Манай түүхийн манжийн үе их будлиантай. Нэг үе “манж-хятадын дарлал” гэж хамт бичдэг байв. Энэ ч утгагүй байсан юм. Тэгээд “хятадын” дарлал болов. П. Очирбат Ерөнхийлөгч “манжийн колони байгаагүй, доминион байсан юм” гэж хэлээд баахан загнуулав. Ц.Элбэгдорж тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор: “монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм” балайрав. Тэгээд манжийг эзэлж байсан болж байна уу ?! Ингээд манай манжийн үеийн түүх “дуусч” байгаа юм. Ерөнхийдөө бол “манж-хятадын дарлал” буцаад “тогтож” байх шиг. Ямар ч судалгаа хийхгүй солиороод байхаар ингэдэг юм л даа…


Дарлалаас өмнө

Манайхан нэг их ичдэг юм ?! Манжид эзлэгдсэн гэхээр. Энэ дэлхий дээр “эзлэгдээгүй” улс гэж ганц ч байхгүй. Харин үндэстэн хэвээрээ үлдсэн үү гэдэг л гол асуудал. Хятад Манжид эзлэгдээгүй хэрэг үү ?!

Манайх ганц зүйлийг бараг ярьдаггүй. Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүй. Энэ талаар олон юм ярьж болох боловч товчоор бол феодалын бутрал гэгч аймшигт үзэгдэл болж байсан. Бага Юань улсын үеэс эхлээд унатлаа үргэлжилсэн. Бараг 200 шахам жил бие биенээ алж хядсан даа, монголчууд. Сүүлдээ язгуур угсаатнууд нуган хүүхэд төрснийг нуудаг байсан цөвүүн цаг байсан.

Ингэж байж л ялагдахгүй юу, өөр яадгийм ?! Энэ талаар манай түүхийн бараг бүх сурах бичигт буй, ялангуяа Ч.Далай багшийн сурах бичигт илүү ойлгомжтой өгүүлсэн гэж санана.

Жигшмээр, зугтмаар энэ үеийг сайн судалж хойч үедээ үүрдийн санамж болговол бидэнд л хэрэгтэй байх.

Өөр нэг юм нь тэр үеийн феодалын бутралыг өнөө үежүүлэх тэнэглэл юм. Манай “онолчид” их дээр үеэс эхэлнэ ээ. Хувилай, Аригбөх хоёроос эхлээд үзэж тарна, Өндөр гэгээн Занабазар Галдан бошгот хоёроор заамдалцах бол энүүхэнд.

Хүүеээ Та нар хэн юм, юу юм ?! Ахиж манжийн дарлалд ормоор байгаа юм уу ?! Одоо тэр манж чинь байхгүй. Тэгээд хэний дарлалд ормоор санагдаад байна ?!

Өөрөөр хэлбэл Манжийн дарлалаас бүр хамаагүй өмнө бид өөрсдийн зөрчлөөс болоод үндэсний нэгдмэл байдал, дотоод эрчим хүчээ алдчихсан байсан. Бие даасан хэд хэдэн ванлиг “улсуудад” хуваагдсан байсан. Тэгээд л эзлэгдсэн юм. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Энийгээ ярих хэрэгтэй л дээ…


Манж эзлээд…

Манж манайхыг эзлээд Дорно дахины том гүрэн хийдгээс илүү зүйл ч хийгээгүй, дутуу зүйл ч хийгээгүй. Ер нь манайхан юм болгоныг европ ойлголтоор тайлбарлах гээд байдаг. Ухаандаа Манж манайхыг эзэлсэн нь европын колони болгож байгаатай шууд дүйхгүй. Бас европын вассаль, доминион, сатталит зэрэг ойлголттой шууд давхцах нь юу л бол ?!

Заавал европ ойлголттой тааруулбал санаа нь амардаг сэтгэлгээ нэг л биш ээ. Ухаандаа Чингис хаан Хорезм, Орос, Хятадыг эзэлчихээд “колони” болгочихлоо гэж бодож байгаагүй байх. Зүгээр л улс гүрнийг нь эзэллээ, Монгол улсаа гаднын нэг аюулгүй болголоо, одоо татвар авна, хяналт тавина гэж бодож байсан байх. Тэрнээс биш үйлдвэр, эдийн засаг хөгжүүлээд л, боолчлолын систем нэвтрүүлээд л “нэмүү өртөг” авдаг колони байгуулаагүй. Дорно дахинд тийм колони огт байгаагүй. Ийм юмыг европчууд л авчирсан.

Дараагийн нэг асуудал бол тусгаар тогтнолын төлөө тэмцлийн асуудал юм. Олон хүн монголчууд олон зуун жил тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн гэдэг үндэслэл харьцангуй юм. Ер нь дорно дахинд эзлэн авлаа л бол “зөв” удирдаж чадвал тусгаар тогтнолын хөдөлгөөн бараг гардаггүй.

Нэн ялангуяа талын нүүдэлчид зөрчилдөн тулалдах нь элбэг боловч дайн тулалдаанд үрэгдсэн хүмүүс буюу толгойлогч ноёд, цэргийн жанждыг эс тооцвол хэзээ ч овог аймгаар нь хүйс тэмтэрч байгаагүй. Монголын нууц Товчоонд татаар аймгийг л хуйгаар нь хядсан ганцхан тохиолдол бий.

Тэхээр хагас нүүдэлчин, хагас анчин манж нар монголчуудыг угсаатны хувьд устгах ямар ч үндэслэл байхгүй. Энэ ч ёсоор болсон. Харин ч монголчуудад хамгийн хүндэтгэлтэй хандсан. Яагаад гэвэл агуу их улсын сүр хүч их байсан. Ялангуяа монгол язгуур овгоос хатан авах нь манжуудын хувьд нэр төрийн хэрэг байсан.

Тэд Монголд хоёрдмол хандсан байх. Нэг талаас, шинэ тутам төрөн гарсан үндэстэнд агуу их сурвалжит сүр хүч хэрэгтэй. Тэр нь мэдээж Чингис хаан, монголын төр байж таарна. Нөгөө талаас яагаад ч Монголын төр улсыг хуучин шиг нь хүчирхэг болгож болохгүй. Энэ зөрчил тэдний явуулсан бодлогод илт ажиглагдах учиртай. Аль ч тохиолдолд Хятад Монгол хоёрыг хольж нийлүүлж болохгүй.

Энэ л Монголыг үндэстний хувьд аварсан болов уу даа…

Манжууд “Монголыг монголоор”, “Бусдыг бол монголоор” гэсэн зарчим хэрэгжүүлж байсан гэдэг. Тэхээр манайхан “бусдыг” дээрэлхэхдээ “их сайн” байсан шиг байгаа юм.

Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө “өдөр шөнөгүй” тэмцэж байгаагүй. Олон хүн “гомдоно” байх. Гэхдээ л үнэн нь ийм. Гэхдээ Дорно дахины олон ард түмэн бүгд ийм байсан. Одоо олон хүн “баярлана” байх. Цаг үе нь тийм байсан юм. Лениний хэлснээр Дорно дахины ард түмэн бүгд “унтаж” байсан юм.

Тэгээд Манж манайхыг эзлээд манж захиргаа тогтоогоод “амар сайхан” жаргасан юм. Нээрээ шүү. Нөгөө аймаар феодалын бутрал, бие биенээ алж хядах зогсов, дотоодын үймээн самуун зогсов.

Одоо олон “онолч” хэлдэг юм, муусайн манжууд монголчуудыг олон зуун жил ертөнцийн хөгжлөөс тасалсан гэж. Энэн шиг худал юм байхгүй. Яагаад гэвэл Манж өөрөө хамгийн түгжигдсэн газар байсан юм чинь, ямар юмных нь бусдыг түгжих байдгийм.
Хятад буюу Манж Чин гүрэн дөнгөж саяхан буюу 1850-1860-аад оноос нээгдэж “хагас колони” болсон гэж дэлхийн түүхэнд өгүүлдэг. Европын анхны наймаачид ирээд “Танайтай худалдаа хийх талаар ярилцая” гэхэд манж түшмэл: “Бидэнд бүдүүлгүүдтэй ярих зав алга” гэж хариулсан байдаг.

Ер нь бол Монголын эзэнт гүрэн унаснаас хойш Европ, Азийн холбоо харилцаа олон зуун жил тасарсан гэж дүгнэхэд нэг их буруудахгүй байх…

Иймээс манжууд дэлхий дахины талаар саяхан болтол “тас харанхуй” юу ч мэдэхгүй, бас аймаар их зантай байсан нь илт байна. Гэхдээ тэд бүх юмыг өөртөө хийж чаддаг, ази хэмжигдэхүүнээрээ дутагдах гачигдах зүйл тун бага байсныг бас харуулж байна. Дашрамд хэлэхэд Монгол ч гэсэн нэг их дутагдаж гачигдаад үхчих гээд байсан юм огт байгаагүй. Ядуугаа мэдэхгүй, баян болох хүсэлгүй хүмүүс чинь хамгийн “аз жаргалтай” байдаг юм.

