2012 оноос хойшхи дөрвөн жилд эрх баригч АН баларч гүйцсэнийг манайхан сайн мэдэх боловч МАН-д юу болсныг “бараг” мартчихаад байна. АН-ын дуулиан дунд МАН ган бат эв нэгдэлтэй мэт харагдаж байгаа ч ядаж олигтой хөөрөг хийх чулуу ч гарахааргүй болтлоо цавтсан бөлгөө. Гаднаасаа бүхэл чулуу мэт авч гэрэлд харвал авах юмгүй цавтай.

Уг нь ихээхэн том үйл явдлууд бүгдээрээ л бидний нүдний өмнө болсон юм. Гэтэл зэрэгцэн болж өнгөрсөн болон болж буй харилцан холбоотой хоёр үйл явдлын нэгийг нь “хараад”, нөгөөг нь “үл тоох” бол монгол сэтгэлгээний гажиг юм. Дурдан буй хугацаанд МАН шууд хэлэхэд дарьтай торхон дээр сууж байсан юм. Одоо болтол бараг хэн ч ярьж байгаагүй энэ явдлыг шинжлэх, санах нь бидний хувьд тун чухал юм. Ингээд бидний хоолтойгоо холиод идчихсэн дөнгөж саяхны үйл явдлаас дахин өгүүлсү…
Ялагдлаас задралд
2012 оны УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авч байсан 27 суудлаа 31 болгон 4-өөр нэмэгдүүлсэн ба МАН өмнөх сонгуульд авч байсан 45 суудлаа 25 болгон бууруулж 20 суудал алдсан юм. Мөн МАХН-МҮАН-ын эвсэл 11 суудал, ИЗНН 2 суудал тус тус авч, 3 бие даагч УИХ-д оржээ. Ийнхүү МАН дараалсан ялагдлын үе эхлэв.
Өнгөц харахад шалтгаан нь тун энгийн мэт. Намын нэрийг сольж намаа хоёр хуваасны улмаас ялагдсан. Гэвч шалтгаан их гүнд байсан юм. Тэр шалтгаан нь МАН-ын олигархи бүлэглэлүүдийн зөрчил хийгээд хайр найргүй өрсөлдөөн байсан юм.
УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа МАН-д эхний хагарал гадагшилж эхлэв. Хэлбэр нь МАН-ыг хоёр хуваан сонгуульд ялагдуулсан намын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарыг огцруулах асуудлыг дэвшүүлэн тавив. Ялангуяа “Хэрэв энэ сонгуульд МАН ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж ам гарсан У.Хүрэлсүхийн эсрэг дайралт эхлэв. “Одоо чи хэлсэн амандаа хүрч хариуцлагаа хүлээ”… Энэ удаад С.Баяр Сү.Батболд хоёр генсекээ золиослохоор шийдэв. Энэ бол уламжлал, Н.Энхбаяр ч гэсэн намаа ялагдуулчихаад “сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрдөггүй” Д.Идэвхтэнг зольчихсон.
2012 оны 7 дугаар сарын 9-нд У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгч намын улс төрөөс “түр холдов”. Шалтгаан нь “эрүүл мэндийн байдал”. Гэвч 4 сарын дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 8-нд “ар гэрийн шалтгаанаар” УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдтөлөө У.Хүрэлсүх Ц.Баярсайханыг зодох ганцхан ажил хийсэн гэж олон хүн боддог ч тэрээр АН-ын Засгийн Газарт МАН-ыг чирч орсон бөгөөд энэ түүний цаашдын зөрчлийн үндэс болсон юм. “Чөлөөлөгдсөн” У.Хүрэлсүхэд юм үзүүлж нүд тайлуулах ажлыг С.Баяр өөртөө хүлээв.
2012 оны 7 дугаар сарын 25-нд МАН-ын Бага Хурлын YI хуралдаан болж сонгуульд ялагдуулсан дарга нартайгаа “хариуцлага” тооцохоор шийджээ. Дашрамд дурдахад энэхүү хуралдаан бараг бүрэн хаалттай болсон ч МАН-ынхан хаагаад байх тутам мэдээлэл улам их тардаг гэдгийг огт мэддэггүй юм.
Тэр хурал дээр МАН-д ийм юм болсон юм: Намаа ялагдуулсан Сү.Батболд огцрох өргөдлөө өгөхийн хамт Ө.Энхтүвшинг намын даргад нэр дэвшүүлжээ. С.Баярын зөвлөснөөр… Ө.Энхтүвшин намын Ерөнхий нарийн бичгийн даргад өөрийн хүнийг нэр дэвшүүлэх боломжтой хэдий ч “ардчилсан сонгууль” явуулахаар шийджээ. Ө.Энхтүвшин нам дотроо хүч султай тул Сү.Батболд “эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ЕНБД-д Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар, БОАЖ-ийн сайд одоо оффшордуулаад байгаа Д.Цогтбаатар хоёрыг тулгаснаар намын дарга Удирдах зөвлөлийн шийдвэрээр оруулсан бол заалнаас УИХ-ын гишүүн асан, одоо Энхбаярын генсек Ж.Сүхбаатар нэрээ дэвшүүлэв. Ж.Сүхбаатарт нэр нүүр байсан дэмжих олигтой хүч байгаагүй юм.
