Өглөө бүр мэндэлдэг захирал

Охиноо хичээлд нь хүргэж өгсөн нэг өглөө сургуулийн захирал болон бусад багш нар үүдэн дээрээ зогсоод хүүхэд бүртэй инээмсэглэн мэндчилж байхыг харав. Мөн гадаах самбар дээрх олон орны төрийн далбаан дотор Монголын маань далбаа нэмэгдсэнийг ч анзаараатахлаа. Өмнө нь ганц нэг орохдоо тэр далбаануудыг харж л байсан. Ямар нэг гавьяа байгуулсан сурагчдынхаа улс орны далбааг мандуулдаг юм болов уу гэж бодоод өнгөрч байсан тул ийнхүү эх орны далбаа нүдэнд өртөхөд дотносон баярласан хэрэг. Тамирчид далбаагаа мандуулахдаа ямар их хөөрлийг мэдэрдгийг ч ойлгох шиг болсон. Тэр өдрөө сургууль дээр нь "Ямар нэг баяр болж байгаа юм байх даа" гэж бодоод л өнгөрөв. Орой нь охиноосоо яагаад захирал багш нар гадаа зогсож хүүхдүүдтэй мэндэлсэн, яагаад Монголын далбаа мандсаны учрыг асуусан юм.

-Захирал багш нар өглөө бүр л ингэж мэндэлдэг шүү дээ. Та л үргэлж ирдэггүй болохоор мэдэхгүй байхгүй юу. Төрийн далбааны тухайд бол надад зориулсан гэж захирал хэлсэн. Би ч бас "сюрприз" гээд Монголын далбааг анх харуулахад маш их баярласан. Манай сургуульд Монгол орны төлөөлөл байгаа учраас гэж тайлбарлаж байна лээ гэж охин маань сонирхуулсан юм.

Анх биднийг очиход сургуулийн захирал нь өрөөндөө урьж тусгайлан уулзаад, өөрөө дагуулан явж сургуулиа танилцуулж билээ. Тэгэхэд нь яагаад энэ захирал ийм сайхан хүлээж авав, манай хүүхдийн оноо өндөр байсан болоод тэгэв үү гэх мэт асуултууд толгойд эргэлдэж байв. Гэтэл асуудал бидэнд бус ердөө л ямар ч сургуулийн захирал шинээр ирсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдийг хүлээн авч уулзаж ярилцан, сургуулиа өөрийн биеэр танилцуулдаг үүрэгтэй аж.

Тэгээд хүүхдийн ааш зангийн онцлог, эрүүл мэндийн мэдээлэл, сурах арга барил, хичээл чармайлт, ар гэрийн боломж нөхцлүүдийг тусгайлан асууж тэмдэглэж аваад, нийгмийн ажилтантайгаа танилцуулж илүү тус дэм болж чадах зүйлсийн талаар ярилцсан нь сургууль удирдаж байгаа захирал бүрийн хийх л ёстой ажил аж.

-Намайг Монголд сурч байхад манай захирал огт харагдаж байгаагүй. Захирлыг есөн сарын нэгний нээлт юм уу, хонхны баяраар үг хэлэхэд л олж хардаг байсан. Хааяа сургууль дотор таарахаар хэнтэй ч дуугарахгүй алхаад өнгөрдөг болохоор бид нар их айдаг байсан. Заримдаа үүдээр нь өнгөрөхөд багш нар "Чишшш, энд захирал суудаг юм. Чимээгүй бай" гэж шивнэдэг байсан. Тэгсэн чинь эндхийн захирал болохоор ёстой хөөрхөн. Өглөө болгон мэндэлж угтана. Орой бүр хаалган дээр зогсож байгаад баяртай гэж хэлнэ. Заримдаа сургууль дотор тааралдахаар хүүхдүүдтэй хошигночихсон л явж байдаг юм. Намайг лав тааралдах бүртээ зогсоогоод "Заа ямар байна? Дажгүй юу? Хэцүү юм байна уу?" гэж дандаа асуудаг хэмээн охин маань сонирхуулан ярьсан юм.

Энд манай боловсролын систем гэх мэт том ярьмааргүй байна. Хүн төвтэй нийгэм, хүүхдийн төлөө үйлчилдэг мэргэжлийн ажилтнуудын ялгааг олж харснаа л сонирхуулах гэсэн юм.

Зүгээр л ярилц. Тэд бүгдийг ойлгоно. . .

Энд цэцэрлэг, сургууль ялгаагүй сургуулийн насных л гэж ярьдаг. Хүүхдүүдийг гурван нас хүрмэгц ecole-д бүртгэн авч нийгэмшүүлэх орчинд оруулна. Хүү маань ноднинжингоо ээжтэйгээ хамт аниагаа сургууль руу нь зөөсөн. Хүүхдүүд тоглож бужигнаж байгаа орчин луу татагдаж, заримдаа тэнд үлдэнэ хэмээн уйлдаг байлаа. Энэ жил хүү маань хүссэнээрээ сургуульдаа оров.

Эхний өдөр эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хамт өнжихийг зөвшөөрөв. Өдөржин хамт байж (ер нь бол нүдэнд нь харагдаж л байвал болно) битүүхэн дасгав. Маргааш нь сургуульдаа явна гэсээр баяр хөөртэй босч ирлээ. Харин энэ өдөр сургуулиас эцэг, эхчүүдийг хүсвэл хагас өдрөөр хамт байж болно гэж сануулав. Нүдэнд нь харагдсаар байсан тул үдийн хэрд хүүхдүүд эцэг, эхээ ч анзаарахаа болив. Ингээд бид уван цуван нэг нэгээрээ сэмхэн гарч явцгаалаа.

Гурав дахь өдөр нь мөн л сургуульдаа явна гэсээр баяр хөөртэйгээр босч ирэв. Харин энэ өдөр сургууль эцэг, эхчүүдийг үлдэхийг зөвшөөрсөнгүй. Хэсэг уйлаан майлаан, чаргууцалдаан болсоор өглөөний шоу өндөрлөлөө. Багш нар биднийг эргэн хоргодон байгааг мэдээд эелдэгхэнээр тайвшруулна. "Зүгээр дээ, бүгд л уйлдаг. Тэд та нарыг явмагц л зүгээр болчихно" гэнэ.

Удаах өдөр нь амралтын хоногууд таарсан тул хоёр өдрийн турш хүү маань сургуулиа ярьсаар, сургуульд явдаг болсноо гайхуулсаар өнгөрөв. Ингээд даваа гаригийн өглөө сэрүүлэгтэй уралдан сэрээд, сургуульдаа явна хэмээн орон дээрээ цовхчин хөөрнө. Тэр өдөр бяцхан хүү маань ангидаа ороод араас дагаж уйлсангүй. Шууд л явж ороод баримлын шавар нухаад суучихав. Гэхдээ маргаашнаас нь хэл ам гарлаа.

Багш нь "Уучлаарай, та хүүдээ Doudou-г нь авчирч өгөх хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэр өдөр унтахгүй, уйлаад байна. Бүх хүүхдүүдийг уйлсаар сэрээсэн" гэв. Би хэллээ.

-Дуртай тоглоом нь байвал болох уу?

-Үгүй дээ. Тэвэрч унтдаг тоглоом нь хэрэгтэй. Таны хүү ямар тоглоомоо тэврээд унтдаг вэ? Тэр өрөөндөө унтахаар үлдэхдээ орондоо тэвэрч унтдаг тоглоом байгаа биз дээ?

-Үгүй дээ, тэр ганцаараа унтдаггүй. Ээжтэйгээ унтдаг.

-Үгүй байлгүй дээ. Та түүнтэй унтдаг гэж үү? Яагаад?

-Яагаад гэвэл тэр одоогоор жоохон байна.

-Та түүнийг том болгох хэрэгтэй. Ингэхийн тулд та түүнийг ганцааранг нь унтуулж сургах хэрэгтэй. Тэгэхээр түүний Doudou нь та өөрөө юм байна л даа. Гэхдээ та ямар ч байсан түүнтэй ярилц. Түүнд өдөр ээжгүйгээр сургууль дээрээ унтах хэрэгтэйг, бусад хүүхдэд саад болохгүй байх ёстойг ойлгуулах хэрэгтэй.

Энэ ярианы үеэр би дотроо бодож зогсов. "Хн, гурав ч хүрээгүй манай тэр нөхөр яриад мөн ойлгох байх даа"

Гэсэн ч багшийн хэлснээр тэр өдөржин хүүдээ ярьж тайлбарлахыг оролдов. Тэгээд тэвэрч унтаж болох тоглоомыг өөрөөр нь сонгуулан авч өгөв. Гэхдээ тэр дуугардаг резинэн матар авчихсан юм. Тэврүүлээд л явууллаа. Баяр хөөр болсоор матраа тэврэн ангидаа оров. Орой нь дахиад л хэл ам гарлаа. "Таны хүү өдөр орондоо орж хэвтдэг болсон. Энэ нь их сайн. Та сайн ярьж ойлгуулсан байна. Гэхдээ тэр энэ матарыг дахиж авчирч болохгүй. Тэр унтлагын цаг дуустал матраа дуугаргасан. Тэгэхээр та түүнд өөр зөөлөн тоглоом санал болгох хэрэгтэй байна".

Ингээд ээж хүү хоёр дахиад л дэлгүүр хэслээ. Хүү заавал ямар нэг дуу хууртай юм авна гэж зүтгэнэ. Ээж тэрнээс нь бултуулна. Бүр том аалз авна гэж гөжүүдлэв. Гэхдээ л ээж нь сэргэлэнтсээр нэг хөөрхөн ногоон яст мэлхийний чихмэл тэврүүлж дөнгөв. Тэгээд хүүдээ өдөр унтахдаа яст мэлхийнийх нь чихэнд шивнэж өгөх нууц үгс ч зааж өгөв. "Хэрвээ та хоёр дахиад унтлагын цагаар чимээ гаргах юм бол орой ээжийг нь ирэхэд чамайг өгөхгүй. Сургууль бүр аваад үлдчихнэ гэсэн шүү" гэж сүрдүүлж ч үзэв.

Ингээд маргаашнаас нь нэг юм хэл ам татарлаа. Хэд хоногийн дараа багшаас нь ямархуу байгааг асуухад "Тэр үнэхээр сайн байгаа. Өдөр Doudou-гээ тэврээд амандаа үглэсээр байгаад унтдаг болсон. Та түүнд их сайн ойлгуулсанд баярлалаа" гэж байна.

Яриад ойлгохгүй гэж бодож байсан би өөрөө ч гайхаж хоцорсон. Ер нь эдний сургалтанд хүүхдүүдийг ярьж, ухуулж, давтан хийлгэдэг байдал их ажиглагддаг. Хүүхдийг хашгираад загнаад байгаа юм харагддаггүй. Яг өмнөө суулгаад, нүд рүү нь харж байгаад, өөрсдөө хөлөө бохирон ижил төвшинд сууж байгаад ятгаад л байгаа харагддаг. Тэнхээ мэдэн чарлаж байгаа хүүхдийг хүртэл тэгсээр болиулж байгаагаас харахад тэд энэ аргачлалыг сайтар эзэмшсэн байдаг аж.

