Манайхан Мао-г хамгийн их дуулсан боловч түүний сургааль номлол гэвэл ёстой мэдэхгүй, “тас харанхуй” гэхэд болно. Үнэндээ бол маоизм дэлхийн улс төрийн сэтгэлгээнд ихээхэн том байр суурь эзэлдэг. Одоо ч улс төр судлалд түүнийг эрчимтэй судалдаг ба дор хаяж маогийн “улаан ном”-ыг уншдаг залуус баруунд дүүрэн. Манай залуус түүнийг Баабарын “Спортын мастер Мао” мэтийн уран сайхны өгүүлэл, муулж орчуулсан номнуудаас “аймаар яргачин” гэдгийг л “мэднэ”. Мао Баабарын ярьдаг шиг тэнэг байсан бол ядарч зүдэрсэн Хятад орныг атомын зэвсэгтэй хүчирхэг гүрэн болгох боломжгүй нь мэдээжийн хэрэг. Түүний сургааль номлол зарим үед Зөвлөлтийн суртал номлолоос “илүү гарах” хэмжээнд хүрч байсан нь түүний сэтгэлгээний гайхамшгийг харуулдаг юм. Иймээс Маогийн олон бүтээл дэлхийн улс төрийн сэтгэлгээний сан хөмрөгт орсны зөвхөн нэгээс ихээхэн товчилж уншигчдад хүргэж байна. Харин өөрсдөө сэтгэж бодох нь бидний үүрэг байх…
(Энэ үгийг Мао 1957 оны 2 дугаар сарын 27-нд Төрийн дээд зөвлөгөөний өргөтгөсөн хуралдаан дээр хэлжээ. Хурлын дэлгэрэнгүй бичлэгээс (стенограмм) хожим Мао өөрийн гараар бага зэрэг зассан ба түүний эмхтгэлд орох болжээ.)
…Манай нийгэмд хоёр төрлийн зөрчил буй – энэ бол бидний болон манай дайснуудын зөрчил хийгээд ард түмний дотоод зөрчил хоёр болно. Энэхүү хоёр төрлийн зөрчил бол шинж чанараараа маш их ялгаатай…
Бидний болон манай дайснуудын хоорондын зөрчил бол антагонист зөрчил болно. Ард түмний дотоод зөрчлийг хэрэв хөдөлмөрчдийн хоорондын зөрчил гэж ярих юм бол антагонист биш зөрчил болно, харин мөлжигч анги, мөлжигдөгч ангийн зөрчил гэж ярих юм бол түүнд антагонист талаас гадна бас антагонист бус тал ч буй.
…Бидний болон манай дайснуудын хоорондын зөрчил хийгээд ард түмний дотоод зөрчил гэсэн энэхүү хоёр төрлийн зөрчил бол шинж чанараараа адил бус учраас тэдгээрийг шийдэрлэх аргууд ч бас адил бус. Товчоор хэлбэл эхний төрлийн зөрчил бидний болон манай дайснуудын хооронд нарийн зааг ялгаа гаргах асуудалд хамаарна, харин удаах төрлийн зөрчил нь үнэн ба худлын хооронд зааг ялгаа гаргах асуудалд хамаарна…
Манай төр бол ажилчин тариачны холбоонд үндэслэсэн, ажилчин ангийн удирдаж буй ард түмний ардчилсан диктатур мөн. Энэ диктатурын үүрэг (функци) юу вэ ? Энэ диктатурын анхдагч үүрэг бол социалист хувьсгалыг эсэргүүцэж буй харгис анги, харгисчууд болон мөлжигчдийг дарах, социалист хувьсгалыг эвдэн хөнөөж буй тэр хүмүүсийг дарах явдал бөгөөд энэ нь улс орны дотоодод бидний болон манай дайснуудын хоорондын зөрчлийг шийдвэрлэх зорилготой юм.
Диктатурын үүрэгт жишээлбэл, хувьсгалын эсрэг зарим элементүүдийг баривчлах, шүүх, газрын эзэд (помещик), хүнд сурталт хөрөнгөтний төлөөлөгчдийн сонгох эрхийг тодорхой хугацаагаар хориглох, үг хэлэх эрхийг хасах зэрэг болно.
