Хятадын Хэнань мужийн хөдөөний нэгэн тосгонд босгосон 36 метр өндөр Мао Зэ Дуны хөшөө нээлтээсээ хойш гуравхан хоногийн дараа ул мөргүй алга болсон байна. “The South China Morning Post” сонинд бичсэнээр энэхүү хөшөөг босгоход 3 сая юань буюу 462 мянган ам.доллар зарцуулагдсан бөгөөд тосгоны оршин суугчид хандивын аянаар цуглуулсан гэнэ. Хөшөөг бетон, гангаар цутган, алтаар бүрж, нутгийн оршин суугчид Маогийн хөшөө гадаад, дотоодын аялагч жуулчдыг татаж, эдийн засгийн ихээхэн орлого оруулна хэмээн найдаж байсан аж. Гэвч хөшөөг их удирдагчтай огт төсгүй болсон хэмээн интернетээр ихэд шүүмжилж байсан юм. Мөн Мао Зэ Дуны “Их үсрэлт” бодлогод хамгийн их хэлмэгдсэн муж нь Хэнань байсан нь ч олны гайхлыг төрүүлж байсан билээ. Олны гайхал, дургүйцэл, уур хилэнг хүргэсэн Маогийн асар том хөшөөг хэний тушаалаар, яагаад буулгасан нь мэдээж сэтгүүлчдийн хараанд өртсөн. Тосгоны захиргаанаас хөшөөг барихдаа холбогдох албан газраас зөвшөөрөл аваагүй байсан л гэж мэдэгдсэн юм. Тэгвэл ямар газар зөвшөөрөл өгдөг хэрэг вэ? Орон нутгийн соёлын хэлтэс, хөдөө аж ахуй, ой мод хариуцсан албад ийм зөвшөөрөл өгөх эрхгүй аж. Ингээд сэтгүүлчид мөшгөсөөр Хэнань мужийн Тунсюй гацааны Газрын алба зөвшөөрөл өгдгийг олж тогтоожээ. Харин тус албанаас хөшөөг буулгах заавар өгснөө хүлээсэн ч хэний тушаалаар гэдгээ хэлэхээс татгалзжээ. Хачирхалтай нь, Маогийн хөшөөг өнгөрсөн оны гуравдугаар сараас ямар ч нууцалсан зүйлгүй барьж эхэлсэн бөгөөд засаг захиргаанаас ямар ч хориг тавиагүй байсан гэнэ. Хөшөөг барих санаачилгыг нутгийн том бизнесмен, хэд хэдэн үйлдвэрийн газрыг эзэмшдэг саятан Сунь Цинсинь гаргажээ. Сунь Тунсюй гацааны ардын төлөөлөгчдийн хурлын дэд тэргүүний алба хашдаг хүн аж. Хөшөөг буулгах тушаалыг Бээжингээс өгсөн гэж шинжээчид таамаглаж байгаа бол тосгоны оршин суугчид муж, гацааны дарга нар ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ хөшөөний асуудал Хятадын нийгэмд удахгүй гарч магадгүй байгаа нэгэн том үйл явдлыг олон түмэнд илтгэн харуулсан явдал боллоо гэж үзэх судлаач нар ч байна. Хятадад сүүлийн үед Мао Зэ Дуны түүхэн гавьяа, үйлсийг дахин судлаж үзэн, бодит дүгнэлт өгөх хөдөлгөөн гараад байгаа. Албан ёсны үзэл суртлын ажлаар Маог урьдын адил магтан дуулж байгаа ч Коммунист намын томчууд дунд Агуу Мао Зэ Дуны үйл ажлыг сөхөн үзэж, шүүмжлэх хандлагатай хүн олон болж байгаа гэнэ. Өнгөрсөн зун Хонконгод насан эцэслэсэн Коммунист намын ахмад зүтгэлтэн Вань Ли улс оронд Маог бодитоор үнэлж, дүгнэх орчин хэдийнэ тогтсон хэмээн ярьж байжээ. Намын ахмад зүтгэлтнүүдээс гадна орчин үеийн сэхээтнүүд түүхэн үнэнийг тогтоохыг хүсэж байгаа юм. Хэрэв ингэвэл ЗХУ-д Сталин, Монголд Х.Чойбалсанг тахин шүтэх үзлийг таслан зогсоосонтой адил үйл явдал болох болно. Ямар ч гэсэн хөдөө тосгонд Маогийн асар том хөшөө дурсгалыг байгуулсан нь Мао Зэ Дун “эргэн ирэлт” хийж байна гэсэн үг юм. Харин хөдөөний тариачид гоо зүй, урлаг талаасаа тааруухан бүтээл хийж орхисноос л олны хэл амаас эмээгээд хөшөөг устгаж орхив бололтой.

Арваад жилийн өмнө Мао Зэ Дуныг тахин шүтэх үзэл түүхэнд үлдэн, эртний хаад, ноёдын адил мартагдах шинжтэй болж ирсэн үед Си Зиньпин засгийн эрхэнд гарангуутаа засгийн газрын албан ёсны сурталчилгаандаа Мао Зэ Дуныг дахин ярьж, сурталчилж эхэлсэн байдаг. Яагаад Си Зиньпин ингэх болов? Тэр Маогийн үзлийг даган дэмжигч үү, эсвэл эсэргүүцэгч үү? Мао Зэ Дун гэж хэн бэ?

Өнгөрсөн XX зууны эхний хагаст Хятад улс тун өрөвдмөөр байдалд ороод байв. Хоцрогдсон хөдөөний орон төдийгүй Барууны орнууд, Япон, Оросын хагас колони болсон ямар ч эрх мэдэлгүй орон байлаа. Хэн дуртай нь Хятадын байгалийн баялгийг булаан дээрэмдэж, хятадуудыг дарлан зовоож байв. Тэднийг гуравдугаар зэргийн хүмүүс хэмээн үзэж, гадаадынхны эрхшээлд байсан том хотуудад зоогийн газрын үүдэнд “Нохой, хятад хүн орохыг хориглоно” гэсэн бичиг хадаастай байдаг байжээ. Мао Зэ Дуний тахин шүтэгдсэн гол шалтгаан нь улс үндэстнээрээ доромжлогдон, нохойноос дор үзэгдэж байсан улс орныг дарлал доромжлолооос чөлөөлөх хувьсгалыг хийсэн явдал юм. Мөн олон жилийн иргэний дайны дараа улс орныг нэгтгэж, Хятадыг дэлхийн геополитикийн шинэ төв болох нөхцлийг бүрдүүлсэн нь Маогийн гол гавьяа билээ. Мао Зэ Дун олон талтай хүн байсан. Тэрбээр дарангуйлагч, улс төрийн хэнээтэн байснаас гадна жинхэнэ үндэсний хувьсгалч хүн байв. Гэхдээ Мао хууран мэхлэлт, хүчирхийллийн аргаар дарангуйллын дэглэм тогтоож, нийт 50 сая гаруй хүн амь насаа алдсан олон шинэчлэлт, туршилт явуулсныг мартаж болохгүй. Маог яагаад шүтэн биширдгийг ойлгохын тулд XX зууны эхэн үеийн хятад тариачдын байдлыг мэдэж ойлгох хэрэгтэй. Тэд зүгээр л үгээгүй хоосон ядуучууд байлаа. Тэр үеийн Орост нэг морьтой тариачин ядууд тооцогддог байсан бол харин Хятадад ганц морьтой хүнийг бараг нударган баян гэж үздэг байлаа. Зарим тосгонд өмсөх хувцасгүй нүцгэн тариачид ажилладаг байв. Хятадын тариачид байнга өлсгөлөнгөөр үхэх аюулын ирмэг дээр амьдарч, үр хүүхдээ хоолоор арилжин зардаг байлаа. XX зууны эхэн үеийн Хятадын хүн амын 10 хувь буюу 50 сая нь үгээгүй ядуу байсан гэсэн баримт бий. Энэ л хоосон ядуучуудад Мао Зэ Дун тулгуурлан хувьсгал хийж, тэд болон үр хүүхдэд нь амьд үлдэхээс гадна нийгмийн байдлаа дээшлүүлэх боломж олгосон юм. Тэгэхээр Мао үндэсний төдийгүй нийгмийн хувьсгал хийсэн хүн гэж тооцогддог. Гавьяа их байгуулсан ч гай ч их тарьсан Маог яагаад Хятадын нийгэм одоо болтол тахин шүтсээр байна вэ? Түүний гаргасан алдаа, хийсэн нүгэл, гэмт хэргийг хятадууд хүлээн зөвшөөрөхөд тийм хэцүү гэж үү? 1949 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш тэрбээр улс орноо томоохон шорон болгон хувиргаж, ард олны амь насаар тоглож байсан нь маргашгүй үнэн. Гэвч хятадууд тэгэж хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хятадын соёл, уламжлалд ичгүүр, нүглээ наминчлах гэсэн ойлголт байдаггүй, харин нэр хүндээ алдах гэдэг ойлголт хятад хүний хувьд хамгийн аймшигтай зүйл юм. Мао Зэ Дуныг гэмт хэрэгтэн гэж зарлах нь тэд өөрсдөө дэлхий нийтийн өмнө нэр хүндээ алдана гэсэн үг.

