Шао И Фү гэдэг нэг бизнесмэн 60-аад оны сүүл хүртэл Гонконг төдийгүй зүүн өмнөд Азийн зах зээлийг өөрийн үйлдвэрлэсэн киногоор байлдан дагуулж алсдаа "Азийн Холливудыг" байгуулна даа гэж мөрөөддөг байжээ. Түүнтэй нэлээд шадар дотно ажилладаг нэг туслах нь түүнд "Хэрвээ та азийн Холливуд байгуулах мөрөөдөлтэй юм бол Холливудын найман том салбарын хэрэгжүүлдэг ашгийн шудрага, зоримог хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй." гэж зөвлөдөг байж л дээ. Гэвч Шао И Фү азийн уламжлалт гэр бүлийн бизнес маягтай удирдлагын тогтсон арга барилтайгаа зууралдаад түүний үгийг тоодоггүй байсан гэдэг. Сүүлд нь нөгөө шадар зөвлөх Жоу Вэнь Хуа нь студи байгуулж өөрийн олж харсан тэрхүү дэвшилтэт арга барилаар ажиллаад үзье гэж шийджээ. Ингэснээр азийн киноны зах зээл дээр урьд хожид үзэгдээгүй том өрсөлдөөн тулалдаан эхлэх үүд хаалга нээгдсэн болой.
Гэхдээ мэдээжийн хэрэг гарааны анхны шугам дээр хүчний харьцаа туйлын зөрүүтэй байсан нь ойлгомжтой. Шао И Фүгийн хувьд ашиг орлого гэж ёстой л алтан бороо орж байгаа мэт цутгаж байсан бол Жоу Вэнь Хуайгийн хувьд даржин студийн тоног төхөөрөмж, санаа нийлсэн цөөн хэдэн хүнээс гадна нэг хүчирхэг зэвсэг байсан нь "Зөв санаа сэдэл" болой. Утаагүй тулаанаас өөрцгүй тэрхүү хурц ширүүн өрсөлдөөний явцад нэгэн гайхамшигтай баатар эр тодрон гарч ирсэн нь тэмцлийн эцсийн үр дүнг нэгмөсөн шийдэж орхисон юм. Тэр хүнийг та бүхэн сайн таньдаг нь хэн гэвээс алдарт Брюс Ли бөлгөө.

Америкад цөөн хэдэн киноны туслах дүр, ганц нэг киноны гол дүрд тоглоод авсан Брюс Ли дорно дахины тулааны урлагийн тухай сайн бүтээл хийе гэж эртнээс нааш мөрөөдөж явдаг нэгэн байсан боловч хэл соёлын тэс өөр орчинтой Холливудад бүтэшгүй хэрэг болохыг ойлгосон гэдэг. Энэ нь нэг талаар "Тэнгэрийн цаг газрын ашгийг гүйцэхгүй" гэдэг эртний зүйр үгийн баталгаа болсон юм. Арга буюу эцэс сүүлдээ далаад оны эхээр Шао И Фү босстой уулзаж өөрийн санаагаа дэлгэжээ. Цаадхи нь "Боломжийн санаа байна. Харин чи гол дүрд тогловол ямар хөлс мөнгө авах юм бэ?" гэж асуусан байна. "10 000 доллар" гэж Брюс Ли ч товчхон хариулж л дээ. Шао боссын нүд орой дээрээ гараад би хамгийн сайн гол дүрийн жүжигчиндээ "5000 долларын шагнал өгч байсан. Гэтэл чи муу хэн юм бэ? Нусгай амьтан байж. Эндээс хурдан зайл, тонил." гээд хөөгөөд гаргасан гэдэг.

Брюс Ли тэндээс хөөгдөж гараад тухайн үед "Зяхө" нэрт студи байгуулаад байсан Жоу Вэнь Хуайтай уулзаад хоёр талын санаа бодол яв цав нийлжээ. Тэгээд удалгүй Брюслигийн анхны найруулж гол дүрд нь тоглосон бүтээл болох "Тан Шаньгийн ахан дүүс" кино дэлгэцнээ гарсан нь Гонконг төдийгүй Азийн зах зээлийг ёстой л нэг байлдан дагуулах шиг болсон юм. Улмаар Америк Европын зах зээлийг хүртэл шуугиулаад эхлэжээ. Ямар сайндаа киноны копи хувийг үйлдвэрлэх гэж бусад үйлдвэрүүдийн хүчийг дайчилж байхав.

