Сонгууль эхэлчихжээ. 18 дугаар жарны Модон хонин жилийн сар шинийн баяр монголчуудын уламжлалт баяр гэхээсээ илүү жинхэнэ, хуурамч улстөрчдийн 2016 оны сонгуулийн сурталчилгааны нээлт болж өнгөрлөө. Олны сэтгэлд нийцсэн гэхээсээ илүү “ёоох, сонгууль бодогдуулаад..." хэмээн ядаргаа болгосон энэхүү ажиллагаанд МАН-ын гишүүд голлон оролцов.



АН-аар овоглох болсон Д.Арвин гишүүн Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийн хана шалыг цэвэрлэлээ. Гишүүн сэтгэлээрээ цэвэрлэгээнд оролцож болно, юундаа сонгуультай холбож улстөржөөд байгаа юм бэ гэх хүн гарч магадгүй.

Хэрвээ гишүүн үнэхээр л сэтгэлээрээ цэвэрлэгээнд оролцсон бол яах гэж телевиз радиогийнхныг дууддаг хэрэг вэ. Бас яагаад цэв цэвэрхэн алчуур барьж, эвтэйхэн пооз авсан зураг гарсан юм, халтар алчуураар шал зүлгэж байгаа зураг байж болоогүй юм уу гэсэн асуулт гарна аа даа. Д.Арвин гишүүн яах аргагүй сонгуулийн пи араа цэвэрлэгээгээр эхлүүлжээ.

Сонгуулийн кампанит ажлаа хэтэрхий эрт эхлүүлсэн дараагийн хүн бол Б.Бат-Эрдэнэ гишүүн. Тэрбээр автобусанд суусан. Гишүүн өмнө нь 2013 оны таван сард билүү, автобусанд сууж байсан. Тэр үед хүмүүс “Аварга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь дээ" гэж ярьж байлаа. Энэ яриа ч удалгүй биелж, намын дарга Ө.Энхтүвшинг “гомдоон“ байж Ц.Элбэгдоржтой өрсөлдөж байсан билээ. Харин энэ удаа нийтийн тээвэрт аваргатай таарсан гишүүд “Аварга 2016 оны сонгуульд дэвших нь дээ" гэцгээж байна.

УИХ-ын бие даагч гурав ч гэсэн сонгуулиа эхэлсэн байна. С.Ганбаатар гишүүн цас цэвэрлэж байгаагаар зургаа авахуулсан. Цаана нь цасгүй зам байхад цас руу орж, машинаа суулгаад, түүнийгээ цэвэрлэж энэ тэр. М.Зоригт гишүүн тэр зургийг нь “Ганбаа, цаана нь зам байна даа" гэсэн тайлбартайгаар “нүүр ном"-доо хийсэн байв. Бие даагч гурав Дорнод аймагт иргэдийн дунд зогсч байгаад “Дорнодчуудынхаа дундаас мэдээлж байна" гэсэн нь яах аргагүй сонгуулийн бэлтгэл ажил гэдгийг олон хүн хэлж байгаа юм.

Пи ар-аа эрт эхэлсэн гишүүдийн тоонд Г.Баярсайхан гишүүн бас орно. Талбай дээр өлсч байсан иргэдэд “Сэтгэлээрээ хамт өлсч байгаа шүү" гэж хэлсэн. Мундаг сэтгэсэн байгаа юм шүү. “Сэтгэлээрээ цуг өлсөнө" гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

2016 оны сонгуульд бусдаасаа арай өөр, илүү эрч хүч, далайцтай ханцуй шамлан орсон хүн бол МАН-ын бас нэг гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр “Дорнод сэргэн мандалт" хэмээх нэртэй хөгжлийн хөтөлбөр боловсруулснаа зарласан. Н.Номтойбаяр гишүүн сар шинийн өмнө Дорнодод байдаг Маршал Чойбалсангийн музейд очиж, хөрөгний нь өмнө зургаа авахуулсан байсан бөгөөд түүнийгээ буюу 2015.02.07-ны өдөр твиттертээ оруулж, “Маршал “Дорнод" сэргэн мандалт" хөгжлийн хөтөлбөр боловсруул" хэмээн тушаал өгөв" хэмээн жиргэсэн юм.

Үүнийг үзсэн Гэнэн Бямбаа @genenbyambaa гэгч “Ядаж Дорнодын маань төлөө ганц зүйл хийгээсэй" хэмээн жиргэсэн бол Mongol xun @Ulziibayar2 “Эртхэн эхлэхгүй дээ, сонгууль дөхөөд ирэхээр л тойрогтоо хайртай болоод эхлэх юм аа" гэжээ.

Н.Номтойбаяр гишүүний “Хөгжлийн хөтөлбөр"-ийг олж үзэх гээд чадсангүй. Танилцуулга дээрээ “Сар шинийн босгон дээр танилцуулж байна" энэ тэр гээд байсан болохоор бэлэн болчихсон юм болов уу гэж бодсон ч одоогоор олон нийтэд танилцуулаагүй байна. Youtube-д тавигдсан бичлэгийг хөтөлбөр нь бололтой.

“Хөгжлийн хөтөлбөр" боловсруулснаа сар шинийн босгон дээр танилцуулж байна" хэмээн сүржин эхэлсэн тэрхүү танилцуулга дээр хөтөлбөр гэж харагдахаар юм байсангүй. Боловсруулсан юм ч алга. Танилцуулсан ч юм алга.

Хөтөлбөр бол төлөвлөгөө, “хөгжлийн" гэсэн утга нэмэгдэхээрээ ирээдүй рүү чиглэсэн болдог. 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр гэж байдаг шүү дээ. Гэтэл танилцуулгад энэ онд Дорнод аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг л оруулсан нь “хөтөлбөр" гэж нэрлэхэд хэцүү юм болгосон байв. Боловсруулах гэдгийн тухайд ойлгомжтой, судалгаан дээр тулгуурласан, хамгийн оновчтой хувилбарыг гаргаж ирсэн гэдэг санаа.

Гэтэл танилцуулгад зөвхөн энэ онд хийгдэх ажлуудыг дурьдсан байсан гэдгийг дээр хэлсэн. Магадгүй яг жинхэнэ хөтөлбөр нь олон зүйлтэй, олон бүлэгтэй лут эд байгаа байх л даа. Гэвч хөтөлбөр тодорхой цаг хугацаатай байх ёстой. Тэдэн он гэхэд тийм юм хийнэ гэсэн ерөнхий дүр зураг байх л ёстой. Түүнийгээ хальт ч болов оруулаагүй нь “Ийм хөтөлбөр ер нь байгаа юм уу" гэсэн эргэлзээг төрүүлэхээр болжээ. Танилцуулга ч байхгүй гэдэг нь ийм учиртай.

Н.Номтойбаяр гишүүний сурталчилгааны роликт хамгийн гол нэг алдаа байна. Тэр нь утга агуулгын алдаа. “Манай Дорнодод тийм тийм үйлдвэр байсан, хөгжилд хувь нэмрээ оруулж байсан" гэж эхэлчихээд сүүлдээ үйлдвэр биш, зам, бассейн, цэцэрлэг сургууль барина гэжээ.

Өмнө байсан үйлдвэрүүдийг сэргээнэ гэчихсэн бол хичнээн сайхан уялдах байв. Дорнодод ажиллаж байсан олон үйлдвэр хувьчлагдаад ажиллахаа больж, дэлгүүрийн агуулах энэ тэр болчихсон байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг л дурьдах байсан юм бол “Хөтөлбөр" гэж сүржигнээд ч яах юм билээ. Тэртэй тэргүй гишүүн болгон л аймаг орон нутагтаа очоод улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх болсон ажлыг “Би олж ирсэн" гэж ярьдгаас хойш. Ийм хий хоосон сүржигнэл л биднийг алдаг шүү.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангайн нутгийн зөвлөлийн уулзалт дээр огт харагддаггүй байснаа энэ жил ирж золгосныг нутгийнхан нь шууд л сонгуультай холбож байсан гэнэ лээ. Энэ бүхнийг яагаад ярих болов гэхээр, сонгууль угтаж улстөржих, ард түмэнд хайр зарлах нь өөрөө аюултай.

