Казахстан улс байгуулагдсаны 24 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Харин өнгөрсөн жил Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев 2015 оны 9 дүгээр сарын 13-нд Казахын төрт улс байгуулагдсаны 550 жилийн ойг тэмдэглэнэ хэмээн зарлажээ. Ингээд казахууд ерөнхийлөгчийнхөө даалгавараар төр улсаа 1465 онд байгуулсан ойд бэлдэх болсон юм.

Казахстаны төрт улсын 550 жилийн ой гэгчийг тэмдэглэх санаа өнгөрсөн жил Н.Назарбаевт анх төрсөн бололтой. Учир нь өнгөрсөн оны зун ОХУ-ын ерөнхийлөгч Путин Оросын хараанаас тусдаа, бие даасан бодлого явуулахаар оролдож буй Назарбаевыг “урьд нь ямар ч улс оршин тогтнож байгаагүй нутаг дээр улс байгуулсан” онцгой азтай хүн хэмээн хэлж, казахуудыг ихэд эмээн эмзэглүүлсэн ажээ. Ингээд өвгөн удирдагч Казахын хаант улс 1465 онд байгуулагдсан гэх үзлийг дэлгэрүүлэх шийдэлд хүрсэн бололтой. Иймээс энэхүү 550 жилийн ой нь цэвэр улс төрийн шалтгаантай ажээ.

Өнгөрсөн жил “Астана таймс” сонинд өгүүлснээр, ерөнхийлөгч Назарбаев Казахын анхны төрт улсыг 1465 онд Керей, Жанибек хан нар байгуулсан нь орчин цагийн Казахстан улсын үндэс суурь юм хэмээн хэлсэн байна. Назарбаев ийн хэлэхдээ Казахстан тогтвортой хийгээд 130 гаруй угсаатан нь эв найртай амьдарч ирсэн олон угсаатны төр улс байх өв уламжлалаа сахин хадгалах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Ингээд казахстанчууд ерөнхийлөгчийнхөө зарлигийн дагуу энэ 9 дүгээр сард 550 жилийн ойгоо тэмдэглэхээр шамдан бэлтгэж, нийслэл Астана хотод гэр барьж, хөшөө босгон, гудамжуудыг чимэж байгаа нь энэ ажээ.

Аагий

Зургийн эх сурвалж: asiarussia.com