-Жижиг хэрнээ том асуудлууд-
...Ийм онигоо байдаг юм. "Чи ямар сайхан бүсгүй вэ?" гэж асуусан залуугийн өөдөөс:
-Орос бүсгүй "Их баярлалаа"
-Франц бүсгүй "Баярлалаа эрхмээ, би улам их хичээх болноо

-Монгол бүсгүй "За чи битгий манжирхаад бай, би муухайгаа мэдэж байна.


...Нэг залуу эхнэрээ гэнэт баярлуулахаар шийдээд цэцэг худалдан авч хүлээж гэнэ. Орой нь ажлаасаа ядрангүй ирсэн эхнэртээ "Би чамдаа маш их хайртай" гэж хэлээд цэцгийн баглаагаа барьтал эхнэр нь гэнэт цочирдож:
-Чи чинь өнөөдөр гэнэт юу болоод манжирхаад унав аа. Ямар нэгэн юм болоо юу? Ямар буруу зүйл хийснээ үнэнээр нь хэлчих гэсэн гэнэ.
Бидний багад "манж зан" гэдэг хэллэг нилээд түгээмэл байсан сан. Чин сэтгэлээсээ бус, зусардаж хандсан хандлагад дургүйцлээ илэрхийлж байсан нэг хэлбэр юм уу даа.
Хэн нэгнээс юм гуйх болохоороо эхэндээ тэр хүнээ гэнэт учиргүй магтах, эсвэл хэн нэгнээр ажлаа бүтээлгэх болохоороо өмнө нь хэзээ ч тэгдэггүй атлаа гэнэтхэн аав ээжийнх нь биеийг асуугаад "танай аав ээж ер нь их бие сайтай хүмүүс юм аа" гэхчилэн санаанд оромгүй байдлаар зусардах, ярих юмаа олж ядахдаа алсыг ширтэн байж "танай нохой мөн ч хөөрхөн юм аа" гэж огт авцалдаагүй зүйл ярьж эхлэх зэрэгт монголчууд ихэд дургүйцэж "манж зан"-тай гэж нэрлэдэг байсан хэрэг.
Өөрөө бусдад тусалдаггүй атлаа, өрөөл бусдаас тусламж гуйхдаа "бүтэхгүй байж магадгүй" гэсэн түгшүүрт бодолдоо "тал зассан" хандлагаа нэмэрлэж байгаа, зохицолдоогүй харилцаанд монголчууд дургүй.
Хэзээнээс манжуудад дургүй байсан монголчуудын дээрх хэлц үгийг сонсоход, кинон дээр үзсэн шиг нэлмэгэр хар хувцастай, дугуй нүдний шил зүүсэн, урт гаансанд тамхи нэрсэн яравгардуу эрхэм "Хаа яа танай монголчууд мундаг шүү" гэж тал засан худлаа инээснээ, гараад явсан хойно нь "түй, үхэр монголчууд" гэж харааж байгаа төрхөөр сэтгэлд буудаг юм.
Түүхэн зохиолууд болон кинонуудад өгүүлдэг шиг Манж улсын дарангуйллын 200 орчим жилийн хугацаанд, Монголын хаад ноёдын зусардалт хэрээс хэтэрч , өөрийн газар нутаг, түмэн олны амар амгалан амьдралын төлөө бус, өөрийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө бэлэг сэлт өргөж, эрх мэдэл, ямбыг олж, түүгээрээ ард олноо дарамталж байсан үйлдэлд дургүйцэж байсны ард олны дургүйцлийн улбаа мэт.
Харин манжууд сураг алдарч, монголчууд сэргэн мандаж байгаа энэ эрин үед "манж зан" хэмээх хэллэг , монголчуудын өөр хоорондоо харилцах харилцааны нэгэн хэмжүүр болон удаан хугацаанд оршиж иржээ. Түүхийн түмэн нугачааны баларч бүдгэрсэн жим мэт.
