“Алибаба"-тай холбоотой тоо бүхэн том байдаг. Өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркийн биржид гаргасан хувьцааны нэг бүр нь 68 ам.долларт хүрч, 21 тэрбум ам.доллар босгосноороо АНУ-ын түүхэн дэх хамгийн том IPO болсноос эхлээд хэдэн сарын өмнө Хятадын ганц бие хүмүүсийн өдрөөр ганцхан хоногийн дотор есөн тэрбум ам.долларын худалдаа хийсэн гээд. Толгойд багтамгүй тоогоор яригддаг “Алибаба"-гийн бизнес өдий зэрэгт хүрэх хүртлээ ямар зам туулж ирснийг тус группийн эзэн, тэрбумтан Жэк Ма нэрт сэтгүүлч Чарли Роузэд ийн өгүүлжээ.

-“Алибаба" хэр том бэ. Өөрөөр хэлбэл өдөрт хэдэн хүн үйлчлүүлж байна. Танайх хэдэн ажилчинтай вэ гээд...
-Өдөр бүр манай сайтаар зуу гаруй сая хүн үйлчлүүлдэг. Хятадад шууд болон шууд бусаар 40 сая хүнийг ажлын байраар хангаж байна. Бид бизнесээ 18 хүнтэй эхэлж байлаа. Гэртээ компанийнхаа ажлыг явуулдаг байсан. Харин одоо дөрвөн том кампуст 30 мянган хүн ажилладаг. 15 жилийн өмнөхтэй харьцуулбал бид томорсон. Гэхдээ 15 жилийн дараахтай харьцуулбал бид нялх хэвээрээ.



-15 жилийн өмнө “Алибаба" ямар байсан, 15 жилийн дараа ямар болно гэж та бодож байна?
-Бид бизнесээ 0-ээс эхэлсэн. Тэр үед интернэт худалдаа гэж юу болох, яагаад үүнийг ашиглаж, жижиг дунд бизнесийг дэмжих ёстой вэ гэдгийг ч хүмүүс ойлгодоггүй байлаа. Тэгвэл 15 жилийн дараа хүмүүс интернэт худалдаа гэдгийг бараг мартах байх. Яагаад гэвэл тэр үед энэ бол яг л гэрэл цахилгаан шиг хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болсон байх болно. Тэр үед хэн ч интернэт худалдааг технологийн дэвшил гэж харахаа болино.



-"Алибаба"-гийн рекорд тогтоосон IPO-гийн тухай ярья. Компанийн чинь хувьцаа таны төсөөлж байснаас ч давсан уу?
- 2001 онд бид АНУ-д ирээд хэдэн сая доллар босгох гэж үзээд татгалзсан хариу авсан. Тэр үед бид арай томорчихоод ирэх ёстой юм байна гэж бодоод буцсан. Өнөөдөр 20 гаруй тэрбум ам.долларын IPO гаргасны дараа энэ их мөнгийг хэрхэн үр дүнтэйгээр зарцуулах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Мөнгөндөө байгаа юм биш л дээ. Бидэнд өгсөн дэлхий дахины итгэлд л байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчид биднийг илүү сайн ажиллаасай, илүү өндөр ашиг өгөөсэй гэж хүссэндээ хувьцаа худалдан авч байгаа. Үнэндээ энэ нь надад маш хүнд дарамт болдог. Гэнэтхэн л компани маань IBM-ээс ч том болчихсон. Зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том 15 компанийн нэг болсны дараа би, манай багийнхан ч гайхаад “Үнэн гэж үү. Бид тийм мундаг биш шүү дээ" гэлцэж байсан. Яагаад гэвэл хэдхэн жилийн өмнө бүгд л “Алибаба"-гийн загварыг муу гэдэг байв. “Алибаба"-гаас “eBay" дээр, “Амазон" дээр гээд л. Харин хүмүүс манайхыг маш сайн гэж итгэсэн энэ үед бид “Үгүй ээ, тийм ч мундаг биш" гэж хэлж байгаа.



-Таныг гурван ч удаа их сургуульд элсэх гээд шалгалтад унасан гэдэг?
-Их сургуульд орохыг хүссэн сурагчид нэгдсэн шалгалт өгдөг байсан юм. Тэр шалгалтад гурван удаа унасан хэрэг. Хөгжилтэй зүйл ярихад, дунд сургуулийн төгсөлтийн шалгалтад би бас гурван удаа унасан. Манай Ханзу хотод ганцхан дунд сургууль байв. Төгсөгчдийнх нь сурлага дэндүү муу болохоор манай сургуулийн нэг ч сурагчийг их сургуульд элсүүлж байгаагүй юм.
-Тэгж олон удаа татгалзсан хариу сонссон нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Бодит байдлыг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Хан­галт­гүй муу байгаагаа мэдэж авах хэрэгтэй. Одоо хүртэл биднээс татгалздаг хүн олон бий. Их сургуулиа төгссөний дараа ажилд орох гээд би 30 гаруй удаа татгалзсан хариу сонссон хүн. Би бүр KFC-д ажилд орох гээд очсон шүү. Анх KFC Хятадад нээгдэхэд ажилд орохоор 24 залуу бүртгүүлж 23 нь ажилтай болж, татгалзсан хариу сонссон цор ганц хүн нь би байлаа. Ингэхэд би бас Хар­вардад элсэх гээд өргөдөл гаргаад, 10 удаа татгалзсан хариу авч байснаа хэлэх хэрэгтэй.



-Таны одоо Харвардад ирээсэй гэж би хувьдаа хүсч байна.
-Тийм ээ, тэнд очоод багшилж болох юм.



-Таныг төрсөн хот Ханзуд жуулчин олноороо ирдэг байсан нь англи хэл сурахад нөлөөлсөн гэж сонссон?
-Тийм ээ, яагаад ч юм 12-13 настайдаа би англи хэлэнд нэг их дурлаж, сурахыг хүссэн. Гэвч сурах ямар ч боломж байсангүй. Англи хэлний сурах бичиг ч байсангүй. Тэгээд гадаадын жуулчдыг хүлээн авдаг Ханзугийн төв зочид буудал одоогийн Шангри-Лад очиж, зочдод нь үнэгүй хөтөч хийж өгдөг болсон. Өглөө бүр тэр зочид буудалд очиж, жуулчидтай хамт хотоор аялдаг байсан тэр жилүүд намайг өөрчилсөн гэж би боддог. “Жэк чи яаж барууныхан шиг чөлөөтэй ярьж, сэтгэдэг юм бэ" гэж зарим хүн гайхдаг. Энэ бол жуулчидтай хамт өнгөрүүлсэн есөн жилийн үр дүн. Тэр жуулчид миний оюун ухааныг нээж өгсөн. Яагаад гэвэл тэдний надад хэлсэн ярьсан бүхэн огт өөр ертөнц байлаа. Сургуульд зааж сургаснаас, эцэг эхийн маань хэлж ярьдгаас тэс өөр.



-Та хэзээнээс Жэк Ма гэж нэрээ өөрчилсөн юм бэ?
-Нэг жуулчин эмэгтэй энэ нэрийг надад өгсөн. Миний жинхэнэ нэрийг дуудахад түвэгтэй учраас “Чамд англи нэр байхгүй юу" гэсэн. Мэдээж би тийм зүйл мэдэхгүй болохоор надад англи нэр өгөөч гэхэд “Миний аавыг Жэк гэдэг. Нөхрийг маань ч бас Жэк гэдэг. Жэк гэвэл ямар вэ" гээд л энэ нэрийг өгчихсөн.