ЗХУ-ын Коммунист намын XX их хурал дээр Никита Хрущев Сталинийг тахин шүтэх үзлийг даран, шүүмжилсэн алдарт үгээ хэлэхэд Мао Хятадыг хөгжүүлэх өөрийн гэсэн шинэ үзэл баримтлал гаргахгүй бол болохгүй нь гэдгээ ойлгосон. Нэгдүгээрт, Сталинийг илчлэн булшилсан ЗХУ-ын байдал Хятадад түүний байр суурийг ганхуулах аюултай байлаа. Хоёрдугаарт, Москвагийн бага дүүгийн дүрд байнга тоглох нь Бээжинд таалагдахгүй байв. Хрущев Америкийггүйцэн түрүүлнэ гэж хөөрч байхад хятадууд ЗХУ-ын эдийн засгийн хөгжлийн түвшинд хүрэхийг зорьж байв. Энэ асар том зорилгоо биелүүлэхэд Хятадын эрх баригчдад барагдашгүй ганцхан нөөц байсан нь хүн ам байв. Түүнийгээ ч сайн ашигласан. 1958 оноос эхэлсэн “Их үсрэлт”-ийн бодлогын хэрэгжилтэд 30 сая хүн амиа алдсан. Тосгон болгонд төмөр хайлуулах зуух барьснаар төмөрлөгийн үйлдвэр хөгжүүлэх, болжмор, ялаагаа утсгасан, ардын коммун байгуулсан гээд тэр үеийг дурсвал зөндөө л зүйл байна. “Их үсрэлт”-ийн дараа Хятадын түүхэн дэх хамгийн том өлсгөлөн болж, хүмүүс өвс ногоо идэн, бүтэн тосгоноороо өлсөн үхэж байв.

Мао Зэ Дуны дараагийн санаачилга 1966 онд эхэлсэн “Соёлын хувьсгал” байлаа. Тэр үед Мао баян тансаг болох гэсэн хувь хүний хүслийг устгахгүйгээр социалист нийгэм байгуулах бололцоогүй гэдгийг ухаарсан юм. Тиймээс өөрийн гэр бүл, овог отогт үнэнчээр зүтгэдэг биш эх орон, намын үзэлд үнэнч шинэ хүмүүсийг бий болгох, Коммунист намын дээд албан тушаалтнууд хүнд сурталд автагдахаас сэргийлэх зорилготой байв. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Мао Хятадын олон мянган жилийн турш тогтсон соёлын тогтолцоог бүр мөсөн устгахаар шийджээ. Тиймээс “Соёлын хувьсгал” гэж нэрлэсэн түүхтэй. Намын дарга нар хүнд сурталд автагдсанаар тэд улс орны нөөц баялагт хяналт тогтоон, нам дотроосоо ялзран доройтно гэж тэр сэргэмжилж байв. Мао намын удирдах аппаратыг алгасан залуучуудад хандан улс орныг баруунтнуудаас цэвэрлэхийг уриалан дуудсан юм. Ямар ч хариуцлага хүлээхгүйдээ даварсан оюутан сурагчид өөрсдийн багш, дарга гээд сэжигтэй санагдсан бүх хүмүүсийг устгаж байлаа. Ингээд улс орон эмх замбараагүй байдалд живсэн юм.

