“Эрх баригч, сөрөг хүчний нөлөө бүхий эрхмүүд Ардчилсан хүчний холбооны Зүүн бүсийн чуулга уулзалтаар халхавчлан Буйр нуурт уулзалдаж, Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг унагах талаар хэлэлцэх нь” гэх “бор шувуу” өнгөрсөн баасан гарагийн үдээс өм­нө Төрийн ордон хавиас нисэв. Одоо л “хор най­руулах” гэж муухайгаар нэрлэж байгаа болохоос тө­рийн зүтгэлтнүүд хэзээнээсээ ийм уулзалт чуулганы үеэр л цаашдын үйл хэргээ зөвшилцдөг уламжлалтай. “Хор”, эсвэл “хоол” найруулсны алинаар нэрлэх нь тухайн уулзалтын зорилгоос хамаарах учиртай. ТББ-ынхаа хэмжээнд хурлаа хийгээд асуудлаа хэлэлцээд ирвэл “хоол”, төр хутгах тоглоом сэдээд ирсэн бол “хор най­руулсан” болж хувирна. “Бор шувуу” аюултай. “Хоо­лыг хор болгож” ч чадна. Гэхдээ “Олны яриа ортой” гэдэг. Энэ удаа нөхдүүд “хор хутгахаар” явсан бололтой. Чуулганы үеэр Ардчилсан хүчний холбооны удирдлагууд Засгийн газрын хувь заяаны талаар хэлэлцэнэ гэж гадуур дээр доргүй ярьцгааж байна. 


Өнгөц харахад ингэж хардах үндэслэл маш бага. З.Энхболд Ардчилсан хүчний холбоо ТББ-ын Ерөнхийлөгч. Үүсгэн байгуулсан байгууллагынхаа чуулганд оролцох нь тийм ч гайхмаар явдал биш. Үүнээс гадна Ардчилсан хүчний холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэ Н.Алтанхуягийн танхимын гишүүн. Засаг огцрох нь салбартаа олон ажил сэдэж хэрэгжүүлээд явж байгаа С.Эрдэнэ сайдын хувьд тийм ч хүсмээр зүйл биш. Гэвч Засгийг унагана, тэр ч бүү хэл МАНАН-гийн засаг байгуулахаар явлаа гэсэн яриа гарч байгаа нь ямар учиртай вэ. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. 

Нэгд, З.Энхболд өөрөө ийм яриа гаргах шалтгаан. Хүмүүс нэг хэсэг Ардчилсан холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгыг “дараагийн Ерөнхий сайд” хэмээн цоллодог байсан. “Алтангадас”-аас өөр бас нэг том хүч гарч ирж байгааг ойлгосон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төмөр замын царигаар нэвтрүүлэг хийсэн дээр нь дөрөөлөн нам доторхи фракциудын хүчний хуваарилалтыг тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш “Алтангадас”-ыг унагах гол хүнээр З.Энхболд нэрлэгдэх болсон юм. Тиймээс УИХ-ын дарга ээлжийн амралт нь дууссан ч гэсэн Буйр нуурыг зорьсон нь “нөгөө яриаг” гарахад хүргэжээ. 

МАНАН-гийн тухай яриа нь сөрөг хүчний хэд, хэдэн гишүүд мөн Буйр нуурын эргийг зорьсон гэх барьцгүй мэдээтэй холбоотой. УИХ-ын гишүүн С.Баярцогт чуулганы үеэр “МАН-д урилга өг” хэмээн Ерөнхий сайддаа зөвлөсөн, сөрөг хүчний “түрийвч” гэгддэг МАК-д стра­те­гийн ач холбогдолтой Цагаан суваргын ор­дыг 100 хувь эзэмшүүлэхээр болсон гээд эрх ба­ригч, сөрөг хүчин хоёрын ялгаа сүүлийн үед арилж байгаа. Энэ дотнослыг нь зөвхөн Өрийн удирд­лагын тухай хууль дээр санал нэгтгэх төдлийгөөр хязгаарлаж яаж болох вэ. Илүү том зорилго байгаа ч юм бил үү.   
 
Эцэст нь, “засаг унах ёстой” гэсэн итгэл үнэм­шил зарим нэг хүнд байгаа явдал. Заримуудын за­рим нь үүнийгээ ил тод илэрхийлж, Ардчилсан Засгийн үед Засаг солигддог уламжлалтай” гэх нь холгүй ярьж байгаагаас үүнийг харж болох байх. 1996-2000 онд Засгийн газар дөрвөн удлаа солигдож, Ц.Элбэгдорж Засгийн газрын тэргүүнээс огцорч байсныг хэлж байгаа нь тэр. Ийм яриаг гаргах болсон гол зүйл нь фракциудын тэмцэл юм. 1996-2000 онд Засгийн газар дөрөв солигдоод Н.Энхбаяр, Ц.Нямдорж тэргүүтэй сөрөг хүчин гол дүрд тоглож, Ардчиллынхан өөрсдөө, өөрсөддөө дэгээ тавьсан байдаг. Дандаа дотроосоо Засгаа унагадаг. Энэ түүх давтагдах гээд байна уу. 

Эргэн саная. 2012 оны өвөл, Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар бэлтгэж байсан үед Р.Амаржаргал тэргүүтэй МҮДН-чүүд “Намаа хамтарсан Засгаас гаргана” хэмээн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн билээ. Сэтгүүлчид ҮЗХ-ны хурлаар “Н.Алтанхуяг солигдох нь дээ” гэж хүлээж байтал “Алтангадас”-ын дэглэлтээр явагдчихсан. Уг нь бол “Шонхор”, Ардчилсан холбоо хүч хавсран Н.Алтанхуягийг унагаж, улмаар Хамтарсан Засгаас гарах шийдвэр гаргаснаар олон нийтээс их нэр хүнд олж авах ёстой байв. Гэтэл “Алтангадас” МҮДН-ийг эхэлж хөдөлгөөд санаархлыг нь тас цохисон. Улмаар хамтарсан Засгаас гарч, сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулсан билээ. Эндээс “Шонхор”, Ардчилсан холбоо хүч хавсарч байж л “Алтангадас”-ын давамгайллыг бууруулна гэдгээ ойлгосон болов уу. Энэ үеэс тэдэнд нэг хань гарч ирсэн нь эдүгээ Х.Баттулга, З.Энхболд нартай урьд өмнөхөөсөө илүү ойртон шадарлах болсон гэг­дээд байгаа Р.Амаржаргал. Н.Алтанхуяг тан­химаа байгуулахдаа фракциудын эрх ашгийг тэн­цүү хангаж, “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байхыг хичээсэн ч чадаагүй. Агент­лагийн хэмжээнд ажиллаж байсан газруудыг яам бол­гож байж “Шударга ёс” эвсэлд дөрвөн суудал гаргаж өгснөөс энэ нь тодорхой харагдсан. Уг нь бол Хамтарсан Засгаас гарах ажиллагааг хамтран хэрэгжүүлсний хувьд МҮДН хоёроос доошгүй суудал горьдож байсныг үгүйсгэх аргагүй. Р.Амаржаргал гишүүн бол түүнээс ч том суудал нэхсэн сураг дуулддаг. Гэвч яамны тоо хязгаартай юм хойно, “Шударга ёс” эвсэл хүссэнээ авч, Ардчилсан нам асуудалтайгаа үлдсэн юм. Намдаа, журмын нөхөддөө үе ,үе хатуу үг хэлдэг болоод буй Р.Амаржаргал гишүүний гомдол ч эндээс эхтэй болов уу. Ингээд “Алтангадас”-тай тооцоо бодох субъектүүд бэлэн болох нь тэр дээ.   

Н.Алтанхуягийн танхимыг муучилж, сайд нарыг нь “ам.долларын ханшийн өсөлт” гэх мэт гадны нөлөөтэй шалтгаанаар харлуулж байгаа ч энэ Засгийн газар олны дунд нэр нүүрээ тэгтлээ алдчихаагүй байна. “Чингис” бондын хөрөнгөөр хийсэн ажлаас үр дүнгээ шууд өгсөн, хоёр жилийн дараа үр дүнгээ өгөх ажил ч байна. Ард түмэнтэй илүү ойр нээлттэй харилцдаг жишгийг нэвтрүүлсэн гээд нэмэх тэмдэг байна. Энэ тодорхой ажлууд дээр нь Ерөнхий сайдад тавигдах “А” үнэлгээг саармагжуулах нь нэг хүнд хэрэгтэй. Тийм болохоор л ТББ-ын чуулга уулзалтыг ч хэт дэвэргэж, Засаг унах ёстой гэсэн яриаг нийгэмд тарааж, сэтгэлзүйг нь “бэлдэж” байж ч мэдэх юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Усгал