-Тэгэхэд анх интернэттэй танилцсан уу?
-Тийм. Тэр үед АНУ-ын банк гэж байсан санагдана. Нэг их том барилга байсан. Тэр дотор нэг найз маань жижигхээн өрөөнд хувийн бизнесээ эхлүүлээд байсан юм. Найз маань компьютерээ заагаад “Жэк, интернэт мэдэх үү" гэж асуухад “Интернэт гэж юу юм бэ" гэж би өөдөөс нь асууж байлаа. Найз маань намайг интернэтэд ороод үз гэхээр нь компьютер эвдчих вий гэж айсандаа “Үгүй, үгүй" гэлээ. Тэр үед Хятадад компьютер маш үнэтэй учраас төлж чадахгүй гэж эмээгээд. Гэтэл “Зүгээр нэг үг хайгаад үз л дээ" гээд найз маань ятгалаа. Би санаанд ч оролгүй шууд л “шар айраг" гээд бичиж орхисон. /инээв/ Яагаад тэгж бичсэн юм мэдэхгүй. Бичихэд амархан байсан биз. Герман шар айраг, америк шар айраг гээд л гарч ирлээ. Гэтэл Хятад шар айраг гэж байдаггүй. Тэгэхээр нь гайхаад Хятад гээд хоёр дахь үгээ бичээд хайлаа. Хятадын тухай нэг ч мэдээлэл байдаггүй шүү. 1995 онд Хятадын тухай нэг ч мэдээлэл интернэтэд байгаагүй. Тэгэхээр нь би найзтайгаа “Яагаад Хятадын тухай ямар нэг мэдээлэл интернэтэд тавьж болохгүй гэж" гэж ярилцаад нэг жижигхэн, өнгө зүс муухан хуудас нээж байлаа. Тэндээ орчуулгын товчоонд ажиллаж байхдаа хийсэн танилцуулга маягийн зүйлсийг оруулчихсан. Гэтэл санаанд оромгүй явдал болсон. Бид интернэт хуудсаа өглөөний есөн цагийн үед нээсэн санагдана. Гэтэл дөнгөж 12 өнгөрч байхад бидэнд таван и-мэйл ирсэн. Найз маань гайхаад “Жэк бидэнд и-мэйл ирсэн байна" гэхэд би “И-мэйл гэж юу юм" гэж асууж байсан. /инээв/ Эндээс л интернэт миний сонирхлыг маш их татсан. Интернэтэд Хятадын тухай бараг юу ч алга. Бид хамтдаа нэг юм хийгээд үзвэл яасан юм гээд эхэлсэн дээ.



-Компанидаа яагаад “Али­ба­ба" гэдэг нэр өгсөн юм бэ?
-Интернэт өөрөө глобаль зүйл учраас компани маань глобаль нэртэй байх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд бас бусад том компани шиг сонирхол татсан нэр байвал зүгээр. “Yahoo" гэдэг шиг л. Нэлээн олон нэр бодсоноос “Алибаба" хамгийн их таалагдаад. Гэхдээ нэрээ яг оноож өгөхөөс өмнө бусад хүнээс асуусан. Тэр үед би Сан-Францискод байж таарсан юм. Өдрийн хоол идэх үедээ зөөгчөөс нь “Та Алибаба гэж мэдэх үү" гэхэд “Мэднэ, үлгэрт гардаг ш дээ" гэж хэлсэн. Тэндээс гараад гудамжинд таарсан 10 хүнээс асуулаа. Тэд бүгдээрээ Алибабаг мэдэж байлаа. Тэгээд л энэ яг тохирсон сайхан нэр байна гэж бодоод. Нөгөө талаар Алибаба гэж интернэтээр хайхад л А үсгийн хайлт дунд хамгийн эхэнд гарч ирдэг нь нэг давуу тал байсан.



-Та “Алибаба" компанийг байгуулахдаа хүмүүсийн итгэлийг давхар бий болгосон гэж байсан. Яагаад гэвэл таныг бизнесээ эхлэх тэр үед хятадууд зөвхөн нүүр нүүрээ харж худалдаа хийдэг байсан. Тийм үед яаж хүмүүсийн итгэлийг хүлээж, нүүр нүүрээ харахгүйгээр худалдаа хийх нөхцөл бүрдүүлсэн бэ?
-Тийм ээ, бидний бизнес зөвхөн интернэтээр л дамждаг. Та намайг мэдэхгүй, би таныг танихгүй. Тиймээс цахим худалдааны ертөнцөд хамгийн чухал зүйл бол итгэл юм. АНУ-гаас мөнгө босгохоор анх ирэх үед хүмүүс шууд л “Ээ Жэк минь, үгүй, үгүй" гэдэг байв. Хятадууд шууд худалдаа хийдэг болохоос хэзээ интернэтэд худалдаа хийдэг байсан юм гээд. Тиймээс бүр эхнээсээ л энэ бизнесийг хийхийн тулд итгэлийн тогтолцоог бий болгох нь хамгийн чухал гэж бодсоор ирсэн. Өнгөрсөн 14 жилийн турш тэр тогтолцоог бүрдүүлэх гэж ажилласаар ирлээ. Өнөөдөр бид өөрсдөөрөө бахархаж байгаа. Өдөр бүр 60 сая шилжүүлэг хийж байна. Бие биеэ огтхон ч мэдэхгүй хүмүүс нэг нь нөгөөгөөсөө худалдан авч, бид түүнийг нь багцалж савлаад, хэдэн тив алгасуулан тээвэрлэн хүргэж өгч байна. Энэ бол итгэл. Өөрөөр хэлбэл бид өдөр бүр 60 сая итгэлээр дамжуулан ажлаа явуулдаг.



-Танай компани Хятадын Засгийн газраас санхүүжилт авч байсан уу?
-Үгүй ээ, нэг ч удаа аваагүй. Авахыг хүсдэг байсан. Гэвч хожим нь би ойлгосон. Төрийн халааснаас мөнгө салгахыг хүсч байгаа компани тэгээд л хог болно. Түүний оронд зах зээлээс, хэрэглэгчдээс мөнгө олох аргыг нээж чадвал амжилтад хүрнэ гэдгийг.



-Ер нь, танай компани Засгийн газартайгаа ямар харилцаатай вэ?
-Бидний харилцаа их сонирхолтой. 1997 онд би Гадаад худалдааны яаманд 14 сарын турш цагийн ажил хийхдээ Засгийн газар интернэт худалдааг хөгжүүлнэ гэж найдах хэрэггүй гэдгийг ойлгосон. Тийм ч учраас анх бизнесээ эхлэхдээ багийнхандаа “Төрийнхөнд дурлаж болно. Гэхдээ хэзээ ч гэрлэж болохгүй" гэдэг байсан. Тэр үед хүмүүс интернэт, цензур, хариуцлага гээд төр засгийнхнаас эмээдэг байсан.



-Төрийн зүгээс танайд хандан өөртөө ашигтай зүйл хийж өгөөч гэж хүссэн тохиолдол бий юу?
-Төр бидэнтэй аль нэг төсөл дээр хамтарч ажиллахаар санал тавих гээд ирэх үед би тийм сонирхолтой өөр компанийг зааж өгөөд явуулдаг. Хэрэв тэд дахин дахин ирээд байвал “За би дараагийн удаа хамтаръя. Гэхдээ ямар ч хөлс мөнгө авахгүй шүү" гэдэг. Бид нэг удаа л Засгийн газартай хамтарч, ажил хийсэн. Жил бүрийн хавар Цагаан сарын баярын өмнө, хойно хот хооронд зорчих гэсэн хэдэн зуун сая хүн галт тэрэгний тасалбар авч чадахгүйд хүрдэг. Сүүлийн таван жил тасалбар захиалах сайт ачааллаа дийлэхгүй эвдэрч байсан. Тиймээс би залуусаа энэ ажилд тусла гээд явуулсан. Гэхдээ та нар энэ ажлаас нэг ч мөнгө авч болохгүй гэдгийг сануулсан. Энэ бол төрд хийж өгч байгаа ажил биш л дээ. Олон нийтийн тусын тулд, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хийсэн ажил юм. Үүний ачаар өвлийн хүйтэн шөнө цасан шуурганаар тасалбар авах гэж дугаарлахын оронд хүмүүс зүгээр л гэртээ суугаад гар утсаараа, компьютерээр захиалгаа өгдөг болсон.



-Интернэт ертөнцөд мэ­дээл­лийн нууцлал, аюулгүй байдал гэж чухал асуудал бий. Та бүхний цуглуулсан мэдээллийн баазад Засгийн газар нэвтрэхийг хүссэн тохиолдолд та яах вэ. Танд хил дамнасан улс орны хэдэн зуун сая хүний мэдээлэл байгаа шүү дээ.
-Одоогоор Хятадын Засгийн газраас ийм санал хүсэлт хүлээж аваагүй байна. Гэхдээ хэрэв үндэсний аюулгүй байдал, терроризмын эсрэг үйл ажиллагаа, гэмт хэрэгтэй холбоотой бол бид хамтарч ажиллахад бэлэн. Түүнээс бусад тохиолдолд бол үгүй. Бидний эрхэлж буй бизнест мэдээлэл гэдэг маш үнэ цэнэтэй. Түүнийг алдах л юм гамшиг болно. Хэдэн зуун жилийн өмнө хүмүүс дэрэн дороо мөнгөө хадгалахыг илүүд үздэг байсан бол өнөөдөр банк илүү найдвартай хадгалах аргыг гаргаж ирсэн. Түүн шиг интернэт мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын тухайд шинэ залуу үеийнхэн маань илүү боловсронгуй, найдвартай аргыг нээж гаргаж ирэх байх гэж бодож байна.



