Энэ бол мэдээж нэгэн луухааны хэлсэн үг. Заримдаа хужаа ч гэдэг. Луухаан гэж хэн байсныг өнөөгийн пацаанууд мэдэхгүй л дээ. Тэр нь ч зөв байх. Тэр бүхнийг мэдэж ер яах билээ. Харин бидний үеийнхэн андахгүй. Луухаан гэж хятадуудыг хэлдэг юм.

Улаанбаатарын “500 айл”, одоогийн 3-4 дүгээр хороолол, “100 айл”, “Есдүгээр дэлгүүр”, “Дэнжийн мянга” тэр чигтээ луухааны “хороолол” байсан билээ. Халуун зунаар ч хөвөнтэй хүрмээс салахгүй. Дамнуургаар ус зөөж, толгой цувдайд оочерлосон нөхөд байх. Эрчүүд нь шүү дээ. Харин эмэгтэйчүүд нь бараг явж чадахгүй. Атгасан нударганы дайтай хөлтэй, туурайтай ч гэмээр нөхөд ширүүхэн салхинаа уначихаар тогтож ядан алхдагсан.“Харахад ядуу ч хамартаа тулахаар тоймгүй баян даа, энэ муусайн луухайнууд” гээд л хүмүүс ярилцах. Тийм л баян юм бол яагаад жилийн дөрвөн улиралд нэг л хувцастай байдаг юм бол доо хэмээн багачууд бид бодох. Тэр үеийн Монголын барилгын салбарт л олноороо байсан санагдана. Зарим нь бүр монгол эхнэр, хүүхэдтэй, бидэнтэй хөрш зэргэлдээ амьдардаг байлаа. Тэдний эрлийз хүүхдүүд захын хорооллын сургуульд бидэнтэй хамт сурдагсан. Овгоос нь харахад л тодорхой ш дээ. Байлуугийн, Зопингийн гээд л ард нь монгол нэр байх. Бид нийслэлийн найман жилийн 57 дугаар дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг байв. Далан долоо, найман он шүү дээ. Хичээл эхлээд удаагүй байтал манай ангид хаанаас ч юм бэ нэг өндөр цагаан охин шилжиж ирлээ.

Сарнай, марнайтай их л гоё нэртэй юм. Гэр нь тийм ч холгүй бололтой. Хичээл тараад урагшаа буюу одоогийн “Дэнжийн-1000-ын цагаан байр”-ны чигт алхчихна. Хичээлдээ ч тэндээс ирнэ дээ. Ингээд бид төдөлгүй ижил дасал болов. Юрагийн Сарнайбэлэг гэх их хачин нэр нь арай содон сонсогддогсон. Юра бол угтаа орос чигийн нэр. Эцэг нь орос нэртэй гэсэн үг л дээ. Сарнайбэлэг л сонин байв. Манай ангийн нэг нөхөр нэрийг нь ийнхүү тайллаа. Аав нь орос нэртэй юм. Оросын эрлийз байж магадгүй. Эд нар чинь бие биедээ цэцэг бэлэглэх дуртай шүү дээ. Роза гэж ирээд л ярьдаггүй юу. Тэгээд ч царай нь нэг л өөр цагаан ш дээ. Шаравтар туяаг нь та нар аждаг биз дээ гэж ирээд л ярив. Тэгээд хэд хонож байтал өнөөх чинь хятадын эрлийз болж таарав. Манай ангийн “бага” Чимгээ тэр хоёр биднээс далдуур нэлээд дотно байж л дээ. Тэр “бага” Чимгээг гэртээ урьсан байгаа юм. Бидний сонссоноор бол гэрт нь арайхийж орсон гэнэ.

Хэдэн галуутай. Тэд нь дайраад оруулах юм биш. Сарнай тэднийгээ хорьж дийлдэггүй юм билээ. Тэгээд нэг хүнийг дуудах шиг болсон. Гэрээс хөвөнтэй хүрэмтэй, ноосон оймс, шаахай өмссөн хужаа гарч ирээд галуугаа хорьсон. Тэр хүнийг манай өвөө гэж байна лээ. Тэгэхээр Сарнай орос биш Хятадын эрлийз болж таарлаа гэсэн гэх яриа гарчээ. Хэд хонож байтал “Сарнайгийнх түлээгээ хөрөөдөх гээд барахгүй байгаа. Хоёр, гурван банди хэрэгтэй байна” болоод явчихав. Хэрэгт дуртай ч байж, түүний хятад өвөөг хармаар санагдаад би хоёр найзын хамт очив. Жинхэнэ луухаан галуугаа хорин, хашаанд оруулаад цоожилж орхилоо. Бяцхан цайлаад бид ч ажилдаа орлоо. Цайлах тун сонин байв. Тэр үеийн гэр хорооллын хүүхдүүд бид цайлах гэж талх л иднэ шүү дээ.

