“Уншихгүй бол сэтгэхгүй” гэдэг. Залуусын заавал унших ном гэвэл ямар номуудыг нэрлэх вэ? Энэ талаар салбартаа нэр хүндтэй, номын шимтэн уншигч эрхэмүүдээс тодруулсан юм. Эн тэргүүнд урлагийнхан дундаа хамгийн их ном уншдаг хүмүүсийн нэгд зүй ёсоор ордог. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд захирал, найруулагч Н.Болдоос залуусын заавал уншсан байх ёстой номын талаарх саналыг нь сонслоо.

Н.Болд: Хамгийн түрүүнд дэлхийн уран зохиолын 50 ботийг унш

-Та сүүлд ямар ном уншсан бэ?
-Саяхан Д.Төрбатын “Маршалын нууц товчоо” гэж номыг уншиж дуусгалаа. Хорлоогийн Чойбалсангийн тухай ном л доо. Ер нь бид түүхэнд онцгой байр суурь эзэлдэг хүмүүсийнхээ тухай номыг уншиж байх хэрэгтэй.
-Уншаад ямар сэтгэгдэл төрөв?
-Д.Төрбат баримт материал маш сайн цуглуулсан байна лээ. Баримтыг уран сайхны аргаар боловсруулж бичсэн ном. Зарим хэсэгтээ бага зэрэг хэтрүүлэгтэй санагдсан.
-Залуусын заавал унших номуудыг санал болгохгүй юу?
-Сүүлийн үед орчуулгын сайхан зохиолууд гарах бол­сон. Тэгэхээр хамгийн түрүүнд “Дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлийн 50 боть” гэж бий, түүнийг уншаарай гэж зөвлөмөөр байна. Хоёр­дугаарт, Монголынхоо мундаг зохиолчдын бүтээл туурвилыг заавал унших ёстой. Бүгдийг нь энэ тэндээс хайж унших бо­ломжгүй бол “Төрийн шагналт­нуудын бүтээл” гэж гурван боть номоос төрийн шагнал хүртсэн зохиолчдын уран бүтээлүүдийг унших боломжтой. Гурав­дугаарт, “ХХ зууны шилдэг романууд”-ын найман ботийг уншвал эцэг эх, өвөг дээдэс нь юуны төлөө амьдарч байсан, тэдний хүсэл зорилго, бүтээсэн зүйлийг мэдэж, ойлгож авна.

Дөрөвдүгээрт, Дэлхийн суут хүмүүсийн тухай болон Монголынхоо түүхэн гавьяа байгуулсан суут хүмүүсийн тухай номыг унших нь зүйтэй. Түүнчлэн “Монголын уран зохиолын дээжис” 30 ботийг уншаад өвөг дээдэс маань зөвхөн мал маллаад нүүдэллэж явдаг хүмүүс биш, уран зохиолын аугаа мэдрэмжтэй, оюунлаг хүмүүс байжээ гэдгийг ойлгоно. Мөн орчуулагч Д.Болдбаатарын алдарт аялагч нарын Монгол орноор хийсэн аяллын тухай номуудыг уншаа­рай гэж зөвлөмөөр байна. Тэгвэл ХХ зууны хамгийн бүдүүлэг улс гэгдэж байсан монголчууд яагаад дэлхийн алдартай аялагчдын анхаарлыг татдаг байсныг мэдэж авах болно. Энэ тун сонирхолтой юм байна лээ.
Найруулагч Н.Болд номын улаан фанат гэгддэг бөгөөд олсон мөнгийнхөө чамгүй хэсгийг номонд зориулдаг ажээ. Тэрээр өнгөрсөн онд “Дэлхийн жүжгийн сонгодог зохиолын дээжис” хэмээх 11 боть номыг гаргасан билээ.

Н.Жанцанноров: Өөрийн орны уран зохиолын номуудыг сайн судал

Харин Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров залууст эн тэргүүнд зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Судасны чимээ” хэмээх гурван романыг уншихыг зөвлөлөө. Мөн Чингис хаан одонт Г.Мэнд-Ооёо­гийн “Алтан овоо”, Ж.Саруул­буянгийн “Хэрлэн тэнүүн” зэрэг номыг санал болгож байна. Тэрээр “Залуус маань эхний удаад өөрийн орны уран зохиолын номуудыг сайн уншиж судлах хэрэгтэй. Тэрний дараагаар дэлхийн сонго­дог зохиолуудаас унших нь зохимжтой болов уу гэж бодож байна” хэмээсэн юм.

Б.Ганчимэг: Л.Толстойн бүтээлээс “Анна Каренина” оргил нь

Урлагийн гавьяат зүтгэл­тэн, сэтгүүлч Б.Ган­чимэг Л.Толстойн бүтээ­­лүү­­дээс “Анна Каре­ни­­на”-г оргил нь гэж үздэгээ илэрхий­лэн, энэ номыг ун­ши­хыг зөвлөсөн байдаг. Мөн эсээ хэмээх бичлэгийн төр­лийг үндэслэгч Мишель де Монтений “Сонгомол эсээнүүд”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, дэлхийн хайр дур­лалын шилдэг арван романд багтдаг Г.Флоберийн “Бовари хатагтай”, Ю.Нагибиний “Цэн­гэг цөөрөм” зэрэг номыг санал болгожээ. Түүний хувьд уран зохиолын ном унших сонирхол илүүтэй бөгөөд санал болгох номын жагсаалтаа М.Фридманы “Хувь заяагаа олох нь”, К.Зайцийн “Дэлхийн гүрэн эргэн ирж байна”, Х.Муракамийн “Норвегийн ой” зэрэг номоор үргэлжлүүлсэн нь бий.

Г.Аюурзана: “Хуучин гэрээ”-г хүн бүр унших ёстой

Тэгвэл зо­хиолч Г.Аюурзана сэтгүүлч Б.Ганчимэг­тэй адил “Гэм зэм”, “Сонгомол эсээнүүд” номыг залууст санал болгосон юм.
Гэхдээ эн тэргүүнд эртний Грекийн үеийн томоохон зохиол болох Хомерийн туульсыг уншихыг зөвлөсөн. Тэрээр энэ тухай “Эртний Грекийн домог туульсын тухай мэдэхгүй бол хүмүүнлэг боловсролын тухай ярихад маш түвэгтэй болно” гэв. Мөн “Очироор огтлогч”, Хуучин гэрээ”, “Шекспирийн эмгэнэлт жүжгүүд”, , Гётегийн “Фауст”, Фолкнерийн “Баавгай”, Селинжерийн “Хөх тариан талбайн эрэгт” зэрэг 10 номыг залууст уншихыг санал болгожээ. Г.Аюурзана “Хуучин гэрээ”-г “Христийн шашны шүтлэгтэй биш байлаа ч хүн бүр заавал унших ёстой. Энэ бол шашны номлол огт биш.Хожмын сэтгэгчдийн санааны өдөөгч болсон олон үйл явдлыг унших болно. Зарим хэсэг үнэхээр сонирхолтой, бүр ямар ч номоос илүү амттай” хэмээв.
Харин “Фауст”-ын тухай тэрээр хүн төрөлхтөний түүхэнд энэ зохиол гараагүй байсан бол уран зохиол ч, философи ч өнөөдрийн төвшиндөө хэзээ ч хүрэхгүй байсан хэмээсэн байна.

Б.Бадамгарав

eagle.mn