-“Алибаба"-г хэдэн тэрбумын хувьцаа гаргахаас ч өмнө “Yahoo"-гийн Жерри Янг танайд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсан. Энэ нь тэдэнд өөрсдөд нь ч ашигтай хөрөнгө оруулалт байсан. Гэхдээ таны хувьд хилийн чанадаас тийм хэмжээний хөрөнгө босгоно гэдэг амаргүй л байсан байх?
-Тийм ээ, бидэнтэй хамтарч ажилладаг бүх хөрөнгө оруулагчдаа бид талархаж явдаг. 1999 онд “Yahoo" бидэнд хөрөнгө оруулсан тэр үед ч хүмүүс намайг “галзуу", “солиотой" гэдэг байсан. Яагаад гэвэл бидний юу хийгээд байгааг тэд ойлгоогүй юм. Тэд “Алибаба"-гийн бизнесийн загварыг ерөөсөө ойлгохгүй байсан. Хамгийн анх миний тухай “Time" сэтгүүлд гарахад “Солиотой Жэк" гэж бичсэн байж билээ. Тиймээ, солиотой байх нь зүгээр ш дээ гэж бодсон. Би солиотой болохоос, тэнэг биш.



-Боломжгүй зүйл гэж үгүй гэсэн үг байдаг. Харин та “Үгүй ээ, боломжгүй зүйл гэж байдаг" гэж хэлсэн. Яагаад?
-Залуудаа би боломжгүй зүйл гэж байхгүй гэж боддог байсан. Харин одоо бол тэгж бодохоо больсон. Жишээлбэл, аливаа нэг ажлыг хийхэд хэрэглэгчээ, нийгмээ, ажилтнуудаа, хувьцаа эзэмшигчдээ гээд олон талыг харгалзаж үзэх хэрэгтэй болно. Гэхдээ тасралтгүй ажиллаж, нөр их хөдөлмөрлөсөөр байвал боломжгүй зүйлийг боломжтой болгоход дөхөж очно.
Эхний таван жилд бид компаниа зүгээр л зах зээлд тэсч үлдээх гэж хичээдэг байлаа. Учир нь, эхний гурван жилд бид ямар ч орлого олоогүй. Бид хэдий урам зоригтой ажиллаж байсан ч орлого маань 0.
Нэг удаа оройн хоолонд ортол миний тооцоог хэн нэгэн төлчихсөн байсан. Гайхаад асуутал үл таних тэр хүн цаасан дээр хэдэн үг бичээд орхисон байв. “Ноён Ма, би танай Алибаба группийн хэрэглэгч байна. Би танай сайтаар дамжуулж маш их мөнгө олсон. Гэхдээ та хараахан мөнгө олж эхлээгүйг мэдэж байна. Тиймээс энэ удаа таны тооцоог би төллөө" гэж бичсэн байсан. Би бас нэг кафед кофе ууж суутал хэн нэгэн надад тамхи бэлэглэснийг авчирч өгсөн. Би тамхи татдаггүй л дээ. Гэхдээ тэр хүн “Танд баярлалаа, би танай үйлчлүүлэгч байна" гэж бичсэн байсан. Энэ бүхэн надад юуг сануулдаг вэ гэвэл хэрэв бид ажиллаагүй бол, орлого олохгүй ч гэсэн ажилласаар байгаагүй бол өнөөдөр энэ бүгдийг бүтээж, бий болгож чадахгүй байсан.



