Энэ нийтлэлтэй холбогдуулж өмнө манай сайтад нийтлэгдэж байсан ““Марко Поло” ТВ цуврал цөөнгүй жил нийтийн хүртээл болсоор байх болно. Миний ном ч мөн адил байх буй заа хэмээн найдаж байна” гэсэн гарчигтэй нийтлэл ( http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2420-article_20150203_001 )

-ийг хамтатган үзвэл энэ кино болон английн зохиолч Жон Манн хэрхэн холбогдож байгаа зэргийн тухай мэдээлэл илүү тодорхой, бүтэн болох буйзаа. Нийтлэгч.

“ Marco Polo” киноны тухай ярихад...

Кино шүүмжлэгчдээс нэлээд муу үнэлгээ авч байгаа. Учир нь түүхэн кино болоогүй бөгөөд урансайхан, урансэтгэмжээр хайрсэтгэл, секс болон ушу-гийн төрлийн зодооны урлагийг сүлэлдүүлэн түүхэн баримтаас холдуулсан нь түүхчдийг ихэд эмзэглүүлж байна.

  • Агуу Хубилай хаан европын нэг худалдаачныг өөрийн зөвлөхийн хэмжээнд үнэлж, түүний үгээр шахуу эзэнт гүрнээ удирдана гэж юу байх вэ...
  • Marco Polo итали хүн харин Хубилай хаан монголхүн хоорондоо хэлний бэрхшээлгүй чөлөөтэй харилцаж, ойлголцож байгаа нь үнэмшилгүй.
  • Кинонд Аригбөх хааны дүрд ганц л монголжүжигчин. Тэр нь зөвхөн киноны эхний 2 үзэгдэлд тоглосон бөгөөд олны хэсэгт монгол дуу оруулсныг эс тооцвол Монголын холбогдолтой ямар зүйл байгаа юм бэ...
  • Хубилай хаанд тоглосон Хонконг жүжигчин дүрдээ орохын тулд 10 кг таргалсан.
  • Хятад түүхчид өөрсдийн хаан гэдэг энэ их хааныхаа талаар дуугүй өнгөрөхгүй болов уу...гэх мэтээр ширүүн борооны дусал шиг бөмбөрдөж байна.

Гэлээ гэвч Netflix сувгийн Америк болон баруун европын 36 сая хэрэглэгчдэд “Marco Polo” кино таалагдсан учраас кино найруулагч John Fusco-д үргэлжлүүлэн дахин 10 анги нэмж хийх эрхийг өглөө. Тэр дараагийн ангийн кино зураг авалтаа Монголд хийх, монголжүжигчдийг урьж оролцуулах талаар Монголын Засгийнгазартай ярилцаж үзнэ гэсэн бодлоо ч мэдэгдээд байна.

John Fusco нь шуугиан тариад байгаа энэ киноныхоо санааг хаанаас олсон бэ?

Тэр John Man-ы “Xanadu”(2009), “Хубилай хаан” (2007)номуудыг уншиж, маш их таалагдаж, сэтгэл нь хөдөлж, иймээс гол дэвсгэрээ болгож кино зохиолоо хийжээ. Жич, Xanadu бол Хубилай хааны Хятад нутагт өөртөө бариулсан үлгэрийн мэт тансаг сайхан орд харш бөгөөд Шяндуй гэсэн хятад нэрээр түүхэнд алдаршсан.

John Man (Жон Мэн) гэж хэн бэ?

Монгол түүх судлаач, англи эрдэмтэн.Монголын түүхийн холбогдолтой 6 ном гаргаад байгаа. Барууны түүх судлаачид “ Жон Ман шиг түүхэн судалгааг сонирхолтой өгүүлж, анализ хийж чадсан түүхч одоогоор алга” гэж үнэлдэг.

Жон Мэн баруун гар талаас , Лондон 2015 он.

Манайхан Жон Мэний “Чингис хаан: амьдрал, үхэл, ухаарал”(2004;2014) номоор нь мэдэх байх, түүний “Чингис хааны манлайллын нууц” номыг нь монгол хэлнээ саяхан орчуулсан.

Түүнээс “Marco Polo” киноны тухай сэтгэгдлийг сонсоход “Үнэнийг хэлэхэд миний хүсэж хүлээсэн түүхэн кино биш. Гэхдээ John Fusco түүхийн өргөн мэдлэгтэй, нэртэй найруулагч. Тэр хүмүүсийн сэтгэлийг хэрхэн татаж түүхэн үнэнг ойлгуулах аргаа мэднэ л дээ.”

Үнэхээр ч “Marco Polo” кино Netflix –ийн сувгаар цувралаар 2014 оны 12 сард гарсантай уялдуулан АНУ-ын Harper Collins хэвлэлийн газар Жон Мэн-тэй гэрээ хийж, “Hanadu” номных нь нэрийг өөрчлөн “Marco Polo” болгон дахин худалдаанд гаргажээ. Тус киног үзсэн үзэгчид түүхэн үнэнг сонирхож эхэлсэн тул номын гүйлгээ ихсэж одоо ”Best seller” ном болсон байна.

Тэгэхээр “Marco Polo” кино бол мэргэжлийн түүхч, кино шүүмжлэгчдэд зориулаагүй харин эгэл жирийн үзэгчдийн хэрэгцээ сонирхолд тулгуурлан хийж, түүхийн бодит үнэн рүү татан ховсдсон олон ангит кино болох нь. Ерөөсөө киноныхоо төрөл жанраа drama, historical fantasy (түүхэн үран сэтгэмж, сэтгэл хөдлөм үйлявдал) гэж тодорхойлж байна.

Жон Мэний ”Чингис хаан”, “Хубилай хаан”, “Чингис хааны манлайллын нууц” номнууд

Тус киноны хоёр гол дүрийн талаар үнэн түүхийг товчхон дурьдвал,

1.Марко Поло(1254-1324)

Дорно дахины мэдээллийг Европод анх дуулгасан худалдаачин жуулчин бөгөөд Италийн Венец хотод худалдаачин айлд төрсөн. 17 настай байхдаа Монголын Юань (одоогийн Хятад) улс руу 4 жил явж очсон.Торгоны замаар (Silk Route) 8000 км болон бусад олон янзын адал явдалтай учирч аялахдаа хамаг эд бараагаа дээрэмдүүлэн гар хоосон болсон ч Хубилай хаантай уулзаж, ярилцаж байсан байна. Тэгээд 17 жилийн дараа буцахдаа маш их алт мөнгө эрдэнэс тэй, баяр хөөртэй сэтгэл хангалуун буцсан байна. Харамсалтай нь диваажин шиг сайхан,баян тансаг Юань улсын тухай түүний ярианд итгээгүйгээс шоронд хийж, эрүүдэн шүүж байжээ.

2.Хубилай хаан (1215-1294)

Энэ хааныхаа тухай сайн мэдэхгүй бас муу хаан гэсэн ойлголттой нэгэн байлаа. Манай 1970-80 оны Монголын түүхийн хичээлд Хятадын хаан болсон. Улсаа Юань улс гэж нэрлэсэн. Тэр бүү хэл, Монголын нийслэл ХарХорумыг Бээжин хот руу шилжүүлснээр, Монгол улс доройтсон гэж зааж байлаа. Харин сүүлд Япон улс руу Монголын усан флот илгээж байсан мэдээ олж уншиж билээ.

Одоо Хубилай хааныхаа тухай дараах бодлоо хуваалцмаар байна.

  • Чингис хаан отгон хүү Тулуйгийн хүүхэд, өөрийн ач хүү Хубилайд “ Урд зүг Тулуйн удмын эзэмшил, монгол морины туурай тамгалах газар хүртэл өөрийн газраа өргөтгө”гэж зарлиг буулгасан. Иймээс,
  • Хятадыг бүрэн эзэлж улсаа өргөтгөхдөө Гималайн уулсаар хилээ тогтоон Түвдийг эрхшээв. Зүүн Ази-Дундад Азийн улс орнуудыг нэгтгэснээр урд зүгийн хил нь номхон дөлгөөн далайгаар хүрээлэгдсэн.
  • Усан болон хуурай замаар улс орноо хянах болон эдийн засаг худалдааг хөгжүүлэх хамгийн тохиромжтой байршлаар Бээжинг сонгож Улсынхаа Нийслэл болгон бадруулан цэцэглүүлсэн.
  • Анх удаа Монголын усан флотыг байгуулж, Хятад болон Японы далайд хяналтаа тогтоож, номхон далайн арлуудыг сонирхож байсан бөгөөд эзэлсэн Солонгос улсаас Японы арал руу усан флотоороо монгол цэрэг илгээж чичрүүлж байв.
  • Зүүн Азийн улс орнуудыг бүрэн эрхшээн татвар авч бас Торгоны зам нээн Дорно Өрнийг холбосон худалдаа арилжааны сүлжээг үүсгэсэн .
  • 15-16 зуунд Шарын шашинг Манж Чин улс Монголыг номхотгох гэж дэлгэрүүлсэн гэж бидний түүхийн хичээлд заадаг. Гэвч энэ бол түүхэн нөхцөл байдлын хувьд зөрөөтэй бодол төрүүлж,үнэмшил муутай санагддаг байлаа.

