О. Нямдаваагийн Ил Хант улс хэмээх ном хэдхэн хоногийн өмнө хэвлэгдэн гарчээ. Монголын Эзэнтгүрний түүхийг зөвхөн Тэмүжин, Өгэдэй, Мөнх, Гүюг хаад болон Юань улс, Алтан Орд улсаар л төсөөлөх нь бий. Монголын Эзэнт гүрний түүхэнд зайлшгүй байх ёстой Цагадайн улс, Ил-хаант улсуудын түүхийн талаар монголчууд өөрсдөө төдийлөн судлаагүй байна. Энэ бүтээл хэвлэгдэх хүртэл 2006 онд Д. Анхбаярын Эл хаант улс номноос өөр тухайн улсын түүхийн талаар өгүүлсэн ном бүтээл хараахан гараагүй, мөн гадаадын судлаачдын судалсан бүтээлүүдээс орчуулагдан монголчуудад хүрээгүй байв.

Ил-хаант улсын түүхээр ном, товхимол дутмаг байгаа энэ үед энэхүү ном гарсан нь олзуурхууштай. Түүгээр ч барахгүй зохиогч багагүй материал үзэж харж, цуглуулж энэхүү номоо бүтээсэн нь харагдаж байна.

ГЭВЧ

Уг номонд андуурч ташаарсан зүйлс нэлээдгүй байх бөгөөд сурвалжаа буруу ойлгосон, Ил-хаант улстай холбогдолгүй зүйлсийг шууд холбож тавьсан гэх зэрэг олон алдаа байхаас гадна утга агуулгыг нь алдагдуулсан, буруу тайлбарласан зүйл маш олон байна. Ийм номноос хүн юу ойлгож авч, юуг нь хойшид ишлэн ашиглаж, дараагийн ном бүтээлд энэ янзаар дурдагдах бол гэхээс үүнийг бичихгүй байхын аргагүй байна.

Хүмүүсийн сайн мэдэх Хүннү улсын нэрийг зарим хэсэгт нь Хүннү гэсэн хэрнээ зарим хэсэгт нь Хуна хэмээн тэмдэглэсэн нь уншигчдыг төөрөгдөлд оруулж болохоор байгаа юм. Хуна хэмээх нэршил нь зөвхөн НТ III зуунд Энэтхэгт очиж Гуптын хаант улсыг байгуулсан нүүдэлчдэд хамаарахаас Төв Азид, Монгол нутагт оршиж байсан хүннүчүүдийг нэрлэсэн нэр биш юм. Бас нэгэн зүйл нь Монголо хэмээх ойлголт. Монголо гэх нь ямар хэлээр, хаанахын дуудлагаар ийнхүү бичиж байгаа нь огт ойлгомжгүй. Ямар эх сурвалж дээр тулгуурлав гэдэг нь байхгүй. Шинэ нэр томьёо гаргаж байгаа бол түүнийхээ тухай ямар нэгэн нэмэлт тайлбар хийж өгөх нь зүйтэй.

Мөн уг бүтээлд Жочийн үеэс Цагаан орд гэж нэрлэж байгаад Батын үеэс Хөх орд хэмээн нэрлэх болсон мэтээр бичжээ. Уг нь Чингис хааны ууган хүү Жочийг нас барсны дараа түүний хөвгүүд болох Орда, Бат нарт нутгийг нь хуваан захируулснаар Ордын захирсныг Хөх орд, Батын захирсныг Цагаан орд хэмээн нэрлэх болсон юм.

Ил-хаант улсын монголчуудын хоол хүнсний тухай дурдахдаа “Махан хоолонд гар хүрэхийн өмнө тавагнаасаа боов, цагаан идээний дээжээс эхлэн амсдаг журмаа Персид үргэлжлүүлсэн” хэмээн өгүүлжээ. XIII зууны монголчууд гурилан бүтээгдэхүүн хэрэглэж байсан тухай тэмдэглэн үлдээсэн сурвалж тодорхойгүй байна. Монгол нутагт ирсэн жуулчид XX зууныг хүртэл монголчууд талх гэх мэт гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хэмээн тэмдэглэжээ. Тиймээс монголчууд мах идэхийн өмнө цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн иддэг нь уламжлал бус тухайн нутагт очоод суралцсан шинэ зүйл байх нь лавтай. Мөн “Түүнчлэн айлын хоолонд урилгагүй ирэх гэх зэргийг таашаадаггүй” гэсэн байгаа юм. Гэтэл Гийом де Рубрукийн тэмдэглэлд монголчууд хоол хийх цагийг тааруулан Рубрукийн гэрт цугладаг байсан тухай өгүүлсэн байдаг бөгөөд монголчууд хоол хүнсээ эвтэй найртай хүртдэг байсан тухай тэмдэглэн үлдээжээ.

