Дүрвэгсэд гэхээр л охины минь найз байсан Чечень охин санагдана. Тэдний байшинг бөмбөгдөхөд охин дөнгөж наймхан сартай байсан гэдэг. Подвалд хорогдож байхад нагац ах нь бетонон хананд даруулж өөд болохыг ээж, ах, эгч гурав нь нүдээрээ харжээ. Ээж нь хүүхдүүдээ дагуулаад, нялх охиноо тэврээд галт тэргээр, машинаар, хоёр хөлөөрөө харанхуй шөнөөр тариан талбай дундуур явсаар Австрид ирсэн гэдэг. Нөхөр нь тэр үед Чеченьд шоронд байсан, хожим нь Голланд руу гараад өөр эхнэр авчихсан байж. Хөөрхий бүсгүй дайн дажингүй газар хүүхдүүдээ бүрэн бүтэн авч ирсэн хэр нь аз жаргалгүй.

Охин нь манай охинтой үй зайгүй найзлаад байхаар нөхөр бид хоёр ч ээжтэй нь байнга орж гаран ойр дотно болсон. Бүсгүй их ээрүү. Ярьдаг хэдэн сэдэв байна: нэгт өвчин зовиур, хоёрт мөнгөний гачигдал, гуравт өөрийг нь болон хүүхдүүдийг нь австриуд ад үзээд байна, харийн нутагт амьдрах яасан хэцүү лай ланчиг вэ гэх, дөрөвт өөрийн соёл лалын шашинаа магтаж Австрийн соёлтой харьцуулан голох, тавд гэвэл Чеченьд амьдарч байсан сайн сайхан үеэ дурсан санагалзах. Залуу үеэ, сайхан амьдарч байснаа ярихаараа нүд нь гэрэлтэж ирээд сүүлдээ хацар нь ягаарч ээрүү нь хүртэл намдаад ирнэ. Би хичээлээсээ ядарсан амьтан тарж ирээд охиноо дуудаж гэрт нь авч ирэх гэж мөнөөх айлдаа орно. Хоёр цаг орчим ийм яриа сонсоод толгой дүйрээд дүнхүү болоод гэртээ орж ирнэ.

Нэг удаа ингэж ирээд нөхөртөө хэлвэл "Яахав дээ, тэр хүн сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж дийлэхгүй, чи хааяа сэтгэл санааны дэмжлэг өгч байх хэрэгтэй, түүнийг сонсох хүн л хэрэгтэй" гэж суув. Тэднийх том хавтгай зурагтнаас аваад айлд байх ёстой эд зүйл дандаа сүүлийн үеийн чанартайгаас нь авсан, бүүр цэвэр арьсан буйдан ч тавьсан байх. Манайх хажууд нь навсгар айл. Мөнгөний гачигдал ярихын учир ойлгомжтой. Охин маань "Шургуулга дүүрэн франц үнэртэй устай байна" гээд нүд нь орой дээрээ гарсан амьтан ирж байсан. Намайг ав гэхэд нь би дийлдэхгүй үнэтэй гэдэг тул охин минь жоохон хүүхдийн ухаанаар ойлгохгүй гайхаж байсан хэрэг. Нэг удаа мөнгөгүйн зовлон тоочиж байснаа мөнөөх л лалын шашнаа магтаж эхлэхэд нь "Танай шашинд эд хөрөнгөгүй ч жаргалтай байж болох тухай сургадаг уу?" гэхэд их л гайхан харж "Чи юу гэх гээд байна" гэхэд нь айгаад таг дуугүй болсон. Уурлахаараа танихын аргагүй өөр болж нүдээ цэхэлзүүлэн "Альхамдилла" гэхээр нь шашин өөртэй хүнтэй ам зөрж болохгүй гэсэн бодол сэрдхийж түүнээс хойш ам асуусан шиг өнгөтэй юм хэлчих вий гэж их л болгоомжилдог болов. Мань хүн нүдний үзүүрт хий юм харагдаад байна "там мерещут шайтаны" чөтгөр шулам гэж их айж, арван зургаа хүрсэн хүү нь хүртэл айгаад өвөрт нь орж унтдаг тухай ярьж байсан. Ийм үгэнд ямар ч монгол хүний сэтгэл сэрдхийх байх. Манайхан дотор гүйдэл энээ тэрээ гэсэн яриа байдаг ч нүдний буланд чөтгөр харагдаж байна гэж лав ярьж байхыг дуулаагүй.

Том охин нь гимназиа төгсөөгүй байж хүнтэй суухаар зүтгэв. Ээж нь уйлаад намайг ятгаад өг гэж гуйна. Ятгаж байгаа нь энэ гэж хэдэн цагаар суугаад нэмэр болсонгүй. Инж гэж доор хаяж 8 мянган еврогоор хувцас хунар, ор дэрний даавуу бүтээлэг, хөшиг гээд баахан юм авч өгөх ёстой гэнэ. Ээ бурхан минь заавал ингэж байх алба уу, та зүгээр л тэмдэглээд л болоо биш үү гэтэл зүтгэсээр өр шир тавьж хадамд мордуулах болов. Нэг л өдөр хадам болох айл нь бэрээ ирж авдаг юм болсон. Намайг урьсан болохоор нь очлоо. Ээ гончигсум минь ямар ч олон эрчүүд ирдэг юм. Том өрөөнд нь баахан сахал үс болсон тэнгэр баганадсан харчууд сууж байна. Ямар ч том биетэй юм, яасан ч их сахал үс юм. Хэдэн хүүхэн хоол хийгээд л зогсоо зайгүй л өнөө хэдэн сахалтай харчуул руугаа зөөгөөд том өрөө гал тогоо хоёрын хооронд үймээд л гүйгээд байх юм. Яасан ч хэцүү ёс заншил юм. Австрид ч больж болохгүй. Шинэ орчиндоо дасан зохицоход тээг саад болсон хүнд дарамт шиг л санагдсан. Эрчүүд нь идэж ууж байсаар 14 цаг болов. За бэрээ мордууллаа болоод л баахан чемодантай юм чирээд л зөөгөөд л. Тэмээн жин шиг. Нэг их цасан цагаан палааж хадаг яндар шиг алчуур унжуулсан охин гарч ирээд л гялс гээд л гүйгээд гараад алга болчихлоо. Ийм нэг бэрх юм үзэж өдөржин айлд гэдэс хонхолзон гал тогооных нь мухарт шомбойж суусан. За даа явдаг ч юмуу даа гээд бостол ашгүй нэг юм аяганы амсар зуулгав. Хүүд нь хүүхдийн гар утас дээрэмдсэн хэрэгт цагдаагаас дуудсан бичиг ирэхэд нь нөхөр маань очиж уулзаж хэрэгт холбогдолгүй болохыг нь нотлож өгсөн. Австри хүн гэр бүлийн найз нь гээд дагаж очиж уулзахаар хүмүүс шал өөрөөр хандана. Дандаа муу дүн тавиад зуугаад байдаг багштай нь хүртэл уулзаж байсан. Ээж нь хүүгээ Излам гэж дуудна. Хэрбэрт хүүтэй нь нэг удаа багштай нь уулзчихаад буцаж явах замд хүү "намайг А гэдэг, ээж л намайг излам гэж дуудаад байгаа болохоос" гэж их л санаа зовинонгуй хэлжээ.

Нэг удаа үүрээр дөрвөн цагийн үед утас минь хангинасанд авсан чинь тэдний хүү А хоолой нь цахиртан "ээжийн бие муу байна, уначихлаа, та хүрээд ирээч" гээд утсаа тавьчихав. Би ч сэрээд гайхан харж буй нөхөртөө хэлчихээд санд мэнд хувцаслаад гараад гүйчихлээ. Тэдний байр манай яг урдхан талд. Хэд харайгаад л орлоо. Хүү нь хаалга тайлж өглөө, уйлчихсан байв. Охин нь ээжийнхээ орны хөл дээр атираад суучихсан уйлж байна. Шалан дээр хэвтэж байгаа ээжийнх нь хажууд суугаад яасан ийсэн гэтэл дотор муухай оргиод, толгой эргээд, цус харвах гэж байх шиг байна, даралт их өндөр байсан гэж туниа муутай дуугарахад нь айгаад түргэн дуудчихлаа. Нөхөр ч ороод ирлээ. Хэдэн биенээ хараад зөөлхөн ёолох дууг нь чагнаж суутал түргэн ч хүрээд ирлээ. Түргэний хоёр ажилтан даралтыг нь хэмжиж үзээд зүгээр байна гээд яваад өгдөг юм байна. Дайн дажинд өртөж сэтгэлдээ шарх тээсэн хүнд "фантомшмерц" буюу санаа дагасан өвдөлт зовиур байнга мэдрэгдэж тарчилгаж байдаг гэдэг. Намайг гадны цагаач гээд тоохгүй байна гээд уйлахад нь тайвшруулж бие чинь гайгүй болно гэж аргадаж оронд нь оруулж унтуулаад гэртээ харьцгаасан.

