Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм (заваараа). Бас Монголын түүх, монгол номыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.

Хэт олон ном, зохиолч жагсаахыг зорьсонгүй. Мэдээж хүн хүн өөрийн ертөнцөөр янз бүрийн жагсаалт гаргах боловч доорх жагсаалтад ахлах сургуулийн 12-р анги, коллеж, их сургуульд Америкийн чөлөөт боловсролын системийн хүрээнд (Аmerican liberal education system) заадаг, танилцуулдаг бас өөрийн сонирхлын үндсэн дээр сонгож уншдаг, залууст илүү сонирхолтой, нүсэр бус номуудаас сонгов.

Hом их уншдаг хүмүүсийн дэргэд, тэртусмаа ном уншиж, бичиж хоолоо олж иддэг хүмүүсийн хажууд миний уншсан зүйлс бол маш өчүүхэн, ичмээр юм. Зөвхөн хүмүүс асуусан болохоор өөрийн хэмжээнд жагсааж, бас уран зохиолын тухай ойлголтоо хуваалцаж буйг болгооно уу.

Доорх суутнууд бол орчин цагийн нийгэмд асар их таашаагддаг зохиолч, суут ухаантнууд бөгөөд тэдний бүтээлүүд цагийн уртад классик болсон учир бас зориудаар өөр өөр цаг үе, нийгмийн төлөөлөл болгож оруулсан. Зүгээр жагсаахаас гадна та бүхний сонирхлыг өдөөх үүднээс тухайн ном, зохиолчийн талаар хачир нэмлээ. Ингэвэл надад ч сонирхолтой байх болно.

Бүгдийг нь Америкт байхдаа унших аядсан (зохиогчийн хэлэх гэсэн тэр олон санааг бүгдийг хэн нэг хүн, тэртусмаа би ойлгосон гэдэгт итгэхгүй байна. Дахин дахин унших хэрэгтэй байх иймд) тул тэр нийгмийн нөлөөн дор нэлээд америкжуу жагсаалт гарсан байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо Герман, Японд төгссөн, тэнд амьдарсан хүн арай өөр жагсаалт гаргах байх. Энэ бол эргээд улс орон бүр өөрийн гэсэн үндэсний онцлог бүхий боловсролын системтэй байдагтай холбоотой.

Харин Монголын мэдлэгийн нийгэм бол уран зохиолын талбарт ч тун хоцрогдолтой байсан гэж би үздэг. Хэн нэгний буруу гэхээсээ илүүтэй бид Зөвлөлтийн дагуул орон байсантай холбоотой. 1988-1998 оны буюу 90-ээд оны ЕБС-ын сурагч байсан бидний үеийнхэнд уран зохиолын хичээлд Зохиолч нарын намтар, заримын нь бүтээлийн ТУХАЙ их ярьдаг байсан болохоос ЭХ ЗОХИОЛ-ыг нь уншуулах тал дээр маш дутмаг байсан санагддаг. Харин манай дээдэх үеийнхэн бол уран зохиолыг биднээс илүү уншиж өссөн, энэ талаараа хавьгүй илүү боловсорсон хүмүүс юм байна гэж бодогддог. Багадаа Монтэ Кристо Гүн, Жэймс Хэдли Чэйз, Шерлок Xолмсын цувралыг унших тун дуртай, хамгийн анх Өнчин ботго гэдэг домгийг 3 дугаар ангийн уран зохиолын хичээлээр уншаад өнчин ботгыг өрөвдөж уйлж билээ. Уран зохиолтой анх тэгж л танилцсан. Дунд ангид байхад манай хөрш зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар ах манайд хайрцагтай номоо хадгалуулж, тэндээс Эдип хаан, Гамлет зэрэг монгол орчуулгуудыг унших завшаан гарч байсан. Хожим Эдип хаан бол Oedipus the King зохиол байсныг сүүлд анзаарсан. Гүрбазар ах номоо манайд түр хадгалуулсанд нь одоо ч баярладаг.

Эдгээр зохиол одоо л буюу XXI зуун гарсан хойно монгол хэлнээ хөрвүүлэгдэж буй нь манай нийгмийн хөгжлийн нэг итгэлцүүр болж байна. Нэг ёсондоо манай зохиолч, дуун хөрвүүлэгч, олон нийтэд унших, бичих, туурвих, орчуулах ажил нэн их байна гэсэн үг.

Дараах жагсаалт бол ямар нэг урьтал (priority), зорилтот дараалал байхгүй, өөрийн санаанд бууж байгаагаар л бичлээ.

lbert Camus - The Stranger - (Монголоор орчуулагдаагүй байх. Гэхдээ Харь хүн гэж би орчуулах дуртай, манайхан нэрийг нь энд тэнд дурдахдаа алдаж орчуулсан харагдсан. Миний хамгийн дуртай ном. Камю бол эксистенциализмын нэртэй төлөөлөгч, бүтээлүүдээрээ Нобелийн шагнал хүртсэн ч шагналаасаа татгалзсан. Камюг уншвал хүссэн хүсээгүй Сартрыг сонирхох болно)


Jean Paul Sartre - Nausea - (Oгиудас нэрээр орчуулагдсан гэж дуулсан, энэ бол дэвшил. Сартр бол бас л алдартай философич, эксистенциалист. 2000-аад он хүртэл Камю, Ницшэ, Кафка, Фройд ч юм уу одоо яригдаж буй нэрс Монголд дуулддаггүй байсан. Харин Сартрын жүжгүүд Монголд 90-ээд онд Найдандорж найруулагч нарын зүтгэлээр тавигдаж байсан санагддаг. Сартр анх Симон де Бовуартай Парисын их сургуульд элсэх шалгалт дээр дараалалдзогсож байгаад танилцаад, хоёулаа тэр жил сургуульдаа тэнцээгүй ч дараа жил нь эхний 1, 2 дугаар байртжагсаж тэнцсэн сонин түүх бий. Хэзээ ч гэрлээгүй болов ч миний мэдэх хамгийн романтик хос. Симон бол феминизмий гол төлөөлөгч. Манай орчин цагийн бүсгүйчүүд сайн танина. Тэдний өмнөх үе бол танихгүй. Хоёр дахь хүйс номыг нь уншихаар төлөвлөж байгаа)


Franz Kafka - The Trial, The Castle (Эхнийх нь Шүүх ажиллагаа нэрээр “Маш нууц” сонины О.Чинбаярсайхан орчуулж гаргасан байна билээ. Ер нь манайхан оросоос монгол руу их сайн орчуулдаг шүү дээ. Ер нь 2000-аад он хүртэл англи,монгол орчуулга ховор байсан санагддаг. Хуучин үед бол франц, герман, хятад, японоос олон сайн орчуулга хийгдсэн уламжлалтай гэж болно. Одоо бол өөр өөр хэлээс их сайн орчуулж байна. Бас л дэвшил. Кафкагийн The Metamorphosis, А hunger artist-ийг заавал уншаарай. Би лав уран зохиолын зөгнөлт дүрслэлийг эндээс л анх уншиж, гайхаж, балмагдаж, цочролд орж байсан юм. Франц Кафка болон Milan Kundera нар Чехээс төрсөн эдүгээ Америкийн орчин үеийн залууст үзэл санаа, бүтээлүүд нь байнга л популярны/түгээмэл болдог зохиолчид.


J.D.Salinger - The catcher in the rye - (Aмерикийн өсвөр насныхан бүгд энэ номыг уншдаг. Монгол залуус ч уншаасай. Түүний богино өгүүллэгүүдэд би бас их дуртай. Дээр нэрлэсэн зохиол Америкийн сургуулиудад нэг хэсэг хориотой байсан, олон рок хамтлагийн дуунд орсон бас Жон Ленноныг хөнөөсөн нөхрийн халааснаас олдож байсан зэргээрээ нэлээд дуулиантай. Монголоор энэ хүний бүтээлүүд гараагүй байгаа. Дашрамд өгүүлэхэд НОМ дандаа нийгмийн хөгжил, үе үеийн түрлэгээр орж бас гардаг. Тэгэхээр одоо баруунд Сэлинжерийн номыг уншиж буй олон залуус Монголдоо ирэх тэр үед манайд хэвлэгдэнэ гэсэн үг. Нийгмийн захиалгаар,нэг ёсондоо тун удахгүй гарах бизээ. Зөрүүлээд монгол номууд гадны хэлээр гарч арван жилийн дараа Монголын уран зохиол дэлхийн тавцанд гарах байх гэж би найддаг. Одоо бол бүгд англиас монгол руу орчуулж, англи хэлийг бүх нийтээрээ үзэж байна. Харин удахгүй монгол номуудыг англи, герман болон бусад хэл рүү орчуулах түрлэг ихсэнэ. Энэ нь нийгмийн, ард нийтийн, сэхээтнүүдийн боловсролтойшууд уялдана. Яг одоо англи хэлтэй уран зохиолч Монголд тун ховор (бараг байхгүйтэй адил) байгаа харин орос хэлтэй мундгууд олон байгаатай яг адил.