Тэгэхдээ бүр хольцтой, үгүйгээр нь иднэ. Масло, элсэн чихэр байвал их юм. Тэгтэл Сарнайгийнх тэс өөр байв. Талх, масло, элсэн чихэр, хиам, янз бүрийн варень байх ажээ. Өөр юу юу ч байлаа. Өө тийм, вафли хүртэл байсан шүү. Төгрөг 20 мөнгөний үнэтэй байсан санагдана. Ширхэг нь 85 мөнгөний үнэтэй банкя гээд л тэр цагийн хүүхдийн “хужир” бүгд ширээ дүүрэн өрөөстөй байсан даа.Сайн цайлж авсан бид гурав бүдүүн бүдүүн гоолинг Зүүнхараагийн хоригдлууд шиг л хөрөөдөж гарав. Тэнд хоригдлууд том том мод хөрөөддөг байсныг мэдэх юм. Хөрөө гацаад ирэхээр хүйтэн ус хийгээд л үзнэ шүү дээ. Ингэсээр байтал хэдэн ч цаг болсон юм, бүү мэд нэг мэдэхнээ өдрийн хоол болжээ. Гарыг зад угаалгаад оруулав. Гэрээс нь рестораны гэхээр үнэр ханхлах ажээ. Юу вэ. Хожим мэдсэнээр жинхэнэ хуйцаа мантуутайгаа байх нь тэр. Янз бүрийн мөөг, салат ч үзэгдэнэ. Бүгдийг өвгөн дарсан бололтой. Ёстой л амаараа гартал идсэн дээ. Ингээд заасан модыг нь хөрөөдөөд тав таван ширхэг вафлитай харив. Тэгэхдээ маргааш хичээл тараад хөрөөдсөн модоо хагалж өгөхөөр болов.

Сайндаа ч биш. Хоолонд нь болохгүй юу. Ингэсээр Сарнай бид ч, луухайн бидэнтэй ч дотнослоо. Гэрийнх нь ойр зуурын юманд туслангаа хоол идэж авна. Луухааны хоолын амттайг жиших юм байхгүй л дээ. Ингэж байтал ээлжийн амралт болов. Октябрийн баяр таарсан санагдана. Бид ч гэр гэртээ бүглээ. Амралт дуусч 14 хоноод бид цуглатал Сарнайгийн өвөө гэнэт хүндээр өвчилсөн тухай яриа чих дэлслээ. Сарнай чөлөөтэй бөгөөд өвөөгөө асарч байгаа гэнэ. Хичээл тараад бид гурав “хүн чанар” тээн очив. Бидний сайн танил нэр үл мэдэх хятад өвгөн хэвтэрт оржээ. Одоо бодоход цагаан сахалтай их л өндөр настай хүн байсан санагддаг юм. Нүднийх нь цог ширгэж, хөдөлгөөн нь саарсан байв. Угийн туранхай дээрээ улам туржээ. “Хай, Саранай. Хүүхдүүдэд хоол хийв аа. Үүнээс хойш дандаа чи хийнэ ба” гэсэн нь одоо ч сонсогдох шиг. Сарнай хоол хийхээр гарсан хойно өвгөн сонин бас аймаар юм ярив. “Хай та нар залуу байна. Охиныг минь харж явбаа. Би удахгүй байх аа. Ясуу их өвдөж байна. Намайг авах “юм” ирсэн шүү.Үргэлжлэлийг нь монголоор “явуулчихъя”. Одоо юу ч нэмэргүй. Та нарын амралт эхлэхээс арай өмнө нэг сартай шөнө би бие засахаар гарсан юм. Та нарын түлээ хөрөөддөг газрын хажуугаар жорлон руугаа явж байтал хэн нэг хүн гэнэт намайг дуудав. Цочоод харсан чинь нэг сүүдэр шиг хүн зогсож байна. Би айсандаа болоод хөшчихлөө.

Тэр хэлсэн
- За “да” луухаан, цаг чинь боллоо. “Да” гэдэг нь монголоор их өвөө, казахаар аксакал юм уу даа. Да хүрээг Их хүрээ гэдэг байх аа. Ойрын үед бүх юмаа цэгцэлж, тооц. Эргэж хургах юм байхгүй. Ойлгов уу?” гэсэн. Хай, тэр ихий өндөр хүн байсаан шүү. Надаас лав хоёр, гурав дахин өндөр. Шонгийн мод шиг л харагдсан. Маргаашаас нь юм хүмээ эмхлээд, одоо цэгцэрлээ. Эднийг айчих байх гээд би тэр талаар хэлээгүй. Та нар ч бүү хэлээрэй. Сарнай их аймхай. Түүнд ямар ч аюулгүй байлаа гэхэд нэг л сонсчихвол унтахгүй, солиорч ч мэднэ. Тэр тэнгэрийн зууч байсан. Уулзах хүнтэйгээ л уулзана шүү дээ. Түүнээс хүн бүхэнтэй уулзаад байхгүй. Манай дотор хүмүүсийг дээрээс голдуу ингэж “дууддаг” юм. Нэг л дуудсан бол яагаад ч нэмэргүй. Өр ширгүй л явбал болох нь тэр ээ” гэж билээ. Чухам юу дуудсаныг тухайн үед бид яаж мэдэх билээ. Одоо бодвол эрлэгийн элч л ирсэн юм болов уу даа. Биднийг гоё хоолоор дайлдаг өвөө төдөлгүй насан өөд болов. Хятад заншлаар гаргасан даа. Цагаан хувцастай хүмүүс замаар нэг хайчилсан цаас цацаад явсныг л санах юм. Манай нэг найзын өвөө “Оршуулгын ажилд нь оролцох хэрэггүй. Дараа нь эргээрэй” гэснийг бид тоолгүй оччихсон билээ. Төдөлгүй анд минь өвдлөө. Цахилгаан менингитийн дэгдэлт таарсан үе.

Хүүхэд халуурвал тэр айлыг хөл хорьдог сонин цаг байв. Найзындаа очиж чадахгүй боллоо. Тэгтэл нөгөө анд минь хүрээд ирлээ. “Э-гийн ээж ирлээ. Менин биш гэнэ. Өвөө нь тэгсэн юм байх. Чи бид хоёрыг бүрэнхий болохоор хүрээд ир гэсэн байна” гэв. Ингээд бид очихоор болов. Очлоо. Өвгөн хамаг л бурхан шүтээн, ном судраа дэлгэжээ. Биднийг суулгаад ийн хэллээ. “Та хоёр ч гайгүй байх. Манай ачийн жил таарахгүй байсан юм. Тэр биднээс нэг ах гахайтай бид хоёр хулганатай байсан хэрэг л дээ. Уг нь энэ жил оршуулгын газар очиж болохгүй байсныг хэлсэн ч үгэнд орсонгүй. Одоо яая гэхэв. Азаар гайгүй тусчээ. Та нар тэр хүнд багагүй туслаж байж. Тэгээд гайгүй өнгөрч байгаа юм. Хятад бүү хэл монгол хүний ажил явдалд өнөө жил битгий очицгоо. Би одоо аргална аа” гээд дүнгэр дүнгэр ном уншиж гарлаа. Тэгээд бидний нүүр гарыг угаан, арцаар утав. Ингээд бидэнд тус бүрт нь хэд хоног угаах “юм” өглөө. Өвөө хэлсэн нь, хятад хүмүүс эд хөрөнгөндөө хоргодомтгой байдаг. Тэр нь бусдад нөлөөлдөг юм. Ялангуяа жил, мэнгэ таараагүй бол бүр эвгүй. Харин та нарт хаа очиж муу санаагүй хүн байна лээ. Хүнд тустай явах ийм л байдаг юм гэж билээ. Манай найз бараг маргаашнаас нь эдгэрсэн дээ. Цаашид Сарнайд туслаж болох эсэхийг асуухад “Бололгүй яахав. Гэхдээ 49 хоног нь өнгөрөг” гэсэн дээ. Ийм л нэг сонин түүх бидний амьдралд тохиосныг уншигчидтайгаа хуваалцав.
Эх сурвалж www.wikimon.mn