Хубилай хаан Будда-г Азид дэлгэрүүлсэн. Түүний эзэнт гүрний Монголчууд хөх тэнгэрээ шүтдэг бол хятадууд тао (taoism) шашныг, бусад улс үндэстнүүд муслим мөн христийн гэх мэт янз бүрийн шүтлэгтэй байлаа. Гэвч Хубилай хаан Будда-г өөрийн улсынхаа үндсэн шашин болгосон. Яагаад гэвэл энх, амар амгаланг айлтгасан сургаалууд нь бусад шашнаас илүү байсан байна. Иймээс Түвдээс эрдэмтэй лам нар залж, ном айлдуулж, сүм хийд барьж өгч байсан нь Азид Будда шашин маш түргэн тархах түлхэц болсон. Энэтхэгтээ түгж чадалгүй мөхөж, Түвд рүү дамжсан энэ шашныг цаашид Түвд улс бас бусад улс орон руу дэлгэрүүлэх хүч нөлөө нь ч тэр, эдийн засаг чадал нь ч тэр ямар ч боломжгүй байсан. Харин Хубилай хааны дэмжлэгээр сэргэн мандсан.

  • Дэлхийд анхны цаасан мөнгийг худалдаанд гаргуулж, тухайн үеийн монгол хэл аялгуунд зохицуулсан дөрвөлжин бичгийг номч мэргэн Пагба ламаар зохиолгож, “Нууц Товчоо”-г монгол дуудлагаар хятад ханзаар сийрүүлэн буулгуулж... энэ нь одоо бидэнд олдож байгаа Бээжингийн номынсанд байгаа гагц хувь. Энэ хувь л “Монголын Нууц Товчоо”гэж дэлхий дахиныг цочоож, Монголын түүх, уран зохиол,ёс заншлын үнэлшгүй өв, шүтээн болсон.
  • Өөрийн эзэнт Юань гүрнийхээ Монгол, Хятад, Солонгос, Түвд, Непал, Бурма... гээд олон янзын үндэстний хэл соёл, ёс зан заншлыг сөргөлдүүлэлгүй зөв зохицуулж, ухаалаг удирдсан Хубилай хаан айргаа ууж, хонины махаа идсэн эгэлгүй монгол хаан байжээ.

“Marco Polo” кино гарсан нь Монголын хаадыг өөрийн хаан мэтээр тайлбарлаж байдаг Хятад, Турк, Казакстан гэх мэт улсын түүхчдэд “хатуу самар” болсон гэж бодож байна.

Өнөөгийн их Хятад улсыг үндэслэсэн хүн бол Монголын Хубилай хаан. Энэ хаан дундад иргэний өөр хоорондоо хэмлэлдсэн хаант улсуудыг бут цохин нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг дундад болон зүүн азийн улс орнуудаар тэлэн өргөсгөж, далайн хүчирхэг флот байгуулж усан замд ч хуурай газарт ч хяналтаа тогтоон, эдийн засаг соёлын асар их нөлөөтэй өөрийн эзэмшлийн Юань улсыг Азид бий болгосон. Түүхэнд Хятадын ямар ч хаан ийм гайхамшгийг бүтээж чадаагүй юм. Хятад одоо Хубилай хааны эзэмшсэн газар нутгаар өөрийн хилийг тогтоохыг эрмэлзэж байна. Иймдээ ч Түвд, Тайван, Хонконг гээд улсуудын тусгаар тогнолыг зөвшөөрдөггүй.

Жич, Монгол түүхч Жон Мэн-ий нэгэн яриа анхаарлыг минь ихэд татаж, сэтгэл жиндүүлж билээ. Түүнийг Турк улсад түүхийн эрдэм шинжилгээний нэгэн хуралд илтгэл тавьсны дараа, Туркын нэгэн түүхч эрдэмтэн “Та бол Монгол хүн биш. Иймээс Монголын тухай хамаагүй ярих хэрэггүй. Чингис хаан бол Түрэг хүн. Иймээс Турк хаан гэж ярьвал зохимжтой. Та түүхч хүн учраас Монголын газар нутгаас эртний Түрэгийн холбоотой хэчнээн эд зүйлс олдсоныг мэдэж байгаа. Түрэг хүний цус одоо ч монголчууд дунд байгаа. ” гэж буруушаажээ.

“Чингис хаан ч тэр, Хубилай хаан ч тэр бүгд Монголын аугаа хаад. Энэ бол түүхэн үнэн шүү дээ. Би энэ байр суурин дээрээ хатуу зогсоно.”гэж Жон Мэн хэлсэн.

Яагаад ч юм надад Монголын төлөө цохилох зүрхтэй энэ англи эрдэмтнийг монголчууд бид хэр мэдэх билээ, Монгол төр маань хэр үнэлж, дэмжиж байдаг юм бол доо гэж бодогдсоныг нуух юун...

Бичиглэгч Габо

http://tsahimurtuu.mn