Манж гүрэн хатуу харгис байсан. Тийм. Тэр үед дэлхий дээр, ялангуяа Дорно дахинд “зөөлөн” төр ганц ч байгаагүй. Муусайн новшнууд манай баруун монголд аймшигтай геноцид явуулсан. Энийг бол ёстой мартаж болохгүй. Гэхдээ энэ нь өнөөдрийн монголын хэрүүлийн үндэс болох ёсгүй. Дашрамд хэлэхэд би баруун монголд хайртай төв монгол судлаач. Нэг монгол үзэлтэн.

Асуудлын гол нь “феодалын бутралд” байсан юм. Хувь хүн яаж ч баатарлаг байсан, яаж ч зөөлөн байсан эв нэгдлийн үзэл санаа гаргаагүй цагт манжид ялагдах байсан. Тэр үеийг бодохоор сэтгэлд бөөн хар гуниг гутрал байнга төрөх. Саяхан “Ану хатан”-г үзээд уйлсаар байгаад гарч ирэв. Би үнэнээ л хэлж байна. Ахиж ингэхгүй юмсанаас өөр бодож чадах юм алга. Гэхдээ чи бид тэр үед төрсөн бол яаж шийдэх байсан бол гэхээр хэлэх үг олддоггүй л юм даа…

Хэн ч Та биднийг “түүхийн шүүгчээр” томилоогүй гэдгийг хааяа ч гэсэн саначихвал зүгээр л байна. Хятадын түүх бичлэгт үнэхээр авууштай нэг чанар байдаг юм. Энэ бол түүхэн бие хүнийг бараг муулдаггүй заншил юм. Манайхан энийг авах л хэрэгтэй дээ…

Манжийн төр харийн дарангуйлагч төр байсан учраас бие даах гэсэн оролдлого бүрийг даран сөнөөж байв. Тэд феодал ангийг цол хэргэм, цалин пүнлүү, зэрэг дэвээр тогтоон барьж, ховлон мэдээлэх адгийн систем тогтоосон нь бараг үндэсний шинж болтлоо хөгжсөн билээ. Монголын эрх баригчид юм л бол бие биенээ Бээжинд очиж ховлодог заншилтай болсон нь хожим Москвад ховлох болон солигдсон билээ. Энд зарчмын ялгаа байхгүй юм. Энэ муу ёрын боолын сэтгэлгээ одоо болтол оршин байгаа…


Шашин дэлгэрээд

Муусайн манжууд манайд шарын шашин дэлгэрүүлээд баллаад хаясан гэж зарим нь ярих. Монгол тулдаа шарын шашнаа авч үлдээд оюун санааны хувьд амьд үлдсэн гэж зарим нь ярих. Ингээд шашны их бага дэлгэрэлт гээд солиороод алга болж өгөх. Хамгийн гол нь эвлэршгүй дайн хийх…

Сүүлийн үед тэнгэризм гэгчийг гаргав. Монгол Чингис хааны үед тэнгэр шүтдэг байсан. Түүнийг шүтэхээ байгаад улс гүрэн бууран доройтсон. Өөрөөр хэлбэл шарын шашин шүтсэнээс болж. Тийм ч байж болно, үгүй ч байж болно. Харин нийгмийн хөгжилд нэг хүчин зүйл нөлөөлдөг гэж л лав байхгүй. Энэ бол хөдөлбөргүй зарчим.
Монголын феодалын бутрал дан ганц шашнаас болсон гэж би бодохгүй байна. Мэдээж шашин нэг хүчин зүйл байсан байх. Тэгвэл яагаад өөр ганц ч хүчин зүйл хэлэхгүй байгаа юм ?! Ингэхээр энэ баталгаа үнэн байж болох ч дутуу байна.
Миний төсөөллөөр эдийн засгийн буюу үйлдвэрлэлийн аргын интеграл шалтгаан гол нь байсан болов уу ?!

Нөгөө талд нь шашин дэлгэрээд мундаг болсон гэвэл би л лав зөвшөөрөхгүй. Шашны ном эрдмийн “зөв буруу” нэг хэрэг. Би бол “зөв” л гэж боддог. Харин нийгэмд дэлгэрсэн байдал, зохион байгуулалтын хэлбэр, эдийн засаг, нийгмийг тэтгэх байдлаараа уламжлалт шарын шашин шиг утгагүй болтлоо тэлсэн зүйл үгүй. Энэ дүгнэлтийг би биш, хувьсгалчид биш, тухайн үеийн шашны тэргүүн ухаантнууд нотлон хэлж байсан юм.
Ингэхэд манжууд ямар шашинтай байсныг боддог хүн манайд байдаггүй юм. Уг нь тэд бөө мөргөлтэй байгаад манайхыг дуурайж түвдийн буддизмийг шүтдэг байсан. Яахав ордон хавьд нь Күнз мэдээж байсан. Энийг ч гэсэн судлах л ёстой ш дээ. Дандаа сураг ажгаар солиорч байхаа болих хэрэгтэй л дээ…


