Дэлхийн өнцөг булан бүрийн мөргөлчдийг даллан дуудсаар ирсэн Төвөдийн Кайлас уул. (2011 оноос эхлэн Төвд биш Төвөд гэж бичих болсныг анхааруулъя!)

Э.Р. Мулдашевийн судалгааны багийн тайланд өгүүлснээр Кайлас уул, түүнийг тойрсон бусад олон уулс ч зөв пирамид хэлбэртэй байгаа нь тэдний байгалийн бус хиймэл гаралтайг гэрчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл Кайлас уул нь пирамид ажээ. Кайлас тэргүүтэй эдгээр пирамидан уулсын аварга том цогцолбор бол Бурхдын хөвгүүдийн бүтээл-эртний хот мөн гэсэн домог одоо ч Төвөд лам нарын дунд яригддаг.

Кайлас уулын нууц

Кайлас уул нь Төвөдийн уулсын өмнөд хэсэг болох Гандисышань хавьд оршино. Энэ бүсдээ хамгийн өндөр нь. Хэмжих арга зүйн ялгаанаас болж өнөө хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй ч 6666 метр гэх тоо олон эх сурвалжид дурдагдсан байдаг.

Буддизм, индуизм зэрэг шашинд Кайласыг ариун дагшин уул хэмээн шүтдэг. Энэ уулын орой дээр бурхад оршин суудаг хэмээн итгэдэг аж. Иймээс энэ ууланд авирч зүрхэлсэн усан нүдэт цусан зүрхт хүмүүнийг үхэх тавилан хүлээж байдаг гэнэ. Үүнийг батлах мэт Кайлас уул үнэхээр нууцлаг зүйлээр дүүрэн. Үе үе өтгөн манангаар хучигдаж, орой дээр нь гэрэл анивчина. Заримдаа үлгэр домгийн хачирхалтай амьтад үзэгддэг гэлцэнэ.

Кайлас уулын нууц

Төвөд бол олон нууцыг агуулж байдаг гайхалтай орон. Тэдгээрээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, хамгийн ойлгомжгүй нууц нь “Бурхдын хот” юм. Энэ талаар саяхныг хүртэл ямар ч мэдээлэл байгаагүй билээ. 1999 онд профессор Эрнст Рифгатович Мулдашевийн удирдсан, эртний хотын байгаа газрыг тогтоох зорилготой хайгуул шинжилгээний анги Төвөдөд ажиллаад ирсний дараа л домогт хотын нууцын хөшиг жаахан сөхөгдсөн юм. Ажлын үр дүн гайхалтай. Эртний үлгэр домгийн мөрөөр хайгуул хийж баримт мэдээ цуглуулж байсан эрдэмтэд дэлхийд хамгийн олон (100 гаруй) пирамидаас бүрдсэн асар том цогцолборыг олжээ. Египетийн болон Өмнөд Америкийнхаас ялгаатай нь эдгээр пирамидууд хэмжээгээр маш том, шаталсан хэлбэртэй байлаа. Гол пирамид нь 6638 - 6890 метрийн өндөртэй ариун Кайлас уул болно. Түүнийг тойрон янз бүрийн хэлбэр хэмжээтэй (100 - 1800 м) бусад пирамидууд, байгууламжууд оршино.

Олон пирамид эрдэмтдийн “толь” гэж нэрлэсэн хавтгай эсвэл дотогш эргэсэн гадаргуутай чулуун байгууламжтай хослон баригджээ. Ийм зүйл Дэлхий дээр өөр хаана ч байхгүй. “Толинууд”-ын хэмжээ санаанд багтамгүй агуу. Лам нарын ”Жаргалын чулуун ордон” гэж нэрлэсэн байгууламж гэхэд л 800 метрийн өндөртэй. Энэ “толь”-той умар зүгээс нийлэн зэрэгцсэн 350 метрийн өндөр хагас дугуй хэлбэртэй өөр нэг “толь” байх нь “Козыревийн толь”-ны аварга том хуулбар аж. ”Жаргалын чулуун ордон”-ы зүүн талд байх асар том хавтгай нь 700 метрийн өндөртэй дотогш эргэсэн нэгэн аварга “толь”-той тэгш өнцгөөр холбогдоно. Хамгийн том “толь” нь барагцаагаар 1800 м орчим өндөртэй “Цаг хугацааны толь” юм.

Кайлас уулын нууц

Мулдашевийн үзэж байгаагаар эдгээр чулуун байгууламж нь орчин үед хүний гараар бүтээгдсэн “Козыревийн толь”-той адил гэнэ. Профессор Козыревийн онолоор цаг хугацаа нь хийсвэр ойлголт биш, харин хурааж хуримтлуулж болдог энерги аж. Энэ үед цаг хугацаа нэг бол удааширч, нэг бол хурдсана. (энэ нь туршилтаар нотлогдсон) 2-3 метртэй “Козыревийн толь”-ны дотор орсон хүний айдас хүрч, толгой нь эргэн, өнгөрсөн ирээдүйг харж, гэрэлтэгч объектууд болон шумерийн бичээсүүд үзэгддэг бол ийм аварга байгууламж дотор юу болохыг хэлэхэд хэцүү. Иймээс л Төвөдийн лам нар ариун жимээс гарахгүй явахыг хэн бүхэнд анхааруулсаар иржээ. Тэдний үгэнд ороогүй 4 уулчин ганц хоёр жилийн дотор гэнэт хөгширдөг хачирхалтай өвчнөөр үхсэн гэдэг. Эдгээр пирамидууд одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа нэгэн төрлийн онцгой нарийн энергийг хуримтлуулдаг бөгөөд “Цаг хугацааны толь” нь тэр энергийг төвлөрүүлж дамжуулдаг гэж олон эрдэмтэд үзэж байна. Кайлас уулын цогцолбор нь “орон зай-цаг хугацаа”-ны урсгалд нөлөөлөх чадвартай гэж үзэхээс өөр аргагүй.

Кайлас уулын нууцОрчин үеийн технологи ч иймэрхүү зүйлийг бүтээж хүчрэхгүй аж. Пирамидуудад нүх гаргахын тулд орчин үеийн алмазан хошуутай өрөм 500 дахин хурдан эргэх ёстой байлаа. Эдгээр байгууламжийг бүтээхэд ашигласан ер бусын массыг орчин үеийн техник яагаад ч гаргаж чадахгүй, харин эртний барилгачид эсрэг таталцлалын хүчийг ашиглаж байсан байж болох юм. (энэ тухай домог үлгэрт дурдагдсан байдаг)

Эртний барилгачид гадаргууг дээд зэргээр боловсруулж, алдаа мадаг бараг гаргалгүй (Хеопсийн пирамидад 0,0001%) ажилладаг нь өнөө үед ч гайхал төрүүлсээр байгаа билээ. “Бурхдын хот”-ыг байгуулсан “хүмүүс” ч нарийн энергийг сайн мэддэг, ашиглаж чаддаг байсан нь тодорхой. “Бурхдын хот”-ыг 5 махбодь ашиглан барьсан гэж домогт өгүүлдэг. Хайгуулын ангийн бүрэлдэхүүнд оролцсон эрдэмтэд зэргэлдээ ертөнцөд орох хаалга, цаг хугацааг удирдах түлхүүр байж болохыг үгүйсгэхгүй байгаа аж.

Галав юүлэхээс өмнө амьдарч асан, өнөөгийн бидний зүүдэнд ч оромгүй мэдлэг, технологийг эзэмшиж, хөгжил цэцэглэлтийнхээ туйлд хүрсэн хүчирхэг соёл иргэншил энэ бүхнийг бүтээсэн байх. Нарийн энерги, түүнийг удирдах боломж буйг өнөөгийн шинжлэх ухаан саяхнаас л мэдэрч, анхны алхмаа дөнгөж хийгээд байгаа билээ.

Кайлас уулаас өмнө зүгт бас нэг нууцлаг зүйл байдаг нь уулын ангал, асга хадны сүүдрээс бүтсэн аварга том хас тэмдэг юм. Эрдэмтэд үүнийг газар хөдлөлтөөр үүссэн гэж үздэг ч, зориудын үйлдэл гэх сэтгэгдэл төрнө.

Кайлас уулын нууц

Бүр гайхалтай нэг зүйл нь Төвөд, Египет, Мексикийн пирамидууд, Пасхи арал, Их Британ дахь Стоунхенж цогцолборын хоорондын холбоо юм. Эдгээрийн байрлалд математикийн нарийн зүй тогтол бий. Төвөдийн пирамидийн төв болох Кайлас уулаас дэлхийн бөмбөрцгийн дундуур тэнхлэг татвал нөгөө талын үзүүрт яг Пасхи арал бий. Кайлас уулыг Египетийн пирамидуудтай меридианаар холбовол энэ шулууны үргэлжлэл дахиад л Пасхи арлыг заана. Кайласаас Египетийн пирамид хүртэлх зай нь Кайлас – Пасхи гэсэн меридиан шугамын яг дөрөвний нэгтэй тэнцэнэ. Харин Пасхи арлыг Мексикийн пирамидтай холбовол энэ шугамын үргэлжлэл Кайлас уулыг заана. Пасхи арлаас Мексикийн пирамид хүртэлх зай нь Пасхи – Кайлас гэсэн меридиан шугамын бас дөрөвний нэг болно. Египетийн ба Мексикийн пирамидуудаар дайруулан Кайлас уулыг Пасхи аралтай холбосон 2 шугам нь дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн дөрөвний нэгийг зурах юм. Харин Египетийн ба Мексикийн пирамидуудыг холбосон шугам дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийг тэнцүү хоёр гурвалжин болгож хуваана. Кайласыг Стоунхенжтэй холбосон шугамын үргэлжлэл мөн л Пасхи аралд хүрч ирэх бөгөөд Кайласаас Стоунхенж хүрэх зай нь Кайлас – Пасхи гэсэн меридиан шугамын яг гуравны нэгтэй тэнцэнэ. Энэ шугам дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийг яг дундуур нь хуваана. Хэрвээ Пасхи арал хүртэлх энэ шугамны гуравны нэгийг авах юм бол тэнд Бермудын гурвалжин байгаа…1999 онд Бермудын гурвалжны ёроолд Хеопсийн пирамидаас ч том пирамид байгааг илрүүлсэн билээ.

Түүнчлэн Төвөдийн “Бурхдын хот”-д байх “Үхлийн хааны толь” хэмээх 3 км урт дотогшоо хуйларсан байгууламжийн дэлгэцэнд “Үхлийн хөндий” багтах аж. Түүнээс гадна Сири, Ливан, Египтийн нутагт байх 3 аварга байгууламж нь яг “Цаг хугацааны толь” руу хандсан гэнэ.

Энэ нууцлаг системийг хэн ямар зорилгоор байгуулсан юм бол гэсэн асуулт л үлдэж байх шив?!