Монгол Улсын Ерөнхийлөгчийг өнөөдөр үүрээр “барьцаалжээ”. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгч, нийгэмд эмх цэгцгүй байдал бий болоход Онц байдал зарлах бүрэн эрхтэй ганц субьект болох МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бусдад барьцаалагджээ … гэж бодьё.

Мэдээж бөөн юм болно. Цагдаа, тагнуул жинхэнэ “зэвүүн” ажиллаж Ерөнхийлөгчөө суллаж авч байгаад дараа нь сенсаацлах гэж хэвлэлийнхнээс баахан зугатааж “…хэргийг тодруулахаар ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэж завгүйрхэнэ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барьцаалагдсан гэж төсөөлбөл Үүл баатар “би Ерөнхийлөгчийн өрөөнд нь малгайгаа мартсан байна лээ, цаадуул чинь (барьцаалагчдийг хэлж байна) оруулбал хараарай ширээ хавиар нь байгаа шүү” гэж тусгайгийнханд захиж хэвлэлийнхний өгөөш болж, дараа нь барьцаалагчидтай хуйвалдсан байж магадгүй гэсэн хэрэгт сэжиглэгдэн бөөн шуугиан тарих байх..

Одоогийн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Миний гар цагаан, сэтгэл цагаан. Би ийм жудаггүй юм хийхгүй шударга л өрсөлдөөд ялах ялагдахаа үзнэ” гэж загнангуй мэдэгдэнэ.

Н.Удвал нэр дэвшигч “Би сая эмнэлэгт очоод даргыг эргээд ирэх хооронд ийм болж. Одоо манай бага хурал хуралдаж нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ. Хэчнээн ерөнхийлөгчийн амь насны асуудал яригдаж байлаа ч шударга л байх ёстой гэж бодож байна. Н.Энхбаяр даргад бид өөрсдөө яаж хандлаа л гэдгийг сануулж хэлмээр байна. …Энэ дашрамд хэлэхэд Н.Энхбаяр даргын бие маш муу байна. Өршөөлийн хуулийг гацаах гэж ингэсэн байх вий гэж айж л байна, тийн…одоо нуух юм алга шударга л хэлье” гэх байх.

Ц.Элбэгдоржийн ПиАрчид “4 жил авилгачидтай өршөөлгүй тэмцэж байсныг нь энэ үйл явдал нотоллоо. Энэ сонгуулиар ялж цааш авилгачдыг улам гишгэх газаргүй болгох нь тодорхой байсан Ардчилсан Ерөнхийлөгчийг барьцааллаа” гэж оноо авахаар шуугиулах болов уу..

МАН “Энэ бол маш хариуцлагагүй асуудал. Манай нам төр барьж, манай намаас ерөнхийлөгч байхад ийм зүйл болж байгаагүй. Сахилгагүй хариуцлагагүй байдал ямар их газар авсныг эндээс харж болно. Хамар дороосоо Ерөнхийлөгчөө алдчихаад сууж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн нарын нөхдүүд хэрэг нь илрэх гээд ирэхээр хийсэн ч хэрэг байж мэднэ. Шинэчлэлийн Засгийн газар шинэчилж байна гэж замбараагүй явдал гаргаж олны дургүйцлийг төрүүлж байгаагийн илрэл, Олноороо хоморголон халагдсан албан тушаалтнууд, ил тод комментлох эрхээ хасуулсан цахим ертөнцийнхөн гээд энэ ЗГ-т дургүй олон салбар хүмүүс байгаа. Гэхдээ ард түмнийхээ дотроос ийм хэрэг хийсэн гэж бодохгүй байна” гэх зэргээр хариуцлагатай мэдэгдлүүдээр бөмбөгдөнө.

Хэрвээ дотоодын нөхдүүд барьцаалсан бол хүн үгийг нь сонсдогоор нь Б.Лхагвасүрэн гуайг П.Бадарчийнх нь хамт хэлэлцээ хийлгэхээр явуулна. Харин гадаад нөхдүүд барьцаалсан бол Арго багшийг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Сайнбаярын хамт явуулж таарна..

Харин барьцаалагчид юу шаардаж болох уу төсөөлцгөөе. Манай улсад нуугдаж байгаад саяхан баригдсан Интерполоор зарлагдсан гэсэн хэдэн халтар нөхдийг эс тооцвол сулла, гарга гээд байх Теорын том төлөөлөгч байхгүй… тэгвэл иргэний хөдөлгөөнүүдээс хэн нэг нь ямар нэг шаардлага тавиад … тийм юм бас байхгүй иргэний хөдөлгөөний жагсагчид ихэнх нь ордонд суух болсон. Эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдахыг болиул … бас худлаа бөх хүн нэр дэвшиж байхад МАН ийм хэл ам гаргахгүй. Тэгээд хэн барьцаалсан байх уу?.

Гэтэл харин санаанд оромгүй юм болж гэрээгээр Солонгост ажиллаж байгаа залуусын энд үлдсэн эхнэрүүд нь Ерөнхийлөгчийг барьцаалсан байвал яах уу. Тэд нөхөр дээрээ очиж хүүхэд гэр бүлтэйгээ хамт байх, мөн 2013.06.14-нд болох гадаадад байгаа иргэдээс санал авах өдрөөс өмнө бүгд нөхөр дээрээ очиж, хамт саналаа өгнө гэж шаардлага тавьж, үүндээ 24 цагийн хугацаа өгч эс биелүүлбэл Ерөнхийлөгчийг алмаснаас өөр амьд амьтангүй Алтай таван Богдод 3 жил нууж эхнэр, нөхөр хоёр хамт байх биологийн болоод нийгмийн ямар хэрэгцээ шаардлага байдгийг ойлгуулна гэвэл яах уу. Тэгтэл гадаадаас нөхрийн, хүүгийнх нь явуулсан байр авах мөнгийг найдвартай гэж байгаад ХЗХ-ыхонтой нийлж яаж самарлаа гээд гадаадад байгаа 110 мянга гаруй монголчуудын ар гэр энэ шаардлагад нэгдэж байгаагаа илэрхийлбэл яах уу, цаашаа бүр даамжирч баахан өнчин юм шиг тавиул хүүхдүүдийг бид л хүн болгож байна гээд цэцэрлэг яслийн багш нар цалин нэм гээд барьцаалагчдийг дэмжиж нэгдвэл яах уу. Үүн дээр эх орондоо ирж өндөр цалинтай ажил хий гэж амлаж байсан Зөгийн үүрийнхнийг өөрсдийг нь Зөгий маллагчаар Японд явуул гээд саяхан гадаадаас ирээд ажилгүй, танил талгүй яваад байгаа залуус нэмж нэгдвэл яах уу. Яасан тэр 6 хувийн хүүтэй зээл орон сууцжуулах хөтөлбөр энэ тэр гээд байсан чинь, Сү.Батболдыг ч нэмж барьцаал, тэр урьд говь руу явуулж хонин гүрвэл болго гээд зээлдэгчид барьцаалагчидтай нэгдвэл яах уу. Ерөөсөө энэ төр засгийхан бүгд худалч, 2 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт, Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигч энэ тэр, Оюутолгойн гайхамшигтай гэрээ хийлээ гээд байсан хаана байна тэр чинь гээд Их хурлынхныг хөөж тараа гээд бүх ард түмэн барьцаалагчидтай нэгдвэл одоо яах уу.

Ерөнхийлөгчөө яаж суллаж авна аа.

Засийн газрын танхимын хэдээс Х.Тэмүүжин сайд лав хэцүүднэ. Хүмүүс шударга шаардлага тавиад байдаг. Өөрөө хуулийг шударга үйлчилдэг болгоно, шинэчлэнэ гээд 10-аад жил зүтгэсэн байдаг. Бодож байгаад “Ерөнхийлөгчийг суллачих, Тэмүүжин тэр хоёрт хийж дуусгах шинэчлэл байна гэнээ” гээд цаадуулдаа сайн ойлгуулж хэлээд “оронд нь С.Баярыг Америкаас авчруулж та нарт өгье” гэж хэлээд үз дээ, Б.Лхагвасүрэн гуай гээд бас С.Бадарч гуай та нөгөө “хурай хурай, гурий гурий, хөхөөрөө даллая” гэдэг билүү шүлгээ нэг хэлээд үзэхгүй юу даа цаадуулдаа, эмэгтэй эх хүмүүс байна даа эргэж магадгүй гэх байх даа.

Эцэст нь тангараг өргөсөн хэд тушаалаар л хөдөлж нэг арга бодох байх даа. Гэхдээ хэцүү ш тэ. 7 сарын 1-нд яалаа.

Хэлсэндээ бай л даа, улстөрчидөө. Ерөнхийлөгч нь ч юу юм бэ. Харин эрхэм гишүүд та нарын хэн нэгнийг амлалтаар чинь барьцаалбал тохиролцоо байхгүй нь байна шүү..

П.Баярхүү /тоймч/

www.shuud.mn