Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин болон одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарын дунд хуулийн салбарын шинэчлэл тойрсон маргаан өрнөж байгаа. Өмнөх Засгийн газрын үед баталсан хуулиудыг хоёр жилийн дараа шинэчилсэн найруулга нэрээр өөрчилж буй нь нэг талаас амьдралд нийцээгүй хуулийг засч буй явдал, нөгөө талаас нэгнийхээ шинэчлэлийг үгүйсгэж байна гэх маргаантай ойлголтод хүргээд байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөх хуулийн төсөл, цагдаа, тахар, дотоодын цэрэг тойрсон асуудлаар нэг намын хоёр сайдын зөрүүтэй байр суурийг хүргэе.

Цагдаа иргэндээ үйлчилдэг байгууллага уу, хүчний байгууллага уу

Х.Тэмүүжин:

-Цагдаа бол хүчний биш, хууль сахиулах байгууллага байх ёстой. Цэрэгжсэн биш, иргэний зохион байгуулалтад орох ёстой. Цагдаагийн байгууллагын ажил ил тод, хариуцлагатай, иргэдэд хянагддаг, үйл ажиллагаа нь олон нийтийн дэмжлэгт суурилсан байх ёстой. Энэ л цагдаагийн албаны шинэчлэлийн суурь зарчим байсан.

Д.Дорлигжав:

-“Нийгэмд үйлчилдэг байгууллага" гэдэг үгээр нэг их хөөцөлдөх хэрэггүй. Цагдаа таны гарыг мушгиад аваад явдаг л байх ёстой. Үүнийг дарамт гэх үү, эсвэл та надад үйлчилдэг байх ёстой гэх үү. Түүнээс биш нэр томъёогоор хэт хөөцөлдөөд, тэр байгууллагын шинж чанарыг алдагдуулаад, байгууллагын ажилтан өөртөө итгэл үнэмшилтэй ажиллаж чадахгүй байдалд оруулж болохгүй.

Орон нутгийн цагдаагийн даргыг орон нутгаас томилох уу, төвөөс томилох уу

Х.Тэмүүжин:

-Хэдэн сарын өмнө Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтыг ил тод зарлаж, хүмүүсийг өрсөлдүүлж байгаад хотын захирагч нь томилсон. Гэтэл энэ томилгоог хүчингүй болгоод шууд дээд удирдлагаас нь томилдог хуучин тогтолцоо руу оруулах гэж байна. Орон нутаг руу эрх мэдэл шилжүүлсэн шинэтгэлийг Цагдаагийн албаны хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар үгүй хийж байна.

Д.Дорлигжав:

-Монгол бол нэгдмэл төрт улс. Жижиг улсын хувьд энэ жишиг тохирохгүй. Нийгмийн хэв журам сахиулах хэсгийг аймгийн удирдлага томилдог, орон тоо, төсвийг тогтоодог байхад болохгүй зүйлгүй. Гэхдээ орон нутгийн төсвийг төвөөс өгч байгаа. Төсвөө бие дааж бүрдүүлдэг аймаг хэд билээ, тэр нь хүрэлцээтэй юү гэх мэт асуудлууд бий.

Цагдаагийн албан тушаалын, эсвэл хугацааны цол хэрэглэх үү

Х.Тэмүүжин:

-Өөрийнх нь дарга хошууч цолтой байхад доор нь үүрэг гүйцэтгэж байгаа хүн хурандаа цолтой байдаг. Ингээд хэн нь хэндээ ёслох, хэний үүргийг биелүүлэх гэдэг зөрчил үүсдэг байсан. Тиймээс албан тушаалаас нь хамаарч цол олгодог болсон. Сайн ажилласан ч, муу ажилласан ч цол нь нэмэгдээд явдгаа больсон гэсэн үг. Дэлхийн улс орнуудын туршлагыг ч харахад манайх шиг тайван амгалан улсад албан тушаалын цол хэрэглэдэг.

Д.Дорлигжав:

-Цагдаагийн хурандаа, дэд хурандаа болно гэдэг цагдаагийн сургууль төгсч байгаа хүүхдүүдийн гол мөрөөдөл байхгүй юу. 20, 30 жил зүтгэж байж хүрэх ёстой мөрөөдөл нь. Гэтэл сургууль төгсөөд 2-3 жил болсон дэслэгч залуу гэнэт газрын дарга, хурандаа болно. Газрын дарга, хурандаа цолтой байсан хүн нь албан тушаал буураад, ахлах дэслэгч болж байгаа юм. Бүх насаараа мөрөөдөж, ажиллаж, зүтгэж байж авсан хурандаа цол албан тушаалаар алдагдаж, ахлах дэслэгч болсон олон тохиолдол бий. Үүнийг хуучинд нь оруулъя.

Тахар агентлагаараа үлдэх үү, хэлтэс болох уу

Х.Тэмүүжин:

-Шүүгчид, прокурорууд шоронгийн харгалзагчдаар өөрсдийгөө харгалзуулах ийм хуультай болж байгаагаа мэдээгүй юм байна лээ. Яагаад гэвэл энэ гэвэл яг энэ асуудлаар нь Засгийн газар тэднээс санал аваагүй юм байна. Өөрсдийнх нь таслан шийдвэрлээд, ял өгөөд явуулсан хоригдол, ялтанг харгалздаг хүмүүсээр буцаагаад шүүх, прокурорын байгууллагын харуул хамгаалалтыг шийдүүлэх гэж байгаад би харамсаж байна. Бид өмнө нь “Гэмт хэргийн хохирогчтой, гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгагдаж байгаа иргэдтэй цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэнтэй адилхан харьцаад байна. Хүнлэг биш байна, хүний эрхийг үл тоомсорлож байна, арга барил, соёл нь болохгүй байна” гэж хэлээд энэ Тахарын албыг байгуулсан. Харамсалтай нь одоо ялтан, хоригдолтой харьцдаг байгууллага гэрч, хохирогчийг хамгаалахаар болж байгаа юм байна.

Д.Дорлигжав:

-Тахарт туршлагатай боловсон хүчин алга. Унаа машин алга. Бүх аймгуудад байргүй. Эрх зүйн орчин нь тодорхойгүй. Энэ байдлаараа Тахарын алба хуулийн зорилгоо бүрэн хэмжээгээр биелүүлж, ажиллах боломжгүй. Тийм учраас ШШГЕГ-ын дэргэдэх байгууллага болгоё гэж байгаа юм. Татан буулгаагүй, хууль нь хэвээрээ. Яагаад гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө бүх аймгуудад салбартай, унаа, хөсөгтэй, аж ахуйтай. Дэргэдээ Тахарын албыг авлаа гэхэд илүүчлэх юмтай. Өнөөдрийн боломж, санхүүгийн нөхцөл байдалд уялдуулж, ийм шийдэл хийж байгаа юм. Шинэ Засгийн газар байгуулагдахад Тахарын алба татан буугдах агентлагуудын нэрэнд орсон байсан.

Монголд дотоодын цэрэг хэрэгтэй юу

Х.Тэмүүжин:

-Дотоодын цэргийг дахин байгуулах гоё үг байгаа боловч Тахарын албыг татан буулгасан мөнгөөр дотоодын цэргийг сэргээх гэж байгаа. Ний нуугүй хэлэхэд, иргэдэд үйлчлэх гээд байгаа цагдаагийн алба хаагчдынх нь орон тоо хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Алба хаагчид өдөр, шөнөгүй ажиллаж байна, зардал мөнгөө бүрэн дүүрэн авч чадахгүй байна . Нэг бүрийн тусгай хэрэгсэл, агсамж, хөдөлмөрийн аюулгүй байдал хүрэлцээгүй ч өөрт эрсдэлтэй гал руу орж л байна. Энэ мөнгийг гаргахын тулд би сайд байхдаа цагдаад шаардлагагүй спорт хороо, чуулгыг татан буулгаж цагдаагийн үндсэн үйл ажиллагаанд төсвийг нь зарцуулсан. Гэтэл одоо юм бүхэн нь буцаж эргэж байгаа байхгүй юу. Яг кадр буцааж байгаа юм шиг цагдаагийн байгууллага 2012 оноос өмнөх нөхцөл байдал руугаа л очиж байна. Дарга нарын тансаглалд зориулсан чиг үүрэг, бүтцүүд буцаад бий болгож байгаагийн нэг нь дотоодын цэрэг. Дотоодын цэргийг бий болгохын тулд иргэнд үйлчилж, иргэнийг хамгаалдаг чиг үүргээс танаж байна. Д.Дорлигжав үнэхээр цэрэг командлах дуртай юм бол Хууль зүйн сайд хийх хэрэггүй шүү дээ . Батлан хамгаалахын сайдаа л хий л дээ.

