СЕРВАНТАСЫН ДАРАА ХЭН БИЧИГДЭХ БОЛ, ЭРГЭЛЗЭЭГҮЙ …..

Достоевскийг гар, хөлдөө гав гинжтэй Сибир лүү цөлөгдөхөд, тэндээсээ Казахстаны умард хэсэг хүртэл явахад нь, тэсгим хүйтэнд гартаа гинжтэй (сүүлд хөлийнх нь гинжийг авсан) тээрэм эргүүлж, тэр үеийн Оросын хамгийн хүнд хэрэгтнүүд, хулгайч, алуурчидтай нэгэн нарсанд хэвтэж байхад дэрэн доор нь “Шинэ Гэрээ” л байжээ.

Тиймээс ч романуудад нь “Бурхан минь би таны хүү байх эрхгүй гэм нүгэл үйлдсэн билээ. Намайг энэ үйлээс уучлан хэлтрүүлээч” гэсэн Библийн эшлэлүүд цөөнгүй тохиолддог. Цөллөгөд очсон нь түүний бүрэн хөтөлбөрөөр эдэлсэн зовлонгийн эхлэл нь ч биш, төгсгөл нь ч биш ид дундаа явжээ. Барууны радикал үзэл санааг хэлэлцэгч Петрашевскийн дугуйланд хэд очсоны төлөө, утга зохиол шүүмжлэгч Белинскийн Гогольд бичсэн захидлын хуулбарыг олны өмнө уншиж, бусдад үзүүлснийх нь төлөө цаазаар авах ял оноожээ.

Хориотой бичиг хадгалан, тараасан Ф.М.Достоевскийг 1949 оны нэгдүгээр сарын 22-нд Семеновын талбайд хэрэгтнүүдийн хамт шонд барьж хүлээд, толгойд нь шуудай углав. Тушаал гүйцэтгэх цэргүүдийн долоовор хуруу бууны гохон дээр ирэх тэр мөчид эзэн хааны зарлага ирж, цаазаар авах ялыг дөрвөн жил Сибирт цөлөгдөх ялаар сольсон гэдэг. Энд өгүүлэгдсэн хоёр шийдвэрийн дундахь хориод минутын тухай “Идиот” романдаа Мышкин ванд Швейцарт нэгэн хүн ярьсан түүх болгон маш нарийн, тодорхой дүрсэлсэн байдаг. Үхэлтэй нүүр тулсан энэ явдал түүнийг амьд байх хором мөч яг одоо дуусах гэж буй мэт амьдралыг тун няхуур харахад нь тусалсан гэж үздэг хүмүүс ч бий. Цөллөгийн амьдралаа тэрбээр 1962 онд хэвлүүлсэн “Үхмэл байшингийн тэмдэглэл” зохиолдоо нэлээд тодорхой бичсэн.

Ер нь Польш гаралтай газрын эзэн аавыг нь согтуу тариачид нүдэн дээр нь цааш харуулснаас эхэлсэн Достоевскийн амьдрал дахь зовлонгуудаас хамгийн өгөөжтэй нь цөллөгийн жилүүд байсан шиг санагддаг. Нэг удаа татаж унадаг өвчин нь хөдөлж эмнэлэгт хэвтэхэд цөллөгийн эмч түүнд Сервантасын “Дон Кихот” романыг өгчээ. Би хувьдаа “Идиот”-ыг бичих санаа тэнд л төрсөн болов уу гэж харддаг. 1868 оны нэгдүгээр сарын 13-нд зээ дүү Софи Ивановад бичсэн захидалдаа “Сайхан хүнийг бүтээнэ гэдэг зохиолчдын туулийн хүслэн ажээ. Гэвч зохиолчид дүрслэхээс хэтэрсэнгүй. Би энэ үед сайн хүнийг бүтээсэн хоёрхон зохиолын талаар бодож байна. Нэг нь Христ, нөгөөх нь Дон Кихот. Өрөвдөх, хайрлах гоо сайхан байгаа аль ч газар уншигчдын сэтгэлийг хөдөлгөж, чадах тийм дүрд тэрхүү сайхан хүний мөн чанар байдаг” гэжээ. Түүний “Идиот” романы Мишкин ванг бүрэн бүтнээр олж харахын тулд Библи болон Дон Кихотыг бүрэн сайн ойлгосон байх хэрэгтэй гэж л хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл, Мышкин бол Оросын ариун Маанаг, Дон Кихотын хамаатан, дэлхий дээрх Христийн нэгэн хувилбар ажээ.

1867–1868 ОНД “ОРОСЫН МЕССЕНЖЕР” СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДСЭН “ИДИОТ” РОМАН

Яг энэ үед тэрбээр “The Russian Messenger” сэтгүүлийн эзнээс зээлсэн өрөндөө “Идиот” романаа цувралаар нийтлүүлэхээр бичиж эхлээд байлаа. Энэ тухайгаа 1867 оны наймдугаар сарын 16-нд Женевээс дотны нөхөр, яруу найрагч Аполлан Николайвечид бичсэн захидалдаа “Шинэ роман эхлүүлэхээр шийдлээ. Роман маань цувралаар “The Russian Messenger” сэтгүүлд хэвлэгдэнэ. Урьдчилгаа нөхцөлөөр 4000 рубль авсан. Тиймээс зохиолоо нэгдүгээр сараас өмнө бичиж дуусгах хэрэгтэй байна” гэж бичжээ.

Түүний бүтээсэн утга зохиолын нүсэр уран барилгуудыг ядуу тарчиг амьдрал, тэр үеийн утга зохиолын хүрээнд ихэд алдаршиж байсантай нь холбон үзэх хүн цөөнгүй. Хэвлэлүүд зохиолуудыг нь хуудас бүрээр нь үнэлж байсан учраас хэтэрхий урт бичдэг байсан ч гэлцдэг. Ер нь “Гэм зэм”, “Идиот”, “Карамазовын хөвгүүд” романыг уншсан хэнд ч ийм бодол төрөхвий. Оросын тэрс үзэлтэн, зохиолч Эдвард Лиминовын “Достоевскийн томоохон бүтээлүүдэд нулимсан далай, мянга мянган хийрхэл, бурхан, ертөнц, сэтгэл оюуны талаар цай уухдаа эсвэл архидаж байхдаа ярьж буй хүүрнэлээр дүүрэн. Түүний баатрууд яриандаа донтогчид, үг хэлээрээ өөрийгөө болон бусдыг зовоогчид байдаг” гэсэн нь бага зэргийн хэтрүүлэгтэй болохоос үнэн билээ.

Ф.М.Достоевскийн гол бүтээлүүдийн нэг “Идиот” роман хоёр ч хувилбар, нэг жилийн дотор монгол хэлнээ орчуулагдлаа. Нэгийг нь “Солиот” нэрээр орчуулагч Ц.Гомбосүрэн, нөгөөг нь “Маанаг” нэрээр орчуулагч Ч.Баатар хөрвүүлжээ. Дундад эртний Латин, Грек хэлнээ “idio” буюу “хувь хүн”, “харь хүн” гэсэн язгуураас гаралтай “idiōta, idiṓtēs” гэсэн үгс нь мунхаг, тэнэг, оюуны хомсдолтой гэсэн утгыг илэрхийлдэг байжээ. Утга зохиол судлаачид Достоевскийг романаа “Идиот” гэж нэрлэсний учрыг Христийг солиотой гэж цовдлохдоо, Кихот ноёныг солиорсон гэж ёжлохдоо хүн төрөлхтөн “тэнэг, маанаг”-ын талаар бодож байсанчлан Мишкинг ч мөн тэгнэ гэж тооцжээ гэдэг.

Владимир Набоков Корнеллын их сургуульд Достоевскийн талаар уншсан лекцдээ “Дэлхийн суут зохиолчид бодит байдлыг яагаад чухалчилдаггүй байсан юм бол гэж бодож үзсэн үү. Кафка, Гоголь ч юм уу. Шекспирийн “Хамлет” жүжигт хорлогдсон аавынх нь сүнс ороод ирмэгц л үзэгч, уншигчдад илүү сонирхолтой болж эхэлдэг шүү дээ. Уран зохиолын туйлын чанар нь бодит байдлыг бус түүний цаад мөн чанарыг нээхэд оршдог учраас тэр. Яг ийм тохиолдолд би Достоевскийг унш гэж зөвлөмөөр байна” гэж ярьсан байдаг.

ДРИЗДЕН ХОТ ДАХЬ ДОСТОЕВСКИЙН ХӨШӨӨ

“Идиот”-ын яг энэ чанарыг нээх хүртэл нэлээдгүй тэвчээр шаардагдана. Достоевскийн няхуур дүрсэлсэнчлэн “Юүдэнтэй цув өмссөн залуу эр мөн л хорин зургаа орчим насны, дунджаас арай өндөр гэхээр нуруутай, өтгөн цайвар үстэй, ёнхордуу хацартай агаад эрүүнд нь сөрдийх бараг дун цагаан сахал нь шингэн атлаа ширүүн ажээ. Гярхай байрын харцтай том цэнхэр нүд нь тайван дөлгөөн төрхийг илтгэх боловч цаанаа л нэг нухацтай хүнд, зэрвэс харахад татаж унадаг өвчтэй байх гэж бодогдом нэг л хачин төлөв байдал ажиглагдана” гэх залуу ноёнтон бол Швейцарын зэлүүд ууланд сэтгэл хямралын өвчнөө эмчлүүлээд эх орондоо буцаж яваа ван Мышкин. Эх оронд нь хамаатан садан гэх юмгүй тэрбээр галт тэргэнд танилцсан Рогожин хэмээх залуу ноёноос өөрийн удмын цорын ганц хүн, генерал Епанчины гэргийн талаар сонсдог. Ийнхүү тэднийд айлчилж очсоноор Настасьятай танилцдаг. Хувь заяаны эрхээр баян язгууртан Тоцкийд үрчлэгдэн амраг нь болсон үзэсгэлэнт бүсгүй Настасья бол романы ад зэтгэрийн гэмээр дурлалын хүчийг баригч нь.

Достоевскийн романы үйл явдлыг энэ мэтийн маш товчхоноор эсвэл хэдэн арван хуудас дамнуулан нурших гэсэн хоёр аргаар өгүүлэх л боломжтой. Нэгэнтээ энд зохиол ярих зорилго агуулаагүй учраас дүрийн зан төлөв рүү шилжье.

Өнчин, өв хөрөнгө гэхээр зүйлгүй, залуу ван Мышкин бол Достоевскийн бүтээсэн Христ ажээ. Нэрийн утга нь “харьцангуй сайхан хүмүүн”, “энэрэн нигүүлсэх” гэсэн санааг агуулдаг. Утга зохиолын зарим шүүмжлэгчид Достоевскийн дүрсэлсэн Мышкин царай төрхийн хувьд Христийг санагдуулдаг гэж хүртэл уран сэтгэмжилсэн байдаг. Харин чамгүй хөрөнгө өвлөсөн хар үс, хар нүдэт Рогожин бол ад зэтгэрийн гэмээр үүргийг хүлээдэг. “Рог” гэдэг нь Оросоор эвэр гэсэн үг. Эвэр харин Христ шашны домогзүйд ямагт ад зэтгэрийн бие эртхэн байдаг шүү дээ. Мышкин болоод Рогожины хайр сэтгэлийг үймрүүлэгч Настасья бүсгүйг харин “туйлдсан гоо сайхан” хэмээн тодотгосон байх нь олонтоо.

Зохиолын дотоод бүтэц, уур амьсгалд бичигдэж байх үеийн нөхцөл нөлөөлсөн гэдэгт маргах аргагүй. Романыг эхлэхээс дуусах хүртэл Достоевский өөрийн биеэр жүжиглэн өгүүлж, хурдан бичээч эхнэр Анна Григоревна нь бичдэг байжээ. Зохиолоо хугацаанд нь дуусгахгүй бол өрөнд унахаар байсан тул маш шахуу ажилладаг байсан талаараа дурдсан байдаг. “Идиот”-оо бичиж байх үед нь бяцхан охин нь нас эцэслэсэн. Сэтгэлийн маш их дарамт, гутралтай үед татаж унадаг зохиолчийн өвчин дүрүүдэд нь өвлөгдсөн байх гэмээр уур амьсгал ч ажиглагддаг. Түүний зохиолын баатрууд нэг зүйлийн талаар маш хурдан, эрч хэмнэлээр удаан ярилцаж, мэтгэдэг нь өөрийнх нь татаж унадаг өвчинтэй холбоотой байж мэднэ. Достоевскийн талаар тусгайлан судалсан утга зохиол судлаач Жон Жонес “Достоевскийн “Идиот” роман хэлний хувьд хэл хэллэгийн хувьд маш өндөр түвшинд бичигдсэн. Бас үйл явдалд эмх замбараа багатай. Тиймээс Орос бус хэлт уншигчдад ойлгоход хүндрэлтэй байдаг” гэж дүгнэжээ.

