Монголчуудад бараг мартагдаад байсан бөөс хэмээх шимэгч амьтан өнгөрсөн жилээс эхлэн дахин тархаж, зарим аймаг, нийслэлийн цэцэрлэгүүдээр гараад байгаа билээ. Тархалт нь далд хэлбэрээр явагддаг, зарим тохиолдолд халдварт өвчин үүсгэх аюултай энэхүү шавьжтай хэрхэн тэмцэх талаар эмч Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Нийслэлийн зарим цэцэр­лэгийн хүүхдүүдээс бөөс гарч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн жилээс хойш тасралтгүй гарч байна. Та энэхүү амьтантай хэрхэн тэмцэх талаар сургалт лекцийг боловсруулж, олон цэцэрлэг дээр эцэг эхчүүдэд сургалт явуулсан гэж сонслоо?


-Бөөстөх өвчин нь далд явагддаг, өвчилсөн хүн бусдад мэдэгдэхийг хүсдэггүй учир тэр бүр мэдэгдэлгүйгээр өргөн хүрээг хамарч тархах боломжтой гэдэгт гол аюул нь оршиж байгаа юм. Тэгэхээр энэ өвчинтэй үр дүнтэй тэмцэхийн тулд нэгдүгээрт, байгаа гэдгийг нь зөвшөөрчих хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн амьтнаа сайн таньж мэдэх нь чухал. Манайд бөөсний талаар мэдээлэл бараг байдаггүй юм байна. Судалгаа хийсэн хоёрхон эрдэмтэн нь гадаадад амьдарч байх жишээтэй.

-Бөөс устсан байх үед энэ талаар анхаарах хүн байгаагүй. Харин саяхнаас сэргэж гарч ирэхээр хүн бүр энэ талаар сонирхож байна л даа. Гэвч мэдээлэл хангалттай биш байна?

Манайхан “Бөөс устсан байсан” гэж яриад байгаа. Энэ нь буруу. Бөөс байсан, байгаа, байх ч болно гэдгийг л хүн бүхэн ойлгох ёстой. Ингэж байж дараагийн буюу тэмцэх асуудалдаа орох юм.

Бөөс хүн, амьтны биед шимэгчилж амьдардаг, 24-30 хоногийн настай амьтан. Өдөрт гурван хуурс гаргадаг, хуурс нь 7-9 хоногийн дотор биеэ олж бөөс болно. Дотроо толгойны, хувцасны, умдагны гэж гурван янз. Энэ гурав хэзээ ч холилдож амьдардаггүй. Хүний биенээс гарахаараа 24 цагийн дотор үхдэг. Харин хуурс нь хүний биенээс гараад долоо хоног амьдрах чадвартай. Хүн 70 насалдаг мөртлөө хоолгүй 14 хоног л тэсдэг гэхээр ганц сарын настай амьтан нэг хоног өлсөхөөр үхэх нь мэдээж хэрэг. Энэ амьтныг өөрийг нь таньж мэдэхгүйгээр тэмцэх ямар ч боломжгүй.

-Төрөл зүйлийг нь тус тусад нь тайлбарлаж өгөхгүй юу. Манайд одоо дэгдээд байгаа нь аль нь юм бэ?

-Судалгаанаас харахад эхлээд толгойн бөөс бий болж, улмаар 170 орчим мянган жилийн өмнөөс хувцасных, толгойнх гэсэн хоёр төрөлд хуваагдсан гэж үздэг. Умдагны бөөс бол ойролцоогоор гурван сая жилийн өмнө сармагчнаас хүнд шилжсэн.

Манай сургууль, цэцэр­лэгүүдэд гараад байгаа нь толгойн бөөс. Энэ нь 2-3 мм урттай, гэрлээс дайжиж амьдардаг шимэгч амьтан. Өөрийнхөө биеийн уртаас 100 дахин хол зайд үсрэх чадвартай. Бохир заваан гэхээс илүү олон хүнтэй, чиглэг дулаан орчинд хурдан үрждэг. Хүн хаанаас ч, хэнээс ч хэзээ ч авч болно. Баян, хоосон, цэвэр бохир, нийгмийн давхарга ялгахгүйгээр халдварлана. Зарим оронд халдварт өвчин гэж үздэг. Хүмүүс бохироос үүсдэг гэж ярьдаг, тийм биш. Бохир орчин бол зөвхөн амьдрах таатай нөхцөл нь юм. Халдах зам нь олон. Хамгийн сонирхолтой нь, уур уцаартай, стресст орохдоо амархан, сэтгэлзүйн тогтворгүй байдалтай, дархлаа суларсан, удаан хугацаагаар өвчтэй байсан хүмүүс илүү өрдөг гэсэн ажиглалт байдаг юм билээ. Германд гэхэд зусланд явж, гэрээсээ удаан хугацаагаар холдсон хүүхдүүд бөөстдөг байхад дайн гарсан улсуудад их гардаг гэсэн судалгаа ч байна.

Хувцасны бөөс нь зөвхөн хувцас болон орны хэрэглэлд өндөглөж, үрждэг. Толгойн бөөснөөс ялгаатай нь хүнийг үхэл хүргэх аюултай гэдэсний хижиг, дахидаг хижиг зэрэг онц аюултай халдварт өвчнүүдийг тараах эрсдэлтэй. Тиймээс толгойн бөөснөөс ч илүү аюултай гэж үздэг. Тэмцэх арга нь гэвэл хувцсаа ойр ойрхон сольж, цэвэр хувцас өмсөх, цэвэрлэхдээ буцалгаж, угаасны дараа хуниастай хэсгүүдийг сайтар индүүдэж өгөх хэрэгтэй.

Умдагны бөөс буюу намилзгана толгойн бөөс, хувцасны бөөстэй харьцуулахад жижигхэн, нь 1.5 мм. Хөлөөрөө умдагны үсний угт бэхлэгдэн хошуугаа арьсанд үрж амьдардаг. Намилзгана хүнээс салаад нэг хоногоос илүүгүй хугацаанд амьдардаг бол өндөг нь долоо хоног гадаад орчинд амьд байх чадвартай байдаг. Алчуур, орны цагаан хэрэглэл, хувцсаар маш амархан дамждаг. Халуун усны газар, усан сан, зочид буудал, хиймэл шарлагын газар болон нийтийн бие засах газраас намилзгана дамжиж болно.

Намилзгана нь шимэх эзэндээ очоод долоо хоногийн турш амьдрах орчноо бүрдүүлдэг. Үсний угт бат сууж, хошуугаа арьсанд шигтгэх зэрэгт ийм хугацаа шаардагддаг гэж ойлгож болно. Үүнээс хойш өвчлүүлж, өөрөөр хэлбэл хазаж эхэлнэ. Шүлсний булчирхай нь тусгай бодис ялгаруулдаг учир өвдөхгүй, хатгаж цоолсны дараа цусны бүлэгнэлтийг алдагдуулдаг. Иймээс хатгуулсан газар хөх улаан байдаг ба их загатналтыг үүсгэдэг. Өндөгүүд нь умдагны үсэнд сайн бэхлэгдсэн байдаг учраас хэрийн угаалтад арилдаггүй. Жаахан хүүхдийн умдаг үсгүй учир өвчлөхгүй гэж бодож болохгүй, цагаан хэрэглэл, алчуураар дамжин бага насны хүүхдийн хөмсөг, сормуусанд очиж бэхлэгдэх чадвартай. Мөн хүний суугаад боссон суудал дээр суухад ч халдаж болно. Монголчууд хүний суусан халуун суудал дээр суухыг цээрлэдэг нь ийм учиртай ч байж мэднэ. Монголчуудын ихэнх нь намилзганыг бэлгийн замаар халддаг гэсэн ойлголттой байдаг. Энэ үнэн, гэхдээ халдварлах өөр олон арга зам байгаа учраас нэгнээс нь намилзгана гарлаа гэхэд гэр бүлийн хосууд нэгнээ хардаж, асуудал үүсгэх шаардлагагүй. Халдах зам нь олон учраас.
-Өндөр хөгжилтэй улсуудад ч гэсэн байдаг гэв үү?
-Дэлхийн бүх улсуудад байдаг, хөгжил хамаарахгүй. Японд гэхэд халддаг, мөлхдөг, үсэрдэг гээд нэрлэчихсэн байх жишээтэй.

-Манайд бөөс нэг хэсэг алга болсон шүү дээ. Харин одоо гараад эхэллээ. Тодорхой хугацааны давтамжтайгаар дэгддэг юм болов уу?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ устсан гэдэг бол худлаа. Угаасаа хүнд л байдаг шимэгч, хүн байгаа юм чинь байсан л байж таарна.

-Сургууль цэцэрлэгүүдэд тархалт их гарч байна. Дорноговьд л гэхэд 2013 оноос эхлэн дэгдэж, энэ хичээлийн жилийн эхэнд зарим цэцэрлэгийг хаахад хүрсэн байна лээ. Сая бас Хөвсгөл аймгийн хэд хэдэн сумын цэцэрлэгт гарсан гэж байна. Яагаад цэцэрлэгт их гарч байна вэ. Хотын цэцэрлэгүүдэд гарсан уу?

-Цэцэрлэг, сургуулийн орчин бол бохир заваан биш шүү дээ. Муухан айлаас ч цэвэрхэн байгаа. Тиймээс зөвхөн тархах нөхцөл нь болж байна. Өнөөдөр, улсын бүх цэцэрлэгийн ачаалал байвал зохих хэмжээнээсээ хоёр дахин хэтэрсэн байгаа. Хүүхдүүд хөдөлгөөнтэй байдгаас болоод хөлстэй, чийглэг орчин үүсдэг. Тиймээс гаднаас нэг л ороод ирвэл дороо тарна.

-Хятадаас орж ирсэн шинэ хувцсанд нийгээд оёчихсон байна гэсэн мэдээлэл гарч байсан, энэ талаар юу хэлэх вэ?

-Шууд тэгж хэлж болохгүй. Магадгүй, зарж байгаа хүнээс нь халдсан ч байж болно шүү дээ. Зарж байсан хүний толгойноос бөөс унасан байхад л авч өмссөн хүнд тархах боломжтой. Шинэ хувцас авлаа гэхэд өмнө нь өмсөж үзсэн хүнээс халдсан байхыг ч үгүйсгэхгүй.

-Тэгвэл, Монголд бөөс нэгэнт тархчихлаа. Одоо яах вэ?

-Хамгийн гол нь бөөс гэдэг тухайн хүний нийгмийн байдал, амьдрах хэв зуршлыг тодорхойлдог гэсэн уламжлалт буруу ойлголтоосоо л салах хэрэгтэй. Авсан нь ичиж зовох шаардлагагүй, аваагүй нь бусдыгаа муу хэлэх ёсгүй.

Англид бол бөөс илэрсэн хүүхдийн эцэг эхэд бичиг хийж өгөөд явуулчихдаг, ээж, аав нар нь “Аан” гээд л үзлэгээ хийгээд арга хэмжээгээ авчихдаг. Цэцэрлэгүүдээр эцэг эхчүүдэд сургалт зохион бай­гуулаад явж байхад Англи, Герман зэрэг гадаад орнуудад байсан эцэг эхчүүд төдийлөн цочирдож хүлээж авахгүй байгаа нь анзаарагдсан. “Аан ийм юм байдаг ш дээ. Энэ чинь зориулалтын арилгадаг юмтай” гэсэн байдлаар ханддаг. Харин бусад нь л шогшроод сүйд болоод байдаг юм. Энэ байдлаас болж багш, эцэг эхчүүдийн хооронд үл ойлголцол ч үүссэн тохиолдол гарч байна. Тэгж нервээ барах шаардлагагүй, хэрхэн урьдчилан сэргийлэх, тэмцэхээ л бодох нь хамгийн зөв. Ер нь бол бөөс хүний биеэс гараад удаан амьдрах чадваргүй учраас нэгэнт халдвар авсан тохиолдолд элдэв түрхлэг, эм гэхээс илүү биенээсээ л зайлуулах аргаар тэмцэх нь хамгийн зөв.

Бөөстэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга
Хуурч илэрсэн л бол бөөс байна гэсэн үг. Энэ тохиолдолд дараах арга хэмжээг авах хэрэгтэй.
1. Гэр бүлийн бүх гишүүдийг хамарсан үзлэг хийх. Ганцхан хүнээс илэрсэн ч хамаагүй.
2. Үзлэг хийх өрөө нь үслэг эдлэлгүй, угаалгын өрөө байх ёстой. Үсээ угаагаад зориулалтын шампунь түрхэнэ. Энэ нь үхүүлэх биш, 20 минут орчим хөдөлгөөнгүй болгох үйлчилгээтэй байдаг.
3. Ердийн самаар самнан үсийг шулуутгаж, даахийг нь арилгана. Дараа нь үсээ хэсэгчилж хуваана.
4. Зориулалтын шүүх самаар самнана. Ингэхдээ самаа үсний угт, хуйханд нь тулгаж байгаад нэг чиглэлд, үсний төгсгөл хүртэл самаа үснээс салгахгүйгээр нэг хөдөлгөөнөөр самнана. Самаа хагас налуу барина.
5. Татаж авсан самаа салфеткаар арчиж шалгана.
6. Самналт бүрийн дараа самаа урсгал усанд зайлж цэвэрлэнэ. Сам нойтон байх тусмаа эргэж самнахад хялбар байдаг.
7. Хэсэгчилж хуваасан үс бүрийг самнах тоолонд дээр хэлснээр самаа шалгаж, урсгал усанд зайлж цэвэрлэнэ.
8. Бүх үсээ самнаж дуусаад шампунийг нь арилтал нь сайн зайлна. Үсээ нойтон чигээр нь самнана.
9. 1-8 үйлдлүүдийг эхнээс нь давтана. Энэ маягаар хэдэн ч удаа цэвэрлэж болно. Гараад л байвал цэвэрлээд л байна гэсэн үг.
10. Бүх үйлдлийг хийж дуусаад дахин үзлэг хийнэ.
Бөөс илэрсэн илрээгүй, гэр бүлийн бүх гишүүд энэ аргыг долоо хоногт хоёр удаа тогтмол хийж хэвших ёстой. Хэнд ч хэзээ ч тусдаг, хэдэн ч удаа давтагдах боломжтой учраас уйгагүй хийж, хэвшил болгож чадсан гэр бүл л бөөснөөс айхгүй амьдарч чадна.
Бөөсний шүүрэн сам танай гэрт заавал байх ёстой, халбага сэрээ шиг л ердийн хэрэглээ байх ёстой.
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.САЙХАН