2014 онд Монголыг зорьж 393 мянган жуулчин иржээ. Гэтэл 2013 онд үүнээс арай илүү 417 мянга байсан юм гэсэн. Буурч л дээ.
Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол гэдэг хүн энэ 2015 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авна гэж хэлж сууна. Хэлж байгаа нь Д.Оюунхорол боловч үг нь Ч.Сайханбилэгийнх ч байж болно.
Энэ чинь Улаанбаатарт болж байгаа нэг хуралд ирээд буудал, хурлын танхим хоёроосоо холдоогүй нэг төлөөлөгчдийг оролцуулаад шүү дээ.

Түүнээс биш хувийнхаа зардлаар Монголыг зориод, үүнийг нь ч үзье, түүнийг нь ч харъя гээд МИАТ-ын өндөр үнэтэй төмөр тагзанд суугаад наашаа явж байдаг тэнэг энэ орчлонгийн хаана байхав дээ. Ийм нөхцөл бололцоо, тээвэр дэд бүтэц, аялал жуулчлалын бүтээгдхүүн манайд байгаа юм уу.

Дээр нь манай МИАТ-ынхан гэж мөнгө идэхээс өөрийг мэддэггүй луйварчид. Хоёрхон жилийн өмнө дөө, европын нэг улс руу явах хэрэг гараад өнөө л эх оронч үзлээрээ МИАТ-ын онгоцны тасалбар сураглатал “БАЙХГҮЙ, ДУУССАН” гэсэн хариу сонсов. Бас арын хаалгадах санаатай мэддэг таньдаг хүмүүс рүүгээ утасдаад болдоггүй. Арай гэж онгоцны тасалбар худалдаалдаг хувийн нэгэн компани руу ярьж, тэр хүн нь ч яахав МИАТ-ын тасалбарыг зарж өгдөг юм болохоор ярьж байгаад нэг суудал олж өглөө. Тасалбар байсан л хэрэг. Тэгээд өнөө онгоцонд нь суугаад Улаанбаатараас хөөрөхийн цагт онгоцны нь тал суудал хоосон л байсан юм даа. Энэ бол үнэн түүх.
Тэр жил Японд аялал жуулчлалын нэгэн танилцуулга болов. Манай аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хэдэн компанийн төлөөлөгчид үзэсгэлэн гаргаж хэрээрээ л чармайсан юмдаг. Гэтэл тэнд ирж байгаа компани, түншүүд, хувь хүн нэг л юмыг үнэнээр нь хэлсэн. Танай онгоцны үйлчилгээ муу, тэгсэн хэрнээ хэт өндөр үнэтэй болохоор яаж хүн танай руу зүглэх вэ гэж.
Ийм байдлаар манайх аялал жуулчлал хөгжүүлэх гэж 25 жил улайран зүтгэсэн ч ирдэг жуулчдын тоо өсөөд өсөөд 400 мянгаас даваагүй л байна. Түрүү хэлсэн шиг хуралд ирсэн албаны нэг хүнийг оруулж тоолоод шүү дээ.
Сүүлийн хэдэн жил л яг ийм тооны наахан цаахан явж ирсэн байхад өчнөөн жил сайдын суудал зүүдэлж ирсэн Д.Оюунхорол гэдэг хүн ямар зүүдэндээ нэг сая жуулчин ирэх нь гэж хараа юм бол. Тэгээд бас юу гэлээ, хэдийд ч юм 5 сая жуулчин ирэх юм гэнэ. Ёстой харагдаач........
Сүүлийн хэдэн жилд манай аялал жуулчлалын үйлчилгээ хэрхэн сайжирч, аялал жуулчлалын бүтээгдхүүн яаж нэмэгдсэн юм бэ. Д.Оюунхорол хатагтай нэмж амжаагүй байж болно, өмнө нь юу хийсэн юм.
Жуулчдын гудамж гэж нэг юм байгуулна гэж хэдэн жил ярив. За ашгүй дээ, Москвагийн Арбатын гудамж, Чехийн Карлын гүүр шиг биш юм гэхэд өөртөө тохирсон нэг юмтай болох нь. Талбай нь жижиг ч гэсэн монгол үндэсний бэлэг дурсгалын зүйл зарж худалдаалдаг, зураач, хөгжимчин, үндэсний хэлбэр дүрстэй хөшөө дурсгал барималтай нэг газар бий болох нь гэтэл буцаад машины зогсоол болчихдог байгаа. Ийм мулгуу төр, сайдтай байхад хэн наашаа ирэх юм бэ.
XIII зуун, Цонжинболдог гээд хэдхэн бүтэгдхүүн хэдэн жилийн өмнө л боссон, тэгээд жуулчдын тоо нэмэгдсэн үү.
Өнөө л хэдэн бүтэгдхүүн гээд байгаа Ёлын ам, Эрдэнэ зуу, энэ тэрээд явдаг зам нь сайжирсан юм уу. Сайжирлаа гээд ганцхан түүнийг л үзэх гэж 600, 400 км давхих уу. Замд нь юм байгуулж чадаагүй шүү дээ.
Гэтэл Д.Оюунхорол гэдэг авгай гараад ирэхээр л эмэгтэй сайдыг нь харах гэж л гадаадын жуулчид наашаа цувчихдаг юм биш бол жуулчдын тоо яаж нэг дахин нэмэгдээд 1000000-д хүрэх юм бол доо.
Саявтар бичигч би зүгээр л нэг зүйлийн талаар танилдаа ярьж байтал тэр маань тоглоом шоглоомоор “Хүн худал ярьж болно. Гэхдээ арай ч ингэж хэлэхэд хүн үнэмшихгүй дээ” гэдэг байгаа. Тоглож байгаа нь тэр.
Үүн лүгээ хүн мөрөөдөж болно, хүн зоныг хуурч болно. Өөрийгөө мундаг хүн гэж магтаж болно. Биднийг юм мэдэхгүй гэж чамлаж болно. Олон жил мөрөөдсөн сайдын суудалдаа залрахаар бүхнийг чадмаар юм шиг санагдаж болно.
Гэхдээ бас нэг баримжаатай, урьд өмнө нь ямар байсан, цаашдаа ямар байдлаар өсч, хэдийд ямар болж болох вэ гээд жаахан судалгаатай худал ярьж болно доо.
Яахав “сайхан хоолны нэр хэлваа, би савхадъя” гэдэг шиг ирэх жил сонгууль болох юм болохоор юу ч гэж худал ярьж байсан хамаагүй гэж бодож байна уу. Эсвэл аялал жуулчлалд зориулж төсөвт суулгасан мөнгөнөөс нь МАН-ын сонгуулийн мөнгө босгох гэж олон жуулчин ирсэн гэж дараа нь тайлагнах гэж байна уу.
Юутай ч захын сэтгүүлч, нэг иргэн ингэж бодож байхад юм мэддэг, энэ салбарыг гадарладаг, бүр ядахад олон газар явж аялж жуулчилж байсан хүн бол энэ худал үгийг тань сонсоод ёстой хөх инээд нь хүрч байгаа л даа.
Нийслэл хотыг нь танай намын М.Энхболд сүйтгээд хаячихсан, түүх дурсгалын газруудыг нь МАН нэгэн цагт коминтернтэй хамт баллаад нураачихсан, шинээр юу ч бүтээгээгүй шахам ийм газарт хэн ирэх вэ. 1990 онд, 2000 онд ийм л байсан. Тэгэхэд ч 400 орчим мянган жуулчин л ирдэг байсан.
