11182234_1412877105698674_2517216072620250059_n

Монгол улсын Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Зундуйн Дорж гуай өнөө цагийн хаяагаа хадардаг, харсанаа тонодог малын хулгайч нарыг үзэн яддаг, харин эрт цагийн хаяагаа хадарч, харсанаа тонож яваагүй шилийн сайн эрчүүдийг хүндэтгэн биширдэг жинхэнэ монгол эр юмсанж. “Ар халхын шилийн сайн эрчүүд”-ийн түүх, домгийг олон жил судалж, сурвалжилж буй Ойдов би бээр саяхан түүнтэй уулзахдаа эрт цагийн шилийн эрчүүд хийгээд эдүгээ цагийн малын хулгайч нарын аль алиныг нь яриулав. Ингээд галтай цогтой найрагч Зундуйн Дорж гуайн яриаг толилуулъя.

…Манай Булган аймгаас миний мэдэхийн ганц сайн эр Монголын түүхэнд тодорч гарсан нь Найманы Авир юм. Булган аймгийн Орхон сумын хүн. 99 настайдаа өөд болсон гэдэг юм. Намайг залуу зандан байх үед энэ хүн их өндөр настай, тэгээд манай хонийг хоёр жил хариулж байсан юм даа.

Миний аав “Навсаан” Зундуй гэж мал ихтэй баян хүн байсан. Манайхыг Сэнгийн өвөрт өвөлжиж байхад Найманы Авир манай хонийг хариулаад, ээж маань түүнд дээл хийж өгөөд, аав маань эмээл хазаар бэлдэж өгч байсан юм. Авир гуай нэг их өндөр биетэй, цэлхэрсэн гурвалжин улаан нүдтэй, доошоо унжиж үзүүр нь эрүүн дороо махийсан бүргэдийн хошуу шиг соёо сахалтай хүн байсан. Холоос харахад яг л бүргэд шиг. Дандаа өвс ургамал ярина. Өвсийг нарийн мэднэ. Морь хатгана гэж жигтэйхэн. Манай нэг морь дэлүүдчихсэн юм. Тэгтэл Авир гуай “Хөөе, Зундуй олигтойхон уртхан хутга байна уу” гэж байна. Манай эцэг нэг урт хутга гаргаад өглөө. Авир гуай дэлүүдсэн морины хавиргыг тоолж байгаад нөгөө урт хутгаа шууд дүрчихдэг юм даа. Тэгсэн нөгөө хутганых нь үзүүр морины дэлүүг яг олж хатгаж байгаа юм. Тэгээд нөгөө морь годосхийгээд босоод ирсэн. Тэргэнд ордог морь байсан юм. Ингэж тэр морь зүгээр болж байлаа. Найманы Авир залуу халуун насандаа үнэнхүү сайн эр байж. Хаа холын Долнуураас адуу хөөдөг байсан байгаа юм. Наймдугаар Богдыг мандаж байх үед Найманы Авир арван гурван удаа алах ял заагдаж байлаа гэж ярина. Бодвол Наймдугаар Богд түүний амийг хэлтрүүлдэг байсан юм болов уу даа. Авир гуай манж, түвд хэлтэй хүн байсан. Эрт цагт Ороохын нуруунд Найманы Авир орогноод арван жил болсон гэдэг. Нэг удаа Ороохын нуруунаас холдоод зүүн зүг, найман хошуу, есөн засагт адуу хөөж яваад тамгын газрын тахаруудад баригдаад байцаагдлаа гэнэ шүү. Тэгээд тэр түвд, уйгар хоёр үсгээр бичсэн дэвтэр дэлгэж үзүүлээд “За хө, тэр өдөр чинь би Арвай хээрийн хөндийд, Равжаа гэлэнгийн гадаа, арилжаа хүрэн морьтой, архидаж өнжсөн өдөр байна. Би хэдий муу нэртэй, луу данстай, тахарт өстэй, тамагт гавтай суудаг ч алхсан гишгэсэн газар, унасан харсан морь хар, уусан хүртсэн бүхнээ бичиж тэмдэглэж явдаг хүн шүү. Хошуу засаг нь хавчиж , хувилгаан лам нь хувираагүй бол миний бие Гавжийн дамжаа барьж цаст Түвдийн оронд залрах байсан юм шүү” гэх зэргээр цэцэн мэргэн, бэлэн түргэн өчихөд нь байцааж байсан тахар нь бахдаж бишрээд тавиад явуулчихсан гэдэг. Бэлэн үгтэй гэж жигтэйхэн.