Эелдэг найрсаг байх тийм ч хэцүү биш
Нийгмийн харилцааны хөгжил улам улмаар боловсронгүй болон хөгжих хэрээр, хүмүүсийн хоорондын харилцаанд шинэ хэм хэмжээ тогтох болсоор удаж буй. Энэ бол харилцааны соёл.
Нүүдэлчин амьдралын хэмнэлээс суурин амьдралын хэмнэлд шилжиж буй бидний монголчуудын хувьд энэ бол орхиж боломгүй асуудал. Бас огт хайхрахгүй байж боломгүй зүйл.
-Хай, юу байна даа?
-Хүүеэ чи сайн уу?
-Хөөш чамаар юу байнаа?
гэж бие биенээ дуудан мэндлэхэд, хэдийгээр дотносож, найзалсан аялга мэдэгдэж байвч, хүндлэл нэг л үгүй. Монголчуудын олон жилийн уламжлал болсон "Сайн байна уу? та" Сайн, сайн байна уу?" гэдэг хэллэгт маш их хүндэтгэл мэдрэгддэг.
-"Юу байнаа?"
-"Юмгүй дээ"
-"Юу ч үгүй юу?"
-"Юу ч үгүй шив дээ?"
"Амны билгээс ашдын билэг" гэж хэлэлцдэг монголчууд, бэлэгдлийн үгийг ихэд чухалчлан хэлэлцдэг. "Амар байна уу? та" "Мэнд ээ, та амар морилж явна уу?". "Тарган тавтай хаваржиж байна уу?" "Сайхан хаваржиж байнаа, та сайхан хаваржиж байна уу?.
Гадаад монгол олон үгсийг хольж ярин "боловсрол"-оороо гайхуулдаг монгол залуусын хувьд ингээд мэндлээд сурчихад нэг их "хоцрогдсон", "бүдүүлэг", "доошоо орсон" болохгүй дээ.
Бусдыг мэндэлж угтан, хүндэлж үддэг монгол заншлаа хадгалж үлдэхэд уг нь тийм ч хэцүү биш. Бид "монголчууд " гэдгээ бусдад мэдрүүлэх боломж нь энэ юм шүү дээ.
...Америк айлд захиалсан зүйлийг нь угсарч хийж байхад, тэд учиргүй баярлаж талархаж байгаагаа илэрхийлэн үргэлж инээмсэглэж, байн байн магтана. Ажлаа дуусгаад явахад хүртэл "маш их баярлалаа, чи үнэхээр сайн хийлээ, надад маш их тааламжтай байна" гэхчилэн талархсан сэтгэлээ илчилдэг.
Ийм нөхцөлд ажлаа хийж дуусгахад хүртэл урамтай. Хийж дуусгасан ажлаа хараад сэтгэл нь нэг л хангалуун баяртай. Хүмүүсийн ажилдаа дуртай байх, хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байх, бусдыг баярлуулсан зүйл хийсэндээ өөрөө баярлах сэтгэл бүхэнд урам талархал, чин сэтгэлийн магтаал дэмжлэг болдог. Чин сэтгэлийн магтаал талархал нь заримдаа хүний сэтгэлд "нар" мэт гэрэл гэгээг авчирч, өөртөө итгэх итгэл урмыг бадраадаг.
Америкчууд бүгдээрээ учиргүй соёлтой сайн хүмүүс биш л дээ. Заримдаа хийсэн ажлыг минь магтаж магтчихаад, ажлаа дуусгаад явсан хойно нь компаны удирдлагад нь "танай ажилчин ажлаа маш муу хийлээ" гэж элдэв шалтаг тоочон "матах" тохиолдол зөндөө.
Тэр үед өөрийн эрхгүй бухимдаж "үгүй ер тийм л муу байсан юм бол тэр дор нь хэлэхгүй, манж зантай гэдэг нь" гэж бодох. Хүн болгон адилгүй болохоор, нөгөө талаар үйлчлүүлэгч "хаан" болохоор араншинг нь ойлгохыг хичээнэ.