Paolo Coelho - Тhe Alchemist - (Үнэхээр гоё ном тул би эхний хэдэн нүүрийг нь оюутан үедээ орчуулж байгаад орхисон юм. Алхимич гэж оросоор болонбусад олонхэлээр хэлдэг энэ үгийг орчуулах гэж их л эрэл хайгуул болж билээ. Харин нэрт хөрвүүлэгч Г.Аким гуай 100 жилийн ганцаардал-ын орчуулгадаа рилүүч бил үү, нэг сонин үгээр орчуулсан байсан. Дараа уулзахаараа заавал асууна. Орчин цагийн хамгийн алдартай амьд зохиолчдын нэг. Вероника үхэхээр шийдсэн нь, арван нэгэн минут зэрэг зохиолууд нь уншихад их амар, сонирхолтой байдаг)


Feodor Dostoevsky - бүтээлүүд (Дорд үзэгдэгсэдийг нь би унших их дуртай. Г.Амар гуай үнэхээр уран яруу орчуулсан санагддаг. Гэхдээ гол бүтээлүүд нь одоо ч монголоор гараагүй. Ах дүү Карамазов, Гэм зэмийг нь “Нэпко” гаргасан. Ц.Гомбосүрэн гуай бол Монголын хамгийн мундаг орчуулагч нарын нэг. Достоевскийн намтарих сонин л доо. Хаант Оросын үед шоронд олон жил хоригдож, цаазлуулахын даваан дээр азаар амьд үлдсэн тул маш философилог бичдэг. Баруунд Оросын уран зохиолын далбааг өргөдөг хүн шүү дээ. Оросоос Достоевский, Лев ТолстойДайн ба энхээрээ, В.НабоковЛолитагаараа, А.Чехов богино өгүүллэг, туужуудаарааалдартай. Харин Пушкиныг бол жишээ нь сэхээтнүүд нь л мэддэг юм билээ)


Oscar Wilde - The picture of Dorian Gray (Mөнхийн залуу нас тухай бичсэн энэ бүтээл бас их сонин. Дориан Грэйн хөрөг нэрээр Монголд хэвлэгдсэн юм билээ. Энэ бол классикуудын тэргүүн эгнээнд бичигддэг бүтээл. Эрхэм Жэрри Гриэр надад 99 оны шинэ жилээр бэлэглэсэн)


Scott Fitzgerald - The Great Gatsby (Монголоор гараагүй байх. Энэ номын хамгийн эхний хэсэг надад хамгийн их таалагддаг: "Хэзээ ч чи бусдыг бүү дорд үзээрэй. Яагаад гэвэл хүн болгонд чамд олдсон шиг боломж бололцоо олдоогүй байж болох шүү дээ гэж аав минь хэлдэгсэн" гэж. Киног нь үзэхэд бас их гоё. Америкийн хувцас загвар, тухайн үеийн соёл, үнэлэмжийг маш тод үзүүлснээрээ их онцлог. Их сургуулийн найз Поол маань надад ЗОРИУД уншаарай гэж бэлэглэсэн.


John Steinbeck - Of Mice and Men, The pearl (Жоны номууд, бичлэгийн хэв надад их таалагддаг. Америкийн эгэл жирийн амьдралыг тэр их сайн өгүүлдэг юм. Чарлитай аялсан нь гээд Америкаар хөндлөн гулд зорчсон аялсан зохиол нь их гоё. Мэдээж Чарльз Диккенс, Виллиам Фолкнэр бол агуу гэж америкууд үздэг. Би заримаас нь л уншсан)


Ги Де Мопассан, Эдгар Алан По, Антон Чехов, Х.П.Ловкрафт нарын богино өгүүллэгүүд - Уг жагсаалтыг Роман ч юм уу Жэймс Жойсын Үллис, Лев Толстойн Анна Каренинаг оруулах уу гэж бодож байгаад богино өгүүллэгийн мастеруудаар дуусгамаар санагдлаа. Эдгар Алан Погийн үнэнч фэн Эдогаво Рампо гэж Японы мастер бий. Тэр лав Эдгар Алан Погоос дутахгүй бичдэг. Хүн сандал нь монголоор орчуулагдсан дуулдсан. Том романаас заримдаа маш чанартай богино өгүүллэг унших илүү сайхан. Богино өгүүллэгийн үг бүр романыхаас илүү үнэ цэнтэй, оновчтой болдог шиг санагддаг. Ги Де Мопассаны La Parure буюу миний орчуулснаар бол Хүзүүний зүүлт богино өгүүллэгийн орчуулгыг эндээс уншаарай. Коллежийн 1-р курст байхдаа эхлүүлээд 2 курсдээ орчуулж дуусгасан юм.

Гадаадын уран зохиолыг манайхны сайн мэддэг Эрнст Хэмингвэй, Майн Рид, Александр Дюма, Антон Чехов, Шолохов эсвэл Агата Кристи гээд бусдаар нь цааш баяжуулаад уншаарай. Тэд аль хэдийн манай зах зээл, Монголын XX зууны уламжлалт боловсролд алдаршиж, байр сууриа олсон тул энд жагсаах нь илүүц.

Миний жагсаасан бүтээлүүд бол уран зохиолын их далайн дусал нь мэт санагдаж байна. Том том залгилах юмсан.

Даваабатын САЙНБАЯР

Моннис группын Дэд ерөнхийлөгч,

Олуулаа клубийн ерөнхий зохицуулагч

Twitter хаяг: @dsainbayar

sainbayar.com

Эх сурвалж: http://www.internom.mn