Нийгмийн дэг журмыг хангах, өргөн олон ард түмний эрх ашгийн үүднээс нийгмийн дэг журмыг ноцтой эвдэж буй хулгайч, луйварчид, галдан шатаагч, гэмт хэргийн бүлэглэл, янз бүрийн хортой элементүүдийн хувьд манай диктатур мөн ийм арга хэмжээ авах хэрэгтэй.
Манай диктатур мөн хоёр дахь үүрэгтэй бөгөөд энэ нь чухамхүү гадаад дайсны зүгээс хийх болзошгүй түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас улсаа хамгаалах явдал болно. Иймэрхүү байдал үүсэх үед манай диктатурын өмнө бидний болон манай гадаад дайсны хоорондын зөрчлийг шийдвэрлэх зорилт босч ирдэг юм.
Манай диктатурын зорилт бол бүх ард түмний энхийн хөдөлмөрийг хамгаалж, Хятадыг орчин үеийн аж үйлдвэртэй, орчин үеийн хөдөө ахуйтай, орчин үеийн шинжлэх ухаан, соёлтой социалист улс болгох явдал юм. Диктатурыг хэн хэрэгжүүлэх вэ ?
Мэдээж ажилчин анги, түүний удирдаж буй ард түмэн. Диктатур ард түмний дотоодод хэрэгждэггүй. Ард түмэн өөрөө өөртөө диктатур хэрэгжүүлж болохгүй, ард түмний нэг хэсэг нөгөөгөө дарлаж болохгүй…
Ард түмний дотоодод ардчилсан төвлөн удирдах ёс хэрэгждэг юм. Манай Үндсэн Хуулинд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд үг хэлэх, хэвлэж нийтлэх, хурал цуглаан хийх, эвлэл холбоо байгуулах, жагсаал цуглаан хийх, шашин шүтэх болон бусад эрх чөлөөтэй гэж заасан байгаа.
Түүнчлэн манай Үндсэн Хуулинд манай төрийн байгууллагууд ардчилсан төвлөн удирдан зарчмыг хэрэгжүүлнэ, төрийн байгууллагууд ард олонд түшиглэнэ, төрийн байгууллагын ажилтнууд ард түмэнд үйлчилнэ гэж заасан байгаа. Манай социалист ардчилал бол хөрөнгөтний нэг ч улсад байхгүй хамгийн өргөн ардчилал юм. Манай диктатур бол ажилчин тариачны холбоонд үндэслэсэн ажилчин ангийн удирдаж буй ард түмний ардчилсан диктатур юм.
Энэ нь ард түмний дотоодод ардчилал хэрэгжүүлнэ гэсэн хэрэг, ажилчин ангийн нэгтгэсэн иргэний эрх бүхий хүмүүс, нэн эхний ээлжинд тариачид социалист өөрчлөлт, социалист байгуулалтыг эсэргүүцэж буй харгис анги, харгис элементүүдийн хувьд диктатур хэрэгжүүлнэ гэсэн хэрэг юм.
Улс төрийн хувь бол иргэний эрх эдэлнэ гэдэг бол эрх чөлөө, ардчиллын эрхтэй гэсэн хэрэг юм.
Гэхдээ удирдлага баймаажин хэрэгжүүлдэг эрх чөлөө бол эрх чөлөө, төвлөрлөөр чиглүүлдэг ардчилал бол ардчилал мөн; энэ бол анархия биш. Анархи бол ард түмний хүсэл эрмэлзэлд үл тохирно.
Манай зарим хүмүүс Унгарын үйл явдалд баярлаж байх шиг…
(Энд Мао 1956 оны Унгарын үйл явдлыг хэлж байна. Тэр үед Хятад ЗХУ-ыг дэмжиж байсан юм. Х.Д.Ганхуяг.)
Тэд манай ардын ардчилсан системд эрх чөлөө хэтэрхий бага, харин барууны парламентын ардчилсан системд их байгаа мэт үзэж байна. Тэгээд барууны загвараар нэг нь эрх мэдэл барьдаг, нөгөө нь сөрөг хүчин байдаг хоёр намын систем тогтоохыг шаардаж байна. Гэхдээ хоёр намт систем гэж нэрлэгдсэн тэр зүйл нь хөрөнгөтний ардчиллыг дэмжих хэрэгсэл төдий зүйл бөгөөд хөдөлмөрчдийн эрх, эрх чөлөөг яагаад ч хангаж чадахгүй.