Заримдаа дургүй хэрнээ хүчээр инээмсэглэж байгааг харахдаа шоолох маягтай байвч, сэтгэл дотроо "энэ хүн, намайг хүн болж төрсний хувьд хүндэлж байна даа" гэж бодох дор тайвширдаг. Алив зүйлийг заавал муу талаас нь харах биш, арай эерэг талаас нь ажиж бодож сурвал ойлгож талархахад илүү хялбар мэт.
Хүмүүс гудамжинд тааралдах болгондоо инээмсэглэн мэндэлж , танихгүй хэрнээ " сонин юутай байнаа" гэж дотносох, машины түгжрэл дунд тэвдэж зогсоход хэн нэг нь инээмсэглэж дохиод урдуураа оруулах бүрд хүмүүс сэтгэл нь тайвширдаг.
Хүмүүс хаана ч явсан найрсаг зангаар харилцахад хариуд нь уурлаж бухимдахгүйгээр нэг л мэдэхэд өөрөө ч тэгж харьцахыг хичээнэ, тэр болгондоо уур уцааргүй сэтгэл амгалан болдог.
Урам талархлын сайхан үг, инээмсэглэл, найрсаг харьцаа гудамжинд ч, ажил дээр ч, амралт цэнгээний газарт ч, айл гэр дотор ч хүмүүсийн сэтгэлийн амар тайван, бухимдалгүй байхын үндэс нь юм.
Өөрийн бухимдал хорслоо өрөөл бусдад гаргах гэж хөмсгөө атируулан, баргар царайлах бүрд чиний царайд гуниг бухимдлын үрчлээ нэмэхээс өөр яах билээ. Чиний төрх нь сүрлэг баатарлаг гэхээсээ арчаагүй дорой, өрөвдмөөр өчүүхэн болж бусдад харагддаг.
Монголчууд бид дор бүрнээ хичээж, бие биедээ найрсаг хандаж сурахаас бидний хөгжил эхэлнэ. Үгүй дээ л сэтгэл зүрхэндээ дотносон ойртож, эвлэлдэн нэгдэхийн эхлэл болно. Эелдэг найрсаг байх тийм ч хэцүү биш.
...Монголчууд бидний нэг сайхан чанар байдаг нь, ахмад хүнийг хүндлэх хүндлэл. Ахмад настай хүнийг гэрийнхээ гадна угтаж авч, гэртээ хамгийн хүндтэй суудалд залж, цай идээний дээжээ өргөн барьдаг. Үг яриаг нь анхааралтай сонсож, бүх л үйл хөдлөлөөрөө хүндэлж талархаж байгаагаа илчилдэг.
Үдэж мордуулахдаа тохойг нь дэмнэн "сайн явж харих"-ын бэлэгтэй ерөөлийг заавал хэлнэ. Өөрөөсөө ахмад настай хүнийг хэзээ ямагт "та" хэмээн хүндэлж, нэрний нь ард "гуай" хэмээн өргөмжлөн дууддаг нь монголчууд.
Хүний нас, нас дагаж нэмэгдэх ухаан, амьдралын туршлагыг хүндэтгэдэг монгол заншил. Ахмад хүн болгон өөрт нь таалагдахгүй байсан ч, хэзээ ч доромж маягаар "хөгшин төгцөг" гэж хэлдэггүй монголчууд.
Саяхан фейсбүүк дээр нэг залуухан бүсгүй, автобусан дотор өндөр настай хүнд суудал тавьж өгөхгүй хэмээн хэрээрээ "гүрийж" байгаа зураг тавигджээ. Залуухан сайхан бүсгүйн тэр төрх нь ахмад настай хүний дэргэд өрөвдмөөр өчүүхэн мэт харагдаж байгааг олон хүн анзаарч байв.
Тэр бүсгүй хэзээ нэгэн цагт хөгширч, хөл нь өвддөг болно. Амархан ядарч түр зуур боловч сандал дээр сууж хөлөө амраахыг хүсдэг болно. Тэр үед, одоо гаргаж байгаа араншингаа эргэн санаж харамсах болов уу? Өөр шиг нь "гүрийж" байгаа залуугийн дэргэд "шүд зуун, гүрийж" чадах болов уу?