МАН-д заалнаас нэр дэвшсэн хүн заавал унадаг зүй тогтол үйлчилж Сү-гийн хоёроос Г.Занданшатарыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон юм. Өөрөөр хэлбэл “сонгууль” бол жүжиг байв. Үнэндээ энэ бол МАН-ын дээд хүрээллийн хуйвалдаан байлаа. Тэд сонгуульд ялагдуулсан дарга нартайгаа “хариуцлага тооцох” нэрийдлээр ёстой л урсгал засвар хийж, “обойгоо” солиод нэг удаа бослогын түймрийг унтрааж чадав. МАН-ын “ойлголтоор” тухайн хүн албан тушаалаасаа огцрох өргөдөл өгснийг хүлээж аваад л “хариуцлага тооцсон” гэж үздэг аж.
Шинэ дарга нартай болсон МАН орон нутгийн сонгуулийн байлдаанд тэр чигээрээ эмх цэгцгүй давхин оров. Гэтэл ахиад л нам шаалгав. Энэ үеэр болсон үйл явдал, нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хангалттай тайлбарласан болохоор ахин ярих нь илүүц. Ямар ч гэсэн МАН УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан нам тавиулсан нь хөдөлшгүй баримт юм.
Одоо МАН-ын “дотоод сөрөг хүчнийхэн”-ий тэвчээр алдарч, уур нь хүрч уушиг нь сагсайх нь ойлгомжтой. Гэв гэнэт л янз бүрийн “шинэчлэх хөдөлгөөн” үүсэж, намын эрхийн тэмцэл өрнөв.
Богино настай шинэчлэл хийгээд шинэчлэгчид
2013.02.07. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Раш, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, н.Эрдэнэбат, н.Батсайхан, н.Гантулга нар хэвлэлийн хурал хийж, “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-г байгуулсанаа зарлалаа. Гэхдээ МАН доторхи бослогыг тогтоон барих нэг том хүчин зүйл байсан нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль байв.
МАН-ын шинэ удирдлага “шинэчлэлийн хорооны” идэвхтнүүдийг хүлээн авч уулзаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа бужигнуулах хэрэггүй гэж ятгажээ. МАН-ын “шинэчлэгчид” сонгуульд ялагдсаны хариуцлагыг өөрсдөд нь тохно гэж айжээ. Тиймээс яг коммунист заль хэрэглэж асуудлаас зугтаж, хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал ухрах, буцах замгүй гэдгийг “хатуу сануулаад” бултав. Нөгөөдүүл нь ялагдвал “шинэчлэлийг” заавал хийнэ гэсэн ам шүдээ өгсөн юм. Юунд найдаад байсан юм бүү мэд…
Харин Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж МАН-ын нэн тодорхой бүлгийн дэмжлэгтэйгээр ирээдүйн ялалтын нөхцлөө хангаж чадсан юм. Хэрэв МАН-ыг шинэчилж эхэлбэл “намын систем” бүхэлдээ задрах, улмаар МАНАН-гийн систем бүхэлдээ нурах аюул нүүрлэв. Иймээс МАН-ын удирдлагууд С.Баярын “зөв мэргэн” зөвлөгөөг дагаж “өөрийн хүн” буюу Б.Бат-Эрдэнийг унагах чиглэлд ажилласан юм. МАН-д МАН-ын эрх ашиг гэж байхгүй, харин МАНАН-гийн нэгдмэл эрх ашиг байдаг гэдэг нь энэ адгийн хуйвалдаанаар тодорхой болсон юм. Харин Ө.Энхтүвшин чухамхүү гарын бээлий болсноо одоо ухаардаг юм уу үгүй юм уу бүү мэд. Харин тэр цагаас МАН ба Ц.Элбэгдорж нарын “ган бат найрамдлын” суурь тавигдсан юм.
Нэг талаас “нэг бүдэрвэл долоо бүдэрдэг” гэсэн ардын (одоо ч С.Баярцогтынх болж дээ) үг биеллээ олж, нөгөө талаас “болдог юм болдгоороо болж” 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгуулж, МАН-аас нэр дэвшсэн “шинэчлэх” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Б.Бат-Эрдэнэ ялагдав.МАН-д шинэчлэгчдийн тууралт үүсч энд тэндгүй яр шарх мэт шинэчлэх хөдөлгөөн үүсч эхлэв.
7-р сарын эхээр МАН-ыг “Шинэчилье” хөдөлгөөн байгуулагдаж Ерөнхий зохицуулагчаар нь УИХ-ын гишүүн, Ж.Эрдэнэбат сонгогдов. Тэр Гацууртын ордод хандрагч “Сентерра голд”-ын санхүүжилттэй тул ингэж томорчээ. Харин тэр “Сентерра”-гийн гол зөвлөх нь С.Баярын үй зайгүй найз Тагнуулын дарга байсан “урвагч генерал” Ж.Сандаг.
2013.07.23-нд сүрдүүлэг дээд цэгтээ хүрч МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг үндэслэн байгуулагч (эд нар ийм сүржин үгэнд нугасгүй), Норвегийн амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, Хөгжлийн бодлого судлаач М.Найданхүү “МАН ахин хуваагдаж ч мэднэ” гэж “шинжлэх ухааны үндэстэй” дүгнэв.
2013.07.23-нд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан: “Манай намд далд бүлэглэлүүд олон байдаг. Харин энэ далд бүлэглэлийг ил болгох ёстой. Бие биеийнхээ эсрэг далдуур хуйвалдаан явуулдаг” бөгөөд “Манай нам уналтын доод цэгтээ ирсэн, устах магадлалтай” гэв. Хэрэв би эндүүрээгүй бол Т.Аюурсайхан одоо ШӨХТГ-ын дарга болж, “шинэчлэлээ” хоолтойгоо холиод идчихсэн тууж яваа…
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа үүссэн МАН-ыг шинэчлэх хөдөлгөөнүүд эмх замбараагүй, зэрэгцсэн шинжтэйгээс гадна илт сөргөлдөх, зөрчилдөх шинжтэй байсныг тун цөөн хүн анзаарсан юм. Учир нь аанай л зохион байгуулалттай тоглоом болж хувирав. Загджав, Рааш нарын хуучнаа (үнэндээ Энхбаярыг) санагалзагч хөгшин ноходтой зэрэгцүүлэн дуу дуугаа аван соотойн хуцагч шүдэрхэг гөлгөн нохдын фермүүдийг бий болгожээ. Тэд нэгнээсээ чанга бөгөөд аймаар дуугарах гэж өрсөлдөхдөө намаа “устгах” тухай ярьтлаа хийрхсэн нь дээрх жишээнүүд. Үй олон “шинэлэгчдээс” хэн нь жинхэнэ шинэчлэгч, хэн нь хуурамч шинэчлэгч гэдгийг ялгаж салгадаг хүн МАН-д алга болов. Гэвч маш радикал байдлаар эхэлсэн МАН-ын “шинэчлэл” ердөө л хэдхэн сарын настай байжээ.
Намаа шинэчлэх гэсэн жаалууд МАН-ын Бага хурлыг наадмын өмнө буюу долдугаар сарын 8-наас урьтаж хуралдуулах, улмаар Их хурлыг зарлаж, намын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах (энэ чинь бараг 1990 оны өлсгөлөн зарлагчдын шаардлага мөн биз?), мөн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалдаа дүгнэлт хийж, намын дарга Ө.Энхтүвшин, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар болон нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, намд шинэчлэл (?) хийх зэрэг хэд хэдэн асуудлыг дэвшүүлэн тавив. Гэтэл тэд энэ асуудлыг Намын Их Хурлаар шийдье гэсэн дарга нарынхаа үгэнд орсон юм. С.Баяр нар цаг хожиж, Ерөнхийлөгчийн сонгуулиас дутахгүй ач холбогдолтой наадмаар далимдуулсан гэдэг ч үнэндээ өөрсдөө хөлийн хуруундаа бяцхан хүүхэлдэйнүүд углаад ширээн доогуураа жийж, нөгөө талд гаргаад ярьчихсан хэрэг шүү дээ. МАН-ын олон мянган гишүүд дэмжигчид хөлний жүжигт итгэв.
Ингээд 2013.10.27-нд МАН-ын яруу алдарт XXYII Их хурал болж Ө.Энхтүвшин тайлангаа тавьж бас “суудлаа тавьж” өгсөн бөгөөд МАН-ын даргаар М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбат нар сонгогдсон юм. Ө.Энхтүвшинд “дусал залгасны” учир нь өмнөх бүлэглэл дараагийн бүлэглэлтэйгээ тохиролцох хугацаа шаардлагатай байсан юм. Нөгөө талаас Ө.Энхтүвшинд хар авахуулалгүй хамгаалж буй дүр эсгэсэн заль мэх байв. Энэ бол С.Баярын маш амжилттай хэрэглэдэг тактик мөнөөсөө мөн. С.Баяр хэзээ ч дан боддоггүй л дээ… Нөгөө талдаа тааруухан санагдах үйл явдлыг “эерүүлэн” өөрт ашигтай сэтгэл зүйн тоглоом болгохдоо гаргуун. Үүнд хууртсан олон хүн одоо ч “Нохой зассан хүндээ янаг” гэгчээр С.Баяртаа ухаангүй хайртай байдаг юм.