Ядаж байхад гаднын хүн үзчихээр ганц олигтой музей ч байхгүй. Гайгүй нэг музейн зориулалтын ганц байшинг нь МАН дээрэмдэж аваад, шүүхийн шийдвэрээр буцааж өгөх болохоороо хорлонтой юм шиг нураагаад, мөнгөний барьцаанд тавьчихсан. Байгалийн түүхийн ганц музейн барилга нь нурах гээд хаачихсан. Бусад музей нь нурах шахсан орон сууц, дэлгүүрийн барилгад байдаг улс шүү дээ.
Унаган байгаль унаган байгаль гэдэг, чухамдаа манайхаас ч илүү сайхан байгаль, гайхамшигт газар байна цаагуур чинь.....Харин манай бүдүүлэг байдлыг харах гэж л хүмүүс ирдэг байж мэдэх.
Энэ хугацаанд Монгол Улс жил бүр л аялал жуулчлалын бүхий л яармагт оролцоод бага ч гэсэн талбайд үзэсгэлэнгээ гаргаад сурталчлаад л ирсэн. Тэглээ гээд ирдэг жуулчдын тоо нэмэгдээгүй.
Д.Оюунхорол гэдэг эмэгтэй Германд болсон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцоод “Монгол Улс энэ үзэсгэлэнгийн түнш орон” гээд л монгол дээл өмсөөд нааш цааш хэд алхаад, хоёр гурван хүнтэй уулзахаар л газар газрын хүмүүс наашаа цувчихдаг юм биш бол........
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиф Рифай зүгээр л түнш орны сайд гээд Д.Оюунхоролыг ёс бодож хүлээн авч уулзсанаас биш манай руу жуулчдыг хөөж явуулах юм уу.
Д.Оюунхорол казино байгуулна гээд л нэг их ярьсан байсан. Цаана чинь оросын Алтайн хязгаарт аль хэдийнээ биднээс өрсөөд казино байгуулчихсан, гадаадынхан, тэр бүү хэл манайхан тэнд очоод тоглоод эхэлчихсэн.
Тэгээд ч гадаадын хөрөнгө оруулагчийг хөөгөөд явуулдаг, нэгэн цагт казино байгуулах гэж байсан төрийн түшээдээ шоронд хийж байсан улс оронд ирж казино тоглох хүн гарах юм болов уу. “Хожсон мөнгийг минь өгөхгүй гээд гүрийж мэдэх орон шүү“ гээд л ярьж байгаа.
Жуулчлалын тухай ярихад энэ салбарын тухай мэдлэг мэргэжил энэ тэрээс гадна аялал жуулчлал хөгжсөн орнуудаар явж, юм үзэж нүд тайлсан байх хэрэгтэй байдаг юм шүү дээ. Гадаад явахаараа л дэлгүүр хэсч байгаад ирдэг бол юугаа мэдэх вэ дээ.
Бүр ядахад сүүлийн хэдэн жилийн жуулчдын талаарх судалгаа тайлан, болж байгаа хийгээд болохгүй байгаа зүйлийг уншиж судалж салбараа мэдэж байх хэрэгтэй байх даа.
Ер нь хүн жаахан юм уншиж, гадарлаж, хэлэх ярих үгээ бодож байж ярих нь дээр байдаг юм гэсэн. Ялангуяа төрийн сайд хүн. Ухаантай хүмүүс ингэж сургасан байдаг юм билээ.
Хүн яахав ээ, хөөрхий монголчуудыг чамлаад юм мэдэхгүй гэж бодоод юу ч гэж худал ярьж болно. Гэхдээ л бас жаахан баримжаатай ярьж байхгүй бол энэ олны дотор жаахан ч гэсэн юм гадарлах хүн ганц нэг байхыг хэн үгүйсгэх вэ дээ.
Дээр үед ямар ч баримжаагүй худал ярьдаг хүний яриаг сонсч байсан нэг өвгөжөөр хүн “Хөөе чи жаахан бодож ярь” гэсэн юм гэдэг шүү.
Эх сурвалж: www.assa.mn