Казахстан улс байгуулагдсаны 23 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Харин сар гаруйн өмнөхөн Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев ирэх жил Казахын төрт улс байгуулагдсаны 550 жилийн ойг тэмдэглэнэ хэмээн зарлажээ. Казахууд одооноос ерөнхийлөгчийнхөө даалгавараар төр улсаа 1465 онд байгуулсан ойд бэлдэх бололтой.
"Астана таймс" сонинд өгүүлснээр, ерөнхийлөгч Назарбаев Казахын анхны төрт улсыг 1465 онд Керей, Жанибек хан нар байгуулсан нь орчин цагийн Казахстан улсын үндэс суурь юм хэмээн хэлсэн байна. Назарбаев ийн хэлэхдээ Казахстан тогтвортой хийгээд 130 гаруй угсаатан нь эв найртай амьдарч ирсэн олон угсаатны төр улс байх өв уламжлалаа сахин хадгалах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэсэн ажээ.
Казахын төрт улс 1465 онд байгуулагдсан гэх боловч, үнэндээ 550 жилийн ой нь цэвэр улс төрийн шалтгаантай гэдэг нь тодорхой юм. Өнгөрсөн зун Путин Оросын хараанаас тусдаа, бие даасан бодлого явуулахаар оролдож буй Назарбаевыг "урьд нь ямар ч улс оршин тогтнож байгаагүй нутаг дээр улс байгуулсан" онцгой азтай хүн хэмээн хэлж, казахуудыг ихэд эмээн эмзэглүүлсэн ажээ.
Казахстан нь Төв Азийн Узбекистан, Киргизстан зэрэг хөрш улсуудын хамт ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон юм. Гэвч, 1991 онд анх удаа улсаа тунхагласан казахууд хөрш улсуудаа бодвол төр улсын тун богино түүхтэй байв. Тэдний хөрш үндэстэн узбекүүд тусгаар тогтносон даруйдаа 14 дүгээр зууны сүүлээр мандсан, өнөөгийн Узбекистаны Самарканд хотноо нийслэлтэй Төмөрийн эзэнт гүрнээр улсынхаа түүхийг тооцож, Төмөр хааныг бурханчлан хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлэх болжээ. Харин, өөр нэг хөрш киргизүүд өнө эртний түүхтэй бөгөөд МЭ-ний 9 дүгээр зуунд хаант улсаа байгуулж явсан ард түмэн хэмээн түүхээ бичив.
Гэвч, казахуудад энэ мэт түүх байгаагүй юм. Казахууд нь 15-16 дугаар зуунд түүхнээ тэмдэглэгдсэн байж болох ард түмэн ажээ. Тэд 19 дүгээр зуунд Оросын хаант улсын харъяанд орох хүртлээ гурван аймаг буюу жүз болон тархай бутархай оршиж байв. Казахын жүзүүд хоорондоо эвсэх, дайсагнахын зэрэгцээ Узбек болон Баруун Монголын зүгээс уулгалан довтлох дарамтан дор оршиж байв. Харин ЗХУ-ын үед тархай бутархай казахуудыг нэгдмэл засаг захиргаатай болгож, улмаар ЗХУ-ын нэг БНУ болгожээ. Иймд, Казахстан улс байгуулагдсан түүх нь ЗХУ-тай салшгүй холбоотой болж таардаг. Чухам үүнийг Путин казахуудад сануулсан бололтой.
Казахстанд нэг хэсэг "доголон" Төмөр хааныг казах хүн болгохоор оролдсон боловч бүтэлтэй зүйл болоогүй ажээ. Төмөр хэдийгээр монгол угшилтай хүн боловч, түүний байгуулсан эзэнт гүрний төв нь өнөөгийн Узбекийн нутагт байсан, мөн тэр өөрөө Самарканд хавьцаа төрсөн бөгөөд түүнийг залгамжлагч үр удам нь Узбекистаны түүхэнд хамаарах тул, Төмөрийн үлдээсэн өв Узбекистаны түүхийн нэг хэсэг болжээ.
Ингээд Узбекүүдээс Төмөрийн өвийг авч чадаагүй казахууд өөр нэг улсын түүх рүү өнгөлзөн орсон нь Монгол Улс юм. Монгол хэлтэн бус, Хипчаг хэлтэн Казахууд одоо Монголын түүхийн чиглэлд гол дайралтаа хийж, өөрсдийгөө Зүчи болоод Алтан Ордны улсын залгамжлагч гэдгээ харуулахаар шийдсэн нь ирэх жил тэмдэглэх Казахын төр улсын 550 жилийн ой бололтой. Гэхдээ энэ нь Казахстан Монголын түүхийг өөрийн болгосныг тэмдэглэж буйн зөвхөн эхлэл байж ч мэднэ. Хэрэв дараа удаа Казахстан төр улсынхаа ойг дахин нэг шат ахиулна гэвэл, тэр нь 1206 онд Чингис хаан улс үндэстнээ нэгтгэсэн ой болж таарч байгаа юм.
Казахстанд одоо Чингис хааныг казах хүн болгох хөдөлгөөн ид өрнөж байна. Тус улсад хүүхэд багачууд нь хүртэл Чингис хаан бол Казах хүн юм, харин өнөөгийн Монголчууд нь Манж, Хятадын үлдэгдэл бөгөөд Казахын ясны дайсан байсан, гэхдээ өнөөгийн Монгол бол Казахстаны өвөг дээдэс Чингисийн түүхэн нутаг мөн гэсэн үзэл суртлаар хүмүүжих болжээ.
А.Цог
Эх сурвалж: www.gashuun.mn