Япон, Хятад улсын газар нутгийн маргаан сүүлийн өдрүүдэд ширүүсч байна. Японы өмнөд хэсгийн арлуудад орших сургуулилтын бүсээр Хятадын хоёр бөмбөгдөгч онгоц болон цэргийн тээврийн хоёр онгоц өнгөрсөн баасан гаригт нисч өнгөрсөн юм. Үүний дараах өдөр буюу өнгөрсөн бямба гаригт Хятад улс Номхон далайд тэнгисийн цэргийн сургуулилтаа явуулж байх үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Япон улс Сенкаку арлуудыг тойрсон байр сууриа өөрчлөхгүй. Хятад улс дахин Сенкаку арлууд дээр нисгэгчгүй онгоц хөөргөвөл тэдгээрийг устгах болно”

Маргаантай арлууд дахин анхаарлын төвд орлоо хэмээн мэдэгдэл хийсэн юм. Харин Хятад улс “Дяоюйдао /Сенкаку/ арлуудын ойролцоо цохилт өгөх нь дайн өдөөх болно. Хэрэв Япон улс гал нээвэл манай улс ч мөн шийдвэртэй хариу цохилт өгнө” хэмээн мэдэгдсэн юм. Япон улс тус арлуудыг эзэмшигчээс нь худалдан авснаар Сенкаку арлууд Япон улсын хяналтад орсон. Гэтэл Хятад улс уг арлуудыг өөрийн түүхэн нутаг гэж үзэн, тэнгисийн хөлөг онгоцуудаа илгээсээр байгаа юм. Эдгээр арлыг тойрсон хурцадмал байдал цаашид улам гүнзгийрч магадгүй болоод байна. Учир нь, энэ даваа гаригт Хятадын тэнгисийн эргүүлийн дөрвөн хөлөг маргаантай арлуудын бүсэд дахин нэвтэрсэн байна. Япон улс тус хөлөг онгоцуудыг яаралтай гарахыг шаардаж, анхааруулга өгсөн юм.

Хятад, Япон эдийн засгийн хувьд бие биетэйгээ салшгүй холбоотой хоёр улс. Тиймээс маргаантай арлуудын улмаас хоёр орны байдал цаашид хурцдах нь аль алиных нь хувьд, түүнчлэн Зүүн Азийн бүсийн хувьд ч ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх юм. Тиймээс хөгжлийн гол зангилаа болсон эдийн засгийн асуудлаа хүнд байдалд оруулахгүйн тулд хоёр улс байдлыг хурцатгахг үй хэмээн шинжээчид дүгнэж байна


Б.Нар

www.eagle.mn