Зургийн эх сурвалж: ройтерс.ком

 

Энэ оны эхээр, Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимр Жириновский Казахстаныг ОХУ-д буцаан нэгтгэх хэрэгтэй хэмээн хэлсэн нь казахуудын уур бухимдлыг дэврээсэн юм. Үүнээс болж, Казахстаны Гадаад явдлын яам ОХУ-д хандан мэдэгдэл гаргаж, тайлбар өгөхийг шаардаж байв.

Саяхан, мөнөөх Жириновский Москва Украйныг төвхнүүлсний дараа Казахстанд анхаарлаа хандуулах ёстой хэмээн хэлж, дахин шуугиан дэгдээжээ. Хэт үндсэрхэг үзлээр туг хийсэн, энэ еврей гаралт эр үе үе элдэв юм бурж, олны анхаарлыг татаж явдаг нэгэн тул энэ удаа үл тоож болох байв. Гэтэл, түүнээс хэдхэн хоногийн дараа, Казахстаны төр улсын түүхийг үгүйсгэсэн үгс бас нэг хүний амнаас уналаа. Тэр нь Владимр Путин.

Оросын ерөнхийлөгч Путин шоуны баатар Жириновский биш тул, энэ удаа түүний хэлсэн үгс казахуудад хилэн, бас айдас хүйдэс төрүүлж эхлэв бололтой.     

Өнгөрсөн 8 дугаар сарын 29-нд, Путин ОХУ-ын Тверь бүс дэх жуулчдын очиж амрах дуртай Селигер нуурын эрэг дээр залуусын төлөөлөлтэй уулзахдаа, “Казахуудад ямар ч төрт улс байгаагүй”, Назарбаев бол “өмнө нь огт төр улс байгаагүй нутаг дээр улс байгуулсан хувьтай хүн” гэж хэлсэн юм. Ажиглагчид хэлснээ хийдэг Путин энэ үгийг санаандгүй хэлээгүй, харин том толгойлолгүй, Оросын хараат хэвээр байхыг Казахстанд сануулсан хэрэг хэмээн харж байна.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Путины хэлсэн үгэнд ихэд хилэгнэсэн ажээ. Тэрээр дараахан нь Казахстаны тусгаар тогтнолд аюул занал учирвал, Орос тэргүүтэй “Еразийн холбоо”-ноос гарна хэмээн сүрдүүлсэн юм. Казахстаны нөлөө бүхий улс төрийн тоймч Айдос Сарым Путины хэлсэнтэй холбогдуулан, “Оросууд иймэрхүү зүйл ярьж, сурталчилсаар байвал, Төв Ази дахь цорын ганц холбоотноо алдах болно” хэмээн хэлжээ.

Дээрх улс төрийн сануулгын зэрэгцээ, Казахстанд казах ард түмний түүхийг сурталчлах хөдөлгөөн нийгмийн цахим сүлжээгээр дамжин өрнөсөн байна. Тэдний зарим нь Путинд түүхийн ном илгээж, Казахын түүхийг зааж өгөх гэнэ. Сонирхолтой нь, казахууд Путинд өөрсдийгөө “XIII зууны монголчуудын залгамжлагч” гэж ойлгуулах ажээ.

Казахстаны хууль тогтоогч Маулен Ашимбаев “Казахстаны төрт улсын талаарх Путины хэлсэн зүйл буруу” хэмээн хэлсэн байна. Ашимбаевын хэлснээр, Казахстаны төрт ёсны түүх нь XIII зууны Алтан Ордны улсаас эхтэй ажээ.

Путины сануулга нь Казахстанд дэлгэрээд буй, түүхээ засаж бичих хөдөлгөөн, ялангуяа казахууд Чингис хааны жинхэнэ удам угсаа мөн гэсэн үзлийг дэврээхэд улам түлхэц болж таарав бололтой. Энэ нь өнөөгийн монголчууд бол манж-хятадын үлдэгдэл, XIII зууны монголчууд биш, харин жинхэнэ монголчууд нь казахууд гэж баталдаг Калибек Данияров,  Кайрат Закирьянов зэрэг казах судлаачдын нэр хүндийг өргөх нь дамжиггүй юм.

Гэтэл, энэ үед Монголд нэгэн хөгтэй явдал болж, тус улсын ШУА болон холбогдох байгууллагууд нь хамтын ажиллагаа нэрийн дор Казахстанд Монголын түүхийг найр тавиад эхэлснийг Казахстаны судлаач Дархан Кьдирали мэдээлжээ (Монголчууд эх түүхээ Казахстанд найр тавин өгч буй дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр уншна уу: http://gashuun.mn/876).

2010 онд Казахстаны ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “Олон улсын Түрэг академи”-ийн ерөнхийлөгч, Кьдиралигийн хэлснээр, Казахстан Монголын ШУА-тай хамтран Казах-Монгол түүхийн “хамтын өв” гэсэн сэдвийг дэвшүүлэн гаргаж, энэ хүрээнд Казахын төр улсыг үндэслэгч Чингис хааны удмын хаадын өв соёл, “өнөөгийн Монголд хадгалагдаж, уламжлагдаж ирсэн нүүдэлчдийн бүх соёлыг хамтарч эзэмшихээр ЮНЕСКО-д албан ёсоор бүртгүүлэх” зорилт тавьжээ.    

Казахстаны шинээр зассан түүхийг судлан бататгах гэсэн дээрх зорилгод Монголын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж, Түүхийн хүрээлэнгийн хамт олон зүйл бүрийн дэмжлэг үзүүлж, ялангуяа хамтарсан судалгааны багт нь Монголын нэр хүндтэй зургаан эрдэмтэн нэгдэн орсныг Кьдирали ярилцлагадаа онцлон дурдсан байна.

Хэдийгээр түрэг хэлт казахуудын өвөг дээдэс хипчагууд XIII зуунд монголчуудад эзлэгдэн харъяанд нь орж явсан боловч, өнөөгийн Казахын түүхчид тэдгээр байлдан дагуулагч монголчууд нь үнэндээ казахууд, харин өнөөгийн монголчууд бол Манжийн үлдэгдэл гэсэн үндэслэл гарган ирж, баталж буй нь хачирхалтай. Гэтэл, энэ үед өнөөх монголчууд нь казахуудын үзлийг хүлээн зөвшрөөрч, өв түүхээ тэдний нэр дээр бүртгүүлэх зорилт тавьсан нь бүр ч хачирхалтай хэрэг.

Хэрэв, Путин монголчууд өөрийн төрт ёсны түүхийг казахуудад найр тавьж, хөглөж байгааг дуулбал, юу хэлэх бол?   

 

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn