famine en russie

Тавдугаар сарын 31-н бол Казахстаны улс төрийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр юм

Өлсгөлөнгийн 10-15 жилийн урт удаан хугацааны үед Казахын нийт хүн амын бараг тал нь амь насаа алдсан байдаг гэнэ. Доорхи фото зургууд таныг цочиролд оруулж мэдэх юм.

БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 1997 оны 4-р сарын 5-ны өдрийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр улс төрийн хэлмэгдэгсдийг дурсан санах өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. Түүхчидийн тооцоогоор Зөвлөлтийн он жилүүдэд Казахын 118,000 гаруй хүн хэлмэгдэн ял эдэлснээс 25 мянга гаруй нь буудуулсан аж.

Улс төрийн хэлмэгдүүлэлт 1917 оны Октябрын хувьсгалын дараагаас эхэлсэн гэнэ. Хэлмэгдүүлэлт эхлээд Хаант засгийн албан хаагчид, цагдаагийн ажилтнууд, жандарам, шашины зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчидийн эсрэг явагдсанаар эхэлсэн байна. Хэлмэгдүүлэлт иргэний дайны дараа ч үргэлжилсэн байна.

1920-иод оны сүүлч 1930-аад оны эхэн үеэр улс орон даяар ард иргэдийн хөрөнгийг хураан хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хүчээр хамтралжуулж, нийгэмчлэх болжээ.

Шинэ Засгийн газрын энэхүү бодлогыг эсэргүүцэн дургүйцсэн ард олон, үндэсний сэхээтнүүд үймээнийг дарахаар олныг хамарсан хэлмэгдүүлэлт явуулсан зэрэг нь өлсгөлөнгийн гол шалтгаан нь болсон гэж олонх түүхчид үздэг байна.

(Манай орны хувьд дээрхтэй адил хөрөнгө хураах, хамтралжуулах нийгэмчлэх бодлогыг эсэргүйцсэн “1932 оны эсэргүүний бослого” гарч үүнээс улбаатайгаар “Японы тагнуул” гэх нэрийн дор их хэлмэгдүүлэлт явагдаж 25 гаруй мянган хүнийг цаазалсан. Харин малын буянд бидэнд өлсгөлөн дайрсангуй.)

Эхний өлсгөлөн 1919-1922 онуудад болсон хохирогчдын тоо яг тодорхойгүй байдаг аж.

“Простор” сэтгүүлийн ерөнхий редактор Валерий Михайлов бичихдээ:

“Эхний өлсгөлөн аймшигтай байсан. Казахын бүх нутгууд өлсгөлөнд нэрвэгдсэн ба тэр дундаа өмнөд нутгуудад илүү байсан. Ойролцоогоор 1 сая хүн эхний өлсгөлөнгөөр үрэгдсэн. Янз бүрийн тооцоогоор 1.5-2 сая хүн амь насаа алдсан гэсэн байдаг. 10-15 жилийн хүнд хэцүү үед нийт хүн амын тал нь хорогдсон. Дэлхий нийт энэ эмгэнэлт түүхийг мэддэг. Казах хүн бүр мэдээд зогсохгүй эмгэнэн гашуудаж санаж байх учиртай... гэжээ.

Улс төрийн хэлмэгдэгсдийн өдөрт зориулан Казахстаны нэгэн сайт дээрх сэтгэл хирдхийлгэм баримт фото зургуудыг нийтэд дэлгэсэн байна.

Эдгээр зургууд нь зөвхөн Казахын аймшигт өлсгөлөнгийн зураг биш гэдгийг ойлгоорой. Хүчээр хамтралжуулах үеийн тухай Зөвлөлт улсын янз бүрийн газар нутгаас цуглуулсан зургууд юм.

Казахын уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас татгалзан суурьшмал /өнөөгийн хэллэгээр эрчимжүүлсэн/ аж ахуйд хүчээр шилжүүлэх гэсэн нь өлсгөлөнгийн нэг шалтгаан болсон. 1918 оны тавдугаар сарын 13-наас эхлэн явуулсан хүнсний диктатур /хүнсний нөөцийг дайчлан авах/ дээр Зөвлөлтийн олон бүс нутагт ургац муу байснаас 1919 оны нэгдүгээр сараас дахин өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг.

Зөвлөлт орон даяар нүүдлийн хөдөө аж ахуйд томоохон өөрчлөлт хийгдэн хот суурин олноор байгуулан үйлдвэржилт их явагдсанаас материаллаг /тариа будаа, мах.../ бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон. Хүнсний нөөцийг дайчлан худалдан авах /Продразверстка/ явдал нь “Коммунист дайн” хэмээх улс төрийн бодлогын нэг хэсэг нь байсан байна.

1919-1920 оны худалдан авах кампанит ажлын хүрээнд мах, төмс гээд бүхий л хөдөө аж ахуйн хүнс 1920 оны сүүл гэхэд дууссан аж. Казахстанд ард иргэдийн малыг хурааж багахан талх үлдээсэн байна. Ард иргэдийн учруулсан энэ аймшигт явдал тэдний уур хилэнг бадраан аргагүйн эрхэнд зэвсэгт тэмцэл гаргахад хүргэсэн байна.

Казахстаны энэхүү өлсгөлөнг "Ашаршылық" хэмээн нэрлэдэг байна. Харин хоёр дахь өлсгөлөнг “Голощекиний” хэмээн нэрлэдэг аж. Казахстаны Коммунист намын дарга Филипп Голощекин 1927 онд “Бага Октябрь” хөтөлбөрийг зарлан мэдэгдсэн. Энэ нь Казахуудын нүүдэлчин амьдралаас суурин амьдралд шилжих хамтралжих явдал байжээ.

Эдгээр арга хэмжээний дүнд эд хөрөнгө, мал сүргийг хүчээр хураан нэг газар /”шийдвэрлэх цэг”/ төвлөрүүлэх болжээ. Нэг дор ийм олон мал байх бололцоогүй тул ихэнхийг нь газар дээр нь нядлан хамтралын хэрэгцээнд зарцуулах болжээ. 1933 он гэхэд 40 сая толгой малын дөнгөж аравны нэг нь үлдсэн гэнэ.

Энэ кампанит ажлаас болж казахуудын хэзээд амьжиргааны гол эх үүсвэр байсан мал сүрэг ийнхүү өртөж үр дүнд нь 1932-1933 онуудад Казахстаны 1.5 сая хүн өлсгөлөнгөөр нас барсан байна. Мөн 600 гаруй мянган иргэд дүрвэж, эрх баригчдын алдаатай бодлого ард иргэдийг зэвсэгт тэмцэл гаргахад хүргэжээ.

Казахын Автономит улсын хүн амын 48 хувь өлсгөлөнгөөр нас барж, зарим казах иргэд Киргиз, Хятад, Монгол, Иран, Афганистан руу дүрвэсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар аргагүйн эрхэнд шилжин нүүсэн хүмүүсийн тоог 1.03 сая гаруй хэмээн тооцоолон гаргасан байна.

Сууриншуулах бодлогоос гол төлөв нутгийн /нүүдэлчин кзахууд/ хүн ам хамгийн их хохирсон байна. Улаан арми мал хураах, дараа нь хураасан мал хулгайлахаас сэргийлэх бүх ажлыг харгис хатуугаар явуулдаг байсан бөгөөд зарим тохиолдолд отог овог, тосгоноороо хохирогч болон шийтгэл хүлээдэг байжээ.

Үнэн хэрэгтээ Казахаас хөрш Хятад руу нэвтэрсэн хүмүүс өлсгөлөнгөөс зугтсан энгийн иргэд байсан ба хэрэв өлсгөлөн болоогүй бол тэд Зөвлөлт улсаас зугатахгүй байсан. Хятадын хил хамгаалагчид тэднийг буу зэвсэг хэрэглэн тэднийг зогсоохыг оролдсон хэдий ч хүчрээгүй байдаг. Хэдэн зуун мянган казахууд Хятад руу нэвтэрч чадсан байна (1940-өөд оны сүүлээр манай баруун хязгаарыг түйвээдэг “Оспаны дээрэмчид” тэдний нэг хэсэг байх).

1926 оны Бүх Холбоот Улсын /ЗХУ/-ын тооллогоор казах хүмүүсийн тоо 3,969,289 байжээ. Харин 1939 оны тооллогоор 3,100,949 болсон байна. Нас барсан хүний тоог бодитоор тодорхойлох боломжгүй юм. Казах хүн ам ердөө 1970 онд л 1926 оны түвшинд очсон байна. 1932-1933 онуудын өлсгөлөнгийн өмнөх казах үндэстэн давамгайлсан түвшиндээ 1990-ээд оны эцэст л дахин хүрсэн.

1938-1944 онуудад “чөлөөт” орон зайтай болсон Казахын нутаг дэвсгэрт цөлөгдсөн ингуши, чечен, крымийн татар, солонгос, балкар, курд, турк, карачай, герман иргэдийг суурьшуулсан аж. Мөн Казахстанд ГУЛАГ, КАРЛАГ, АЛЖИР гэх мэт хорих газрын хоригдлуудыг суурьшуулан ажиллуулж, дараа нь тэдний зарим нь нутагшин амьдрах болжээ.

Киргизстанд казахуудыг киргизүүд л оршуулсан.

Киргизын аксахалын /ахмад хүн, ахлагч/ хэлснээр: "Казахууд гэнэт л бидэн дээр ирсэн. Өлсгөлөн, ноорхой хувцастай маш олон хүмүүс байсан. Киргиз хүн бүр ямар нэгэн болохгүй юм болж гэж ойлгон тэдэнтэй талхаа хуваалцаж түр хоргодох гэр барьж өгсөн. Олон казахууд замд нас баран хэвтэж байсан. Казахууд өөрсдөө мах, идэх юм гуйхаас үхэгсдийгээ огт хайхрахгүй байсан юм. Тиймээс киргизчүүд бид л тэднийг оршуулах шаардлагатай болсон. Харин бид уламжлал зан заншлын дагуу оршуулсан шүү” хэмээжээ.

Намын удирдагчдын “алдаа завхралыг” мэдээж хэрэг үндэстний сэхээтнүүд шүүмжлэн эсэргүүцснээс ийм эмгэнэлт явдалд хүргэсэн. Зөвлөлтийн засгийн газрын тоо баримтаар “Алаш-Орда” зэрэг олон хөдөлгөөнүүд иргэний дайны үеэр улс үндэстнийхээ тусгаар тогтнол оршин байхын төлөө тэмцсэн байна.

1928 онд 44 “хөрөнгөтний үзэлтэн”-г баривчилсан байна. Тэдний заримыг нь бүр ЗХУ-ын хамгийн баруун талын тухайн үеийн “Центрально-черноземная” мужид цөлсөн аж. Тэдэн дунд Зөвлөлт засгийн бодлогыг эсэргүүцсэн сөрөг хүчний удирдагч нар байжээ. Дараа нь тэд бараг бүгдээр 1937-1938 онуудад хэлмэгдэн цаазлуулсан.

1986 онд Казахстанд болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хүмүүсийн төлөө ЗХУ-д анх удаа жагсаал болсныг тэмдэглэх нь зүйтэй. Казахстанд 1993 онд “Улс төрийн харгислалд олноор хэлмэгдэгсдийг цагаатгах” хуулийг баталсан байна.

(1932-1933 онуудад Зөвлөлт орон даяар болсон бүх баячуудын хөрөнгийг хураах, нийтээр хамтралжуулах, хүнс дайчлан худалдан авах зэрэг алдаа завхралаас улбаатайгаар олон газар аймшигт өлсгөлөн болсон. Ялангуяа Украйн, Белорус, хойд Кавказ, Халимаг, Поволже /Волга хавийн мужууд/, өмнөд Урал, Баруун Сибирь, Казахстанд. Ядаж байхад тэр жилүүдэд ургац алдаж зовлон дээр зовлон нэмсэн гэдэг. Өлсгөлөнгөөр нас барсан хүмүүсийн тоо олон улс, байгуулллагуудын тооцооллоор өөр өөр байдаг ба хамгийн багадаа 2 сая, ихдээ 8 сая гэдэг байна. Нэлээд үнэнд ойрхон баримт тооцоогоор Украйнд 4-5 сая, хойд Кавказад 1 сая, Казахстанд 1.3-1.5 сая хүн өлсгөлөнгөөр нас барсан гэнэ. Британикад 6-8 сая, Коммунизсын хар номонд 6 сая хэмээн бичжээ).