Энэ номын чухал хэмээн үзэж буй нэгэн баримт нь Рашид ал-Дины “Судрын чуулган” номыг бичилцсэн гэх Болад чинсангийн гарын үсэг юм. Үнэхээр Болад Чинсангийн гарын үсэг мөн үү гэдэг нь тодорхойгүй тухайн үеийн захидал харилцаануудад тамга дарснаас бус гарын үсэг зурсан тохиолдол ер байдаггүй санагдана. Энэхүү сэдвээр цааш дэлгэрүүлэн судалж ард олонд үнэн зөв мэдлэг түгээгүүштэй.

Хүн мэдэхгүй хараагүй зүйлдээ амархан итгэж, тийм байсан мэтээр ойлгодог. Нэг уншсан номоо бариад л энэ номон дээр тэгж байна гэж дайрах хүн цөөнгүй бий.

Энэхүү номын зохиогчийг мэргэжлийн түүхч биш хэмээн өмгөөлж болох ч номын редактор нь Шинжлэх ухааны доктор, өмнөх үг бичсэн хүмүүс нь мөн л археологи, түүхийн ухааны докторууд байх юм. Энэ хүмүүс үнэхээр мэдлэг нь дутав уу эсвэл хайнга хандав уу. Ямартай ч номын өмнөх үг бичиж байгаа болон ерөнхий редактороор ажиллаж буй хүмүүс тухайн бүтээлдээ цензур тавьж байх зайлшгүй шаардлагатай байна.

Ганц номон дээр жишээ татахад ийм байна. Бүхэлд нь үг үсэг бүрчлэн шүүрдвэл бүр аймшигтай юм болно. Тэгэх ч аргагүй юм. Үүнийг шийдвэрлэх арга зам нь Монголд номын шүүмжийг хөгжүүлэх, аливаа ном хэвлэлд хэвлэлийн газрууд, ШУА академи зэрэг газрууд зохих хэмжээний шаардлага тавьж

тэрхүү шаардлагыг хангасан нөхцөлд хэвлэдэг, хэвлэх эрх олгодог байвал зүгээр сэн. Гэвч ШУА зэрэг газруудад эрхийг нь өгчихвөл нэг нэгнээ хааж боох, ном хэвлэлийг нь хэвлэхгүй байх гэх мэт хүндрэл бэрхшээл гарч болзошгүй юм.


Маркан дээрх Хубилай хаан болон Өгэдэй хааны хөргийг сольж гаргасан алдааг хяналгүй шууд оруулжээ.


Ил-хаант улс болон Алтан Ордны улсын далбааг Каталоны атласт дүрсэлснээр авсан атлаа яагаад Юань, Цагадайн улсын далбааг огт өөрөөр дүрсэлснээ дурдсангүй. ( дор буйзураг)


Цагадайн улсын далбаа номонд дүрсэлснээр Каталоны атласт дүрсэлсэн нь



Юань улсын далбаа номонд дүрсэлсэн нь Каталоны атласт дүрсэлсэн нь



Шах наме тууль нь 1010 оны орчим бичигдсэн ч уг бүтээлд зураг чимэглэл хийсэн нь XIV зуунаас хойш үед холбогдох бөгөөд хамгийн чухал нь агуулгын хувьд монголчуудтай холбогдолгүй. Зохиогч Шах наме-н чимэглэл зураг хэмээн хятадад зурагдсан тэр ч бүү хэл орчин цагийн монгол зураачийн зургийг хамруулсан нь эндүүрэл юм.


Энэхүү зураг нь Хубилай хааны ан хийж буй зургийн хэсэг бөгөөд зургийн арга барил нь Персийн миниатюр зурагнуудаас ялгаатай. Гэтэл Шах наме-н зураг хэмээн тайлбар хийжээ.



Ил хаант улсын цэргүүд улаан, ногоон, цагаан, хар, өнгийн туг хэрэглэж байв гэсэн тайлбартайгаар энэхүү зургийг оруулжээ. Гэтэл энэ зураг нь Ил-хаант улстай огт хамааралгүй бөгөөд чимэглэл зураг зурагдсан цаг үеийн хувьд Монголчуудын цаг үетэй холбогдох боловч агуулга нь Тан улсын үеийн Нүүдэлчин лимбэний 18 аялгуу номын чимэглэл зураг бололтой байна.


С. Ууганбаяр.