Тодорхой хэлбэл С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын бүлэглэсэн “неолиберал” бүлэглэл нөгөө талд байгаа “газрын наймаачдын бүлэглэл”-тэй ярилцах ёстой байв. Харин Ө.Энхтүвшин бол тэртэй тэргүй ялагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн золиос байв. Харин “Хэн намын дарга байвал найдвартай вэ?” гэж “неолибералчид” сонгосон Ерөнхийлөгчөөсөө асуухад М.Энхболдыг зааж өгчээ. Асуултыг жинхэнэ утгаар нь ойлговол цаашид найдвартай хамтран ажиллаж, АН-ын Засгийн газрыг унагахад “бүрэн ойлголцох” хүнээ л сонго гэсэн үг.
МАН-ын хамгийн сүүлчийн энэ Их Хурлаар намын Бага хурлын 310 гишүүний 70 хувь нь “хотын фракцынх” болсон гэж зарим хүн тооцон гаргажээ. Ямар ч гэсэн МАН-ын Бага Хурлын бүрэлдэхүүнд “Эм Си Эс” болон “Петровис”-ын төлөөлөгчид голлох болсон нь тодорхой болсон юм.
М.Энхболдыг эсэргүүцэх хүчин МАН дотор тэр дорхноо гараад ирэв. Өөрөөр хэлбэл тулалдааны утаа замхарсны дараа Ө.Энхтүвшин эрхбиш сэтгүүлч, түүхч хүн тул найгүй хууртсанаа ойлгочихжээ. 2014 оны 12 дугаар сарын 9-нд МАН-ыг дарга асан, УИХ-ны гишүүн Ө.Энхтүвшин М.Энхболдод шүүмжлэлт ил захидал илгээсэн нь үүний тод нотолгоо болно. Өөрөөр хэлбэл шинэчлэл гэгч нь зүгээр намын эрхийг хуйвалдан авах ажиллагаа л байж л дээ. М.Энхболдыг сонгомогц ойлгосон хэрэг. М.Энхболдын шинэчлэгч гэж “үхсэн балдууш” нь байхав дээ. Тэгж яривал Ө.Энхтүвшин өөрөө байгаа байдлаараа түүний дэргэд хамаагүй шинэчлэгч хүн байхгүй юу. Ядаж л намынхаа түүхийг мэднэ. Харин намыг шинэчлэх зохион байгуулалтгүй хөдөлгөөнүүд бол түүнийг унагах зохион байгуулагдсан хөдөлгөөн байсныг тэр хожуу ухаарчээ. Юутай гэнэн, юутай тэнэг.
МАН-ын үй түмэн шинэчлэл ердөө л дарга нараа өөрчлөн сэлгэх явдал байдгийг түүний үй түмэн “шинэчлэл” хөдөлбөргүй нотолно.
Үүний дараа Ц.Элбэгдорж АН-ыг бүх төрлийн сонгуульд дараалан ялуулсан гавъяатай Н.Алтанхуягийг хөнтөрч унагах ажилд ханцуй шамлан орсон бөгөөд гурван удаагийн бүтэлгүй оролдлогын дараа амжилт олсон юм. Энэ нь М.Энхболдын нэр төрийг өргөх, миний өмнө бичсэнчлэн “Том алтан гадас”-ыг аврахын тулд жижиг “Алтан гадас”-ыг бутниргэсэн ажиллагаа байсан юм. Энэ тухай нэн тодорхой бичсэн тул орхилоо. Үргэлжлэл нь мэдээж Ч.Сайханбилэгийн тоглоомын Засгийн газрыг хамгаалан үлдэх гэж улайран зүтгэсэн “ээлжит” жүжгүүдийн үзэгдлүүд. Эцсийн дүндээ АН-ынхан тэнэг биш тул хэн намыг нь хутган үймүүлж, тараан бутаргаж байгааг анзаарч эхэлж байна. Үүнийг ойлгуулах гэж би мөн ч их чармайсан даа.
Надад аль нэг талд орох сонирхол байхгүй, гагцхүү адгийн заваан үйлдлүүдийг нь илчлэх үүрэгтэй судлаач юм. Нэг жижигхэн тойрог хийгээд энэ бүлэглэлийн хуйвалдааны ажлын үр дүнг харцгаая.
Н.Алтанхуягийн дараа
Ч.Сайханбилэг хөөрхөн хүүхэлдэйн болох тухай мундахгүй л ярьсан. Яагаад гэв гэнэт АН-д төдийлөн нөлөөгүй, фракцгүй хүн Ерөнхий сайд болчихсоныг гайхдаг. Үнэндээ хэзээ ч Ерөнхий сайд болох найдваргүй хүнийг тавьж тоглоом хийх зорилго л түүний хөргийг шанзав Бадамдоржийн хөргийн хажууд зурж тавих боломжийг олгожээ.
Эхний даалгавар “хүүхэд саатуулах” байв. Одоо ч гайхдаг юм. Ч.Сайханбилэг “Рио Тинтог”-ийн захирлын охинд хичээл заасан уу, цаадах нь Сайханбилэгт заасан уу ? Үйл явцыг харвал цаадах 9 настай охин л манай Ерөнхий сайдад хичээл заагаад Дубайд шалгалт аваад дүнг нь тавьчихсан юм шиг байгаа юм.
Хоёр дахь даалгавар нь шинэчлэгч Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, С.Баярын бизнес “Гацуурт”-ын ордыг заавал ухуулахад оршиж байв. Дөрвөн удаа буцаахад дөрвөн удаа оруулж ирсээр яаж ийгээд батлуулж авсан ч одоо шүүх дээр гацчихсан байна.
Үүний дээрээс АНУ-ын ТЕГ-ын агент Р.Пэйнтэрт улсын төсвөөс 11 тэрбумыг “гаргаж өгөх” асуудал байв. Бас л яаж ийж байгаад өгсөн. Улс нь мөнгөгүй гэх атал яагаад тэрбум тэрбумаар нь өгөөд байдаг юм бол? Их л ядарсан хуульчид гэсэн…
Мөн Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар М.Энхболдын хүмүүсийг тавьж байгаад дуртайгаа баривчилж байна, тэгэхдээ бүр АН-ынхныг намнаж байна.
Хамгийн сүүлийнх нь Каплагийн хэрэг. С.Баярын нармайг нээсэн хөөрхий гүйцэтгэх захирлыг өршөөгөөд 35 тэрбумыг салхинд хийсгэв. Ерөнхийлөгчид хариуцлага тооцох гэхээр харж байна уу? МАН 5 хоногийн завсарлага аваад, бидон Ганбатыг бидоных нь хэргээр АТГ-д өгч байгаад, тагнуул, банзал, долдой нийлсэн 12 адгийн шаараар “хэлэлцэхгүй” гэсэн шийдвэр гаргуулж байна.
Н.Алтанхуягийг унагахаас эхлээд идэвхтэй оролцож эхэлсэн Э.Бат-Үүл, МАН-ын генсек горилогч Цогтбаатар, Сү.Батболд, С.Баяр, түүнд байр бэлэглэдэг Давааням, Петровисын оффшор данснууд илэрч булайгаа чирч байна. Гэхдээ энэ бол зөвхөн Панамын оффшор шүү дээ. Үй олон оффшор бүс бий. Тэнд хэчнээн ч амьтны авилгын мөнгө байгаа юм билээ ?!
Түвдэндорж ээрч муурч байгаад “хөлсний ажилтнуудад хариуцлага тооцохын оронд эзэдтэй нь ярина” гэнэ ээ.Тэгвэл тэр эзэн нь Р.Фрийдланд. Одоо ч хөрөнгө хувьцаа нь “Оюу толгой”-д бий. Чаддаг юм бол тэрэнд нь шалгалт оруулчихаарай.
Ер нь бол хэрэв мөнгөө өсгөе гэвэл манай хуулийн орчин оффшор бүсээс хамаагүй илүү. Өндөр хүү төлдөг, хүүгийн орлогоос татвар авдаг болох тухай хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч одоо болтол аваагүй л байна. Тэгэхээр хүү төлдөггүй оффшор бүсэд мөнгөө хадгалуулна гэдэг цор ганц л шалтгаантай. Нууцлалыг хадгалах. Өөрөөр хэлбэл “но-той” мөнгө л тийшээ ордог. Монголд бол ойлгомжтой. Энэ бол ийм л бүлэглэл. Буцаад МАН-даа оръё.
Шинэчлэгч залуусын зодоон
МАН арай гэж нэг юм “шинэчлэгдсэн” нэр зүүсэн боловч гол зөрчил ихэд бугшсан байжээ. Энэ удаад зөрчил огт өөр газраас сэдрэн гарав. Нам эмх цэгцэндээ орох яагаа ч үгүй байжээ. Эмэгтэйчүүдийн байгууллага нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй, харин Загджав мэт нь М.Энхболдын өсөрхлөөс айгаад сүүлээ хавчаад зугтчихжээ. Харин “шинэчлэл”-ийн дайчин хүч болсон залуус нь гэдсэндээ хөлөө хийлцээд эхлэв.
Эхний дохио 2014 оны намар У.Хүрэлсүх эргэн ирснээр эхлэв. Тэр ердөө л хоёр жил болоод эргэн ирсэн юм. Тэрээр эргэн ирснээ тунхаглаж “Нисванис” хамтлагтай гитардаж дуулснаар эхэлсэн юм. Дараа нь мотоцикль унаж давхив. Манайхан Г.Уянгын дуулсныг загнадаг боловч У.Хүрэлсүхийн “лаг сүртэй” дуулсныг мартчихаад байна. Ингээд л МАН-ын дотоод байлдаан эхлэв.
2015 оны хавраас эхлэн МАН-ын дэргэдэх цуут МАСЗХ буюу одоогийн НАМЗХ гэгчийн удирдлагын түвшинд гарсан үл ойлголцол даамжирч, намын залуу гишүүдийг хамарсан зөрчил болж эхэллээ. Аль эрт МАСЗХ-г А.Баатархуяг АН-ын нарийн бичиг байхдаа ёстой үсгүй арчсан ч С.Баярцогт, Н.Алтанхуяг эд нар өмөөрч нөгөөх нь шаралхсандаа хаалгыг нь саваад гарчихсан юм. Түүний дараа “У.Хүрэлсүх ба түүний команд”-ын залуус огт өөр байгууллага төрүүлсэн юм. Нэр нь НАМЗХ. Үзэл санааны чиг баримжаа, дүрэм программ зохион байгуулалтыг нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар гардан хийсэн. Энэ бол арай хэдэн жилийн өмнөх явдал юм.