Тэр тусмаа улс орны эдийн засаг хямарсан, улс төр хямрахад ойрхон байгаа ийм үед. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан өгсөн ярилцлагадаа “Би 2016 оны сонгуулиас, түүнийг угтсан популизмаас л айж байна. Ажил хийлгэхгүй, ажил хийхгүй. Одоо үндсэндээ энэ зуны наадам өнгөрөөд л орилж эхэлнэ ш дээ" хэмээн хэлсэн байсан.

Үнэн хэрэгтээ Цагаан сараар эхэлчихсэнийг гишүүн анзаараагүй бололтой. Хүмүүс хөдөлж байхад бусад нь яаж зүгээр суух вэ, гээд л одоо эхэлнэ шүү дээ. Дорнодод нэр дэвших сонирхолтой нөхдүүд байж л таарна. Тэд юу хийх вэ. Иргэдтэй л ажиллана. Сонгууль угтсан ийм юмыг хэт эрт ингэж эхлүүлэх хэрэггүй л байхгүй юу.

Хүн юу хийх нь хэнд юуны хамаа. Д.Арвин эмнэлэг цэвэрлээ л биз, Д.Бат-Эрдэнэ гишүүн автобусанд суугаа л биз, Н.Номтойбаяр энэ жил хийх ажлаа хөтөлбөр гэж нэрлээ л биз гэж уншигч та бодож болох юм. Тэгвэл тийм биш ээ. Д.Арвин гишүүн эмнэлэг цэвэрлэмээр байсан байж болно, тэгвэл өөрөө гүйж очоод л цэвэрлэчих ёстой байхгүй юу. Харсан хүмүүс нь л “ямар энгийн сайхан эмэгтэй вэ" гэж бодно биз. Ер үнэхээр хүссэн юм аа хийж байгаа хүнд хэн юу гэж бодох нь огт хамаагүй байдаг шүү дээ. Д.Бат-Эрдэнэ гишүүн ч адилхан.

Н.Номтойбаярын хувьд, улсын төсвөөс тэдэн төгрөг, тийм, тийм ажил хийлгэхээр тусгууллаа гэдгээ тойрогтоо ажиллах үедээ, иргэдтэй уулзахдаа л хэлчихнэ биз. Сонгогчид нь “Зөв хүнээ сонгожээ" гэж яриад л сайхан шүү дээ. Гэтэл яав. Яалт ч үгүй сонгуулийн сурталчилгаа гэж хэлэхээр юмыг телевизээр явуулж байдаг. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэхээс өмнө зар сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Тэгсэн мөртлөө сонгуулийн жил эхлэв үү үгүй юу пи араа хийж, улстөржиж эхэлнэ. Энэ удаа харин бүр сонгуулийн жилийн өмнөх жил гарав уу үгүй юу эхэлж байна. Энэ бол эрүүл үзэгдэл яавч биш ээ.

Улстөрчид “Улс орныг хөгжүүлэхэд улстөржилт саад болж байна" гэж их ярьдаг хүмүүс. Тэгсэн хэрнээ өөрсдөө улстөржих үрийг нь тарьдаг. Иргэд улстөржинө гэж байдаггүй л байхгүй юу. Байхгүй л байхгүй юу. Одоо болоод байгаа жагсаал цуглааны цаана заавал нэг улстөрч сууж л байдаг байхгүй юу. “Их сунгаа" өмнөх мөчлөгүүдээс харьцангуй эрт эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа хийх хуулийн хугацаа “30 хоног" байдаг бол энэ удаа бүтэн жил хагасын турш улстөржих бололтой.

Эх сурвалж: www.mminfo.mn