Нөгөө Хүүхэн хутагтын нэр гардаг дууг чинь Найманы Авир зохиосон гэдэг шүү.

“Бор борын бялзуухай

Босонхон суугаа жиргэнэ

Болзоо нь үгүй Хүүхэн хутагт

Баруухан хойшоо мордоно

Баян баргийн адуу

Чандийн чанд манаатай

Хоёрхон шөнөд нь отоод

Хойтын шөнөд нь авлаа

Унага даагны хэвтээ дээр

Улс амьтны унтаа дээр

Нойр ихтийн гадаагуур

Нохой ихтийн хөдөөгүүр

Гучин гурван шарга нь

Гурваас бусад нь жороо

Унасанхан морь минь

Уургийн улаан зээрд

Чирсэнхэн уурга минь

Чингис голын бургас

Барьсанхан ташуур минь

Барим дэлэм яргай

Тохсонхон эмээл минь

Тохой үзүүр зандан

Далан хоёр товчтой шүү

Даадар хамбан дээлтэй шүү

Баруун гүний хошуунаас шүү

Баян Баргын адуунаас шүү,

Энэ насаа бодож

Эрдэнийн ганжуур бүтээлээ шүү,

Хойд насаа бодож

Хоньсим бодисад бүтээлээ шүү

Гурван марал гудайхад

Гургалдайн даваагаар давлаа шүү

Долоон бурхан тонгойход

Долнуур хотод ирлээ шүү…” гэдэг сайхан дуу бий. Авир гуай өөрөө энэ дуугаа сайхан дуулна. Ялангуяа “Цомбон туурайтай хүрэн”-ийг хачин сайхан дуулдаг хүн байсан. Найманы гэж овоглодог нь дээхэн үеийн Түшээт ханы хойд талын найман хошууг хэлж байгаа юм. Тэр найман хошуундаа бол айхтар хүн байж. Найманы Авир гэхээр хүн болгон айдаг байсан. Нэг удаа Найманы Авир тамгын газрын хар гэрээс суллагдаад замаасаа унаажиж, дамжаа пүүснээс санзай архи авч өвөртлөөд, нууц далдуур очиж буцдаг, нөхцөж янагласан хүүхнийх рүүгээ тэнгэрийн оёдол зурайж байхад исгэрүүлээд буучихаж гэнэ. Тэгтэл тэр айл унтаагүй найрлаж байв гэнэ. Арван засагт цуутай сайн эр эрхийтэл дархайтал ороод явчихаар гэрт суугаа хүмүүс аймсаж сандраад сүйд болж дээ. Авирын нууц нөхцсөн амраг хүүхэн “Би чамайг Арван засагт баригдаад есөн эрүү даалгүй үхэж гэж дуулаад нүдээ хөхөртөл харж хүлээсэн боловч ирэхгүй болохоор чинь үнэмшиж хүнтэй суучихлаа. Бид хоёр хуримаа хийж байна. Бие маань одоо чинийх биш хүнийх болсон” гэж гэнэ. Үүний хариуд Найманы Авир энгэрээ ярж “Томоотой явж болохгүй тохиролцоогүй ертөнц. Олонтой нийлж болохгүй оргодол хулгай ертөнц” гэж хууч эртний цадиг дурьдаад өвөртөө яваа хоёр лонх архиа гаргаж тавин бөглөөг алгадаж инээгээд, өврөөсөө мөнгөн аягаа гарган тэрэндээ архи дүүргээд хүүхний авааль эрд барьж гэнэ. Тэгээд өөрөө завилж суугаад нөгөө Хүүхэн хутагтад зориулсан дуугаа эрдүү хоолойгоор дуулаад, хайртай хүүхнээ нэг сайн янаглан ширтчихээд гарч одсон гэдэг. Найманы Авир гэж ийм хүн байлаа. Манай Булганыхан энэ хүнийг андахгүй. Ойдов чиний “Ар халхын шилийн сайн эрчүүд” номонд ордог чинь ийм л хүмүүс шүү дээ.