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д Харвардын Их сургуульд тархиа угаалгахаар явж, оронд нь “Түр орлон гүйцэтгэгч”-ээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилсон байв. Гэтэл “Гэрт нь могой ороод эзнийг нь хөөв” гэгч болж, 2015 оны “Алтан сарнай” наадмын үеэр Н.Номтойбаяр өөрийгээ НАМЗХ-ны Ерөнхийлөгч гэж өргөмжлөн, бүх урилга, хэвлэл, албан ёсны арга хэмжээн дээр зарлаж орхижээ.
Үүнд нь Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн эгдүүцэхэд Н.Номтойбаяр 2015 оны эхээр НАМЗХ-ны ээлжит бус бага хурлыг хуралдуулан, Л.Оюун-Эрдэнийг чөлөөлж, өөрсдийгөө жинхлэхээр оролдож эхэлжээ.
Энэ нь МАН-ын залуусын зөрчлийг нийгэмд ил болгосон бөгөөд НАМЗХ-ны ээлжит бус бага хурал гэгчээр талууд ойлголцолд хүрч, НАМЗХ-ны Ерөнхийлөгчийг бас л их хурлаараа сонгохоор болж, Уул Уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны ЕНБДаргаар томилж, их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахлуулсан юм. Гэсэн ч Г.Тэмүүлэн Н.Номтойбаярын талд ажиллан, их хурлын төлөөлөгчдийг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхээр ажиллаж эхлэв. Үүнд Л.Оюун-Эрдэнэ дургүйцэн өөрийн “нутгийн дүү нар” гэх хэсэг хүүхдүүдээр Уул Уурхайн Яамны гадаа дэд сайд Г.Тэмүүлэнгийн эсрэг жагсаал хийлгэв.
Үүний хариуд Н.Номтойбаярын зүгээс Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нарыг АНУ-д сурч байх үедээ залилан хийсэн гэсэн гүтгэлэг тарааж эхлэв. Ийнхүү МАН-ын залуус хэвлэлд нэрлэснээр “баячуудын” болон “ардын” гэсэн 2 том бүлэгт хуваагдав. Номтойбаяр, Тэмүүлэн нар бол нэг их намдаа, залуучууддаа хайртайдаа ч биш залуучуудын байгууллагын төлөөлөл болж жагсаалтанд орох гэсэн санаархал юм.
МАН-ын залуусын энэ зөрчил бол МАН-ын дээд удирдлагад буй бүлэглэлүүдийн зөрчлийн толин тусгал байсан бөгөөд үүний цаана МАН-ын дарга М.Энхболд, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын өрсөлдөөн, зөрчил байсан нь нэн тодорхой юм. МАН-ын залуус заавал нэг удирдагч дагаж амьдардаг “ёс заншилтай” бөгөөд хэрэв удирдагч нар нь зодолдвол залуучууд нь даган хөөрч нармайгаа нээлцэх нь мэдээж хэрэг юм.
Ингээд залуусын зодоон намд халдварлах аюул бодитой бий болсон тул МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж нэн яаралтай бөгөөд шийдэмгий арга хэмжээ авав. 2015 оны 6 дугаар сарын 20-нд болсон НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Н.Номтойбаярыг ч биш, Л. Оюун-Эрдэнийг ч биш, харин Г.Тэмүүлэнг сонгов. Өрсөлдөгч хоёр бүлгийн дарга нарыг тоглоомоос гаргаж асуудлыг шийдсэн мэт боловч Г.Тэмүүлэн бол Н.Номтойбаярын талын хүн юм. МАН залуучуудаасаа сонголт хийхдээ “баячуудын” бүлгийг нь илүүд үзсэн байна. Үүний цаана бас л МАН-ын дотоод бүлэглэлүүдийн тэмцэл явагдаж байсан, өөрөөр хэлбэл М.Энхболд У.Хүрэлсүхийн бүлэглэлийг дарахын тулд залуучуудын байгууллагаас шахсан юм.
Мөн гомдогчдыг С.Баярцогтын урилгаар хамтран байгуулсан Засгийн газрын агентлагуудад тараан байршуулж амыг нь хаав. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх намдаа орон зайгаа алдаад шахагдсан армиа төрийн албадад тараан байршуулж хүч нөлөөгөө хадгалж үлдэхийг оролджээ.