Манж Чин гүрэн унаад балрав…

Европууд бараагаа Хятадад зарах гэсэн чинь авдаггүй гэнэ. Тэд өөрийн үйлдвэрлэл сайтай байж. Ингэмэгц нь хар тамхи Энэтхэгт тарьж Хятадад хүчээр нэвтрүүлжээ. Манжийн нэгэн түшмэл дургүйцэж хар тамхийг нь шатаасанд “соёлтой” европууд дайн хийжээ. Хар тамхины I, II, III дайн хийж, хөөрхий муу Манжаас одоогийн Гонконг, Мокаог булаан авчээ. Дараа нь Япон 1894 онд дайн дэгдээв. Энд би дайны түүх ярих гэсэн юм биш, монголыг ярих гэсэн юм.

Монгол нэгэнт Манж Чин улсын харъяат учраас төр улсаа хамгаалах дайнд оролцох нь мэдээж хэрэг. Монголоос цэрэг цуух, адуу мал, зэр зэвсэг, хонь хүнс гээд дааж давшгүй татвар татах болов. Өмнө нь татвар “арай гайгүй” байсан бололтой. Ингээд “амар сайхан” амьдрал дуусав. Энэ талаар монголын түүх бичлэгт юу ч ярьдаггүй. Ухаандаа “Айлын хүүхэн Алигармаа” дуу бол чухам тэр үеийн дуу юм.

Байлдах бол Монгол хүний төрөлх авъяас учраас манж цэргийн монгол жанжин Сэнгэрэнчин гайхамшигт гавъяа байгуулсан байдаг. Тэр европын орчин үеийн их буу, винтовны өмнөөс морин цэрэг, сэлэм, жадтай үзэлцсэн байна. Ёстой эр цэрэг шиг яс үзэлцсэн юм билээ. Монголоос бусад гадаадынхан тэр жанжныг бахархан дурсдаг л юм…

Энэ талаар манай түүхчид бас л бараг юу ч дуугардаггүй. Манжийн төлөө зүтгэсэн юм гэнэ. Үгүй шүү, тэр хүн төрийнхөө төлөө тэмцсэн монгол жанжин…

Чухам энэ үеэс хаант Орос, Чин гүрэн хоёр холбоо тогтоож Орос манжид хуучирсан штуцер буу, эрээст их буу болон бусад зүйл нийлүүлэх болж, цахилгаан мэдээний шугам тавигдаж, манжийн цэргийн дарга нарыг бэлтгэх дамжаа маягийн юм Хүрээнд ажиллах болсон байна. Монгол зэр зэвсэг, ханган нийлүүлэлтийн ямар нэг дамжлага бааз маягийн юм болсон бололтой. Энэ бол Монгол дэлхий дахинд бага ч гэсэн нээлттэй болсон хэрэг байлаа.

Чухам энэ үед Японд Мэйжийн эрин эхэлж, Хаант Орос хамжлагат ёсыг халж манай эргэн тойрны бүх уламжлалт нийгэмд томоохон ан цав гарч эхэлжээ. Энэ чинь 1860-1870-аад оны үе шүү дээ. Энэ ан цав хэдэн арван жилийн дараа тэс үсрээд Евроазийн эх газрыг орвонгоор нь өөрчилнө гэдгийг Марксаас өөр хүн хэлж байгаагүй…

Энэ үед төрийн татвар дарамт ихсэж, дайны байдалд орсноор Монголын нийгэмд эрс өөрчлөлт гарсан байна. Гуч дөчин жил дайн хийхээр, тэгээд дандаа ялагдаад дайны аймаар төлбөр төлөөд байхаар их л хэцүү юм болсон нь ойлгомжтой. Англичууд ембүү буюу метал мөнгийг нь зөөсөөр байгаад мөнгө-санхүүгийн системийг нь эвдсэн аж. Ямар ч гэсэн амьдрал ихээхэн муудсан байж таарах гээд байгаа юм. Энэ нь шилийн сайн эрчүүдийн “хөдөлгөөнөөс” мэдэгдэнэ. Манай шилийн сайн эрчүүд сайндаа үүсээгүй юм. Амьдрал муудаад л үүснэ биз дээ…

Ер нь бол хэвшиж тогтсон нийгэм задарч, төрийн ялзрал тэр үеэс эхэлжээ. Нөгөө талд нь капитализмын ч юм уу, зах зээлийн ч юм уу зарим элемент нэвтэрч эхэлсэн байна.

Энийг бас л судлаагүй. Манжийн үе гээд хаячихдаг. Уг нь их сонирхолтой үе л дээ…
Манжийн үед ямар байснаа манай феодалууд их тодорхой өгүүлсэн байдаг. Энэ бол Оросын цагаан Хаан II Николайгаас тусламж гуйсан бичиг билээ…

“…Монголчууд эртнээс нааш шарын шашныг шүтэж, өөрсдийн хэв суртлаар явтал хожим манж хаан мандаж, шарын шашныг эрхэмлэн эрдэм өршөөлийг дэлгэрүүлсний тул бидний багш анхан үеийн Богд лам шарын шашныг эрхэмлэн манж хаанд шүтсээр хоёр зуу илүү он монгол хан ван засгууд өөр өөртөө албат ард даан эзэн болж газар орны ашгаа өөртөө эдэлж маш амар тайвнаар аж төрж буй дор үүнээс нааш хятад түшмэл эрхийг барьж улсын эрхийг элдвээр самууруулахын дотор ялангуяа шинэ засгийн дүрэм хэмээн нэрийдэж завшин Монгол газар гэх зэргээр хуучин хэв суртлыг халж, эрх хүчнийг бууруулан бүрэлгэх нь үлэмж, үнэхээр гашуун…Урьд бид нар шүтэн дагасан нь (манж хааныг хэлж байна-Х.Д.Г) өдгөө нэр буй боловч үнэн үгүйд хүрч зовлон зүдгүүр үүсгэхүй нь цагаар нэмэгдэхийг аль хэн ч тодорхой мэдэх тул…” гэсэн шалтгаан тоочсон байдаг.

Эндээс ойлгомжтой байгаа биз дээ. Манжийн үед “маш амар тайвнаар” аж төрж байлаа, гэтэл сүүлийн үед хятадууд орж ирээд болохоо байлаа гэсэн учир зүй байгаа биз…

Миний бат итгэлтэйгээр үзэж байгаагаар: Манжийн Монголын талаарх бодлого түүхэн үеүдэд ихээхэн өөрчлөгдөж иржээ. Хамгийн гол нь Манж Чин гүрний нуралт 1860-1870-аад оны үеэс эхлэн лавтайяа 40 гаруй жил үргэлжилжээ. Энэ нь түүний харъяанд байсан Монголд бүх талын сөрөг нөлөө үзүүлж байжээ. Монголын тусгаар тогтнолын үзэл санаа улс төр, эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн урт удаан, олон талт хувирлыг туулж төлөвшиж ирсэн байна. Эндээс монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааны нэг том суваг нь үймэн бужигнаж байсан Манж Чин гүрэн байсан гэсэн таамаглал (гипотез) зоригтойгоор дэвшүүлж болно.

Яагаад гэвэл энэ болтол монголчууд зөвхөн урд зүг рүү харьцдаг байсан учраас тэр. Хэрэв нүдтэй чихтэй хүмүүс юм бол тэнд болж буй дайн дажин, үймээн самуун, үгүй ядаж “эдийн засаг” яагаад доройтоод байгаагийн шалтгааныг олж харсан байх учиртай…
Харамсалтай нь манай түүх бичлэг энэ талаар огт судлаагүй бөгөөд одоо болтол судлахыг огт хүсэхгүй олон жил болжээ. Энэ бол хэт үзэл сурталжсан, гүехэн ухаантнуудын бодлогогүй ажил мөн. Сүүлийн үед түүх бичлэгээр улс төрчид, сайн дурынхан галзуурах болсон нь шинжлэх ухааныг ёстой завааруулж байна. Дээрээс нь манай мэргэжлийн түүхчид судлахаа больж, мөнгө харан сэтгэхээ байсан нь бүр ч илүү аймшигтай…
Мэргэжлийн биш хүн хажуунаас нь харахад ийм байхад судлаад үзвэл тун ч их юм гарах нь ямар ч эргэлзээгүй…

Монголчуудын үндэсний эх оронч үзлийн эхийг мэдье гэвэл манжийн үеийн түүхээс улируулан судлахаас өөр арга байхгүй. Гэтэл манай түүх 1911 онд хувьсгал ялаад гэж эхлэх бөлгөө…

Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги, түүх мэдэхгүй бол төр битгий барь…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: www.ganaa.mn