөмбөг. Мөн хар тамхины наймаагаараа зартай. Тиймээс Мексикт хүү төрвөл амьдрах хоёрхон л арга зам бий. Хөлбөмбөгчин юм уу эсвэл хар тамхичин болгодог. Хөвгүүдээ хөлд орохоос нь авахуулаад арьсан бөмбөг өшиглүүлдэг болохоор энэ спортоороо чамлахааргүй амжилттай яваа орнуудын нэг юм. Мексикээр овоглосон Уго Санчес, Рафаэль Маркес, Хавьер Эрнандес нарын хөлбөмбөгчдийн фанатууд бөмбөрцгийн булан бүрт бий. Уго Санчесын тухайд “Реал Мадрид”-ын од довтлогч байлаа. Мөн тэднээс гадна Испанийн “Малага”-д тоглодог хаалгач Гильермо Очоа байна. Мексикчүүд манайхыг бодвол хөлбөмбөгөөрөө амьдраад болоод байх шиг харагддаг.

Монгол Улс бол яг Мексиктэй адилхан ядуу, үе залгамжилсан бизнесмэнгүй орон. Хүү төрвөл бөх юм уу дуучин болгоно гэдгээрээ тэдэнтэй адилхан юм даа. Ерөнхийдөө дийлэнх нь ийм сонголт хийдэг. Монголд дуулж чаддаггүй, зодоглож зүрхэлдэггүй эр хүн гэж үгүй. Дийлэнх эрчүүд бага балчир байхдаа ойр дотнынхон болоод нутаг усныхаа хэн нэгнээс “Манай энэ ч мундаг бөх болно доо” эсвэл “Шаггүй дуучин болох янзтай” гэдэг үгийг сонсч л байсан биз. Айл гэрт хүү төрөнгүүт энэ хоёроос өөр мэргэжил байдаггүй юм шиг л хуйларцгаана гээч. Монголд дуу дуулаад, бөх барилдаад амьдралаа залгуулахад хэцүү. Өндөр хөгжилтэй орнуудын урлагийн од, тамирчидтай адилтгаж дуучин, бөх болж хангалуун сайхан амьдарна гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Учир нь Монголын зах зээл ямар билээ дээ. CD гаргаж зараад, олсон ашиг орлогоороо насан туршийнхаа хоолыг олохгүй. Бөх барилдаад ч мөн ялгаагүй.

Харин хүн ам олонтой, зах зээлтэй улс орнуудад энгийн нэг дуучин ганц дуугаар од болдог жишээ зөндөө. Тэд насан туршийнхаа хөрөнгийг түвэггүйхэн цуглуулчихдаг. Тухайлбал, Солонгосын дуучин, реппер PSY байна. Энэ нөхөр “Ганнам стиль” хэмээх ганцхан дуугаар дэлхийн тэрбумтан болчихсон шүү дээ. Тэгвэл Монголд бол эсрэгээрээ. Олныг хичнээн байлдан дагуулсан, нийгмийг тэр чигт нь давалгаалуулж чадсан дуу дуулаад ч түүн шиг амжилтад хүрч яасан ч чадахгүй. Нөгөө л зах зээлийн боломж нь байхгүйтэй холбоотой юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр нэг хэсэг гарч байсан “Тусгай салаа” олон ангит киног санаж байна уу. Яагаав энэ кинонд байлдагч Дэндэвийн дүрээр тоглосон жүжигчин Т.Эрдэнэбаяр гэдэг залуу сүүлд нь нэг сүрхий дуугаар гарч ирээгүй юу. Тэрээр “Ааваа зорино” гэдэг тун аятайхан аялгуутай дуу дуулсан даа. Хөдөө, гадаагүй бүгд л түүний дууг сонсдог байв. Нийтийн дууны урсгалд ёстой нэг байлдан дагуулсан. Хаана ч явсан энэ дууг хүмүүс амандаа аялах нь сонсогдоно. FM, радиогоор зөвхөн тэр дууг захиалан явуулдаг байсан үе саяхан. Жүжигчин залуу маань ч энд тэндхийн арга хэмжээнд нэлээд уригдаж, “Ааваа зорино” дууг эгшиглүүлсэн. Яг л PSY шиг ганц дуугаар гарч ирж, богино хугацаанд Монголдоо гялалзаж чадсан даа. Харин түүний энэ дуугаараа олсон орлогыг сонсох нь ээ ердөө 15 сая орчим болсон гэсэн санагдаж байна. Ийм хэмжээний мөнгөөр Монголд бүтэн жил ч амьдарч дөнгөхгүй. Жижиг зах зээл, том орон хоёрын ялгаа үүнд л байгаа юм.

Манайхан хөдөлмөр хийхгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэдэг болсон. Хамгийн жаргалтай мэргэжил нь бясалгал хийх болж. Гэгээрч байгаа нь гээд харанхуй нүхэнд хэдэн сараар суудаг хүмүүс олширсон. Ингэж бясалгагчид өөрийнхөө зовлогыг жаргаахаас биш үр хүүхдүүдэд нь үлдэх юм байхгүй. Сүүлийн үед лам, бөө нар нийгэмд дэлгэрлээ. За тэгээд тэднээс арай ухаан дээгүүрүүд нь өмгөөлөгч, эдийн засагч, багш, хуульч, эмч гээд түгээмэл мэргэжил сонгодог. Дээрээс нь эцэг эхчүүд юм л болбол хүүхдүүдээ хөгжимчин, балетчин болгоно гээд л биесээ дуурайж хавтгайрах дуртайг нь яана. Манайхан гуравхан сая хүн амтай улсад амьдарч байгаа байж гурван зуун саяулаа юм шиг сэтгэж хэт туйлшрах юм даа. Хөгжимчин болоод Н.Жанцанноров гуай шиг, балетчин болоод Б.Алтанхуяг шиг сайхан амьдарна гэж харж байгаа бол эндүүрэл. Монголд энэ олон лам нар дотроос хэдэн хамба л гойд сайхан амьдарна. Бөхчүүдээс ч мөн ялгаагүй хуруу дарам цөөхөн хүчтэнүүд насаараа сайхан амьдрах нөхцөлөө бүрдүүлж чадсан. Үндэсний бөхөөс Ч.Санжаадамба, чөлөөт, жүдогийнхноос Н.Түвшинбаяр, Мандахнаран нар өөрсдийнхөө орон зайг бүрдүүлчихсэн. Тэгэхээр өөр хэн нэгэнд тэдгээр эрхмүүдийн чинээнд амьдрах орон зай Монголд даанч алга даа. Хувьсгалын үеийн лам нараас хойш энэ олон хуульч, нягтлан бодогч, урлагийнхан, бөхчүүд төрлөө. Тэгсэн атлаа баялаг бүтээгч дээр хэн ч очдоггүй. Монголчууд өнгөц сэтгэсэн, хялбар амьдралаас татгалзах хэрэгтэй. Материаллаг баялаг бүтээж, үр удамдаа бизнесээ өвлүүлэх хөдөлмөр эрхэлцгээе гэж уриалмаар санагдах юм.

Монголтой адилхан цөөхөн хүн амтай хэрнээ тансаг хангалуун амьдарч байгаа олон орон дэлхийд байна. Европт гэхэд Дани, Швед, Нидерланд зэрэг улсууд маш жаргалтай амьдарч байгаа. ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх хэмжээнд байдаг эдгээр улсуудын ард түмэн баяр баясалтай, уур уцааргүй, найрсаг, уриалгахан, элбэг дүүрэн аж төрцгөөж байгаа шүү дээ. Тэд яагаад ийм жаргалтай амьдарч байна вэ. Нийгмээрээ бөх, дуучин болж тэнэглэдэггүйд байгаа юм. Харин ажиллаж, хөдөлмөрлөх ёстой гэдэг ухамсар тэдэнд бий болохоор аз жаргалтай байна. Тухайлбал, тэнд 200-гаад жилийн өмнөх эцэг өвгөдийнх нь байгуулсан тонгорогны үйлдвэр байдаг. Эвхчихдэг, авсаархан хутга үйлдвэрлээд, тэрийгээ зараад л амьдарч болоод байна. Хүмүүсийг төрөхөд энэ ажил нь бэв бэлэн. Гагцхүү яаж хийхийг нь сурахад л хангалттай. Нийгмийн тогтсон амьдрал нь ингээд л байж байна шүү дээ. Тэгвэл бид ямар байна. Талаар нэг нүүдэллэж амьдарсаар ирсэн болохоор өнөөдөр баялаг бүтээж чадахгүй, ядуу хэвээрээ байгаа юм. Тиймээс хөгжил сайтай дээрх жижиг орнууд шиг тайван жаргалтай амьдаръя гэвэл монголчууд суурьшмал амьдралд шилжиж, ажил, хөдөлмөр хийдэг гэдэг сэтгэхүйг л суулгах юмсан. Хамгийн хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэлгээ ард түмэнд давамгайлаад байгаа болохоор Монгол хөгжихгүй байна. Ойрын жишээ гэхэд Японыг хар л даа. Яаж баялаг бүтээж, ямар их хөдөлмөрлөдгийн тод дүр зургийг тэднээс харж болно. Хүмүүс нь урт удаан насалж, баяр баясгалантай амьдарч байгаагийн нууц нь ердөө л энэ юм. Тус улс Дэлхийн II дайны дараахан АНУ-д баялаг бүтээх боловсон хүчнүүдээ бэлдэж өнөөдрийн тэнгэр баганадсан барилга байгууламжтай, эдийн засгийн асар их чадамжтай хөгжлийг цогцлоож чадсан жинхэнэ хөдөлмөрч ард түмэн.

Манайд ч боломж дүүрэн байна. Орчин цагт дэлхий дахинд “Hand made” гэж нэрлэгддэг гарын чимхлүүр ажлаар бүтсэн гутал, хувцас нэлээд үнэд хүрч байгаа. Нэг гутал нь дор хаяж 1000 ам.долларын үнэтэй зарагддаг. Бүгд хүүхдүүдээ дуучин, бөх, хөгжимчин, хуульч болгоно гэж туйлшралгүй тэдний ирээдүйн сайхан амьдралыг харсан сонголт яагаад хийж болохгүй гэж. Энэ мэтчилэн дор бүрнээ хөдөлмөр эрхэлбэл үр шимээ өгч л таараа. Хамгийн гол нь үр хүүхэд, хойч үедээ залгамжлуулаад үргэлжлэх өв хөрөнгө, бизнестэй болцгоох юмсан.
М.Мөнхцэцэг

Эх сурвалж: