“Боловсролын давалгаа” төрийн бус байгууллагаас бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” сурах бичгийн судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийжээ. Дээрх сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай байсан нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байгаа талаар БСШУЯ-д олон удаа хандаж албан тоот хүргүүлж байсан ч хүлээн аваагүй талаар бид мэдээлж байсан билээ.

Өнөөдрийн байдлаар 2014 оны хэвлэлт дээрх алдаанууд 2015 оны сурах бичигт ямар ч засваргүй хэвээр байсан төдийгүй 2016 онд хэвлэхдээ засварыг хангалтгүй хийж 30 хувийг л нөхөн хэвлэжээ.

2016 оны гуравдугаар сарын 2-ны өдөр “Боловсролын давалгаа” байгууллагаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн /ёс суртахууны унших эх/ “Иргэний боловсрол” нэртэй сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, хөтөлбөр, стандартад нийцсэн, орчин үеийн сурахуйн онол практикийн дагуу хүүхдийн нас, сонирхолд тохирсон байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр анхан шатны захиргааны хэргийн шүүх хурал болж сурах бичгийн зохиогч У.Туяа С.Батсүх нар БСШУЯ-ыг төлөөлж хариуцагчаар оролцжээ. Шүүх хуралдааны явцад сурах бичгүүдэд агуулга, заах арга зүй, найруулга зүй, ёс зүйн хийгээд зөв бичих зүйн маш олон алдаа байсныг нотлон харуулснаар шүүгч Д.Чанцалням уг сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, шинэчлэн зохиох тухай шийдвэрийг гаргалаа.

Эх сурвалж: gogo.mn