Бид хүүхдээ хурдхан дуугүй болгох гэж хүссэнийг нь бариулж, хуурч, аргадаж, хажуу хавийн хана шалаа хүртэл зодож, алиалж, баахан л юм болдог доо? Гэтэл тэд чинь бас яриад байвал юм ойлгодог улс аж. Гол нь уйгагүй, өдөр бүр шаардлагаа тавих хэрэгтэй. Ээж, аав нэг л хийнэ гэсэн бол хийчихдэг тул үгэнд нь орохоос өөр замгүй гэдгийг ойлгуулах ёстой.

Дунд, ахлах сургуулиудад ч бас багш нар хүүхдэд гар хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Хашгичиж загнаад байх ч үгүй. Гол нь дараагийн хариуцлага тооцох алхамуудаа зайлшгүй хийдэг тул ганц удаа нүд рүү нь ширтэж байгаад анхааруулахад хүүхэд шууд хүлээн авдаг нь сонирхол татдаг.

Хэн нэгэн гудамжинд хүүхдээ зодоод, дугтчаад, хашгираад байхыг харсангүй. Уйлаад эхлэвэл яг өмнөө зогсоож байгаад нухацтай ярьж байхтай л таардаг. Тэгэхээр яриа таниулгын аргачлалыг эцэг, эхчүүд ч бас өөрсдөө сургуулийн наснаасаа эхэлж биеэр мэдэрч, суралцдаг байх нь.

Багш нар ч бас хүүхдэд айдас төрүүлэхээргүй, таатай сайнаар ханддаг болохоор хүүхэд өглөө бүр сургуульдаа баяртай явдаг юм байна гэж ойлгосон. Хэрвээ хэн нэгэн түүнийг зовоодог, гомдоодог бол хүүхэд мэдээж сургууль цэцэрлэгтээ их дургүй, тааламжгүй явна шүү дээ. Бүр дахиж явахгүйн төлөө хамаг чадлаараа тэмцэх биз.

Гар утсыг хориглодог бүс

Герман, Швейцарь, Францын дунд сургуулиудад сургууль дотор гар утас хэрэглэхийг маш хатуу хориглодог. Утсаа ил гаргаж яриагүй, цүнхэн дотор дуугарсан ч байсан хатуу донгодуулах буюу шуудхан хурааж авах эрх багш нарт байдаг аж. Ингэж хураалгасан утсыг буцааж авах гэж нэлээд юм болно. Тиймээс хичээл дээр гар утсаар оролдох, мессеж бичих, сельфи хийх гэх мэтийн ажлын садаа болсон үйл явдлууд огт гарахгүй. Гар утсыг сургуулийн хашаанаас гарсан тохиолдолд л сурагчид асааж ашиглах боломжтой. Сургууль бол гар утас хэрэглэхэд хориотой бүс.

Мөн хоцролт таслалт гарах боломж бараг үгүй. Учир нь чиглэл бүрийн шугамын автобус, трамбай болон галт тэрэгнүүд явах цаг минутаа урьдчилж тооцоод хуваарь гаргаж сурагчдад түгээдэг. Түгээх ч гэж дээ. Аль ч билетийн кассан дээр очсон тусгайлан хэвлэсэн хуваариудыг үнэгүй авч болно. Тиймээс сурагчид хичээл эхлэхтэй уралдан чиглэлийн унааныхаа хуваарийг аваад гэрийнхээ үүдэн дээр хадчихна. Ингээд л өглөө бүр хэдэн минутын дараа унаагаа ирэхийг харж байгаад гараад явчихна. Гэхдээ энэ нь ямар нэг хүндэтгэх шалтгаанаар сургуулиасаа хол гэртэй, унаагаар явах шаардлагатай, дундаас дээш ангийн хүүхдүүдэд хамаатай шүү. Ихэнхдээ хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд сургахыг шаарддаг. Хэрвээ гэрийн байршил сургуулиас зайтай байвал тухайн сургууль өөрийн автобусаа өглөө бүр явуулна.

Швейцарьт бол гал тэрэг өдөр бүрийн өргөн хэрэглээ. Энд ганц нэгээрээ галт тэргээр зорчиж байгаа хүүхэдтэй огт тааралддаггүй. Учир нь хүүхэд бүр гэрээсээ холдоо л 10 минут алхаад очих газруудад сургуульд суралцах ёстой. Швейцарын нэгэн сургууль танин мэдэхүйн хичээл дээрээ Африк, Монгол, Филипин зэрэг орнуудын хүүхдүүд хичээлдээ хэрхэн явдаг талаарх богино хэмжээний кино үзүүлэхэд хүүхдүүд итгэж ядан дуу алдаж, зарим нь өрөвдөн нулимс унагааж байсан юм. Учир нь тэдний хувьд сургуульд сурахын тулд уул дамнан мориор явж, хад асга дамжин амь сөрөн харайлгаж, голын дээгүүр татсан олсон шатаар өдөр бүр эрсдэл гарган сургуульдаа явна гэдэг санаанд багтамгүй амьдралын нэг өнгө юм.

Францад ч тэр ер нь бол хүүхэд бүр гэртэйгээ ойрхон сургуульд суралцахыг хуульчилсан байдаг тул хоцролт гэж огт байхгүй. Нэг минут л бол нэг минут. Ойрхон сургуульгүй газруудад сурагчдыг гэрийнх нь үүднээс авч, буцааж хүргэж өгдөг автобуснуудыг гаргаж өгсөн байдаг. Хүүхэд хичээлдээ ирэлгүй арван минут өнгөрөхөд л сургуулиас эцэг эх рүү нь заавал мэдэгдэнэ. Хэрвээ чөлөө авах хэрэгтэй бол харилцах дэвтэр дээр учраа хэлсэн хүсэлт маягийн зүйлийг эцэг, эхчүүд бичээд, гарын үсгээ зурж баталгаажуулан явуулдаг. Тийм хүсэлтийг бичгээр хүлээн авсан ч сургуулиас заавал утсаар лавлаж асууж байж чөлөө олгодог.

Хичээлээс гадуур сэлгүүцэх цаг гэж тун бага. Дунд сургуулийн хүүхдүүд өглөө эрт сургуульдаа яваад орой ажил тарахтай зэрэгцэн харьцгаана. Бүгд сургууль дээрээ хооллочихдог тул өлсөж цангах асуудалд санаа зоволтгүй. Хоолны мөнгийг сар бүр нэхэмжлэхийн дагуу төлчихөд л хүүхдүүд өдөр бол олон нэрийн хоолноос дуртайгаа сонгож идэх боломжтой болно. Сургуулийн найдвартай хараа хамгаалалт доор хүүхдээ сургаж байгаа эцэг, эхчүүдийн ажлын бүтээмж ч өндөр байдаг аж.

Эцэг эхийн хурлыг манайхан бөөний хэлбэрээр хийж ирсэн. Харин энд ганцаарчилсан байдлаар хийдэг. Тухайн сурагч ямар хичээл дээр нэмэлт зөвлөгөө, эцэг эхийн анхаарал шаардаж байгаагаас шалтгаалж уулзах багш нарын нэрс, хуваарилсан уулзалтын цаг урьдчилан гарч, эцэг эхчүүдэд шуудангаар ирнэ. Ингээд товлосон өдөр сургууль дээр очиход багш нар өөр өөрийн ангидаа заасан цаг минутдаа л хүлээж авна. Хүүхдийн асуудал тухайн хүний нууцлалд хамаардаг тул олны өмнө зогсоож байгаад илт чичлэн зэмлээд байна гэж үгүй. Зөвхөн багш, сурагч, эцэг-эх гурвын дундах яриа тул нэлээд дотно бас бултах аргагүй халуун болж өнгөрнө дөө. Хэн хэн нь гомдол саналаа хэлэх боломжтой агшин.

Мөн шөнийн 22 цагаас хойш хүүхдүүд гадуур явж харагдахгүй. Учир нь энэ цагт бүх хүүхэд унтаж байх ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Ер нь хүүхэд гэлтгүй хүн бүр л шөнийн 22 цагт орондоо орж заншсан байдаг нь эхэндээ тун ч төвөгтэй. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэж нийгэмшсэн хүн бүр ухамсарласан байдаг тул 22 цагаас хойш чанга дуу чимээ гаргахад аль ч газрын оршин суугчид дургүйцдэг. Нэг хоёр удаа сануулаад шаардлагыг биелүүлэхгүй бол цагдаатайгаа нүүр тулахад хүрнэ. Бүр хүндэрвэл оршин суугчид нэгдэж байгаад байрнаасаа хөөчихсөн байхад ямар ч өмгөөлөгч тусалж чадахгүй.

Ингээд амар тайван, бүрэн бүтэн амарч унтсан хүмүүс өглөө түүртэлгүй босч тус тусынхаа ажилд явцгаана.

Амьдралын дадлага

Охиныхоо дадлагажиж байгаа газраар хэрэгт дурлан орж талх худалдан авлаа. Эндхийн дунд ахлах ангийн буюу коллеж, лицейгийн сурагчид нийгэмших, ажлын талбар дээр очиж суралцах зайлшгүй даалгавар хүлээн авдаг. Ийм төрлийн ажил олоход хүүхдүүдэд маш их бэрхшээлтэй. Учир нь сурагчид бүгд л ийм ажил хайж байгаа. Зарим нь төрөлх хотоосоо ажил олж чадахгүй бол холын Парис руу хүртэл явахаас өөр сонголтгүй болдог. Ажил олж чадсан нь онц авлаа л гэсэн үг. Хүүхдүүд ийм ажлыг зөвхөн өөрөө л эрж олох ёстой. Тэгээд өөрөө ажил олгогчийг зөвшөөртөл ятгах хэрэгтэй болно. Охин маань харин олж чадсан. Олж чадсанаар барахгүй нэр хүндтэй ажиллаж байна. Өнөөдөр дадлагажих ажлынх нь сүүлчийн өдөр. Энэ газрын ажилчид охиныг маань явуулах тун дургүй байгаа гэнэ.

Манайд ч бас ийм маягийн нөхцөл боломжийг хүүхдүүдэд нээж өгч яагаад болохгүй гэж? Хүүхдүүд ажлын талбар гэж юу болох, хөдөлмөрийн хөлс, хичээл зүтгэл, эрэлхийллийн амтыг өөрийн биеэр амтлахын сайхныг ингэж л мэдэрдэг. Үргэлж арын хаалга, танил тал, хээл хахуулиар үр хүүхдээ хөтөлж явснаас өөрсдөөр нь өөрсдийг нь амьдралд бэлтгэхэд их үр дүнтэй арга санагдсан. Охин маань эндээс хүнтэй харилцах арга барил, үйлчилгээний соёл, тооцоо, цаг барих чадварыг суралцлаа. Жирийн хамтран ажиллагч нар нь цайны цаг болмогц хувцсаа солиод хойт хаалгаар гарч, төв хаалгаар орж ирэхдээ шууд л үйлчлүүлэгчийн байранд шилжиж, лангууны ард байгаа ажилчид ч тэднийг юу ч болоогүй мэт "Сайн байна уу, эрхэм ээ? Та юу захиалах вэ?" хэмээн яг л бусад үйлчлүүлэгчтэй адил хүндэтгэн харилцахыг хараад тун их гайхсан гэсэн. Үйлчилгээний соёлд ямар ч танил тал, арын хаалга байдаггүйг ажиллаж байгаа хүүхдүүд энэ мэтээр ойлгож авдаг аж.

Халтарын БОЛОР-ЭРДЭНЭ

http://www.pressnews.mn/