Жишээ нь чи Галдан Бошигтыг Монголын нэг номерын шилийн сайн эр байсан гэдгийг мэдэх үү? Мэдэхгүй. Үүнийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Би чинь Гаадамба багшийнхаа удирдлаган дор түвд хэлний ангид сурч байсан хүн. Тэгээд Галдан Бошигт гэж ямар хүн байсныг аль эрт мэдээд авчихсан. Манайхан Галдан Бошигтыг Манжийн эсрэг тэмцэгч баатар жанжин гэж л мэдэхээс биш алдартай шилийн эр байсныг нь мэдэхгүй. Одоо харин сүүлийн үеийн түүхч нар Монголын зарим түүхт хүмүүсийн үнэн түүхийг гаргаж ирж байна. Энэ бол Ерөнхийлөгч Элбэгдоржийн ач буян шүү. Галдан Бошигт бол эхэндээ Зүүн гарын хаант улсаа хөл дээр нь босгохын тулд өөрийнхөө өрсөлдөгч ноёд баядын адуу малыг тэсгээдэггүй, ялангуяа Уйгар, Манж нарын адуу малыг Енисей мөрөн хүртэл хөөдөг, цааш нь Турк рүү гаргадаг байсан байгаа юм. Мэдээж тэр ганцаараа хөөхгүй шүү дээ. Жинхэнэ шилийн сайн эрчүүд эндээс л тодорсон. Ерөөсөө эрт цагийн шилийн сайн эрчүүд чинь Галдан Бошигтоос эхтэй юм. Монголын нэг номерын шилийн сайн эр хэн бэ? Галдан Бошигт. Өөрийнхөө өрсөлдөгч ноёдын адуу малыг баруун тийш нь алс хол хөөгөөд хатуу эдлэл болгодог байсан хүн. Тэр байтугай Галдан Бошигт буу хийж байсан. Өрсөлдөгч дайсныхаа адуу малыг хөөж явгалах нь тухайн цагийн дайн байлдааны бас нэг арга тактик байсан биз. За тэгээд, “Торой” Банди тэргүүтэй Дарьгангын сайн эрчүүд бол ард олныхоо төлөө Манжийн эсрэг хөдөлсөн. Урагшаа туугдаж байсан Монголын хамаг малыг шилийн эрчүүд л замаас нь тасдаж хөөгөөд нутагтаа авчирдаг байсан. Би энэ үүднээс нь эрт цагийн шилийн эрчүүдийг бол хүндэлдэг. Харин өнөө цагийн хаяагаа хадардаг, зөвхөн хувийн ашиг хонжоо хайгч малын хулгайч нартай бол тэмцэлдэж явсан хүн. Тэр битгий хэл Тувагийн хулгайч нарыг айлгаж явлаа.

Жасрай гуайг ерөнхий сайд, Нацагийн Багабандийг их хурлын дарга байх үед би мундашгүй эрх дархтай байлаа. Тэр үед УИХ-ын гишүүн Төмөр, Далай нар намайг Тувагийн хулгайч нартай тэмцэл хий гэж хангалтай мөнгө өгч байлаа. Ингээд би Увсын Тэс суманд очлоо. Кино оператор Лхагважав надтай цуг явсан. Тувагийн хулгайч нар манай Тэсийн хулгайч нарт авдар авдраар нь архи авчирч өгдөг. Үүний оронд Тэсийн хулгайч нар нутгаасаа адуу гаргаж өгдөг. Адуугаа алдсан хүмүүс араас нь явах гэхээр хил нь гаргадаггүй. Би Тэс суманд очоод цагдаагийн дарга ахмад Пүрэвтэй цуг 10-р багийн 14 хулгайчийг нэг орой барьсан юм. Пүрэв жаахан айгаад байлаа. Тэгэхээр нь би “Айлтгүй” гэсэн. Надад буу байгаа юм чинь. Тэр шөнө хулгайч нар бидний жаран ес машиныг лоомдсон. Тэгэхээр нь би тэдний өөдөөс хүрз барин дайрч бөөн юм болсон. Арав гаруй согтуу хулгайч сартай шөнө багийн төв дээр хүрч ирээд “Зундуйн Дорж байвал гараад ир” гээд байхаар нь Хадбаатар гээч хулгайчийн хатавчинд байсан хүрзийг аваад Пүрэв цагдаагийн хамт тэдэнтэй нийлээд жанчилдсан. Тэгэхэд Тэс сумын харъяат сэтгүүлч Даваа, кино оператор Лхагважав хоёр бидний нүдэлдээнийг хараад сүнс нь зайлчих шахсан гэдэг. Үүний дараа Тэсийнхэн “Тэр Зундуйн Дорж гэдэг хар юм чинь яахаас ч буцахгүй дайсан байна лээ” гэж Увс аймаг даяар цуу тараасан байв. Тэр цуурхал намайг маш их зоригжуулсан.

Тэгээд тэр эрчээрээ би Тувагийн Кызилд яваад оччихлоо. Оросууд Тува нарыг “Бөөсөндөө бариулсан Тува” гээд үзэн яддаг юм. Над дээр Ширчин гэдэг хүн ирээд уулзалт хийнэ ээ гэж байна. Ингээд би Кызилийн хамгийн том ордонд уулзалт хийлээ. Тэд намайг жигтэйхэн магтаж байна. Монгол улсын алдар цуутай яруу найрагч гэж хөөргөөд л…Би “Үхэр Монголын уур хилэн” гэдэг шүлгээ уншсан

“…Суут их Монгол гүрний

Судар түүхийг тоочихоо зогсож

Баатар дайчин тэмцэл зоригоос нь

Бас жаахан баримт дуулгая

Цагаантан гамингууд дээхэн үед

Цадиггүйтэж байгаад Сүхбаатарт хяргуулсан

Далайн чанадаас Квантун зориглоод

Дандарын хороонд хуйхлуулаад буцсан

Сахалт Сталинаас дэлхий даяараа

Сандарч аймсан хэлмэгдэж байхад

Ганцхан Монголын “Хазгар” Гэндэн

Гаансыг нь Кремльд хуга шаасан

Домогт Кавказад Монгол удмын

Догшин шийдэмгий Жохар Дудаев

Баатар Москватай цанхаалж үзэлцээд

Бас саяхан тун их тэвдүүлсэн

Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг

Тэрслүү Монголоос аюутугай, эмээтүгэй!

Үхэхийг унтахын чинээ санадаггүй

Үзэлцээд эхэлбэл үхэхээс нааш салдаггүй

Үхэр Монголын уур хилэнг л

Үеийн үед дахиж битгий төрүүлээрэй!” гээд унштал Кызилийнхэн бүр гайхаад явчихсан. Тэгээд би үүндээ бүр эрэмшээд “Тувагийнхан та нар дахиад Монголын мал руу хавьтаад үзээрэй!” гээд дээш нь хий буудаад тавьчихав аа. Монголоос айхтар хүн иржээ гэж тэд ярьж байна. Тэгээд намайг том зочид буудалд оруулаад, хамгийн янаг амраг хүүхнийг надад авчирч өгөөд, тусгай зочдыг над дээр оруулаад л… Ингээд би тэдний зүрхийг авчихсан. Одоо Кызилийнхэн ярьдаг гэсэн. Зундуйн Дорж аюултай гэж. Энэ тухай Тувагийн бүх сонинд гарсан. Маршал Чойбалсан нэг удаа манай улсад ирээд элчин сайдыг маань алгадчихсан. Одоо Зундуйн Дорж ирээд буу тавьлаа гээд Тувагийн бүх сонин тэргүүн нүүрэн дээрээ намайг гаргаж байсан юм. Тэгж би Тувагийн хулгайч нарын зүрхийг үхүүлж байлаа. Сонин байхгүй юу.

Ер нь ерээд оны үед Тувагийн хулгайч нар их даварсан шүү. Завханы Баянтэсийн Зайгал багийн арваад айлын хагас мянган адууг Тувагийн хулгайч нар дээрэмдсэн. Нэг айлын дандаа усан тэлмэн жороо дөч гаруй адууг Тувагийн Баатар овогт Айлфрид гээч хулгайчийн бүлэг дээрэмдсэн байх жишээтэй. Малын хулгайч нарт би “Та нар чаддаг юм бол бусдыг луйвардаж баяжсан баячуудыг дээрэмдээч” гэж учирладаг. Том гарын хулгайч нар гэж малын хулгайч нар дотор бий. Тэд надаас их айдаг. Би нэг удаа Сэлэнгэ аймагт айлын адуу хөөж явсан хулгайчийн толгой дээгүүр ангийн буугаар буудсанаас хойш сүнс нь зайлдаг болсон. Ер нь Тувагийн дээрэмчид Монгол улсыг хэтэрхий дээрэлхсэн шүү. Эртний цөс ихт монгол эрчүүдийг хэтэрхий дарласан шүү. Хэрвээ монголчууд Кавказын Чечень шиг омогтой зоригтой байсан бол муусайн тувачуудыг аль хэдийн хуйхаар нь хусах байсан. Ялангуяа Галдан Бошигт шиг сайн эрчүүд өнөөдөр байсан бол Тувагийн хулгайч нарын үнхэлцэг нь хагарах байсан. Даанч өнөөгийн бид их аймхай юм. Айгаад суугаад байхаар албаны дарга нараас эхлээд айл өрх, хөрш орон гүрэн хүртэл элэг барьдаг юм байна…”

Б.Ойдов