Үнэн хэрэг дээрээ дэлхий дээр тодорхой эрх чөлөө, тодорхой ардчилал гэж байдгаас биш хийсвэр эрх чөлөө, хийсвэр ардчилал гэж байдаггүй. Ангийн тэмцэл нэвт шингэсэн нийгэмд мөлжлөгөд нэрвэгдсэн хөдөлмөрчдөд эрх чөлөө гэж байдаггүй, яагаад гэвэл мөлжигч анги хөдөлмөрчдийг мөлжих эрх чөлөөтэй байдаг. Тэр нийгэмд хөрөнгөтөнд зориулсан ардчилал байгаа цагт тэнд пролетариат, хөдөлмөрчдөд зориулсан ардчилал гэж байхгүй.
Зарим капиталист улсуудад коммунист намуудын оршин байхыг бас л зөвшөөрдөг, гэхдээ хөрөнгөтнийхөө язгуур эрх ашгийг эвдүүлдэггүй, тодорхой зааг хүрээнээс цааш тэднийг гаргадаггүй.
Хийсвэр ардчиллыг шаарддаг хүмүүс ардчиллыг зорилго гэж үзээд ардчилал бол хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ардчилал зарим үед зорилго болж болно, гэхдээ бодит байдал дээр бол тэр нь өвөрмөц төрлийн хэрэгсэл төдий болох нь ч бий.
Ардчилал бол давхаргад хамаарна, тиймээс улс төрийн категорид хамаарна гэж Маркс заасан юм. Энэ нь эцсийн дүндээ ардчилал бол эдийн засгийн суурьтаа үйлчилдэг гэсэн хэрэг юм. Эрх чөлөө ч гэсэн бас л ийм.
Ардчилал, эрх чөлөө бол харьцангуй зүйл, туйлын зүйл биш, эдгээр нь түүхийн явцад үүсч хөгжсөн юм.
Манай орны ард түмний дотоодод гэвэл ардчилал бол төвлөрөл, эрх чөлөө бол сахилга бат мөн.
Энэ бүхэн нь нэгдмэл бүхэл юмны зөрчилт хоёр тал юм; эдгээр нь зөрчилтэйн хамт нэгдмэл юм, иймээс бид өрөөсгөлөөр нэг талыг нь цохон дурдаад нөгөөг нь үгүйсгэж болохгүй.
Ард түмний дотор эрх чөлөөгүй байж болохгүй, түүнчлэн төвлөрөлгүй байж болохгүй. Ийм маягаар ардчилал төвлөрлийн нэгдэл, эрх чөлөө сахилга батын нэгдэл бол манай ардчилсан төвлөн удирдах ёс мөн.
Ийм системд ард түмэн өргөн эрх чөлөө, ардчиллыг ашигладаг юм; мөн үүний зэрэгцээгээр тэд (ард түмнийг хэлж байна-Х.Д.Ганхуяг) социалист сахилга батаар өөрийгөө хязгаарлах ёстой. Энэ үнэнийг өргөн олон ард түмэн ойлгож байна.
Бид удирдлага байлгаж хэрэгжүүлдэг эрх чөлөө, төвлөрлөөр чиглүүлдэг ардчиллын төлөө зогсож байна, гэхдээ энэ нь үзэл суртлын асуудлууд, ард түмний дотоод дахь үнэн худлыг танин мэдэх асуудлуудыг албадлагын аргаар шийдвэрлэнэ гэсэн хэрэг огтхон ч биш юм.
Үзэл суртлын асуудлууд, үнэн худлын асуудлуудыг захиргааны болон албадлагын аргаар шийдвэрлэх оролдлого нь ашиггүй төдийгүй хортой юм.
Бид шашныг устгахад захиргааны аргыг хэрэглэж болохгүй, мөн хүмүүсийг шашин үл шүтэхийг албадаж болохгүй. Түүнчлэн хүмүүсийг идеализмаас татгалзахыг албадаж болохгүй, марксизмыг хүлээн авахыг албадаж болохгүй.
Үзэл суртлын шинж чанартай бүх асуудлууд, ард түмний дотоод дахь маргаантай бүх асуудлуудыг зөвхөн ардчилсан аргаар; шүүн хэлэлцэх аргаар, шүүмжлэлийн аргаар, итгүүлэн үнэмшүүлэх, хүмүүжүүлэх аргаар шийдвэрлэж болно. Харин албадах, дарах арга байж болохгүй…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.2013 оны 9 дүгээр сарын 26.