Бид өдөр тутам нас ахихын хэрээр ядарч, хүч нь хүрэхгүйн хэрээр бухимдаж, сэтгэлд нь хүрэхгүйн хэрээр гомдох аав ээжийгээ харж байдаг. Тийм болохоор ямагт тэднийгээ хайрлан халамжилж санаа тавьдаг. Үргэлж тусалж дэмжиж, баярлуулж байхыг хичээнэ.
Өөрийн тань төлөө "элж" байгаа тэр хүмүүсийн ач тусыг ямагт санаж, хариулахыг хичээнэ. Түүнийгээ өөрийн үүрэг хэмээн итгэдэг. Тэгвэл гудамжинд ч, нийтийн тээврийн унаанд ч, дэлгүүрт ч, үйлчилгээний газарт ч тантай тааралдах ахмад настай хүмүүс аав ээжтэй тань яг л адилхан хүмүүс.
Тэд нэг үеийнхэн болохоор үзэл бодол, зан араншин хүртэл ойролцоо. Тэд бас яг тан шиг өөрийн үр хүүхдүүдтэй, бас тэдэндээ хайрлагдаж хүндлэгддэг хүмүүс. Тэгэхээр ялгаварлан хандаж, гомдоож болно гэж үү?
Хэзээ нэгэн цагт та ч, бид ч эдний насан дээр ирнэ. Өөр хаачих ч билээ. Тэгэхээр тэднийг хайрлан хүндэлж байх нь тийм ч хэцүү зүйл биш, бас "манж зан" ч биш.
Зусардалт
"Манж зан"-гийн орчин үежсэн хэлбэр нь зусардалт. Монголчууд бид хэдийгээр "манж зан"-д дургүй ч, бусдад зусардахдаа харин сайн болжээ. "Зусар үг сөөм үнэгүй", "Илүү зуйрган баяжихад саад" гэж монголчууд бид хэлэлцдэг.
Өнөөдөр Монгол оронд минь мөнгөний төлөөх шунал, бие биедээ "том" болж харагдах гэсэн хийрхэл, эрх мэдэлд хүрэхийн тулд аугаа их зусардалт явагдаж байна. Хэдийгээр сэтгэл дотроо дургүй байвч, сэтгэл дотроо шоолж байвч, хууль бус үйлдэл болгоныг нь мэдэж байвч зусардан инээж, магтан долигонож байна.
Олж болох мөнгө, хүрч болох эрх мэдлийн төлөө шүү дээ. Энэ их аугаа зусардалтын тоосон дунд монголчууд бидний "мөн чанар" хиртэж байна.
-Өөртөө хэрэгтэй байгаа бичиг баримтаа бүрдүүлж, гарын үсэг зуруулахын тулд эрх мэдэлтэй хүнээ магтаж зусардана. Эхнэр хүүхэд, хав нохойг нь хүртэл ухаантай, хөөрхнийг нь шагшиж "гайхна". Хамтдаа ууж согтуурцгаана.
Тэр болгондоо тэврэлдэн үнсэлцэж, насан туршийн анд нөхдийн "андгай" тавьж, нууцыг хадгалахаа амлан тангараглана. Хамтдаа "томорч", бусдыг "муужирч унатал нь атаархуулах" тухайгаа ярьж хөгжилдөнө, худлаа инээнэ. Дахиад хошуун дээрээ үнсэлцэнэ, тэврэлдэнэ.
Хэргээ бүтээж, эрүүл болсны дараа "Новш гэж, энэ муу тэнэгийн шивэртэй улыг нь долоох шахаж байж л хэргээ бүтээлээ. Чи ч энэ янзаараа эндээ удахгүй биз дээ?" хэмээн тавлангүй бодно. Өөртөө бус өрөөл нэгэнд зэвүүцнэ. Хожим нь энэ тухайгаа бусдад ид хав болгон хуучилна, хууль бус үйлдэл, хуурамч зусардалдаа сэтгэл нь тэгтлээ шаналж зовохгүй.
