Хассан Роухани зургадугаар сарын 15-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 18 сая 613 мянган санал авч, Ираны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ираны улс төрийн зүтгэлтэн Хассан Роухани (Hassan Rouhani) 1948 оны арваннэгдүгээр сарын 12-нд төржээ. Тэрээр Тегераны их сургуулийг төгсч, эрх зүйн бакалавр, Их Британийн Глазго хотын Каледоны их сургуульд докторын зэргээ хамгаалжээ. Тэрээр улстөрд шинэ хүн биш. Улстөр судлаачийн хувиар олонд танигдсан. Араб, англи, франц, герман, орос хэлтэй.
1992 оноос Ираны стратеги судлалын төвийн тэргүүнээр ажиллаж байсан. Хоёр ч удаа депутатаар сонгогдож байсан. 1989-2005 онд Ираны үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дипломат туршлагатай. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хийгдсэн гол гол хэлэлцээрт Ираны төлөөлөгчдийг удирдаж байсан юм.
Хассан Роухани 1991 оноос Зүйд нийцэх зөвлөлийн гишүүн, 1992 оноос Ираны стратегийн судалгааны төвийг толгойлж байсан бол 1999 оноос Шинжээчдийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ. 1980-2000 онд тэр Межлисийн (парламент) депутат, 1992-2000 онд Межлисийн орлогч дарга байв. Тэрээр Ираны ерөнхийлөгчийн сонгуульд Тэмцэж буй шашны зүтгэлтнүүдийн нийгэмлэгээс нэр дэвшин оролцсон юм.
Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эрс шүүмжилдэг. Бодлогогүй мэдэгдлээр улс орныг нь удаа дараа хүнд байдалд оруулсан гэж үздэг.