Сүмийн орой дээрх олон тагтаанууд
Сүүлчийн замд хэдэн хүн үдэж гунигласан бол доо...

Яг одоо миний ширээн дээр 2014 он гарсаар 2447 хүн золгүй байдлаар нас барсан гэсэн тоо баримт байна. Үүнээс Нийслэл хотын хэмжээнд 1370, орон нутагт 1077 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэж бичжээ. Энэ гамшиг биш гэж үү. Худлаа байлгүй дээ гэж хэлмээр энэ тоог нягтлавал их нарийн нөхцөл шалтгаануудыг тодорхой тоочиж, олон зүйл өгүүлж болно.

2447 гэдэг тооны ард хичнээн олон аав ээж сэтгэл сэтгэл нь өмөрч, үр хүүхдүүд өнчирч, эд хөрөнгө эвдэрч, мэргэжлийн байгууллагын өч төчнөөн алба хаагчид ажилласныг тоочоод баршгүй. Ер нь амьдрал бол эрээн бараан, жаргал зовлон ээлжилдэг хорвоо гээд айх цочирдох, арга хэмжээ авах, амь насаа хайрлах талаар бидний хэд нь боддог юм бол доо. Согтуу машин баривал эрхээ хасуулна, эвдэрч сүйднэ, хүний амь хохирооно. Гол ус үерлэсэн үед усанд сэлвэл живнэ, хурдтай явбал мотоцикл маань онхолдоно, шөнө оройн цагаар дэмий сэлгүүцвэл гэмт хэргийн золиос болно, эль эсвэл би гэмт хэрэгтэн болж болзошгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал алдвал би өндрөөс унаж үхнэ гээд бодож урьдчилан сэргийлэхийн оронд муу ёр би яасан муухай юм боджийноо гээд мухар сүсэгт илүү итгэдэг бололтой.

Усанд живсэн 75, өндөр барилгаас унасан 17, зам тээврийн осолд өртөж машин мотоцикл мөргөлдсөн, онхолдсон 189, өөрийгөө боомилсон, амиа хорлосон 215, хүнд алагдаж, гэмт хэргийн золиос болсон 81, вагонд мөргүүлсэн 7 гээд ямар их золгүй явдлаар амь насаа алдах болж вэ?
Х0-10 насны хүүхэд морьноос унаж нас барсан 13, 11-17 насны хүүхэд 18, авто ослоор л гэхэд 17 гээд бидний хараа хяналтгүй сонор сэрэмжгүй байдлаас болж хэлж ирэхгүй хийсэж ирсэн зовлонг тоочоод баршгүй.
Энэ бүхэнд цагдаагийн алба хагч нар ажиллаж үзлэг шалгалт хийж, шалтгаан нөхцлийг тогтооход архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн дээрх тохиолдлуудад өртөх нь дийлэнх хувийг нь эзлэж байгаа нь дэндүү харамсалтай. Аманд орохдоо алтан шумуул мэт гэж нэрлэдэг энэ ундаанаас болж хайран сайхан амиан алдаж, үр хүүхдээ харамсал гашуудлаар дүүрэн үлдээх хувь тавилантай амьдрах ёстой гэж үү?
Сүмийн орой дээрх энэ олон тагтаануд
Сүүлчийн замд хэдэн хүн үдсэн тухай энэ мэдээлэл танд нэгийг бодогдуулнаа гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт хүний амь гэж бэлэгшээн ярьж, зүүний үзүүр дээр тогтох ширхэг будаа шиг гэж нандигнан хэлэлцдэг хувь тохиолоо хайрлаж амьдарцгаая