Гадаад эмэгтэйчүүд Солонгос эрст хайртай дуртайдаа гэрлэдэг үү гэвэл, тийм биш ажээ. Энэ бол үндсэндээ гэрээнд суурилсан гэрлэлтүүд юм. Гуулин эрс гэрээгээр гадаад эхнэр авах болсон нь дараах шалтгаантай ажээ.

Өмнөд Солонгост эрчүүд, ялангуяа хөдөө амьдардаг эрчүүд нь ганц бие үлдэх асуудалтай тулгарах болжээ. Энэ нь нэг талаар эр хүнийг эмэгтэй хүнээс дээдлэн үздэг солонгос ёс заншлаас үүдэн 1980-аад онд олон тооны эмэгтэй хүүхдийг үр хөндөн хөнөөснөөс хүйсийн тэнцвэр алдагдан эрчүүдийн илүүдэл бий болсонтой холбоотой. Нөгөө талаар хөдөө тосгоны охид хот суурин газар руу явж тэндээ үлддэг, харин хөдөөний эрчүүд нь голомтоо сахин хоцордог байна.

Ингээд ихэвчлэн хөдөөний солонгос эрс зуучлах товчоогоор дамжуулан гол төлөв Вьетнам, Кампучи, Филиппин улсаас эхнэр хайх болжээ. Гэвч солонгос эртэй гэр бүл болсон гадаад эхнэрүүд гэр бүлийн хүчирхийлэл, харгислалд өртөх нь түгээмэл төдийгүй солонгос эрийн гарт амиа алдах явдал ч гарч байсан юм. Солонгосын засгийн газрын тайлбарлаж буйгаар, гэр бүлийн ийм хүчирхийлэл нь хэл, соёлын ялгаа, үл ойлголцлоос үүдэлтэй ажээ.

Иймд сүүлийн жилүүдэд дээрх мэт шалтгаанаас үүдэн гадаад эмэгтэйчүүд солонгос эртэй гэр бүл болох нь цөөрч, солонгос эрчүүдээс салах нь нэмэгдэж байна. Одоо Азийн орнуудад солонгос эрчүүдийн талаар сөрөг хандлага бий болж, тэдэнтэй гэр бүл болох сонирхол буурчээ.

2005 онд Өмнөд Солонгост гадаад иргэнтэй гэр бүл болсон тоо 42,356 байсан бол 2011 онд энэ тоо 29,762 болж, 30%-иар огцом буурчээ. 2004 онд Өмнөд Солонгост олон улсын гэр бүлийн салалт 3,300 байсан бол 2011 онд энэ тоо 11,495 болж, салалт 3,5 дахин нэмэгджээ. Ялангуяа, үүний ихэнх хувийг гадаад эхнэрүүдийн салалт эзэлж байна. 2004 онд гадаад эхнэрийн салалт 1,567 байсан бол 2011 онд энэ тоо 8,349 болж огцом нэмэгджээ. Ийнхүү ихэвчлэн өмнөд солонгос эрчүүдээс гадаад эмэгтэйчүүд салах нь эрс нэмэгдсэн байна.

Тэгвэл энэ үйл явцтай зэрэгцэн Азийн орнууд эмэгтэйчүүд нь солонгос эрчүүдтэй гэрлэхийг хориглох арга хэмжээг албан ёсоор аваад байна. Жишээлбэл, Кампучи улс эмэгтэйчүүд нь солонгос эрчүүдтэй гэр бүл болох явдлыг хориглож, солонгос эрчүүдэд хатуу шалгуур тогтоосон байна.

Харин Монгол улсын хувьд энэ асуудалд анхаарал хандуулж, өөрийн эмэгтэйчүүдийг хамгаалах, дээрх маягийн гэрлэлтийг хориглох олигтой арга хэмжээ одоогоор аваагүй байна. Ингээд монгол охид бүсгүйчүүдийг гунигт хар амьдрал руу түлхэж, тэднийг зарц, өмч мэт болгох гэрлэлтийн гэрээний гутамшигт 9 заалттай танилцъя (Гэрээний заалтуудын эх сурвалж: Hunnu.mn).

ОЛОН УЛСЫН ТАНИЛЦУУЛАХ АЛБААР ЗУУЧЛУУЛАН ГЭРЛЭЖ БУЙ ЭМЭГТЭЙТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ

01. БНСУ-ын иргэн .........................-тэй гэрлэсэн тохиолдолд солонгос эмэгтэйн ёс жаягийг дагаж, БНСУ-ын зан заншлыг хүндэтгэн сахин биелүүлнэ.

02. Зочин гийчин угтаж, шашны болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцох болно

03. Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ.

04. Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ.

05. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/

06. Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно.

07. Гэрлэсэн эмэгтэй гэрээсээ оргон зугтаасан тохиолдолд батлан даагч нь Олон улсын танилцуулах албанд 5000 ам.долларын торгууль төлөх болно.


ОЛОН УЛСЫН ХУРИМЫН ГЭРЭЭ

08. Сүй тавьсны дараа цуцлах боломж байхгүй. Хэрэв цуцлах тохиолдолд сүйг цуцлах хүсэлт гаргаж буй тал нь сүйн зардалд 2000 ам.долларыг зуучилж буй байгууллагад нөхөн төлнө.

09. Эхнэр нь нөхрийн зөвшөөрсний үндсэн дээр ажил хийж болно.

Ш.Т.Лантуу