Тэр ганцхан киноны хүчинд Брюс Ли жүжигчин хүний хувьд санасандаа хүрч сарвайсан бүхнээ авсан төдийгүй "Зяхө" компани Шао И Фүгийн "Азийн Холливуд" лугаа өрсөлдөх хэмжээнд өсөж томроод явчихжээ. Ингэж байтал Брюслигийн найруулсан "Жин Ү Мэнь бүлэг" нэрт хоёрдахь бүтээл гарсан нь дэлхий дахинд 230 сая америк долларын ашгийг хийж чадсан юм. Тэр үедээ одоогийн хэдэн тэрбум доллараар яригдах их хэмжээний мөнгө л дөө. Брюс Лигийн онгод хийморь ёстой л ассан гал мэт бадарч дараачийн гуравдахь бүтээл "Мөрнийг гатласан луу" кино бас л шуугиулж өгөлгүй хаачив гэж. Энэ гурван киноны орлогоор "Зяхө" компаний хүчин чадал "Азийн Холливуд" компанитай зэрэгцэхэд тун ойртоод ирсэн байна. Зөв санаа сэдлийн хүч гэж ийм аугаа их байдаг ажгуу. Харамсалтай нь Брюс Ли өөрийн дөрөвдөх уран бүтээл дэлгэцнээ гарахыг үзэж амжилгүй тэнгэрийн орноо заларсан гэдгийг бид мэднэ. Хайртай дотны нөхөр хамгийн гол хүчээ алдсан Жоу Вэнь Хуай маш их харуусал шаналалд автсан нь тодорхой боловч түүнд "Зөв санаа сэдэл" гэдэг асар их хүчтэй зэвсэг байсан болохоор удалгүй Жаки Чан гэдэг Брюслигээс дутахааргүй шинэ одыг бэлтгэн гаргажээ. За тэгээд Жэт Ли гээд тоочоод байвал дуусашгүй юм болно.
Энэхүү хатуу ширүүн өрсөлдөөний явцад Зяхө компани төгс ялалтыг байгуулж, харин үхширмэл үзэл бодолтойгоо зууралдсаны гороор Шао И Фү босс киноны зах зээлээс бүрмөсөн шахагдаж телевизийн зах зээл рүү орсон түүхтэй юм.

Иймэрхүү жишээ асар олон байдгийн нэг нь алдарт Колумбийн Португалийн эзэн хааныг ятгасан түүх бөлгөө. Нэг сая хүрэхгүй хүн амтай Португали нь Азийн зах зээл дээр хүрэх усан замыг нээж далайн хүчирхэг гүрэн болсонд тухайн үеийн Европын том улс орнууд хүртэл атаархаж үхдэг байжээ. Ямар сайндаа Английн хатан хаан Елизавета арга ядахдаа далайн дээрэмчидтэй үгсэн хуйвалдаж тэдэнд усан онгоц гаргаж өгөөд Португалийн худалдааны усан онгоцуудыг дээрэмдүүлээд олсон ашгийг нь хуваалцдаг байсан байх билээ.
Португалийн эзэн хаан Колумбийн чанх баруун зүг аялаад азийн зах зээлд илүү дөт замаар хүрч болно гэсэн зөв санаа сэдлийн хариуд "Аугаа их хоосон мөрөөдөгч" гэсэн хоч өгчихөөд хөөн гаргаж байсан удаатай. Гэтэл тэр "Зөв санаа сэдлийг" нь шинэ тулгар тусгаар тогтнолоо олж аваад байсан Испаний хатан хаан Мария нааштай хүлээн аваад хоёр бага шиг усан онгоц гаргаж өгсөн нь тус улсын хоёр зуун жилийн турш далайн хүчирхэг эзэнт гүрэн болох зам мөрийг шуудруулж билээ. Энэ болвоос аливаа том түүхэн үйл явдал бүтэхэд "Тэнгэрийн цаг, газрын ашиг, хүмүүний тохиол" гэсэн гурван чухал хүчин зүйл хэрэгтэйг батласан хэрэг болсон юм. Зөв санаа сэдлийг тэнгэрийн цаг лугаа зүйрлэж болох бол? Газрын ашиг нь Португалд биш Испанид тохиох учиртай байж л дээ. Харин хүмүүний тохиол нь Колумби, Мария хатан хаан нар болсноор дэлхийн түүхийг жижигхэн Португали улс нэг хэсэгтээ л дангаараа бичих алтан боломж алдагдсан байна. Ямар сайндаа Португалийн эзэн хаан өөд болохдоо "Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бол Колумбийг тоолгүй алдаж явуулсан нь болой" хэмээх харууслын үг унагасан нь түүх шастирт хадгалагдан үлдсэн байхав.

Болдсайхан