Мао Зэ Дуны үхлийн дараа Хятад улс эдийн засгийн амжилт олсон гол учир нь “Их үсрэлт”-ийн үед байгуулагдсан коммунуудыг устгасан, тариачдын идэвх зүтгэл, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад дахь хятадуудын дэмжлэг, хямд ажиллах хүч, экспортыг дэмжсэний ач тус байлаа. XXI зууны эхний арван жилийн дараа Хятадын удирдагчид дундаж давхарга өсөн нэмэгдэж, зах зээлийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулан, ард иргэд улс төрийн ардчилсансистемийг шаардана гэж сэрэмжилж байна. Дэн Сяопиний үеэс л эдийн засгийн шинэчлэлт хийхдээ үзэл суртын гажуудалтай хатуу тэмцэж байв. Хятадын нийгэм бол овог отог, хамаатан садны нийгэм юм. Ямар ч хятад хүний хувьд өөрийн хамаатан саданд албан тушаал өгөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь жирийн үзэгдэл бөгөөд авлига гэж үздэггүй. Засгийн эрхэнд байгаа овгийнхонтой ойр харилцаатай байгаа нь одоо маш их мөнгө хийж байна. Ялангуяа 1990-өөд онд Зянь Зэминий үед улс орны хамаг ашигтай салбарыг хуваан авсан нөлөө бүхий, олигархи овгууд үүсэн бий болжээ. Жишээ нь, Дэнь Сяопиний охин Дэн Нани Хятадын хамгийн баян тэрбумтны нэг юм. 2013 онд Зянь Зэминий Шанхайн бүлэглэлийн эсрэг тэмцдэг Си Зиньпин засгийн эрхэнд гарч ирлээ. Тэрбээр “Ханхүү” гэж нэрлэгддэг Мао Зэ Дуны ойрын хамтран зүтгэгчдийн үр хүүхдийн бүлгийн тэргүүн. Си Зиньпиний эцэг Си Чжисунсюнь Маогийн үед Төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв. “Соёлын хувьсгал”-ын үед мөн л хэлмэгдсэн ч Маод үнэнч хэвээр үлджээ. Ханхүү нарт түшиглэн, Си Зиньпин авлигатай өөрөөр хэлбэл Зянь Зэнминий фракцын эсрэг тэмцэж эхэлсэн. Урьд өмнө халдашгүй дархан хүмүүс байсан Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнийг хүртэл тэд баривчлан шалгадаг болжээ. Өнгөцхөн харахад Сигийн авлигын эсрэг тэмцэл Маогийн “Соёлын хувьсгал”-тай адил гэж хэлэх хүн ч байна. Гэхдээ Си Зиньпин хүмүүсийн баяжих гэсэн ухамсрыг өөрчлөх биш намын дээд албан тушаалтнуудыг авилга, хээл хахуульд ялзрах бий гэсэндээ тэмцэж байгаа. Тэрбээр хэрэв Хятад улс цаашдаа овог отгийн олигарх бүлэг бүхий хөгжлийн замаар явах юм бол ЗХУ шиг л задран унана гэдгийг ойлгож байгаа. Эхлээд улс төрийн ситсем ардчилагдаж, дараа нь Коммунист нам мөхөж, Шинжаан, Түвд зэрэг муж, газар нутгууд тусдаа гарснаар Хятад мөхөх болно. Энэ бүхнээс хамгаалахын тулд л Си Зиньпин авлигын эсрэг тэмцэхдээ Мао Зэ Дуны нэр хүндийг ашиглаж байгаа юм.

Мягмар Сугар-Эрдэнэ

time.mn