“Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газраас олон зүйлийг шийдэх гэж оролдож байна. Түүний нэг нь эрхэм хүндэт, зөөлөн суудалт дарга нарын тансаглалын нэг хэлбэр болчихоод байгаа том том жийп машиныг жижигрүүлэх тухай асуудал. Өөрөөр хэлбэл, яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоох юм.


Улмаар зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах үүргийг өгч байсан. Энэ үүрэг даалгавар биелсэн гэхэд үгүй, биелээгүй гэхэд биелсэн байдалтай л явж байна.

Эрхэм дарга нарын бараг тал хувь нь том машинаасаа салахыг хүсэлгүй, хайр сэтгэлдээ үнэнч байна гэж зүтгэсэн бололтой юм. Машин тэрэг, сандал суудалдаа бол чин зүрхнээсээ хайртай, хоёргүй сэтгэлээр дурласан хүмүүс аргагүй биз. Тиймдээ ч зарим хэсэг нь буруу харж уйлж, зөв харж инээх аядаж, далдуураа Ерөнхий сайдыг муулан байж хэдэн машин хураалгасан бололтой.

Өөрөөр хэлбэл, 68 машин л хураалгасан гэж байгаа. Манайх шиг олон яам, агентлаг, төрийн данхар бүтэцтэй улсад 68-хан машин байна гэвэл ёстой Мянгуужингийн үлгэр байлгүй. Тэгэхээр Засгийн газраас хэрэгжүүлэх гэж оролдож байгаа ажил тийм ч урагштай биш байна.

Ядахад, хураасан хэдэн машинаа Хил хамгаалах ерөнхий газар, түүний харъяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад тарааж өгөх санал гаргачихлаа. Бүр тодорхой хэлбэл 40 машин өгөх юм байх аа. Бүгдээрээ том жийпнүүд шүү дээ. Энэ яг зөв шийдэл мөн үү. Уг нь 68 машин хурааж, дарга нарын тансаглалыг багасгаснаар улсын төсвөөс 15 тэрбум төгрөг хэмнэх юм билээ.

Гэхдээ хилийн заставын болоод хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албаны дарга нар жийп унаж, жинхэнэ утгаараа эрхлэх болох нь. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга нарын зарим нь хэдэн жийп аваад уначихыг хичээнэ. Тэд хувиасаа шатахуун хийгээд явна гэж байх уу.

Бас л улсын төсөв мөнгөнөөс зулгааж, хумсалж шатахуун хийнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө хэмнэх гээд байгаа 15 тэрбум төгрөг чинь яах болж байна аа. Яах вэ, хот дотор унах, түгжрэлгүй газар давхих хоёр арай өөр л дөө. Шатахуун арай л бага зарцуулах байх. Гэхдээ л хэмнэлт хийх гэж байгаа үндсэн зорилго, зорилтдоо хүрдэг нь юу л бол. Ер нь хилийн заставын дарга нар машинаар ер нь яах вэ дээ.

Юу ч хийхгүй, хэдэн цэргээр уйдаагаа гаргаад байж байгаа нөхдүүд гээд хэлчихвэл хатуудсан болохгүй биз. Гэтэл уйдааг нь машинаар гаргаж өгөх гэж байгаа юм шиг жийп өгөх гэж байгаа нь супер онигоо биш үү. Түүний оронд тэр хэдэн жийпээ дуудлага худалдаагаар зараад, олсон мөнгөөр нь Онцгой байдлын албаныханд хэрэгтэй багаж, тоног төхөөрөмж, машин тэрэг аваад өгчихөөч.

Өндөр байшинд гал гарахад ч унтраах гэж зовж байна. Багаж хэрэгсэлгүй болохоор тэр шүү дээ. Ой хээрийн түймэр гарсан ч гал сөнөөгчид нь худал хэлсэн хүнд улаан гараараа л унтраах гээд явж байна. Сая Түмэнцогт суманд ажиллаж байгаа хүмүүсийг харсан л байх, манай дарга нар. Ядаж зургийг нь шүү дээ. Хаймраар л унтраах гэж үзэж байна. Эмгэнэлтэй хэрэг биш үү. Гэтэл энд Засгийн газар нь жийп машинуудаа яах талаар яриад сууж байдаг.

Тэгээд бас заставын “хурган” дарга нарт өгч, эрхлүүлэх юм байх аа. Битгий ийм ядмагхан сэтгэлгээтэй бай л даа. Хаана, хэнд, юу хэрэгтэй байгааг анзаарах сэхээтэй болох цаг болсон юм биш үү. Энэ улс оронд чинь тулгамдсан асуудал зөндөө л байна. Жийп машиныг далдруулж цөхөөд байх юм юу байна. Үнэхээр л тэгж их хэмнэхийг хүсээд байгаа бол задлаад сэлбэгэнд зарчихсан ч яадаг юм. Тэр мөнгөө хилчдэд явуулчих.

http://www.mminfo.mn