Мышкиний талаарх улигт яриаг дахин сөхөхөд элдэв яриа, маргаанд түүнийг оролцох үед та тэсвэрлэхийн аргагүй доог тохуу, ёжлол, үл тоомсорлолыг мэдрэх болно. Хараал, доромжлолыг энд тооцох хэрэггүй. Ер нь өөрсдийн бүтээхийг зорьсон туйлийн сайхан хүмүүсээ бусдад доромжлуулж, тохуурхалд автуулдгаараа Сервантас, Достоевский хоёрт ижил тал байх шиг. Тэрбээр Баден-Баденд сууж байхдаа Некрасовт бичсэн захидалдаа “Бурхан намайг дуудаад хүн төрөлхтнийг зөвтгөх ганцхан шалтгаан хэл гэвэл би “Кихот ноён” романыг санал болгох байлаа” гэж бичсэн байдаг. Тэр өөрөө ч гэсэн ийм зөвтгөлийг бий болгохын тулд Мышкин хэмээх залууг бүтээжээ. Тэр нь хүн төрөлхтнийг идеалд тэмүүлэх хүсэлд хөтөлж, хэдийгээр үйл явдлаараа роман амин хувиа хичээгч, шунал хүсэлтнүүдийн талд төгсөж буй боловч Мышкиний ялалт огт өөр дотоод сэтгэлийн ялалт байдаг. Достоевский шоронд байхдаа ахдаа бичсэн захидалдаа “Ах минь, надад ямар ч зовлон, гуниг тохиолдсон би гутарч, шаналахгүй байхыг бодном. Хүн чухамдаа дотоод сэтгэлдээ амьдардаг юм байна шүү дээ” гэжээ.

Түүний романы “Настасья Филипповна хүмүүн бусаар жигшин зэвүүцсэн тэр хүнээ л гутаан доромжилж байвал юуг ч, эн тэргүүнд өөрийгөө ч үл хайрхан гаргуунд гаргахаас сийхгүй бөгөөд өөрөө өөрийгөө эргэлт буцалтгүй, утга учиргүй хөнөөж, Сибирийн цөллөгт ч очиж болохоор байдалд орсон байлаа” мэтийн өгүүлэмжүүдийг, Рогожин, Тоцкий, Епанчин, Лебедев мэтийн солиотой дүрүүдийн алийг нь ч орхигдуулж болохгүй. Зохиогч шиг л гярхай ажиглах хэрэгтэй.

Мөн түүний “Идиот” романы чухаг зангилааны нэг үхлийн дотоод чанарыг мартаж болохгүй. “Идиот” романы хоёрдугаар хэсэгт ноён Рогожины хананд Германы уран зураач Холбейны “Үхсэн Христийн бие” нэртэй бүтээл өлгөөтэй байгаа талаар өгүүлдэг. Христ дахин амилаад нэгэнтээ үхсэн учраас энэ нь дахин үл сэргэх амьдралын мөхөл, доройтлыг төлөөлдөг. Достоевский Швейцарт харсан гэж тэмдэглэсэн энэ зургаа яагаад “Идиот” романыхаа Рогожин ноёны хананд зүүлгэсэн байх вэ. Рогожины омголон, шазруун хурц зан, хайр дурлалын илэрхийлэл, сэтгэл хөдлөл нь Мышкинийхтэй харьцуулашгүй бадрангуй ч Настасьяг үхлээс аварч чаддаггүй. Гарцаагүй үхэлд хүрэх нөхцлийг зохиолч өөрөө бэлтгэж буй нь эртнээс мэдэгддэг шүү дээ.

Эцэст нь, уншигчийнхаа хувиар би Достоевскийн романуудад тийм ч хүндэтгэлтэй ханддаг гэвэл худлаа. Хэтэрхий нуршаа, үглээ, шүлсээ үсчүүлсэн, уйтгарт яриануудыг тэвчиж, түүний санаанд хүрнэ гэдэг их тэвчээр шаардана. Баруунд Достоевскийн романаас жинхэнэ Орос хүнийг олж харна гэх мэтээр мэдэмхийрдэг. Үнэндээ “Идиот” романы нэгэн дүр “Оросын утга зохиол миний л бодоход бүгд Оросынх биш. Ломоносов, Пушкин, Гоголийг эс тооцвол шүү дээ” гэдэгчлэн тэр Герман, Францаар даяанчлан амьдарч байхдаа барууны утга зохиолтой чамгүй дотноссон шиг санагддаг.

Byambanyam