Д.Дорлигжав:

-Татан буугдсан дотоодын цэргийг дахин байгуулна. Үүний тулд Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ. Ингэхдээ цагдаагийн бүтцэд байлгахгүй. Дээхнэ үед Хилийн болон дотоодын цэрэг гэж байсан даа. Яг түүн шиг Дотоодын цэргийг ХХЕГ-ын харъяа болгож байгуулна. Онцгой нөхцөл байдал үүсээд, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед цагдаа харахаараа хүмүүсийн эсэргүүцэл улам ихэсдэг. Ялангуяа нийгмийг хамарсан маш хүчтэй мөргөлдөөний үед. Гэтэл цэрэг хүн орж ирээд зогсохоор цэрэгтэй тэр болгон зодолдож нүдэлцээд байдаггүй. Мэдээж тэд буу зэвсэгтэйгээ орж ирээд зогсчихсон байгаа, хоёрт нөгөө бороохойгоор нүддэг, цохидог цагдаа биш. Хэрвээ анзаарсан бол АНУ-д болоод байгаа хар арьстан залууг буудсанаас болж цагдаа хэдэн сарын турш иргэдтэйгээ зөрчилд орсон, сүүлдээ болохоо байгаад манайхаар бол Дотоодын цэргүүд нь орж ирэхэд хүмүүс нь цэрэгтэй очиж зодолдохгүй л байгаа байхгүй юу. Иймэрхүү хүчин зүйл байдаг. Манайх шиг жишээлбэл гудамжныхаа зодооныг дийлэхээ байгаад байнгын арми авчирч жагсаадаг улс орон дэлхий дээр байхгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд ийм юм болсон.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг гурав салгах уу

Х.Тэмүүжин:

-Төрийн зүгээс гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхээр хийж байгаа алхам бүр, амьсгал бүр нь хуулиар зохицуулагдах ёстой. Тиймээс өмнөх Засгийн газрын үед процессийн тухай хуулийг задлаад “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”, “Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хууль” гэж гурван тусад нь оруулж ирсэн. Одоо хэрэглэж байгаа хууль маань хэтэрхий ерөнхий, богинохон бичигдсэн учраас байгууллага дотооддоо гаргасан заавар, журам нь иргэний эрхийг хязгаарлах үндэслэл болоод байна. Өмнө хэлсэн процессийн хуулиуд нь үүнээс гарах гэсэн том шинэтгэл байсан. Харамсалтай нь Хууль зүйн шинэ сайдын “техникийн шинжтэй засвар” гэдэг нэрийн дор энэ концепци нурж уналаа. Үүнийгээ яаравчлаад байгаа шалтгааны нэг нь “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг яавал алга болгох вэ” гэдэг атгаг санаа явж байна. Хууль сахиулдаг олон байгууллагын үйл ажиллагаан дотор хүний эрхийн зөрчил маш их гардаг. Энэ нь тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн буруу ч биш. Тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс яаж ажиллах вэ гэдэг процедурыг нарийвчилсан хууль, журам байхгүйгээс болоод нэг бол даргын дур зорго, эсвэл хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хувийн бодлоос болж хүний эрх зөрчигдөж байна.

Д.Дорлигжав:

-Хуулиас сэжигтэн гэдэг ойлголтыг авч хаясан. Ингэснээр юу ч тогтоогоогүй байж сэжиглэж аваачаад хорьчихдог, дууддаг процесс алга болж байгаа байхгүй юу. Энэ бол хамгийн том дэвшил. Харин тухайн хүнийг яллагдагчаар татсан тохиолдолд 14-30 хоногийн дотор шалгаж шүүхэд шилжүүлэх ёстой. Ер нь гурван хуулийг нэг хуулиар зохицуулах бол техникийн л асуудал. Нэг дороо байх нь хэрэглээний ач холбогдолтой гэж үзэж байгаа. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд асуудал байсан уу гэвэл байсан. Үүнийг хүлээн зөвшөөрсөн учраас шинэ боловсруулсан хэд хэдэн хуульд нийцүүлж Эрүүгийн хэрэг шалгах шийдвэрлэх тухай хуулийн төслийг хийсэн. 30 гаруй мэргэжлийн байгууллагын санал авч шийдсэн. Гэхдээ бол засч янзлах зарчмын асуудал байхыг үгүйсгэхгүй. Техникийн шийдлийн хувьд нэг хуулиар байх нь зүйтэй л гэж үзсэн. Х.Тэмүүжингийн санааг зовоож байгаа зүйл энэ хуульд байгаа. Анхнаасаа гомдол мэдээллийг шалгахад гэмт хэрэг, зөрчил гэдгийг ялгах боломжгүй. Ийм учраас нэг стандартаар шалгана. Зөрчил болгоод ирвэл УИХ-д өргөн барьсан Зөрчлийн хуулиар шийднэ.

Ганбаатар УЛСБОЛД Сэтгүүлч