Хараад таньдаг болсноос хойш овоо удсан тэр хүнийг Ватару Саэмонножо гэдэг. Хэдийгээр энэ нэр миний чихэнд одоог хүртэл шинэхэн сонсогддог ч би анх энэ царайлаг цагаан залууг хэдэн жилийн өмнө яаж харсанаа ер санадаггүй юм. Түүнийг Кэсагийн авааль нөхөр гэдгийг олж мэдээд эхэндээ ихэд атаархсан ч өдгөө энэ атаархал минь аль хэдийнэ ор мөргүй болжээ. Хэдий тэр миний дурласан бүсгүйг надаас булаасан өстөн дайсан минь боловч би хэзээ ч түүнд өс санаж, дургүйцэж яваагүй билээ. Магадгүй, та намайг өрөвч сэтгэлтэй хүн гэж дүгнэж болох юм. Кэсаг өөрийн болгохын тулд Ватару хэрхэн уйгагүй хөөцөлдсөнийг сонсоод түүнийг би дотроо сайшааж суусан билээ. Кэсаг эргүүлэхийн тулд шүлэг бичих сургалтад хүртэл хамрагдсан гэнэ лээ. Би энэ энгийн, шударга самурайн бичсэн хайрын шүлгүүдийг сэтгэлдээ төсөөлөн үл мэдэг инээмсэглэн суугаагаа анзаарав. Миний инээмсэглэл Ватаруг зэвүүцсэндээ биш, харин Кэсаг өөрийн болгохын тулд тийм их чармайн зүтгэсэнд нь сэтгэл догдолсных байсан юм. Сэтгэлдээ хайрладаг эмэгтэйд минь таалагдах гэсэн цуцашгүй хүсэл нь надад болон Кэсад сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлсэн бололтой.
Би өөрийгөө Кэсад чин сэтгэлээсээ хайртай гэж хэлж чадах бил үү? Бидний янаг амрагийн харилцаа өнгөрсөн, одоо гэсэн хоёр үеэс бүрдэнэ. Түүнийг Ватарутай гэрлэхээс өмнө би түүнд хайртай байсан. Одоо эргээд бодохнээ, тэр үед миний хайр дэндүү ариун нандин байж дээ. Эмэгтэй хүнтэй ойртож, дотносож үзээгүй байсан би гэдэг хүн Кэсагаас юу хүссэн вэ гэвэл мэдээж хэрэг түүний бие махбод. Түүнийг хайрласан миний хайр ердөө л түүнийг хүсэж тачаадсан тачаал байсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй ээ. Түүнээс салаад гурван жил болоход Кэсаг би мартаагүй нь үнэн ч хэрэв би түүнтэй унтчихсан бол Кэсаг хайрласаар байх байсан уу гэдэг эргэлзээтэй санагддаг юм. Энэ асуултад би “Тийм” гэж хариулж чадахгүйгээ хүлээн зөвшөөрнө өө. Тэгээд л түүнийг өөрийн болгож чадаагүйдээ үргэлж харамсах болж, сэтгэл тавгүйтэн санааширч, эцэстээ айж эмээмээр, шунаж хүсмээр тийм л харилцаанд бид хоёр орсон билээ. Харин одоо Кэсад би үнэхээр хайртай юу гэж өөрөөсөө асуугаад нэг үзье.
Үүнээс хойш буюу түүнийг хүний эхнэр болсноос гурван жилийн дараа Ватанабэ гүүрний нээлтийн ажиллагаан дээр би Кэсатай санаандгүй таарсанаас хойш нууцаар түүнтэй уулзаж байх бүхий л аргыг сүвэгчилж эхлэн хагас жилийн дараа санасандаа хүрэв. Зөвхөн уулзаад ч зогсолгүй яг л мөрөөддөг байсан шигээ түүнтэй сексдэж үзсэн. Коромогавагийн гэрт Кэсатай учирч байхдаа миний харамсал ор мөргүй арилсныг мэдрэв. Тухайн үед би олон эмэгтэйтэй уулзаж, учирдаг байсан болохоор Кэсаг гэсэн сэтгэл хөдлөл минь тийм ч их байгаагүйгээс гадна Кэса урьдных шигээ хөөрхөн байхаа больсон учраас түүнийг хараад нэг их хайр төрөхгүй байлаа. Гурван жил өнгөрөхөд Кэса ихээхэн өөрчлөгджээ. Арьс нь өнгөлөг булбарай байхаа больж, хацар хүзүү нь үрчлээтэж, жавхаалаг алаг нүднийх нь гал цог буурч, эргэн тойронд нь хар хүрээ суужээ. Түүний гоо үзэсгэлэн гундсан нь миний хүсэл тачаалыг буруулсан юм. Санаандгүй түүнтэй ахин таарч, нүүр нүүрээ харан ярилцаад, Кэса ийм болсон байх ч гэж дээ хэмээн би ихэд гайхаж билээ.
Тэгээд яагаад ийм сэтгэл татам бус эмэгтэйтэй унтсан вэ гэвэл нэгд, түүний бие махбодыг бушуухан шиг эзэлж авах хүсэл намайг эзэмдсэнийх. Кэса нөхөртөө маш их хайртай гэж надад зориудаар дэгсдүүлэн ярьдаг байв. Гэвч энэ нь надад ердөө л худал үгс мэт санагдаж байсан юм. Тэр нөхрөөрөө ихэд бахархана. Магадгүй, өөрийг нь өөр хүнд мөнхөд алдсандаа намайг харамсаг гэж зориуд тэгсэн ч байж мэднэ. Сонсох тусам түүний худлаа хэлж буйг нь өөрт нь хэлчихмээр санагдаж байсан. Түүнийг худал хэлж байна гэж яагаад бодсон вэ гэхээр хэрэв хэн нэгэн надад бахархал миний хардлага сэрдлэгтэй холбоотой гэж хэлвэл би хүлээн зөвшөөрөх байснаас л болсон байх аа. Гэлээ ч би түүнийг худлаа ярьсан гэдэгт итгэлтэй байсан юм. Одоо ч тэгж бодож буй.
Түүний биеийг эзэмдэхээс өөр хүсэл надад байсан. Ямар их захирагдашгүй хүсэл тачаал намайг эзэмдэж байсныг бодохоор одоо өөрөөсөө ичиж, нүүр улайх юм. Ямар ч эмэгтэйг сэтгэл хангалуун байлгахуйц асар их хүсэл тачаал надад оршиж байжээ. Янхан авч унтлаа ч Кэсатай хийсэн шиг тийм жигшмээр байхгүй л дээ.
За, ямартай ч ийм шалтгаануудаас болоод би Кэсатай унтсан. Магадгүй, би өөрийгөө хүчилж хийсэн ч байж мэдэх юм. Эхнийхээ асуултад эргээд оръё. Үгүй ээ, үнэндээ би Кэсад хайртай, үгүйгээ бодож гайхах хэрэг үнэхээр алга. Заримдаа би түүнийг үзэн яддаг. Нэг удаа сексдэж дуусаад орон дээр асгартал уйлан хэвтэж буй түүнийг өөр рүүгээ татаж босгоход тэр миний нүдэнд үнэхээрийн муухай харагдсан. Ширэлдсэн үс, хөлсөндөө халтартсан будаг шунх нь бие, сэтгэлийнх нь бузар булайг илтгэж байсан юм. Би тэр дүр зургийг хараад л түүнийг хайрлахаа больж, оронд нь миний хайр сэтгэл үзэн ядалт болон хувирсан даа. Хайргүй эмэгтэйнхээ төлөө би өөрийн үзэн яддаггүй эрэгтэйг өнөө шөнө хороох гэж байна шүү дээ.
Үнэндээ би өөрийгөө л буруутгах ёстой гэж бодож байна. Ватаруг хөнөөе гэж Кэсагийн чихэнд шивнэе хэмээн бодож байхдаа би өөрийн эрүүл ухаантай байгаа эсэхэд эргэлзэж эхлэв. Хэлэх хэрэггүйгээ мэдсээр байж Кэсагийн чихэнд тэгж шивнэчихээд бие минь эвгүйрхлээ. Яагаад би нөхрийг нь хөнөөхийг хүссэн юм бол оо? Эргээд бодох нээ юу бодож тэгснээ үнэхээр ойлгодоггүй юм. Кэсаг үзэн ядах тусам түүнийг шившиг болгох хэрэгтэй гэж би бодлоо. Нөхрөө амаа олохгүй магтан, сүр бадруулж байгаа Кэсад “Нөхрийг чинь хороох хэрэгтэй байна” хэмээгээд түүнийг зөвшөөрүүлэхээс илүү сайхан зүйл гэж юу байх билээ. Тэгээд би хар дарсан зүүдэнд үзэгддэг хүн шиг хийхийг хүсэхгүй байгаа аллагаа зөвшөөрүүлэх гэж ёстой нэг шалж гарав аа. Хэрэв үүнийг хангалттай шалтгаан гэхгүй бол ямар нэгэн үл мэдэгдэх хүч, муу ёрын сүнс намайг буруу тийш нь уруу татсан байх гэж хэлнэ. Ямартай ч би нөхрийг чинь хорооё гэсэн үгээ Кэсагийн чихэнд давтан давтан шивнэсээр л байлаа. Тун удалгүй тэрбээр над руу хараад, зөвшөөрч буйгаа хэлэв. Түүнийг ятгах нь алга урвуулахын төдий амархан байсан нь намайг бүр гайхшруулж орхилоо. Зөвшөөрсний дараа түүний нүдэнд анх удаагаа сониучирхсан өнгө аяс үзэгдээд алга болохыг би анзаарав. Нөхрөө араар нь тавьсан эмэгтэй! Нөхрийг нь хороох уу үгүй юу гэж сэтгэл хоёрдон эцэстээ би гэнэт цөхөрч орхив.
Энэ ой гутам, зэвүү хүрэм амьтныг би хичнээн ихээр үзэн ядаж байна гээч! Би амлалтаа биелүүлэлгүй, итгэл эвдсэн хүүхнийг шившгийн гүн далайд живүүлэхийг хүслээ. Хэдий түүнтэй унтсандаа сэтгэл хангалуун байсан ч оюун бодол минь түүнийг үзэн ядаж байв. Гэхдээ энэ боломжгүй зүйл байсан л даа. Миний нүд рүү ширтэж байхдаа юу бодож буйг минь таачихсан юм шиг түүний царайны хувирал гэнэт өөрчлөгдөв. Би үнэнээ хүлээе: Ватаруг хороох өдөр, цагаа товлохдоо айдастай байснаа мэдэрсэн ч товлохгүй л гэсэн бол Кэса өшөөгөө авах байсан юм. Тийм ээ, энэ айдас одоог хүртэл надад мэдрэгдсээр л байна. Миний хулчгарыг шоолвол шоолно л биз. Хамаагүй ээ, та нар Кэсаг тэр үед ямар байсныг хараагүй шүү дээ. Би Кэсаг уйлж байхыг хараад нөхрийг нь хороохгүй л бол Кэса намайг энэ бүхний золиос гэж бодох болно, тиймээс түүнийг заавал ч үгүй устгаж, энэ бүхнийг даван туулна гэж шийдлээ. Өөрөө өөртөө ингэж амлаад харцаа буулган инээмсэглэхүйд түүний хацар хонхойж харагдав.
Энэ муу ёрын амлалтаас болоод би хүн алж, бас нэг нүгэл өөртөө хураах нь дээ. Хэрэв би өнөө шөнө амлалтаасаа буцвал... Гэхдээ би тэгж чадахгүй ээ. Нэгд энэ чинь миний өгсөн амлалт шүү дээ. Хоёрт, би Кэсаг өшөө авах вий гэхээс айж байна. Энэ бол үнэхээр үнэн. Өөр бас нэг юм байна. Юу вэ гэвэл, над шиг хулчгар амьтнаар гэмгүй хүнийг хороолгох гэж удирдаад байгаа тэр хүч чухам юу юм бол оо? Мэдэхгүй юм. Үнэхээр мэдэхгүй байна. Гэхдээ мэдэхгүй байж таарахгүй шүү дээ. Би тэр эмэгтэйг үзэн яддаг. Бас түүнээс айдаг. Түүнд бүр зэвүү минь хүрдэг. Магадгүй, түүнд хайртай болохоор л ингэж байгаа байх.
Морито сарны гэрэлд чив чимээгүйхэн алхана. Хэн нэгний дуу дуулах нь сонсогдоно.
Хязгааргүй, нам гүмхэн шөнө нөмрөхүйд
Хүмүүний сэтгэл өөрийн эрхгүй харанхуйлнам.
Тачаал шуналын галд автсан хүмүүнийг
Төрөхөд нь үүсэж, үхэхэд нь унтармой.