-Одоо та юу хүсч байна. “Алибаба" юунд хүрэхийг хүсч зорьж байна?
-Анх “Алибаба"-г эхлүүлж байсан үеэ санаж байна. Бид жижиг бизнес эрхлэгчдэд туслахыг хүсч байсан. Харин өнөөдөр хэдэн сая жижиг бизнес эрхлэгчид манай платформыг ашиглаад бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Мөн хэдэн зуун сая хүн хамгийн хямдаар бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Одоо тэгэхээр бидний алс хэтийн зорилго бол дэлхий дахины жижиг бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих вэ гэдэгт төвлөрч байна. Жишээлбэл, Норвеги дэх нэг жижиг бизнес эрхлэгч Аргентинд яаж бараа бүтээгдэхүүнээ хүргэх вэ гэдэг ч юм уу. Аргентиний хэрэглэгчид Швейцариас яаж бараа худалдан авах вэ гэх жишээтэй. Нэг ёсны Дэлхийн худалдааны байгууллагын цахим хувилбарыг бий болгож чадна. Бид дэлхий даяар хоёр тэрбум хэрэглэгчид хүрч үйлчилж чадна гэж тооцоолж байгаа. Мөн Хятадаас гадна 10 сая бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдаалахад нь туслаж чадна. Жишээлбэл, бид өнгөрсөн жилээс Вашингтонд тарьсан интоорыг Хятадын хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Мөн Аляскаас Хятадад далайн хүнс худалдаалж байна. Тэгэхээр бид яагаад Америкийн, Европын жижиг бизнес эрхлэгчдэд туслаж болохгүй гэж. Тэгэхээр хоёр тэрбум хэрэглэгчийг интернэтээр худалдаа хийхэд нь хэрхэн уриалан дуудах вэ гэдэг бидний ирээдүйн ажил байх болно.



-Та Холливудад үе үе харагдах болсон. Тэнд юу хийгээд байна?
-Би Холливудын кинонд дуртай. Ялангуяа “Форрест Гамп" кинонд үнэхээр хайртай.



-Яагаад?
-Форрест Гамп маш энгийн, бас хэзээ ч бууж өгдөггүй. Хүмүүс түүнийг тэнэг гэж боддог ч тэр өөрийнхөө юу хийж байгааг мэддэг. 2000 оны эхээр билүү дээ компанийн маань ажил бүтэлгүйтээд байх үед Форрест Гампыг үзсэн юм. Тэгэхэд л би энэ залуугаас суралцах ёстой гэж бодсон. Хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй бай. Ажилдаа дурла. Бусад хүн юу гэх нь хамаагүй гэж. Энэ кинонд гардаг “Амьдрал яг л хайрцагтай шоколад шиг. Дотор нь юу байгааг мэдэх аргагүй" гэдэг үг маш их таалагддаг. Үнэхээр тийм шүү. Би өнөөдөр энд ирээд тантай ингээд яриад сууна гэж хэдэн жилийн өмнө төсөөлөө ч үгүй явсан.



-Одоо таны санааг хамгийн их зовоодог зүйл юу вэ?
-Өнөө үед олон олон, залуу итгэл найдвараа алдаж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ бидний үед ч асуудал бэрхшээл байсан. Дандаа татгалзсан хариу сонсох амаргүй гэдгийг би мэднэ. Гэхдээ бид тэр бүхнийг даваад гарч ирсэн. Бид ч бас сэтгэлээр унадаг байсан. Гэхдээ хэзээ ч итгэл найдвараа алдаж байгаагүй. Холливудын кино надад урам зориг, итгэл найдвараа алдахгүй байх хүч өгдөг. Холливудын киноны эхэнд нэг муу залуу гарч байснаа шийдвэрлэх үе болоход баатар болон тодордог шүү дээ. Харин Хятад кинонд бол гол дүр нь үхсэн хойноо баатар болох жишээтэй. Тэгэхээр хэн баатар болохыг хүсэх билээ дээ /инээв/ Хятад залууст Холливудын кино маш сайн үлгэр дуурайл өгч чадна гэж би боддог. Тийм ч учраас Холливудын киног “Алибаба"-гаар дамжуулан хятадуудад хүргэх зорилго бий. Кино хамгийн сайн бараа.



Б.СЭВЖИДМАА
Эх сурвалж: www.assa.mn