Ингэлээ гээд МАН-ын залуусын зодоон дуусаагүй юм. Тэдний зөрчил аймаг, дүүргийн түвшинд болох залуучуудын “жинхэнэ зодоон”-оор одоо болтол үргэлжилж байна. Энэ нь нармайгаа нээлцэх, зодооноос болж шүүхдэлцэх, машин шатаах хүртэл туйлын олон янзын маш зэрлэг хэлбэртэй. Энэ олон зодооны түүх интернетээр дүүрэн байгаа учраас тэр болгоныг дурдах нь илүүц.
Өнөөгийн МАН
МАН-ын суурь зөрчил Засгийн Газарт орох эсэх асуудлаас болж анх сэд үсрэв. Үүнтэй холбогдон МАН Засгийн Газарт орох тал, орохгүй тал гэж хоёр хуваагдав. Ингээд “орох тал” буюу хэт шунахай тал нь ялж Засгийн Газарт давхин орсон юм. Энэ явдал МАН Засгийн Газраас хөөгдсөн ичгүүрт явдлаар дууссаныг хүн бүхэн мэднэ. МАН хөөдөг байсан үе аль хэдийн өнгөрч хаягддаг болсон бол энэ удаад хөөгддөг адгийн үе эхлэв. МАН ичгүүр сонжуураа мартан таг дуугүй болов. Шалтгаан нь эдийн засгийн эрх ашиг.
МАН-ын зөрчлийн өөр нэг хэлбэр нь МАХН. МАН-ын дотоод зөрчлийн үе бүрт МАХН-ын асуудал сөхөгдөж байсан юм. МАХН-ыг нэгтгэвэл хамгийн гол ялалтаа байгуулна гэж М.Энхболд тооцож байлаа. Тэр Н.Энхбаяртай нэвтрэлцэж чадах хүн гэж өөрийгөө боддог. Тэгээд ч Ө.Энхтүвшин үхэхдээ үхэр буугаа гэгчээр “Би байсан бол хоёр намаа нэгтгэх байсан” гэсэн хорон үг чулуудсан нь М.Энхболдын чихэнд хоногшчихжээ.
М.Энхболд гал унтраах, өөрийн байр суурийг алгуур бэхжүүлэхээс өөр зав байсангүй. Гэтэл АН-ын нөгөө муухай ааш хөдлөж У.Хүрэлсүх шадраар толгойлуулсан хамтрагчдаа ад үзэн хөөж эхлэв.
Энэ нь М.Энхболдод “од” шүүрэх цаг гэсэн санаа өгчээ. Тэрээр ЗГ-т хамтарсан намынхнаа хамгаалсан ч үгүй. Харин ч ундуй сундуй гарч ирэхэд нь угтан цохих тактик хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх Засгийн газарт ороод намаа бодохын оронд өөрийн фракцынхнаар төрийн албыг дүүргэсэн гэж яс хаяжээ.
Харин С.Баяр, Сү.Батболд нар У.Хүрэлсүхийг хэрэглэж дууссан гэж үзсэн тул гаргуунд нь гаргав. Ийнхүү У.Хүрэлсүхийн бүлэглэл бутран сарнив. Одоо үлдэгсдийг нь дэвшүүлэлгүй гудманд хаях нь ойлгомжтой.
Үүний тулд С.Баярын дэмжлэгийг авахын тулд сонгуулийн штаб удирдах санал тавьж байгаа ч С.Баяр өөр бодол өвөрлөж яваа юм. У.Хүрэлсүхийнхнийг шахан гаргасны дараа жам ёсоор тэдний дунд хагарал эхлэв.
С.Баярын бүлэглэлд Сү.Батболд, Н.Багабанди нараар толгойлуулсан неолиберал үзэлтэй орчин үеийн “хүйтэн цустнууд” дүүрэн. Тэдний зорилго бол уул уурхайн салбар дахь хяналтаа хадгалж үлдэх, үүний тулд чөтгөртэй ч эвсэхэд бэлэн, хэрэгцээ гарвал М.Энхболд ч яамай л байна. У.Хүрэлсүхийг өгөөшинд хаясан нь С.Баярын мөнөөх л сэтгэлзүйн тоглоом, хэрэв бослого гаргахдаа тулбал бэлэн өсөрхсөн бүлэглэл хэрэгтэй. Тиймээс М.Энхболдын МАХН-тай нэгдэх чармайлтыг дэмжээгүйгээр барахгүй, жадлан эсэргүүцэж Бага хурлын 100 хувийн саналаар МАХН-ыг өшиглөн хөөжээ. Үүнд М.Энхболд сэтгэл дундуур боловч цэвэр өмнөдийн санаагаар утааг нь уушгиндаа хадгалсаар суугаа.
М.Энхболдын бүлэглэлийн түшиг тулгуур нь хотын газрын наймаагаар гаршсан М.Энхболдыг хотын дарга байхад цуглаж, шалгарсан бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн дотоод зохион байгуулалт их нарийн. Нэрд гарсан, эсвэл эрдэм мэдлэгээрээ овойж оцойсон хүн байхгүй ч “дээр байгаа хүн”-ээ үхэн хатан хамгаалах чадвартай, лав л толгойлогчоо золихгүй ийм л бүлэглэл. Тиймээс энэ бүлэглэлээс толгойд гарсан хүн хэзээ ч унадаггүй. Ахин дахин сэхээд л байдаг. Гэтэл монголчуудын улстөрийн ажиллагаа нь нэгнээ татан унагаж, мохоол мушгилгүй болгоход чиглэдэг.
Үүнийг олон улсын томъёоллоор “хуа цяо” манайхны дууддагаар “хужаа” гэдэг. Хужаа гэдэг бол дурын цагаач хятадыг л хэлж буй хэрэг биш. Энэ бол цаад үзэл сурталдаа даогийн ёс журмыг дагаж мөрддөг, нэгэндээ харилцан туслах хатуу тангарагтай, өөрийн дотоод соёлтой эртний уламжлалтай, дэлхийгээр тархсан нууц бүлэглэл юм. Америк бүлэглэлийн амжилтын тод жишээ бол доктор Сун Ят Сен.
Тэр ч байтугай ахмадууд нь “Монголын төрд туслах” зорилготой бүлгэмд нэгддэг. Хэрэв зорилго тунхагийг нь харвал “олон арван жил ээнэгшин дассан буянт монгол нутгаа хөгжүүлэхийн тулд өөрт байгаа бүхнээ зориулах” гэж бий. Тэр ч байтугай нарийн судалгаа явуулж хуучны монголын хятад овогтнуудыг хүртэл цуглаандаа урьж байсан түүх бий. Гэвч нөгөөдүүл нь “хужаа” биш л байсан. Нийгэмд мэдэгддэггүй маш хорон тархсан бүлэглэл юм. Ийм бүлэглэлийг илрүүлэхүйеэ бэрх, олсон ч салаа салбарыг тогтоох аргагүй. Монгол дахь “хуацяо” нийгэмлэг нь Хэнань мужаас ирэл гаралтай иргэн хүмүүсийн нэгдэл юм. Монголын төрийн өндөрлөг руу маш удаан бөгөөд болгоомжтой өгсөж, төрийн бараг нэг эрхтэн болж хувирахдаа тулаад байгаа билээ. Эцсийн дүндээ МАН-д одоохондоо энэ бүлэглэл ноёрхож байна, гэхдээ хязгааргүй эрх мэдлээ тогтоогоогүй ч хамгийн суурьтай хүчин болсон байна. Гэр бүлийн харьцаа, дундын нууц хүүхэд шуухадаар холбогдсон, нэгнээ чирдэг маш том бүлэглэл М.Энхболдын анх гарч ирсэн тэр л дүүрэгт төвлөрч байдаг.
Хятадын төр засаг ба хуацяо нарын хооронд ямар харилцаа байдгийг мэдэхгүй юм, нарийндаа бол Хятад ч муж мужийн нийгэмлэгүүдийн хатуу ширүүн өрсөлдөөнд байдаг учраас шууд төртэй холбогддог гэхэд хэцүү. Гэхдээ М.Энхболдын дарга болмогцоо өмнөд хөршид хийсэн айлчлал үргэлж маш амжилттай л байдаг.
Ямар боловч сул дорой, идэвхгүй хурдгүй мэдрэмжгүй М.Энхболдын “зөөлөн хүч” Ардын намын толгойд батажсан нь үнэн юм. Уул уурхайн бүхий л борлуулалт, экспорт өмнөд хөршийн зах зээлээс хамааралтай учраас С.Баяр нар ямар нэгэн байдлаар энэ хэлхээ холбоог ашиглахыг чармайж байгаа хэрэг. Гэвч тэд бас л алдсан.
Хэт монгол биш зан гаргаж, удаа дараа тэнэгтсэний улмаас МАН-ын суурь зөрчил цоо шинэ хэлбэрт оров. Одоо МАН хэтэрхий баруунжиж монголоо алдсан, бизнесийн ухаан нь хэтрээд эдүгээ оффшорт орооцолдсон С.Баярын тал хийгээд нэн өвөрмөц “хуацяо” маягийн зохион байгуулалттай, алгуур иддэг М.Энхболдын гэсэн хоёр том бүлэгт хуваагдаад байна.
МАН-ын зөрчил арилсангүй, харин ч улам бугшиж байна. Бүх юм нь хуучин хэвээрээ үлдсэн атал МАН ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байх шиг. МАН-ын “хийсвэр амжилт” бол АН-ын тэнэглэлийн үр дүн болохоос биш, МАН-ын сайнаас болсон юм огт биш. Одоо ч гэсэн МАН Ц.Элбэгдоржийн шоронгийн түлхүүрээс айсан хэвээрээ.
МАН-ын Бага Хурлын 310 гишүүний тавны нэгээс илүү буюу 67 боловсон хүчнээ шоронд илгээчихээд таг дуугай суудаг байгууллагыг би л лав улс төрийн хүчин гэж үзэхгүй.

Үүгээр МАН-ын тухай эхний өгүүлэл өндөрлөж байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 05 дугаар сарын 11.