Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр “Монсудар” хэвлэлийн компаниас 9-р сарын 4-12-нд зохион байгуулсан “Соён гэгээрлийн өдрүүд”-эд урилгаар оролцож, монгол хүний хүндлэх, мэндлэх ёсны талаар лекц уншсан юм.


“Өдгөө цагт их, дээд сургуулийн зарим төгсөгч дипломоороо бахархаж, тэгсэн хэрнээ мэдлэгээсээ ичдэг болж” гэж та нэгэнтээ хэлсэн байсан. Өнөөдөр манайд хүн амынхаа тоотой харьцуулахад хэт олон гэхээр дээд сургууль бий болж. Энэ сургуулиуд мэдлэгтэй хүн төгсгөөд байна уу, зүгээр л мэргэжилтэн төгсгөөд байна уу?

Одоо манайд 90 гаруй их, дээд сургууль байгаагийн бараг 80-аад хувь нь хувийн хэвшлийнх. Өөрөөр хэлбэл 160 орчим мянган оюутны 60-70 хувь нь хувийн хэвшлийн сургуульд хамрагддаг гэсэн үг. Би төрийн мэдлийн сургуульд нэг их юм хэлдэггүй юм, эрх биш төр нь мэдэж байгаа биз гэж бодоод. Харин хувийн сургуулийг анх үүсгэн байгуулагчдын нэг бас амьдралыг нь мэдэх хүний хувьд дандаа сэтгэл зовж явдаг. Хэтэрхий олон сургууль бий болоод, багш нар нь жаахан нялх нойтон болчихож, зүгээр л энгийн үгээр хэлэхэд. Ерээд оноос өмнөхийг бодвол цоо шинэ зорилт тавьж, шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа энэ үед гэхдээ яг суурьтай буурьтай сурах бичиг, хэрэглэгдэхүүн бас гараагүй ийм нөхцөлд нэг талаас, нөгөө талаас мэргэжил эзэмшээд, түүнийгээ ажил чадвар болгоно гэдэг бол их өөр зорилт болсон шүү дээ. Тэгэхээр үүнийг ойлгоогүй хүмүүс одоо ч байсаар л байна. Зүгээр л нэг сургуульд оруулаад, нэг диплом авчих юм бол хамаг амьдрал нь ханачих юм шиг санадаг. Гэтэл одоо бол тийм цаг биш шүү дээ. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, зорилт ч өөр болсон. Тиймээс зөвхөн мэдлэг олгох биш дээр нь чадварыг нь хөгжүүлэх, хүнийг чаддаг юмтай болгох нөгөө талаар чадах ажлаа хүн өөрөө таньж мэдээд, мэргэжлээ сонгох хэрэгтэй. Сонголт ч ерээд оныхоос огт өөр, чөлөөтэй болж. Хүссэн хүсээгүй нэг юм руу чихээд орох биш, өөрөө л зөв сонго. Нэгэнт өнөөдөр нөхцөл байдал бүрмөсөн төгс төгөлдөр болчихоогүй болохоор залуучууд боловсролтой болж байгаа ч чанар нь алга. Дипломын дүн нь чадвар болж хүндээ шингэсэн юм байдаггүй. Тийм болохоор нийгэмд дипломтой ажилгүйчүүд олон болчихоод байна л даа. Дипломтой ажилгүйчүүд гэдэг чинь хор юм хэлж байгаа юм. Нэгд, мэдлэг чадварын түвшин нь хангалтгүй байна хоёрт, өөрийнх нь мэдлэг хаана борлогдож, юу хийхээ бодож төлөвлөж чадаагүй гэсэн үг. Гэхдээ хүн амын дийлэнх нь яагаад дээд мэргэжилтэй байж болдоггүй юм, хэрэв хүсвэл хэдэн ч дээд сургууль төгсөж болно, мөнгө нь цаг нь бас нас нь хүрдэг юм бол. Ажлын фронт дээрх нүх сүвийг гярхай харж чадвал ажил олдохгүй байгаа юм биш. Харин ч бид хөгжих, бусад улс орны түвшинд хүрэх гээд зүтгэж явна шүү дээ. Мэдлэг боловсрол олдог, олгодог хуучны тэр ойлголт, чиг баримжаа өнөөдөр өөрчлөгдөж. Хуучин бол сургалтыг нь төр даадаг, мөнгийг нь ч төлчихдөг, ямар мэдлэгтэй төгссөн нь хамаагүй, ажил олоод өгчихдөг байлаа. Ажил дээр гараад, хийсэн хийгээгүй цалинг нь өгчихдөг байсан. Одоо тэгвэл шал өөр болчихсоон. Ийм үед хүн өөрийгөө зөв чиглүүлж хөрвөж чаддаг, боловсролоо цаг үеийн шаардлагатай зохицуулдаг, чадвараа хөгжүүлэхэд байнга анхаардаг зөвхөн улс дотроо сэтгэх биш бусад орны жишгээс авахыг нь авч, гээхийг нь гээх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр төгсөгч нар диплом авсандаа сэтгэл ханаад, төгсөлтийн баяраараа гоё ганган дээл өмсөөд, талбай дээр зураг авахуулчихдаг дараа нь ажил олгогч нарт гологдож ичдэг, ийм л байдалтай байна даа.

Амьдралын хар ухаан, гэрийн хүмүүжил гэж бий. Үүн дээр тэр хүний үзсэн харсан, хэр соёлжиж гэгээрснээс шалтгаалаад үйл явдал, эд зүйл хүн хүнд өөр өөр харагддаг шүү дээ. Тэгж өөр өөр харагдаж байгаа нь нүднийх нь биш, ухаарлынх гэж та бас хэлсэн байсан?

Тийм ээ. Өөр харагдана аа гэдэг чинь хүмүүс янз бүрээр ухаарсных. Нэг нь үнэтэй хувцас өмсөөд, гоё харагдвал хүмүүс надтай харилцана гэж бодно. Нөгөө нь эсрэгээр бодно “Тэр гоё ганган хувцас яах вэ, миний мэддэг чаддаг юм юу билээ, юу бүтээж чадах билээ” гэж. Харамсалтай нь ингэж боддог нь цөөхөн юм даа. Нөгөө л сүүлийн үеийн загварыг дуурайж, брэнд гэж хуйлраад, өнөөдөр л болж байвал бол оо гэсэн бодолтой. Гэтэл амьдралын жинхэнэ зорилго огт өөр шүү дээ. Хүн ерөөсөө анх эхээс мэндлэхдээ юм хийж бүтээхээр, үр дүнтэй амьдрахаар заяагдсан байх ёстой. Үр хүүхэд удам судраа үлдээнэ гэдэг хамгийн том ажил байж магад гэхдээ түүнээс гадна өөр юм хийж бүтээх хэрэгтэй шүү дээ.

Ул мөртэй амьдарна гэдэг бас учиртай. Эд агуурс бол зорилго биш, түүгээрээ юу хийх вэ гэдэг нь чухал биш үү?

Харин тийм. Хүн хүнд байгалиас өгсөн хишиг буяны ачаар төрөлхийн авьяас билиг, оюуны ухаарал нь өөр өөр байх юм л даа. Тэгэхээр юу үлдээх нь үүнтэй холбоотой. Зарим сод хүмүүс хэдэн мянган жилээр хүн төрөлхтний оюуны хоол хүнс болохуйц бүтээл туурвисан байдаг, зарим нь жаахан авьяастай түүнийхээ хэмжээгээр нийгмийн харилцаанд оролцоод явдаг, тэр чинь бас л бүтээгч болно. Тэгэхээр үлдэх үлдэхгүй юмны тухайд яривал арай өөр хэрэг. Энэ бол өнөө маргааш эсвэл таван жил хэрэглэх ер нь мөнх үлдэх юм хийсэн үү гэдэг асуудал. Харин тийм олон мянган жил хадгалагдах үнэт өвийг бүтээдэг нь цөөхөн ажээ. Ерөөсөө тэгж заяадаг бололтой. Дийлэнх нь тухайн нийгмийнхээ тавьсан зорилт, цаг үедээ таарсан оролцоотой явдаг. Тиймээс та “Ер нь энэ нийгмийн амьдрал, бүтээн байгуулалтанд би ямар оролцоотой юм бэ” гэдгээ тов тодорхой болгох хэрэгтэй ялангуяа зах зээлийн харилцааны нөхцөлд. Үүнийгээ зөв тодорхойлж чадвал байр суурь чинь аяндаа харагдаад ирнэ. “Ийм орон зайг би эзлэх ёстой юм байна” гээд.

Тэгвэл “Би хэн бэ” гэдгээ мэдэхгүй яваа хүн зөндөө шүү дээ?

Тэр бол зөндөө. Хүн өөрийгөө хэн бэ гэдгийг дангаараа ч мэддэг юм биш. Тэр ойлголтыг хүн төрөлхтний амьдралын түүх, аав ээж ахмад хүмүүсийн туршлага хэлж өгнө. Энэ зөвхөн нэг хэсэг нь шүү. Тэгэхээр олон юмнаас хүн өөрийгөө мэддэг болох ёстой. Харамсалтай нь хүнд хэн болохыг нь бүр багаас нь мэдүүлдэг тэр тогтолцоо бас ажиллахгүй байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд аав ээж нь аав ээж шиг үлгэрлэж чадахгүй, сурган хүмүүжүүлж чадахгүй болсон гэхээр. Монголын нийгэм бол хүүхэд залуучуудын нийгэм шүү дээ. Хүн амын 75 хувь нь залуучууд. Гэтэл өнөөх хүүхэд нь өөрөө хүүхэдтэй болчихсон байх жишээний. Тэр “насанд хүрсэн хүүхэд” чинь юу ойлгож, юуг мэдэж, ямар туршлага хуримтлуулж, юуг таньж амжих юм бэ. Тэгэхээр хүүхдэдээ юу хэлж сургах юм бэ. Хүүхэд залуучуудын орон гэдэг бол бахархалтай ирээдүйтэй нийгэм, хөгшин улс биш гэсэн үг. Тийм нийгмийн тэр их чадварыг л бид зөв жолоодож, зөв орчин харилцааг бий болгох ёстой.

Манайхан үе үеийн нийгмийн онцлогоос болоод нэг юмыг дандаа шүтэж, найдаж ирсэн ард түмэн. Нэг хэсэг бурханаа, дараа нь хайрт нам засгаа “оройн дээд” гэж ирсэн. Гэтэл ямар нэг далдын хүч юм уу, биширч явсан нөгөө шүтээн нь өнөөдөр байхгүй болчихож. Ингэж хэсэг юмнаас хараат бус болсон хэрнээ эрх чөлөөгөөр юу хийхээ мэдэхгүй хүн олон байна шүү дээ. Уг нь жаахан сэхээтэй хүнд бол энэ завшааныг зөв ашиглахад боломж байна даа?

Ер нь яг нарийндаа бол эрх чөлөөндөө эзэн болж чадахын тулд өөрөө өөртөө эзэн болсон байх ёстой. Тэгж чадаагүй хүмүүст хэчнээн эрх чөлөө, боломж олгоод нөгөө л урьдын хүрээн дотроо эргэлдэнэ. Өөрийгөө таниагүй, мэдлэг хуримтлуулаагүй, яахаа мэдэхгүй, ийм улс болно. Манай уламжлалт амьдрал бол тогтсон хэвшлээсээ огцом ангижраад, нүүдлийн байснаа суурьшил руу орж явна. Нүүдлийн гэхээр айл болгон жижигхэн үйлдвэрлэлтэй, түүн дээрээ гэр бүлээ мэдлэг чадвартай болгодог, тэр зуур хүн яах ийх зорилготой болдог байж. Гэтэл тийм амьдрал нь үеэ өнгөрөөгөөд, одоо бүх юм нийлж байж нэг бүтэц болдог цаг руу орчихоор энэ том үйлдвэрлэлийн хаана нь хэн юу хийхээ мэдэхээ больчихож. Нийгмийн үнэ цэнтэй зүйл, хүний баримжаа, юуг сайн муу гэж үзэх, яах ёстой зэрэг нь ингэж өөрчлөгдөхөөр залуучууд хөл алдах тал бий. Гэхдээ бид ингэж хорь гучин жилээр алдаж болохгүй шүү дээ. Ядаж л тав дахь жилдээ учраа олчих хэрэгтэй биз дээ.

Хүнийг эрх чөлөөгөөр хүмүүжүүлж болох уу?

Хэрэв болно гэвэл эрх чөлөөгөөр хүмүүжүүлж чадах тэр хүн өөрөө оюуны мундаг чадавхтай байж сая чадна. Эрх чөлөө гэдэг чинь ардаа дандаа үүрэг, хариуцлага чирч явдаг юм. Түүнийг нь олж харж чадаагүй байж эрх чөлөө олговол хүмүүжүүлж чадахгүй ээ. Хүмүүжил гэдэг бол дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг хэлдэггүй юм. Харин цагт хавчигдаж, хүнд захирагдаж, аав ээж, багшийн үгэнд орж байж өөрөө өөрийнхөө чадварыг бий болгоно. Эрх чөлөө л бий болчихвол бүх юм бүтнэ гэж үгүй. Харин ч тэр нь хэтэрчихвэл хүнийг бүр эвдэж магад. Хүн өөрөө өөрийгөө хөнөөж, хөлөөрөө толгой хийж мэднэ.

Нэг ийм үг байдаг даа “Чи мод тарьж чадахгүй байж болно гэхдээ тарьсан модыг хугалахгүй л бол сайн хүн” гэж?

Тийм шүү дээ. Чи өөрөө ямар ч оролцоогүй байж болно. Харин юм хийж байгаа хүмүүст битгий саад бол, битгий хийснийг нь устга.

Би хоорондоо нэг их авцалдаагүй асуулт тавиад байж магадгүй. Гэхдээ тантай уулзсан дээрээ бодож явдаг зүйлээ асууж байгаа минь энэ. Ухаантай хүн мэддэг бас асуудаг харин тэнэг хүн мэддэг ч үгүй, асуудаг ч үгүй гэж. Тэгэхээр та бол асуухгүй, анзаарахгүй явна гэдэг бол юм мэддэггүйн хамаатан гэдэг хүн. Би энэ үгийг нэг л сайн ойлгоогүй юмдаг?

Юм мэддэггүй хүнд асуух хэрэгцээ гарахгүй л дээ. Мэдэхгүй хүн юу асуух юм бэ. Мэдэхгүй байна аа гэдэг чинь мэдэхийг хүсээгүй, мэдэж чадахгүй эсвэл чадваргүй байна гэсэн үг. Ер нь ухаантай хүн бол мэдлэгийг илүү олж авна. Ухаан бол байгалийн хишиг. Мэдлэг гэдэг бол бусдаас олж байгаа, бусдын мэддэг юмыг өөртөө бий болгох үйл явц. Мэдлэг, ухаан хоёр өөр. Ухаан төрмөл, мэдлэг хүртмэл. Мэдлэгийг хүртдэг ухааныг байгаль заяадаг. Илүү ухаантай бол чи мэдлэгийг их олж авна.

Соён гэгээрсэн хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?

Тухайн нийгэм оршин тогтноход их бүтээлч, идэвхтэй оролцдог тийм л хүн. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд эергээр оролцох чадвартай гэсэн үг. Амьд харилцаанд оролцохдоо эерэг хандана. Сөргөөр оролцоод, бүр баллаад хаячих биш шүү. Тэгээд идэвхтэй, санаачилгатай байх хэрэгтэй. Харин идэвх ч, бүтээл ч гаргадаггүй, нийгмийн харилцаанд сайнаар оролцдоггүй бол соёлгүй нэгэн болж таарна. Соёлгүй хүн гэдэг чинь ёстой нөгөө аливаа юманд гай болдог этгээдийг л хэлнэ дээ.

Соён гэгээрсэн хүн ухаан, хүсэл хоёроо хязгаарлаж хянаж чаддаг гэж ойлгож болох уу?

Хүслийг хязгаарлах оньс нь ухаан. Ухаантай хүн бол хүслээ хязгаарлаж, залуурдаж чадна. Өөрөөр хэлбэл хүслийн залуур нь ухаан.

Соён гэгээрсэн гэж тааралдсан амьдралаараа урсаж явдаггүй хүнийг ойлгож болох уу?

Болно. Миний хэлсэн “идэвхтэй” гэдэг санаатай дүйнэ. Соён гэгээрсэн хүн гэдэг бол өөрчлөгч, бүтээгч нэгэн байдаг тэгэхгүй бол санаа нь ханахгүй. Хэрэв чийдэнтэй зүйрлэвэл батарейг нь цэнэглэчихсэн үед бусдыг гэрэлтүүлмээр байна шүү дээ.

Соён гэгээрсэн хүн юмыг тархиндаа шүүлтүүргүй хүлээж авдаггүй, заавал яагаад гэж асуудаг, шаардлагатай тохиолдолд үгүй гэж хэлдэг зоригтой хүн мөн үү?

Мэдээж, огт ойлгоогүй юмаа яагаад гэж асуух хэрэгтэй л дээ. Гэхдээ яагаад гэж тэр үед асуух уу, дараа нь асуух уу гэдгийг ухаан, мэдлэг, соёл чинь зааж өгнө. Жишээ нь, олон хүний дунд яагаад гэж асууж, өөрийгөө хүнд байдалд оруулмааргүй бол орхичих хэрэгтэй. Соёлтой хүн ийм асуултыг санангуутаа тавьдаггүй юм. Монгол билгийн үгэнд бий шүү дээ, уйлахыг бүү асуу, инээхийг асуу гэж. Тэгэхээр юм болгоныг асууж болдоггүй гэсэн үг. Асуух цаг, асуух юм, асуух хүн, асуух орчин гэж байна. Огт асуухгүй бол бас соёлгүй л хүн.

Ярилцсан: Ч.Мөнхтуяа