-Сонгуульд нэр дэвшигчдийг даган зусардагсад цөөнгүй. Тэр хүний хийж чадах чадвар, хүлээж чадах хариуцлагын тухай тэгтлээ бодохгүй. Дотор сэтгэлд нь "Энэ хүн сонгуульд ялчихвал, надад ямар унац байх бол" гэсэн бодол эргэлдээстэй.
"Хэрэв сонгуульд ялчихвал..." гэсэн мөрөөдлийг маш олон бүтэх бүтэхгүй төлөвлөгөө дагалдаастай. Өөрт ашигтай гэсэн бодлоор хүмүүст хайр найргүй магтана. "Үүнээс илүү цэнхэр тэнгэр үгүй, энэ хүнээс илүү гайхамшигтай нь үгүй" гэж дуулна. Хурдан морийг нь хөтөлж гүйнэ, хүүхэд нохойг нь тэвэрч гүйнэ.
Хувцсан дээрх хялгасыг үлээж хайрлана, хундган дахь дарсыг нь сөгнөж халамжилна, худал үнэн үгийг нь даган баясаж инээнэ. Хэрэв сонгуульд ялагдчихвал "Хэ би мэдээд байсан юмаа, угаасаа олиггүй хүн чинь гарахгүй гэдэг нь тодорхой шүү дээ" гэж тавлана. Бүтээгүй хоосон мөрөөдлийнхөө төлөө бусдад түүнийг муучилж гутаана. Бас бухимдаж хараана. Дахиад л өөртөө хэрэг болох хэн нэгнийг хайна.
-Их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст зусардагсад цөөнгүй. Бусдад гайхуулах гэж "Яагаав, нөгөө хэн бид хоёр чинь их дотно шүү дээ" гэж хуучилна. "Мань хүн чинь хээгүй эр ээ. Хамаг л ууж идэх, зугаацах болгоныг нь би зохицуулдаг юм шүү дээ" хэмээн магтаж матна. Наанаа магтаж зусардавч, дотор сэтгэлдээ атаархаж хорсоно.
Харааж загнасан, хэлж шаардсан бүхний нь өмнө гөлөг шиг шарвалзчихаад, цаашаа алхахдаа "Хуцваа муу новшийн олигархи" гэж сэтгэл дотроо хараан хэрэлдэнэ. Гэхдээ хэзээ ч нүүрэн дээрээ ил гаргахгүй.
Өөрийн чадлаар бус, өрөөл бусдын "угаадсаар" амьдрах тавилантайгаа эвлэрдэг. Хэзээ нэгэн цагт эз дийлж, эзэн хүн нь ядрах цагт тавлан тохуурхаж, бахаа хангахаа мартахгүй. Сэтгэлийн мухарт хайр биш хорсол нуугдаж байсан цагт "хүн чанар" хэзээ ч гарч ирэхгүй.
...Монголчууд бид "юм үзэж нүд тайлж" тэр хэрээрээ хөгжицгөөж байна. Заримдаа "монголчууд бид яагаад ийм байж болдоггүй юм бол" гэж санаашрангүй бодох. Бүх зүйлийг эерэг сайнаар харж, чин сэтгэлээсээ бие биендээ эелдэг найрсгаар хандаж, инээмсэглэж, мэндэлж хүндэлж, урам талархлын үгийг хэлж байх тийм ч хэцүү биш л дээ.
Энэ дэлхийд үндэстэн ястангууд олон л доо. Тэр тусмаа уудам дэлгэр газар нутагтай, бахдаж бахархам түүхтэй, бусдаас арай л омог бардам монголчууд бид хэдий цөөхөн ч, бие биенээ хайрлан хүндэлж болно доо. Хүний дотоод сэтгэл гэдэг аугаа зүйл.
Зүгээр л хүн болгон дор бүрнээ ойлгож, хичээж байхад л болох зүйл шүү дээ. Эхний удаад хэн нэгэн монгол хүн чам руу гайхангүй харах л байх. Дараагийн удаад тань руу толгой дохино. Гурав дахь удаад инээмсэглэнэ. Та харж л байгаарай. Танаас л бүх зүйл эхэлнэ шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com