Засгийн эрх мэдэл авахаараа л өөрсдийгөө хаан болсон мэт сэтгэн ард түмнээсээ тасраад зогсохгүй, өөрсдийг нь өдий хүртэл дэмжин зүтгэж ирсэн намын анхан, дунд шатны байгууллагаасаа тасран, тэдний санал бодлыг үл тоодог гаж үзэгдэл нь гэм шиг зан болж дээ. Үүний хамгийн том сургамжтай жишээ МАН хоёр хуваагдсан явдал. Намын жирийн гишүүдийнхээ үгийг сонсдоггүй байдал юунд хүргэдгийг өнгөрсөн сонгуулиудын ялагдал бэлэхнээ харуулсан. 

"Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ" гэсэн аятай тэнгэрийн амьтан шиг явж байсандаа МАН-ынхан. Одоо юу болов. Намын жирийн гишүүд нь намынхаа нэрийг солиод хэрэггүй ээ гээд байхад “намын гишүүд намын нэр солихыг 100 хувь дэмжлээ” гээд л сурталчилж байгаад нэрээ сольж, өөрсдийнхөө уруудах замын эхлэлийг тавьсан. 

Яагаад үүнийг энд яриад байна вэ гэхээр засгийн эрх мэдэл авчихсан АН-д тэр жил МАН-ын өвчилсөн өвчний “биеэ тоох”, “хамраа сөхөх”, “орчноос тасрах”, “хүчээр түрэмгийлэх” гэх мэт шинж тэмдгүүд ажиглагдах боллоо. 

Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр АН-ын Дархан-Уул аймгийн намын хорооны маргааныг өдий хүртэл шийдэлгүй үл тоон орхиж байгаагаас харагдаж байна. Өнөөдөр тэдгээр жирийн гишүүд өлсгөлөн зарлах дээрээ тулчихаад сууж байна шүү дээ. Намын ерөнхий нарийн бичгийн даргатайгаа уулзах гэж долоо хоног хүлээгээд ч тусыг эс олжээ. Ц.Оюундарь тэднийг хүлээж авахгүй байгаа аж. Шалтгаан нь өөрөө тус аймгийг намын хороог Л.Наранбаатар гэгчтэй нийлээд бужигнуулчихсан сурагтай. Тиймээс одоо тэдгээр хүмүүсийн нүүрийг харах ч эрхгүй болчихоод хэвлэлээр худал хар пиараа цацан, уснаас хуурай гарахаар зүтгэж байна.

Ардчилсан нам ардчилалтай гэдэг. Асуудлыг арчиллын зарчмаар нээлттэй хэлэлцүүлж, олонхийн саналаар шударгаар шийддэг гэдэг. Гэтэл Дархан-Уул аймгийн асуудлыг олонхийн саналаар биш харин эрх мэдэл, фракц бүлэгллийн хүчээр шударга бусаар шийдсэн хэмээн тэмцэж буй гишүүд ярьж байна. АН засгийн эрхийг аваад МАН шиг аашилж эхлэж байх шиг байна. Яасан ч эрт эхэлдэг юм бэ дээ. 

Ц.Оюундарьтай дотно харьцаатай байх юм бол нэг л өдөр Хэнтий, Дорнод аймагт нэг нэг АН-ын “хуурамч” хороо байгуулаад жинхэнүүдийг нь хууль бус гээд татан буулгах гээд зүтгэж болох нь ээ. Дархан-Уул аймагт яг л ийм зүйл болсон. Энэхүү асуудлаа шийдүүлэх гээд намын дарга нар дээрээ иртэл тэд нь бас шийддэггүй. Аргаа бараад шаардлага хүргүүлтэл түүнийг нь бас авдаггүй. Бүүр тэсвэр алдаад хэвлэлийн хурал зарлан, уриа лоозон барьж хашгирч нэг үзээд бас л тус болсонгүй. Намын удирдлагууд нь энэхүү үйлдлүүдийг ардчиллын илэрхийлэл гэж тайлбарлаж байна. Манай нам ардчилалтай учраас асуудлыг нууж хаадаггүй хэмээн дэмийрцгээж байна. Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай гэдэг ямар үнэн үг вэ? Ардчилал гэдэг юу ч хийсэн болно, юу ч ярьсан болно гэсэн үг биш шүү дээ. Ардчиллыг туйлшруулан жирийн гишүүдийнхээ санал хүсэлтийг нухчин дараад байж боломгүй юм. 

АН-ынхан иймэрхүү байдлаар цааш явбал ирэх сонгуульд яах болж байна. Засгийн эрх мэдэл аваад хоёр жил ч болоогүй байж намын гишүүд нь аль эрт хаан болсон мэт дураараа загнаж байна. Яасан эрт өвчилцгөөгөө вэ? Ардчилсан нам Монголын ард түмний хүлээсэн үүргээ хэзээ биелүүлэх вэ? Эхлүүлсэн ардчиллынхаа үр шимийг хэзээ бүрэн төгс ард түмэндээ амсуулах вэ? Үүнийг бодож, санаж байгаа хүн энэ намд хэд байгаа бол. АН-ынхан минь МАН-ын араас нь орж, алдааг нь давтаасай даа. 

Дахин өнөөдрийнх шиг боломж олон олдохгүй ч байж магадгүй шүү. Үүлэн чөлөөний наран шиг энэ л боломжийг ашиглаж улс орноо ёстой гялалзтал хөгжүүлэх ёстой. Түүнээс биш хоорондоо албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцээд сайн үр дүн авчирахгүйг бүгд л мэдэж баймаар. Хэзээ энэ нам төлөвших юм бол доо.