Өнөөдөр ямар ч үр ашиггүй, хөөсөн бөмбөлөг болсон зарлиг, тогтоолууд тоогоо алдлаа!

Сүүлчийнх нь гэвэл өнгөрсөн онд гарсан 162 тоот зарлигийг хэлж болно. Зарлиг л бол зарлиг учраас гарсан өдрөөсөө хэрэгжих эхлэх ёстой. Гэтэл зарлигийг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээсэн 5 этгээд бүтэн жил тэнэж тэнэж сая л гарч ирсэн бололтой. Тэднийг Цагаан дарга арайхийж цуглуулсан боловч нэгийг нь эрээд эрээд ер олсонгүй. Жаазалж тавьсан зарлигаа тэврүүлэн зогсоож баримт болгон энэ зургийг нь татуулсан гэнэ. Үүнийхээ дараа Цагаан дарга арын өрөөндөө тэднийг оруулж аяганы амсар зуулгах зуураа жаазтай зарлигийг хаана яаж хадахыг заагаад зогсохгүй хадах хадаасыг нь ч марталгүй халаасанд нь хийж өгсөн байна. Зарлиг гаргаад л байдаг гаргаад л байдаг, гэвч иймэрхүү нөхдүүдээс болж хэрэгждэггүй зарлигууд хөөсөн бөмбөлөг болсоор байгааг үүгээр олон нийтэд зориудаар анхааруулж байна.


ЗАРЛИГИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР