Д.Тэрбишдагва ослын буулт хийсэн Ми-8-аа хаяад загас агнасан захирлуудыг хаацайлж, нисгэгч нарыг нь яагаад баривчлуулав

Нисдэг тэргээр бизнесийн боссууд, улс төрийн томчууд нь нисээд л, ан агнаад л, нисдэг тэрэг нь сүйрээд л, ослын буулт хийгээд л, хуулийнхан хаацайлаад л... Гунигтай атлаа, инээдтэй үйл хэргүүд хөвөрсөөр.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэдэг газарт саяхан А-Jet компанийн JU-5566 дугаартай МИ-8 нисдэг тэрэг ослын буулт хийжээ. Нисэх багийнхнаас гадна уг нисдэг тэргэнд долоон хүн сууж явжээ. Тэд цөмөөрөө ан хийх зорилготой байж. Нисдэг тэрэг нь ослын буулт хийсэн ч хашрууд ангийнхаа мөрөөр алга болж өгчээ. Харин хөөрхий муусайн нисэгчид нь хот руу орж ирээд шууд цагдаагийн байгууллагад учраа хэлэхээр харайцгаажээ. Азаар хүний амь эрсдээгүй, хүнд хөнгөн ямар нэгэн гэмтэл учраагүй тул нисэх багийнхан харин ч ам бардам байсан бололтой. Гэхдээ л хэт нам өндөрт ороод хүчтэй салхинд цохиулж, шидэгдэн байж ослын буулт хийсэн нь яалт ч үгүй ноцтой явдал байв. Гэхдээ 2001, 2007 онуудад тохиосон нисдэг тэрэгний томоохон осол, сүйрлийн дэргэд энэ удаагийн ослын буулт нь юу ч биш гэх хүн ч тааралдана. Хүний амь эрсдээгүй болохоор зарим нь ингэж уужим сэтгэлээр асуудалд хандаж байгаа байлгүй дээ. Түүнээс биш нисэх багийнхныг цагдаагийнхан баривчилж хорьсон, өнөөх хамт сууж яваад нисдэг тэрэг осолдсоны дараа загас агнаад алга болсон эдгээдүүдийн санаа сэдэл, үйлдэл зэргийг харахаар ёстой зэвүү хүрмээр байгаа юм.

Ми-8 нисдэг тэрэгний нисэх багийн гурван хүнээс бусад нь хэн хэн байв. Осол болсноос хойшхи хэд хоногт тэдний нэрс тодорхой бус байлаа. Харин өнгөрөгч баасан гаригаас бүрэн тодров. Хэргийн газарт Онцгой байдлынхан болоод цагдаагийнхан очоогүй тул “найзууд” олон нийтэд нэрээ зарлалгүй бултах санаатай байсан болов уу. Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нисдэг тэргэнд явж байсан зорчигч болон нисэгчид ямар нэг гэмтэл бэртэл аваагүй. Тийм учраас онцгой байдлынхан, цагдаа нарыг тэнд очих шаардлагагүй гэж үзсэн” гэжээ. Юу гэсэн үг вэ. Ослын буулт бол ноцтой хэрэг гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа. ИНЕГ-ын НААХЗГ-ын дарга А.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Урьдчилсан байдлаар нисдэг тэрэг буулт хийх сүүлчийн шатандаа хүчтэй салхины нөлөөлөлд орж, газардсанаас даац нь сугарсан ноцтой зөрчил гарсан гэж үзэж байна. Энэ нь Олон улсын Иргэний нисэхийн байгууллага болон манай ИНЕГ-ын багц дүрэмд зааснаар ноцтой зөрчлийн ангилалд орж байгаа юм” гэсэн байна. Ноцтой зөрчил гарчихаад байхад ядаж цагдаа нь яагаад очиж болохгүй байх билээ. Д.Тэрбишдагва хэнийг хаацайлахыг оролдов.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ми-8 нисдэг тэргэнд АПУ компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал н.Ганхуяг, “Үүд трейд” компанийн захирал н.Бат-Орших, “Over see” компанийн захирал н.Алтан-Очир, “DF” компанийн захирал Б.Баяр, “Харш констракшн” компанийн захирал н.Батболд нараас гадна нэг хүүхэд байжээ. Нисэгчид цагдаад баригдаж, “Ганц”-д ачигдахдаа тулан баларч байхад эдгээр “найзууд” зүгээр л нисдэг тэргээ хаяад загас агнан зугаацсан нь гайхалтай. Ан хөөгчдийг ослын буулттай ямар нэг байдлаар холбож буруутгахаас сэрэмжилсэн үү, эсвэл хулгайн ан гөрөө хийхийг хөхиүлэн дэмжсэн үү, юутай ч Д.Тэрбишдагва хэрэг гарсан эхний өдрүүдэд тэднийг нийтэд мэдээлсэнгүй. Гэтэл Ми-8 онгоцны нисгэгчид Улаанбаатар хотод ирэнгүүтээ цагдаагийн байгууллагад очиход баривчилсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалтыг зөрчиж буй хэрэг юм. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь хууль ёсных байх ёстой бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 10-р зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй" гэсэн байна. Иймээс нисгэгч “Э” нарын ар гэрийнхэн холбогдох газруудад нь гомдлоо тавихаар болжээ.



Б.Отгонбаяр

zaluu.com