Ислам /islam- хүлцэнгүй ёс/ буюу бидний хэлж заншсан Лалын шашин бол дэлхий дахины гэгдэх гурван шашны нэг. 600 сая хүн Исламын шашныг шүтдэг гэсэн тоо сүүлийн үед гарчээ. Исламын шашны бүх урсгал, чиглэлийн тахин шүтдэг ариун ном нь Коран судар юм. Коран судар нь Аллах бурхан сахиулсан тэнгэр Жабраилаар дамжуулан гэгээн хутагт Мухаммедад айлдсан номлол ажээ. Исламын шашин нь Сүннит, Шийт гэсэн үндсэн хоёр үзэл санааны урсгалтай. Шашны дээд цол хэргэмтэн нь Ираны Аятолла цолт Сейнд Рухолла Хомейний юм.

  Нүүдэлчин Арабуудыг сэрээж, өөртөө итгэх итгэл, хүчийг тэдэнд олгосон тийм шинэ хүч буюу үзэл санаа нь Исламын шашин байлаа. Ислам шашин бол МЭ 570 онд Меккад төрсөн шинэ зөнч мэргэн Мухаммедийн /Европынхон Маго­мед гэж нэрлэдэг/ үндэслэсэн шашин юм. Мухаммедийн хүүхэд ахуйн цагийн тухай ном, сударт тодорхой өгүүлсэн нь үгүй. Мухаммед элсэн цөлийн баян бүрд дамжин нүүдэллэдэг отог аймагт өсч торнисон бололтой. Зургаан настай өнчин хүү Мухаммедын өвөг эцэг нь нас барсны дараа баян худалдаачин авга ах нь үрчлэн авч хүмүүжүүлж байсан гэдэг.

  Мухаммед 25 настайдаа Сири, Дамаск зэрэг орноос жин тээдэг Хадижа хэмээх 40 настай бэлбэсэн эхнэрт туслах болжээ. Тун удалгүй Хадижа авгай худалдаа наймаанд овсгоотой Мухаммедтай заяа хол­бож дөрвөн охин төрүүлсэн гэдэг. Хэн ч харсан томоотой гүндүүгүй гэж хэлэгддэг Мухаммед нь залуудаа ойворгон тэвчээргүй нэгэн байсан бололтой мэдээ баримт байдаг. Сүүлдээ их зөнч есөн хатантай болж тэднээс өөртэй нь арван хэдэн настайд нь дэр нийлүүлсэн Аиша хэмээх эхнэртээ илүү хайртай байсан ажээ. Зөнч мэргэн Мухаммед Ислам шашныг албан ёсны болгож тунхаглахыг яараагүй ажээ. Тэр нутаг усныхаа хүмүүсийн итгэл хайрыг хүлээн нам жим амьдарч байжээ. Мухаммед тухайн үеийн Христосын даяанч нарын нэг адил Меккагийн ойр хавийн агуйд бүгж тэндээ Бурханаас өөрт нь дамжуулж хэлсэн бүхнийг сонсдог байжээ. Мухаммед өөрөө бичиг мэддэггүй байсан учраас түүний хэлсэн сургаал, үгс бүхнийг шавь нар нь шавар самбар, дал модны навчин дээр бичиж, лалын шашны судар Кораныг /Арабаар “уншлага”/ бүтээж, түүнийгээ ариун ном ч гэж нэрлэжээ. Ийнхүү нэг үгээр хэлэхэд тэрбээр “Бурханы элч” болсон ажээ. Харин хорвоо ертөнцийн ил, далд бүхнийг танин мэдсэнийхээ төгсгөлд тэрбээр цөхрөнгөө барж бүр унаж тусдаг өвчинд нэрвэгдсэн байна. Эцэст нь түүнийг шинэ шашнаа номлон, ялангуяа Мекка дахь онгодыг тахин мөргөх явдлын эсрэг тэмцэж эхэлмэгц хүмүүс түүнд зэвүүцэн хилэгнэж сүүл сүүлдээ арай ядан амь зулбан Меккаас хөөгдөн гарчээ. Зөвхөн ганц л бурхан байдаг тэр бурханы бошиг нь Мухаммед өөрөө мөн гэж зарласан ажээ. Меккаас үзэл бодлынхоо төлөө хөөгдөн гарснаар Ясриб буюу одоогийн нэрлэдгээр Медина хотод 622 онд нүүж иржээ. Меккаас зугтан гарсан тэр явдлыг Арабаар Хиджра гэх бөгөөд Мусульманчууд хуанлийнхаа тооллыг тэр өдөр буюу МЭ 622 оноос эхэлдэг болсон юм.

  Лалын шашны гайхамшигтай нэгэн баримт бичиг бидний өнөө үе хүртэл хадгалагдан үлдсэн юм. Мединийн Үндсэн хууль гэж хэлж болох энэ бичиг гэрээ хэлэлцээр маягтай. Их зөнчийг Мединд ирэх үед Араб, Еврей үндэстний олон арван отог аймаг хаяа хатган эв найртай аж төрж байсан ч нэгдсэн төр улс байсангүй. Мединий хүн ард Меккагаас ирсэн Мухаммедыг тэнгэр бурханы элч хэмээн мэдэж байсан гэдэг. Тэгээд ч Мухаммедыг ер бусын хүчирхэгт тооцож мар­гаантай элдэв асуудлаа түүгээр шийдвэрлүүлж байжээ. Мухаммед шүүгчийн энэ үүргээ зөвхөн шашны төдийгүй улс төрийн удирдагчийн хувьд аажимаар ашиглах болсон гэдэг. Үүний нэг илрэл нь бидний дээр дурдсан Мединийн Үндсэн хууль гэгч гэрээ хэлцлийн маягтай бичиг юм. Мухаммед Меккаас зугтан гарснаас хойш долоон жилийн дараа Меккад дээд эзэн болон эргэж иржээ. Тэрээр Меккад очихоосоо өмнө нэг бурхан байдгийг бас түүний бошгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан илгээлтийг Мединээс тэр хавийн бүх хаад эздэд илгээжээ. Бүр Хятадын эзэн хаан Тай-цзун хүртэл хүлээн авсан гэж ярьдаг юм. Ямар нэг үл таних хүн тэдэнд тэгж зүрх гарган зарлиг буулгасанд тэр бүх хаад, эзэд магад их гайхсан байж таарна. Мухаммед өөрийн хүч, зорьсон хэрэгтээ хич­нээн их хязгааргүй итгэн байсныг тэр илгээлтээр бид мэдэж болох билээ. Мухаммед Хиджрагаас хойш арван жил өнгөрсний дараа 632 онд нас баржээ. Мухаммед Арабиудыг хоорондоо дайсагнасан олон аймгууд байсныг нэгтгэж нэг үндэстэн болгон тэдэнд нийтийн үйл хэргийн төлөө гэсэн нэгэн санааг төрүүлж чаджээ. Хожмоо Мухаммедийн улс төрчийн ухааныг Францын их зохиолч, гүн ухаантан Вольтер тун их үнэлж байсан гэдэг. Шашин хооронд эв нэгдэл үгүй бол дэлхийд эв нэгдэл гэж үгүй.