Ж.Энхбаяр гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад олон улсын томоохон хурлууд боллоо. Хоёр том хөрш маань ирсэнгүй. Энэ бол асар том улс төрийн алдаа. Олон улсын хуралд хоёр хөрш нь ирж чадахгүй хэмжээнд бодлого нь зөрчилтэй болсон. Манай Ерөнхий сайдыг хоёр хөрш хүлээж авахгүй байна. Монголын түүхэнд байгаагүй зүйл” хэмээжээ. Иймээс үг, үйлдэл бүрээ цэгнэж байхыг АН-ын дарга Н.Алтанхуягт ч анхааруулан, зөвлөсөн байх юм. Тодруулбал, тэрбээр “Аливаа улс төрийн лидер, ялангуяа намын дарга, Ерөнхий сайд хүн хэлж байгаа үг, хийж байгаа ажлынхаа үр дагаврыг харж, тооцоолж мэдсэн байх ёстой.
Эцсийн үр дүнг нь тооцоолж чаддаг байвал тэр хүн лидер. Харин санаанд орсноо бодлогогүй ярьдаг нь улс төрийн удирдагчийн хэв шинж яав ч биш” гэжээ. Үнэхээр хоёр хөрш ардчилсан орнуудын чуулга уулзалтад ийм шалтгаанаар ирээгүй гэж үү.
Гудамж талбайгаа угааж цэвэрлэн байж, олон улсын төлөөлөгчдийг угтан авсан. Мэдээж, мөнхийн хөршүүд маань төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнд багтаагүй. Гэхдээ түүний дараахан ээлж дараалан буугаад морьдсоныг тодотгох нь зүйтэй биз. Мэдээж, дор бүрнээ ашиг сонирхолтой ирж, санасан хэргээ гүйцэлдүүлээд сэтгэл хангалуун буцсан юм даг. Тэгэхээр бодох л асуудал. Үг, үйлдэл бүрээсээ болж, сөрөг хүчнийхэнд өөнтөглүүлж байгаа эрхэм сайд хөршүүдтэйгээ хүртэл ойлголцохоо больсон гэвэл Монгол Улсын ирээдүй манантаж, бүр балран доройтох эх ундарга тавигдлаа гэж ч зүйрлэж болохуйц.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний сэтгэлийг чилээж байгаа асуудлууд тоймгүй. 17 тэрбумын тендерийн хэрэг, цаашлаад гаргасан шийдвэрүүд нь шүүх дээр няцаагдаж, зарим нэгийг нь өөрөө цуцалсан гээд ах намынханд баалуулах олон үйлдэл бий. Хаврын чуулганаар огцруулж дөнгөөгүй ч намар асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэдгийг хүний, өөрийн намынхан түүнд хатуухан сануулсан. Өөрөөр хэлбэл, намрын ургац хураалттай зэрэгцэн Н.Алтанхуягийн суудалдаа үлдэх эсэх нь эцэслэгдэнэ. Ийм л хувь заяа түүнийг угтаж буй. Энэ удаад сөрөг хүчнийхний кноп хүрэлцээгүй бол дахин асуудлыг оруулахдаа намынхан нь цөөнгүй эрхмүүдийг элсүүлэхээр төлөвлөж, тэр дагуу ажлаа эхлүүлсэн гэх мессеж ч бий. Хэдийгээр эсрэг кноп дараагүй ч үг, үйлдэл бүр нь таалагдахгүй байгааг ардчиллын цөөнгүй эрхэм чуулганы хуралдааны үеэр онцолж, улаан нүүрэн дээр нь хэлж орхисон юм даг. Тэр ч бүү хэл, фракциудын хагарал даамжирч, зарим нэг нь намын даргадаа гоморхож, шаралхаж яваагаа ч хэвлэлээр дайсан. Тэгэхээр энэ удаад Н.Алтанхуяг суудлаа тавьж өгөх өндөр магадлал бий хэмээн улс төр сонирхогчид таамаглаж буй. Юутай ч түүнийг тойрсон элдэв маргаан тасрахгүй нь. Ерөнхийлөгчийн сонгуульд хачир нэмж, олныг уйдаахгүй нь бололтой.
Д.ДОРЖ /Нийгмийн толь/