МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.


Накажима Ацуши /1909-1942/
Накажима Ацуши 1909 онд Токиод төржээ. Эцэг нь дунд сургуульд Хятадын сонгодог утга зохиол заадаг, мөн орны уран зохиолд нэвтэрсэн хүн байв. Бяцхан хүү аавынхаа нөлөөн дор Хятадын уран зохиолыг шимтэн сонирхох болжээ. 1934 онд залуу зохиолчдын номын уралдаанд түрүүлснээр анхны зохиол нь “Барын ангуучлал” нэртэйгээр хэвлэгдэв. Хэдийгээр тэр Хятадын уран зохиолын нөлөөн дор туурвиж, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, цэвэр Дорнын гэж хэлж болохуйц бичлэгийн арга барилаараа шагшигдаж байсан ч өрнийн уран зохиолыг ч дутуугүй судалсан хүн байжээ. Түүний хамгийн ихээр хүндэлдэг зохиолч бол Роберт Стивенсон. Тиймдээ ч “Туситалагийн үхэл” нэрт хоёр дахь номоо Стивенсоны намтарт тулгуурлан бичсэн гэдэг. Накажима Ацушигийн хамгийн том гавьяа нь туурвил зүйн өндөр чадамж, хэлний баялгаараа Японы уран зохиолд шинэ дэвшил авчирсан явдал юм.

Эртний Хятадын Чаогийн төр улсын нийслэл Хантанд энэ ертөнцийн хамгийн гарамгай харваач болохын хүслэнд автсан Чи Чан гэгч эр амьдран суудаг байжээ. Тэрбээр тун удаан эрж хайсны эцэст харвах эрдэмд төгөлдөржүүлэх ур ухаанаараа Вэй Фэй нэртийг давах багш улсад нь нэгээхэн ч үгүйг олж мэджээ. Мөнөөх Вэй Фэй гээч нь хэдэн зуун алхамын цаана чичигнэн хийсч яваа ганц навчийг саадаг дүүрэн сумаар угсруулан онож, үртэс үйрмэг болгож чаддаг гарамгай харваач бөгөөд түүгээрээ ч алдрыг олсон хшүн санж. Чи Чан өндөр уулс, өргөн мөрнийг гатлан явсаар тэрхүү их багшийн амьдран суудаг газарт хүрч шавь оров гэнэ.

Вэй Фэй багштан шавьдаа хамгийн түрүүнд “Нүдээ цавчихгүй байхыг сур” гэж даалгалаа. Чи Чан тэр даруй нутаг буцаж, муу шавар байшингийнхаа үүдээр алхангуутаа эхнэрийнхээ нэхмэлийн эгнүүр доогуур мөлхөж ороод дээшээ харан хэвтчихэв. Халз урд нь дээш, доош эргэх нэхмэлийн эгнүүрийн дөрөөг огтхон ч нүд цавчилгүй ширтэж сурах гэсэн нь тэр юмсанж. Чи Чаны тэгж хэвтэхийг үзээд ихэд гайхсан эхнэр нь:
- Та хэдий эр нөхөр минь боловч хөл дороос эрэгтэй хүн ширтээд байхаар тавгүйрхээд нэхэж чадахгүй нь гэж учирлажээ. Гэвч хичнээн ичиж, эвгүйрхлээ ч нөхөр нь түүнийг зад загнаад дөрөөн дээр суулгачихав.
Чи Чан нэхмэлийн эгнүүр доорх хэвтэртээ өдрөөс өдөрт дасч, нүд цавчилгүй ширтэж сурах дасгалаа цурам ч хийлгүй үргэлжлүүлсээр байлаа. Чингэсээр хоёр он улирахад тэрбээр сул унасан сормуус нүдэнд нь тээглэсэн ч эргэлдэх дөрө лүү огт цавчилгүй ширтэж чаддаг болжээ. Ингээд эгнүүр дор хэвтэхээ болихоор шийдэн тэндээс мөлхөн гарч иртэл удаан хугацааны дасгал нь эрхбиш тусаа өгсөн нь илт болов гэнэ. Хүчтэй салхи үлээж, хурц гал төөнөж, ороолсон шороо гэнэтхэн боссон ч Чи Чаны нүдийг анивчуулж чадсангүй. Ер юунд ч түүний мэлмий үл цавчих ажээ. Саахь эр нүднийхээ бүх булчинг хөдөлгөөнгүйд захирч сурсан болохоор унтаж байхад нь ч түүний хоёр нүд дүрлийтэл хараастай байх бөлгөө. Нэг өдөр тэр аанай л эгц гөлрөн хөдлөлгүй сууж байтал нэг муу өчүүхэн аалз авирч ирээд хараатай зовхиных нь хооронд шүлсээрээ тор нэхэж эхлэв ээ. Чухам үүнийг давсандаа урамшсан эр сая өөрийн эзэмшсэн эрдэм чадлыг багшдаа айлтгах цаг болов хэмээн шийджээ.
Хөөрхий Чи Чаныг өөрийн хичээл, дасгалын үр дүнг ихэд хөөрөн ярих ахуйд Вэй Фэй:
- Нүдээ цавчихгүй байж сурах бол зөвхөн эхний алхам. Харин одоо чи харж сурах хэрэгтэй. Юмсыг харж сур. Цаг нь ирэхэд өчүүхэн бага санагдах зүйл ч нүдэнд торж, хамгийн бичил зүйл ч аварга том болж харагдана. Тэр үед ахин нэг ирж надтай уулзаарай! гэж айлджээ.
Чи Чан ахиад л гэр өөдөө эргэлээ. Энэ удаа тэр цэцэрлэгт очоод жижигхэн хорхой хайв. Чингээд бараг нүдэнд үл үзэгдэх хорхой нэгийг олж, түүнийгээ ширхэг өвсний ирмэг дээр суулгаад дасгалын өрөөнийхөө цонхон тушаа өлгөчихөв. Өөрөө харин өрөөний нөгөө захад очиж суугаад өнөөх хорхойгоо өдөр хоног алгасалгүй ширтэн суух болжээ. Эхэндээ Чи Чан хорхойг бараг олж үзэхгүй байсан ч арав хоног өнгөрөхөд тэр нь арай томорчихсон юм шиг санагдах болов. Гурван сар улирахад өнөөх бяцхан хорхой нь Чи Чанд хүрийн чинээ харагдах болсон бөгөөд мань эр бүр тэр хорхойн биеийн хэсгүүдийг нэг бүрчлэн харж байлаа.
Чи Чан тэнд цонх руу ширтэн суухдаа хаврын гялгар нар хэрхэн зүсээ хувиргаж халуун зуны хурц нар болохыг, зуныг халж намрын цэлмэг тэнгэрт зуу зуун галуу хэрхэн зэллэж өнгөрөхийг, шаргал намрын уйт өдрүүд шамрага шуурга хавсарсан бүүдгэр өвөлд хэрхэн зайгаа тавьж өгөхийг, дөрвөн улирал тийнхүү дөрөө харшуулан солигдсоор буйг ч анзаарсангүй. Одоо түүнд бүх зүйлийн оршихуй бүүдийн сарниад өвсний ирмэг дээр суусан өчүүхэн хорхойноос өөр зүйл агаар мандлын энгүй уудамд алга мэт санагдана. Өнөөх хорхой нь үхэх ч юм уу алга болох үед тэрбээр зарц нартаа яг өмнөх шиг нь жижигхэн хорхой ахин нэгийг авчрахыг тушаана. Гэвч түүний нүдэнд хорхойнуудын хэмжээ аажуухнаар томорсоор ажгуу.
Гурван жилийн турш тэр бараг л суудал өндийлгүй сургуулилжээ. Тэгтэл нэг өдөр цонхны хажуугаас зүүгээстэй өнөөх хорхой нь морь шиг том болчихсон харагдав гэнэ. Чи Чан “Би чадлаа” хэмээн уулга алдан хоёр өвдгөө алгадан босч ирээд байшингаас гүйн гарав. Гараад тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Морьд нь түүний нүдэнд уул шиг, гахайнууд нь өндөр толгод шиг, тахианууд нь цамхаг шиг том харагджихуй. Хагартлаа баярласан Чи Чан гэр лүүгээ буцан гүйж ороод хараацайн нумандаа Шуа Пэний зэгсэн сумаа ониллоо. Чингээд цонхны дэргэдэх өчүүхэн хорхойг яг зүрхэн тус газар нь харваж орхив. Тэгсэн мөртлөө тэр мөртлөө тэр хорхойн сууж байсан өвсийг өчүүхэн ч хөндсөнгүй.
Чи Чан энэ тухайгаа Вэй Фэй багшдаа дуулгахаар яаравчиллаа. Харин энэ удаад багш нь ихэд сэтгэл хөөрсөн янзтай “Сайн байна!” гэж магтжээ.
Харвах эрдэмд хичээнгүйлж эхэлснээс хойш хэдийнэ таван он улирчээ. Чи Чанд өөрийнх нь нарийн чанд сургуулилт хангалттай үр дүнд хүрсэн мэт санагдах болов. Чухам тэр бодлоо батлахын тулд сайхь эр гэрээдээ харихаасаа өмнө өөрийгөө сорьж үзэхээр шийдэн нэлээд хэдэн сорилт гүйцэтгэхээр болов. Эхлээд тэр Вэй Фэйгийн амжилтыг давахыг хүсчээ. Тэгээд хэдэн зуун алхамын цаадахь ганц навчийг саадаг дүүрэн сумаар угсруулан харвалаа. Чингэхдээ нэг ч сум эндүү харвасангүй. Хэдэн өдрийн дараа Чи Чан өөрийнхөө тавьсан шинэ сорилтыг давлаа. Энэ удаад тэр баруун тохой дээрээ амсар дүүрэн устай аяга тавиад хамгийн хүнд нумаа татсан ч аягатай уснаас нэг ч дуслыг цалгиулахгүйгээр бүх байгаа харваж чадав гэнэ.
Дараагийн удаад тэр хөнгөн сум зууг тэвэрч ирээд нүд ирмэхийн зуурт угсруулан харвав. Эхний сум нэгэн бухын нүдэнд тусч, дараагийн сум бухын нүдэнд зоогдсон сумны араас хавж, гурав дахь сум хоёр дахийн араас залгагдан харвагдсаар зуун сум бие биедээ угсрагдан тавьсан нумандаа тулж ирлээ. Чухам нямбай харвасан болохоор хэзээ хойно ч өнөөх сумнууд нь газарт уналгүй бие биедээ угсрагдсан хэвээр агаарт дэнжигнэн байв. Түүний эл чадварыг хажуугаас нь хараад их багш Вэй Фэй хүртэл уухай түрэн “Мундаг байна шүү!” хэмээн дуу алдахгүй байж чадсангүй.
Ингээд хоёр сарын дараа Чи Чан орон нутагтаа харив. Эхнэр нь түүнийг удаан хугацаагаар алга болсонд уурсан хараал зүхэл урсгаж угтав гэнэ. Чи Чан эхнэрийнхээ үглэж яншихыг болиулах гэсэндээ хэрээ нумандаа Чи Вэй сумаа чивчиртэл татаж байгаад нүднийх нь өмнүүр харваж орхижээ. Тавьсан суманд эхнэрийнх нь гурван ч сормуус хийсэн унав. Хамгийн гайхамшигтай нь сумных нь хурд байлаа. Ямартаа л эхнэр нь юу болоод өнгөрснийг ч мэдэхгүй нүдээ хоёр, гурав цавчсанаа буцаад л нөхрөө гоочлон үглэж эхлэх вэ дээ.
Одоо Чи Чанд багш Вэй Фэйгээс сураад байх зүйл үгүй болжээ. Хүсч зорьсондоо хүрсэн мэт санагдана. Гэвч зорьсоноо гүйцээхэд ганц л саад үлдээд буй. Үүнийг бодох бүрт түүний зүрх чим чим хатгуулах бөлгөө. Тэр саад нь мэргэн багш Вэй Фэй өөрөө байлаа. Чи Чан багшийнхаа амьд сэрүүнд өөрийгөө энэ дэлхийн хамгийн гарамгай харваач гэж хэзээ ч цоллож чадахгүй. Хэдийгээр тэр ур чадварын хувьд эдүгээ багштайгаа эн тэнцсэн ч түүн лугаа байр суурь хүрэх даанч өдий байлаа. Хүний амьдрал гэдэг хүсэл шуналдаа үгүйсгэгдсэн хөөрхийлөлтэй зүйл хойно доо.
Нэгэн өдөр Чи Чан хөтөл даван алхаж яваад мэргэн багшийнхаа тэртээ холоос айсуйг олж харжээ. Тэр хорхон ч эргэлзэлгүй нумаа өргөж, сумаа татаад ониллоо. Хөгшин багш нь юу болж буйг дорхноо ухаараад өөрийн нум сумыг ч бас шалавхан хараалав. Тэгээд хоёулаа нэгэн зэрэг харвалаа. Тавьсан сумнууд нь замынхаа голд мөргөлдөөд газарт уначих нь тэр. Чи Чан тэр даруй ахин нэг сум харвасан ч өнөөх нь өвгөний тосгуулж тавьсан суманд хориглогдоод ахиад л замынхаа дунд газардчихав. Энэхүү жигтэй тулаан өвгөн багшийн саадагтай сумыг барагдтал үргэлжиллээ. Тэгвэл шавийнх нь саадагт нэг сум үлдсэн байв. Чи Чан:
- Миний аз таарах шив дээ! гэж бувтнаад сүүлчийн ганц сумаа тавилаа. Үүнийг харсан Вэй Фэй хажуудаа байсан өргөст бутнаас нэг мөчир суга татан авсанаа сум яг зүрхийг нь онилон ирэх үед тэр мөчрөөрөө ганцхан шавхуурдаад хөлийнхөө дор унагачихжээ.
Тавьсан сум нь ингэж байнаасаа мултрах юм гэж төсөөлөө ч үгүй дээ тэр үү, хорон муу санаа нь бүтэлгүйтсэнд шавь Чи Чан үнэн зүрхнээсээ гэмшчээ. Харин тэртээд хөгшин Вэй Фэй гэнэтийн заналаас бултаж чадсандаа баахан тайвширч, бас ч гэж өөрийн эрдэм чадалд ихэд сэтгэл ханасан хүн саяхан л бусдад егүүтгэгдэх гэж байснаа мартчихсан ихэд хөхүүн зогсож байлаа. Чингээд тэр хоёр биесийг угтан гүйж, үнэн сэтгэлийн угаас чангаар тэврэлдэн нулимс унагацгаав. (Эрт цагийн хүмүүсийн аяг занг гайхавч баршгүй! Өнөө үед ийм харилцааны талаар төсөөлөхөд ч бэрх биз ээ. Магадгүй, хуучны хүмүүсийн зүрх сэтгэл биднийхээс тэс өөр ч байсан юм бил үү. Нэгэн орой өөрийн эзэн Хуан гүнтэнийг урьд хожид байгаагүй шинэ, сайхан зоог барихыг хүсэхэд И Яа нэрт тогооч нь төрсөн хүүгээ “төхөөрч” зоог болгоод эзэнтнээсээ амсаж үзэхийг гуйж байсан түүхийг хэн, яаж тайлбарлалтай вэ? Бас Шин гүрний анхны эзэн хааны сэнтийд залагдах ёстой арвантаван наст хүү хөгшин эцгээ нүд аньсан шөнө хамгийн хайртай татвар эмтэй нь гурван ч удаа дорд биеийн цэнгэлд умбаад авсаныг юу гэхсэн билээ?)
Хэдийгээр Вэй Фэй том толгойт шавиа сэтгэлдээ өршөөн чангаар тэврэвч амь нас нь нэг л өдөр аюулд өртөж мэдэх далдхан заналхийллийг мэдэрч зогслоо. Тэрхүү аюул заналаас өөрийгөө авч гарахын тулд Чи Чаны санаа бодлыг огт өөр зүгт чиглүүлээх ганц л арга түүнд үлджээ.
Өвгөн Чи Чаныг:
- Хүү минь! гэж эелдэгхэн дуудаад биеэ зайлуулан зогсож,
- Эдүгээ би харвах эрдмийн талаар өөрийн мэддэг, чаддаг бүхнээ чамд дамжуулж дууссаныг чи харж байна. Хэрэвзээ чи харваанд улам төгөлдөржихийг хүсвэл баруун этгээдийг зүглэж, Та Шин уулыг даваад Хо уулын оргилд гарагтун. Тэндээс Кань Ин гэгч өндөр наст мэргэнийг олж уулзаарай. Энэ эрин хийгээд урьд хожид түүнтэй эрдэм чадлаараа эгнэх хүн нэгээхэн ч гараагүй билээ. Түүний чадвартай харьцуулахад бидний энэ бүхэн жаахан хүүхдийн зугаа гэсэн үг. Хүү чиний багшид бариваас зохих хүн энэ дэлхий дээр Кань Ин мэргэнээс өөр үгүй билээ. Түүнийг эрж ол. Сэрүүн тунгалаг байж гэмээн гуйж мөргөөд ч болов шавь орогтун! гэж айлдав.
Чи Чан тэр даруй баруун этгээдэд аяны жолоо заллаа. Өөрийн чадлыг хүүхдийн тоглоомтой зүйрлүүлсэндээ ааг омог нь шалчийтал буугаад, хорвоо ертөнцийн хамгийн гарамгай харваач болох хөг нь өнгөрсөн мэт санагдан дотор нь чичирж явав аа. Юутай ч түүнд Хо уулыг бушуухан давж өсөхөөс сурсан бүхнээ өнөөх магтаж мандуулаад байсан өтөл харваачийн эрдэмтэй сорьж үзэх нь нэн чухал болжээ.
Тэрбээр Та Шин уулын жимээр өгсөөд хадтай өндөр халил өөд мацан Хо уулыг чиглэв. Хөл нь хагарч шалбаран цус гарна. Чи Чан огтхон ч мохож шантралгүйгээр гүн их хавцал, гуу жалга, дээгүүр нь нарийхан гуалин хөндөлсүүлж хаясан харанхуй ангалуудыг туулж байлаа. Ингэж явсаар бүтэн сар өнгөрсний адагт Хо уулын оргилд арайхийн хүрч, Кань Ин мэргэний амьдран суудаг агуйг олоод тийш бодож санах юмгүй харайлган оров. Өмнө нь хониных нь номхон нүдтэй хөгшин сууж байлаа. Үнэндээ Чи Чан амьдралдаа харж байсан бүх хүнээс хөгшин хүн байв. Нуруу нь бөгтөр, нааш цааш алхахад буурал сахал нь газарт шүргэлэн байх авай.
Тэр насны хөгшин хүн таг дүлий байх вий гэж бодсондоо Чи Чан өндөр дуугаар:
- Би вээр өөрийгөө тоодогчлон хорвоогийн хамгийн мундаг харваач мөн эсэхээ үзэхээр энэ хүртэл явж ирлээ хэмээн өчив. Чингээд Кань Иний хариултыг сонсох ч үгүй улиангар модоор урлаж хийсэн аварга том нумаа нуруунаасаа авч Цү Чиэ сумаа татаад тэнгэрт зэллэн нисч яваа шувуудын зүгт ониллоо. Тавьсан ганц суманд нь таван шувуу оногдоод цэлмэг тэнгэрийн гүнээс шидсэн чулуу шиг бууж ирэв.
Өвгөн хүлцэнгүйгээр инээмсэглээд,
- Нум сумаар харвах чинь нум сумны л чадал шүү дээ. Үүнд чиний гэх юм ерөөсөө үгүй. Хүү минь! Чи харвахгүйгээр харвахын эрдэмд хараахан сурлацаагүй бололтой. Намайг дагаад яв гэлээ.
Өвгөнийг эрдэм чадлаараа бишрүүлэх оролдлого нь бүтэлгүйтсэнд баахан ичсэн Чи Чан түүнийг дагаад агуйнаас холгүйхэн байх өндөр хавцлын ирмэгт очив. Хавцлын доош хармагц сайхь эрд эртний мэргэн Чан Цайн байгуулсан гурван зуун тохой өндөр хэрэмний ирмэгт тулс ирсэн мэт санагджихуй. Тэртээ доорх хад чулуудын дундуур мөнгөн утас шиг гялалзан урсах уулын горхинууд зурайна. Чи Чаны дотор муухайрч, толгой нь эргэж эхлэв. Тэгтэл Кань Ин өвгөн мөнөөх өндөр хавцлын дагуу хөнгөхөн харайлгаж яваад яг ирмэгт байх шовойсон чулуун дээр үсрэн гарсанаа эргэн харж Чи Чанд хандаад:
- За, одоо өөрийнхөө жинхэнэ эрдэм чадлыг харуулах цаг чинь ирлээ. Яг энд ирж зогсоод юу чаддагаа үзүүл дээ гэх нь тэр.
Чи Чан бардам зандаа баригдаад тэр үгэнд нь татгалзаж чадсангүй. Шулуухан явж очоод өвгөнтэй байраа солин зогсов. Гэтэл түүнийг дээр нь гарч зогсов уу, үгүй юу өнөөх шовх чулуу нь угнаасаа булгараад нааш цааш ганхаж эхэллээ. Цагаа тулахаар эр зориг гэдэг эзнийхээ таамагласнаас ч агуу байдаг аж. Чи чан нумаа ав чичирч салганасан гараараа сумаа тааруулан татлаа. Тэгтэл хөлийнх нь доохноос нэг хайрга өнхөрч хавцлын доош хэдэн мянган тохой гүн рүү хий агаарт шунган унав. Өнөөх хайрганы араас нүд салгалгүй гөлөрч зогсохдоо Чи Чаны дотор учиргүй харанхуйлан, тэнцвэрээ алдаж эхлэх шиг болжээ. Мань эр тэр даруй чулуугаа тэгнэж хэвтээд хавцлын ирмэгээс чанга гэгч нь зуурав гэнэ. Хоёр хөл нь салганаж, хамаг биеийнх нь хөлс чийхарч байлаа.
Өвгөн чанга инээн гараа сунгаад Чи Чаныг мөнөөх чулуун дээрээс нь татаж босголоо. Тэгсэнээ тэр чулуун дээрээ өөрөө үсрэн гараад,
- Жинхэнэ эрхий мэргэний эрдэм гэж юу болохыг танд одоо харууламз! гэв ээ.
Хэдийгээр Чи Чаны зүрх дэлсэж, царай нь хувхай цайгаад мажийдгийн даваан дээр байсан ч сайхь өвгөнийг гартаа ямар ч нум сумгүй зогсоог анзаарч харахтайгаа байлаа.
- Нумгүй яах болж байна аа? гэж тэр арайхийн асуув
- Нум гэнэ ээ? гэж өвгөн ёжтой инээгээд,
- Нум гэнэ шүү! хэмээн залган чангаар хөхөрч,
- Нум сумны тусламжгүйгээр юу ч чадахгүй хүнтэй мэргэн харвааны тухай ямар юмаа ярих билээ дээ. Жинхэнэ мэргэн хүн чинь нум сумны эрхшээлээс бүрэн чөлөөлөгдсөн байдаг юм гэж гэнэ.
Тэр үед тэдний чанх орой дээрх хөх тэнгэрийн гүнд нэгэн элээ эргэлдэн нисч байлаа. Өвгөн тийш харцаа сунгаж, Чи Чан харин өвгөний харцыг дагуулан харлаа. Онохын аргагүй өндөрт эргэлдэх тэр элээ хүний нүднээ буудайн үр шиг өчүүхэн харагдана. Кань Ин үл үзэгдэх нумдаа биегүй сумаа тааруулан хөвчийг нь чивчиртэл татаад тавилаа. Чи Чаны чихэнд ямар нэгэн юмсны исгэрэн одох чимээ дуулдаж, нүдээ ч цавчиж амжаагүй байтал тэртээ өндрөөс мөнөөх элээ яг л чулуу шиг харван орж ирээд газарт нэвсийтэл унав.
Чи Чан бүр балмагдаж орхижээ. Түрүүхэн эл өтөл бууралд ам гарч мундагдаад байсан харвах эрдэм гээчийнх нь жинхэнэ оргилын зах зухаас өвгөн өөрөө түүнд зэрвэсхэн харуулаад өнгөрөх шиг санагджээ.
Чингээд тэр удаахь есөн жилийн турш уулын оргилын нууцлаг агуйд өнөөх азай буурал мэргэнтэй хамт суужээ. Тэр бүх хугацаанд чухам ямархан эрдэмд хичээн суралцсаныг нь хэн ч тааж мэдэхгүй. Харин арав дахь жил нь ирэхэд тэр уулнаас буун гэртээ эргэн иржээ. Хүн бүр л түүний хэрхэн өөрчлөгдсөнийг гайхаж байлаа. Өнөөх юунд ч няцашгүй байрын бардам, ихэмсэг царай төрх нь эгнэгт арчигдаад оронд нь тэр дүйнгэ, мулгуу амьтан гэмээр ямар ч хувиралгүй, хөшингө царайтай нэгэн болсон байв. Түүний хуучин багш Вэй Фэй шавьдаа бараалхаж, царай төрхийг нь олж үзсэнийхээ дараа:
- Одоо л жинхэнэ их мэргэн болсныг тань би харж байна. Мань мэт шиг амьтан таны хөлийн хуруунд ч хүрэх гавьяагүй ажаам! гэж айлдаад буцжээ.
Хантаны хүн ард Чи Чаныг газар дэлхий дээрх хамгийн гарамгай харваач хэмээн нэрийдэж, тун удахгүй тэднийг бишрхүүлэх гайхалтай харвааг нь харахсан гэхээс бүгд тэсгэл алдаж байлаа. Гэвч Чи Чан тэдний хүлээлтийг тайлах юу ч хийсэнгүй. Бүр нум сумны зүгт ганц удаа ч болохнээ хуруугаа хөдөлгөсөнгүй. Урт аянд явахдаа авч гарсан улиангар модон нумаа замдаа хаячихаад ирсэн нь илт. Хүмүүс түүнээс яачихаад байгааг нь шалгаахад тэр тун сул дуугаар “Үйлийн хязгаар нь үл үйлдэхгүй. Өгүүлэхүйн хязгаар нь үл өгүүлэхүй. Харвах эрдмийн хязгаар нь үл харвахуй” гэж хариулжээ.
Ард олноос арай гярхайчуул нь түүний үгийг ухаж ойлгоод нум суманд гараа ч хүргэхгүй байгаа их мэргэний өмнө ихэд бишрэнгүй зогсоцгоох аж. Харин Чи Чаны хувьд харвах үйлийг тэвчих нь алдарт гарахаас татгалзах нэгэн шалтаг болов.
Энэ хооронд Чи Чаны тухай түмэн янзын цуу яриа, үлгэр домог зохиогдон хил хязгааргүй тархсаар байв аа. Шөнө бүрийн тэхий дунд тэрбээр байшингийнхаа дээвэр дээр гаран зогсож, үл үзэгдэх нумынхаа хөвчийг татаад тавихад исгэрэх сумных нь дуу тэр аяар нэг дуулддаг гэж амьтан хүн шуугих болов. Зарим нь бүр Чи Чаны биед мэргэн харвааны бурхан өөрийн биеэр оршдог бөгөөд түүнийг элдэв ад зэтгэрийн хорлолоос хамгаалах гэсэндээ шөнөөр биеэс нь гарч ирдэг гэж ярьцгаах аж. Тэгтэл Чи Чаны хажууханд амьдардаг нэгэн худалдаачин нэг шөнө Чи Чаныг байшингийнхаа халз орой дээрх үүлэн дээр гараад зогсчихсон нум сумаа татаад эртний домгийн их мэргэд болох Хоу И, Янь Ю-Чи нарын өөдөөс онилчихсон байхыг харсан гэж ойр тойрноороо нэг цуу тараажээ. Өнөөх худалдаачны ярихаар бол гурван их мэргэн бие биесийн эсрэг харвасаар Хөхдэй мэргэн, Гурван Марал оддын хооронд харанхуй тэнгэрт хөхөлбий туяа татуулсаар шунган алга болсон ажгуу.
Бас нэг сайн эр хулгай хийхээр Чи Чаны байшин руу авирч байтал гэнэтхэн цонхоор нь хүчтэй салхи салхилан мань эрийг толгойгоор нь гэдрэг савчихжээ. Хулгайч энэ тухайгаа өөрөө улайсан байна. Тэр цагаас хойш муу санаа өвөрлөсөн ямар ч этгээд Чи Чаны байшингаас тойрох болжээ. Тэр бүү хэл, тэнгэрт зэллэх шувууд хүртэл тэдний дээврийг тойрон дунгуйрч нисэлддэг гэх. Суу алдар нь эх газраар нэг тархаж, оргилд гарсан нэр нь оройн үүлсийг ч шүргэлэн байх үест ч Чи Чан хэдийнэ өтөл буурал болсон байлаа. Өтөл мэргэн цаг хугацаа өнгөрөх тусам бие махбод хийгээд оюун санааны хувьд улам төгөлдөржиж, амар амгалан төлөв түвшин энгийн даруу оршихуйг гаднаас эрэх бус дотроосоо олохуйн эрдэмд нэвтэрсэн мэт санагджихуй. Хөшингө царайнаас нь илэрхийлэл бүхэн арчигдаад идэвхгүй, хөдөлгөөнгүй байдлыг нь гадны ямар ч хүчээр ганхуулж боломгүй болжээ. Түүний үг дуугарах нь өдрийн од шиг цөөрч, сүүлдээ бүр хүмүүс түүний амьсгалж буй эсэхийг ч ажиж хэлэхэд бэрх болжээ. Үе мөч нь хөдөлгөөнөө хориод хатсан мод шиг амьгүй болж гэнэ. Мөнхүү ертөнцийн дотоод хуульд хэдий чинээ нэвтэрч, бодит үнэний эсрэг тэсрэх, үл итгэхийн нирваанаас хэдий чинээ хагацахын хэрээр өвгөн мэргэн би хийгээд чи, энэ хийгээд тэрийн хоорондох ялгааг ч мэдэхээ больжээ. Мэдрэмжийн давхцлаа анзаарч ялгахаа байсан болохоор одоо түүнд нүд нь чих, чих нь хамар, хамар нь ам болж ойлгогдох болов. Чингээд уулнаас бууж ирснээсээ хойш дөчин жилийн дараахь нэгэн өдөр тэрбээр тэнгэрт утаа сарних лугаа энэ хорвоог намуухнаар орхин оджээ. Энэхүү дөчин жилийн хугацаанд Чи Чан харвах эрдэмийн тухай ганц ч үг ганхийгээгүй бөгөөд нум сум өөдөө нэгээхэн удаа ч болов гараа хөдөлгөсөнгүй.
Амьдралынх нь сүүлийн жилд ард олны дунд нэг ийм яриа тархсан байна. Чи Чан хуучны нэгэн андындаа зочлон очтол ширээн дээр нь харваас нэг л танил эд байсан нь санах гээд хичнээн хичээгээд ч тэр эдийн нэрийг, юунд хэрэглэдгийг нь санасангүй гэнэ. Өвгөн дэмий баахан бодлогоширсныхоо эцэст хажуудахь нөхөр лүүгээ эргэн,
- Надад хэлээч? Танай ширээн дээр байгаа энэ зүйлийг юу гэдэг юм бэ? Юунд хэрэглэдэг юм? гэж асууж гэнэ. Гэрийн эзэн Чи Чаныг тоглож байна гэж бодоод чангаар инээв. Өтөл мэргэн өнөөх асуултаа ахин асуусанд гэрийн эзэн мөн л инээсэн ч энэ удаад царай нь нэг л эргэлзэнгүй болчихов. Чи Чаныг асуултаа гурвантаа давтахад найзынх нь царай урьдныхаасаа хачин төв болоод иржээ.
Гэрийн эзэн их мэргэн өөд анхааралтай гэгч нь ширтээд түүнийг галзуу солио тусаагүй, тоглоом наадам ч хийгээгүйг олж харав. Чи Чаны тийм царайг олж хараад мань эр ихэд айж балмагдсан өнгөөр ээрч мууран байж:
- Өө, их мэргэнтэн минь! Та бүх цагийн хамгийн гарамгай харваач мөн нь дамжиггүй. Тиймдээ л нум сумны нэрийг ч, юунд хэрэглэдгийг нь ч мартаж чадна шүү дээ! гэж гэнэ.
Тэр цагаас хойш Хантаны зураачид бийрээ шидэж, хөгжимчид нь хөгжмийнхөө чавхдасыг тасдаж хаяад, уран дархад нь эрх ямба эдлэхээсээ ичиж зовох болсон гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан Б.Баясгалан