Шөнө болоход Кэса самбай даавуугаар оёсон орны хөшигний гадна чийдэн рүү ар нуруугаа харуулан суугаад бодолдоо дарагдан ханцуйгаа мэрэх ажээ. Моритаг ирэх болов уу, үгүй болов уу хэмээн гайхан сууж байна. Мэдээж хэрэг, түүнийг ирнэ гэж найдах ч, сар хэдийнэ жаргачихаад байхад хөлийн чимээ сонсогдохгүй нам гүм байсаар л... Магадгүй, тэр бодлоо өөрчилсөн юм болов уу. Хэрэв тэр ирэхгүй бол...? Маргаашийн нарыг би бусад янхнуудын адил өөрийн үзлийн муухай царайгаараа дахиад л харах нь дээ. Би ер нь яасан ичиж, зовохоо байсан хүн бэ? Доромжлогдож, гишгэгдэн, ичгүүргүйгээр наранд ил гарсан замын хажуу дахь цогцос шиг л байх болох нь дээ. Бас би чимээгүй байх хэрэгтэй. Үнэхээр ийм зүйл болвол миний үхэл ч үүний төгсгөл болж чадахгүй. Гэхдээ үгүй ээ, тэр ирнэ. Тэр өдөр салахаасаа өмнө нүд рүү нь хараад л түүнийг ирэх юм байна гэдгийг ойлгосон. Тэр надаас айдаг. Намайг үзэн ядаж, зэвүүцдэг. Мэдээж хэрэг, энэ үед би зөвхөн өөртөө л найдах байсан бол түүнийг ирнэ гэхэд итгэл муутайхан байх байсан. Гэвч би түүнд итгэнэм. Зөвхөн өөрийгөө л боддог занд нь найдаж байна. Өөрийгөө боддог зангаас нь гарч буй айдаст нь найднам. Түүнийг ирнэ гэдэгт би итгэнэм. Тэр хулгайгаар хүрээд л ирнэ.
Өөртөө итгэх итгэлээ алдаад ямар өрөвдөлтэй амьтан болоо вэ, би! Гурван жилийн өмнө л гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, өөрийгөө сайхан бүсгүй хэмээн итгэж явсан.
Авга ахындаа Моритатай учирсан тэр өдрийг хүртэл өөртөө итгэлтэй байсан гэж хэлвэл илүү үнэн болох байх. Моритатай уулздаг болоод түүний нүдэнд миний муу муухай бүхэн туссаныг мэдчихээд байхад, намайг тэр огтхон ч хувирч өөрчлөгдөөгүй мэтээр жүжиглэж, үнэхээр хүсэж буй юм шиг сэтгэл татам байдалтайгаар харьцсаар л байсан. Өөрийнхөө муухайг мэддэг эмэгтэйд иймэрхүү үгс хэлж, сэтгэлийг нь тайвшруулна гэж үү дээ? Тэр үед би хашир, эмээсэн байдалтай, олхиогүй нэгэн байжээ. Түүний худал үг надад бага байхдаа асрагч эхийнхээ гар дээр сар хиртэхийг харж айснаас ч долоон дор санагдаж билээ. Морита миний бүх хүсэл мөрөөдлийг үгүй хийж, ганцаардал гэдэг зүйл намайг бүрхэг, бороотой өглөө шиг л нөмрөөд авсан юм. Ганцаардлаасаа болж айн чичирч, эцэст нь үхдэл шиг биеэ өөрийн хайргүй, намайг үзэн ядаж, жигшдэг тэр завхай залууд тушаасан билээ. Гоо сайхнаа алдсан гашуудал, ганцаардлаа би тэсэж чадаагүй юм. Түүний дэлгэсэн гарт нүүрээ нуугаад хэвтэж байсан тэр үеийг болиулахыг ч оролдсонгүй. Эсвэл би өөрөө түүний ой гутам дур тачаалд нь автсан юм болов уу гэж бодохын төдийд л үнэхээр ичмээр санагдав. Морита намайг өөрөөсөө явуулж, намайг ахин чөлөөлөх үед би ямар ой гутам зүйлийг мэдэрсэн гэж санана.
Би цурхиран уйлахгүйг хичээж байсан ч миний ганцаардал, айдас нулимсыг минь өөрийн эрхгүй урсгаж байлаа. Би хань нөхөртөө үнэнч байж чадаагүйгээс болоод зөвхөн өрөвдөлтэй байдлыг мэдрээд зогссонгүй Моритагийн үзэн ядалт, зэвүүцэл, надтай уяман өвчтэй нохой шиг харьцаж байсан тамлалыг биеэрээ мэдэрч байв. Тэгээд энэ явдлаас зөвхөн бүдэг бадаг дурсамж л сэтгэлд минь үлдэж дээ. Цурхиран уйлж байхдаа Моритагийн хууз сахал миний чихийг шалбалж, халуун амьсгалаараа чихийг минь төөнөн Ватаруг хөнөөе гэж шивнэснийг, сонссон би урьд хожид мэдэрч байгаагүй тийм их баяр хөөр надаас оргилсныг эргэн санав. Баяр хөөр. Сарны гэрлийг баяр хөөртэй зүйрлэвэл миний тэр үед мэдэрсэн зүйл бол нарны хурц гэрлээс ч илүү их баяр хөөр байжээ. Нөхрийг чинь хөнөөе гэх ийм аймаар үг намайг тайвшруулна гэж үү? Нөхрөө хөнөөх гэж байж түүгээр хайрлуулахдаа би баяр хөөрийг мэдэрнэ гэж үү?
Ганцаардал, баяр хөөрөөр дүүрэн сартай шөнийн сонин мэдрэмжээсээ болж түрхэн зуур би уйлаад авав. Тэгээд дараа нь яалаа? Моритад би хэзээ аллага үйлдэхэд нь туслана гэж амлалаа? Амласныхаа дараа л би нөхрийнхөө төлөө санаа зовж, өөрөөсөө ихэд ичив. Аядуу зөөлөн зантай, хашир хянамгай нөхөр минь. Түүний ямар нэгэн юм хэлж, инээмсэглэн байгаа дүр зураг тодоос тод гэгч нь буув. Энэ хооронд тархинд нэгэн төлөвлөгөө зурсхийн орж ирлээ. Би үхэхэд бэлэн...Бас аз жаргалыг мэдэрч байлаа.
Уйлахаа болиод Моритагийн нүд рүү ширтэхэд миний муухай царай түүний хоёр нүдэнд туссан хэвээр ажээ. Ингээд миний баяр хөөр замхран алга болов. Би ахиад л нөгөө асрагч эхтэйгээ нар хиртэж, хав харанхуйг мэдэрснээ бодож эхэллээ. Муу ёрын сүнснүүд миний баярлаж, хөөрөхийг отож байгаад гэнэтхэн намайг бариад авсан юм шиг санагдана. Нөхөртөө үнэхээр хайртай байсан учраас түүний оронд үхэхийг хүссэн юм гэж үү? Үгүй ээ, энэ зөвхөн шалтаг л байсан. Нөхрөөсөө өөр хүнд бие сэтгэлээ өгч нүгэл үйлдсэндээ л үхэхийг хүссэн хэрэг.
Надад өөрийгөө хороох зориг алга байсан бөгөөд амиа хорлолоо ч хүмүүс юу гэж бодох бол гэдгээс санаа зовж байсан юм. Миний хийсэн нүглийг өршөөж мэдэх ч амиа хорлох чинь дэндүү ой гутмаар зүйл шүү дээ. Нөхрийнхөө төлөө өөрийгөө золиослох нэрийдлээр Моритагийн намайг үзэн ядаж, өөрийнхөө сохор хийгээд нүгэлт хүслээ надтай гүйцэлдүүлж байсныг нь бодон түүнээс өшөө авахыг тэсэн ядан хүсэв. Тийм ээ, би итгэлтэй байна. Түүний царайг хараад би нөгөө сарны гэрлийн баяр хөөрөө гээж, сэтгэл минь гунигаар дүүрээд ирэв. Би нөхрийнхөө төлөө биш харин өөрийнхөө төлөө хорвоог орхих болно. Бузартсан биетэй болсондоо өөртөө харамссан харуусал, шаналсан сэтгэлээсээ болоод би амь биеэ егүүтгэх болно. Надад үхэх аятайхан шалтгаан ч олдсонгүй.
Ингэж амьдарч байснаас утгагүй үхлээр ч болсон мөнх бусыг үзүүлсэн минь дээр. Чингээд би хүчлэн инээмсэглэж, нөхрийгөө хорооход нь Моритад туслах болно гэж ахин дахин өөртөө амлав. Өөрийг нь амласандаа хүрэхгүй бол тэр миний юу хийхийг хөнгөхөөн таачихаар ухаалаг хүн шүү дээ. Надад амласан болохоор тэр хулгайгаар ч болов ороод л ирэх ёстой. Энэ бүх тамлал өнөө шөнө дуусна гэж бодохоор сэтгэл сайхан тайвширч байна. Маргааш үүр хаяарч, жихүүн салхи үлээхэд нарны туяа миний толгой үгүй бие дээр тусах нь. Миний нөхөр цогцсыг минь хараад яах бол? Үгүй ээ, энэ тухай би бодмооргүй байна. Надад тэр хайртай ч түүний хайрыг хайраар хариулж чадсангүй дээ. Амьдралынхаа туршид би ганцхан эрийг л хайрласан. Тэр минь намайг харин өнөө орой хөнөөх гэж байна. Дэнгийн гэрэл хүртэл миний сүүлчийн зовлонг мэдрэх шиг гялбаж байлаа. Кэса дэнг үлээж унтраав. Удалгүй гүйдэг хаалганы зөөлөн онгойх чимээ сонсогдож, цонхигор сарны туяа хөшгөөр тусах нь тэр ээ.
Эх сурвалж www.wikimon.mn