Хожим бодох нь ээ мань хүн үгэнд орохгүй байна гэж хүүгээ айлгах гэж тэгж баашилсан байж магад шиг санагдсан. Манайх гэнэт Грац руу нүүхэд охин маань найзтайгаа салж хагацах хэцүү хоёулаа уйлаад өрөвдөлтэй байсан. Грацт ирчихээд амралтаараа найзаа авч ирэх гэж надаар утасдуулж ээжтэй нь яриулна. Дөрвөн ч удаа ирээд явсан. Гурван жилийн өмнө монгол явах замдаа тэднийхээр дайрч хоноод явая гэтэл охин маань баярлаад сүйд болов. Яг явахын өмнөхөн намайг гаднаас орж ирэнгүүт принтер дээрээс баахан цаас шүүрж аваад ардаа хийн нуухад нь гэнэт түгшиж ноцолдож байгаад булааж авч үзлээ. Садар самуун порнографи маягийн текст байна. Чи энүүгээр яах гэж байгаа юм бэ гэтэл З аваад ир гэсэн гэж байна. Чи хүний хүүхэд рүү буруугаа түлхэх гэлээ гээд ууралтал уйлаад сүйд болов. Лалын шашинтан гээд сүр дүрэм болоод байдаг хэр нь охиндоо бэлгийн амьдрал гэж юу болох тухай юу ч тайлбарлаж өгөөгүй, тэгээд л хүүхэд ийм юм сонирхож байгаа хэрэг, ээжид нь хэлвэл яах ч юм билээ гэж бодоод хэлэлгүй өнгөрөхөөр болов.

Тэднийд очтол хэрэг бишдлээ. Рамадан болж байна гэнэ. Утсаар ярихдаа хэлчихгүй дээ. Би рамаданы үеэр мацаг барьдаг гэж сонсож байснаас биш сайн мэдэхгүй. Бид хоёрыг очдог өдөр тэд бүгд унтаад байв. Харанхуй болохоос өмнө хоолоо хийгээд харанхуй болмогц хоолоо идээд шөнөжин зурагт үзэж суулаа. Би шөнө унтаж чадсангүй. Өглөө хачин амьтан босож ирээд за эднийд дахиж нэг хонох ч бэрх явдал байна гээд уриад байдаг курд эхнэртэй туркийн аливит найзындаа хонохоор явлаа. Охиныхоо найз охиныг дагуулж Донаугаар зугаалж зайрмаг идүүлж эрхлүүлье гэтэл болохгүй гэнэ. Тэр ч бүү хэл ус ч ууж болохгүй гэнэ. Охин маань хэлж байна. Зүгээрээ ээ ээж, З нууцаар иддэг, аваад явъя гэж байна. Хүүхэд өдөржин ус уухгүй бол бөөрөнд нь их муу ядаж ус уулга гэж учирлатал манай шашны ёс гээд хавьтуулдаггүй. Хүүхдийнхээ эрүүл мэндийг ингэж сүйдэлж байх гэж гэнэт уур хүрээд охиноо үг дуугүй дагуулаад тэднийхээс явсан. Охин маань ярьж байна. Ээж А-г өргөөд авчихъя л даа. Ээж нь зодоод байдаг. Өөрөө "Чи жаргалтай, би чамтай цуг амьдрах юм сан гээд байдаг" гэж авч байна. Сайн муу ч ээжтэйгээ байсан нь дээр байлгүй яахав, тэгээд ч ийм том болсон хүүхдийг энд өргөж авна гэж бүтэхгүй бөөн чирэгдэл болно. Ээж нь ааш зангий нь тааруулж чадахгүй яах ч юм билээ, чиний эрхэлж байж муур авхуулдаг шиг юм биш шүү гэтэл "Ээж нь зодоод байдаг юм чинь хүүхдийн байгууллагад хэлье" гэнэ. За ёстой болохгүй шүү хүү минь, ядарсан амьдралтай хүмүүст тэгж гай болж болохгүй гэм гээд тэр яриаг цэглэсэн.

Тэр өдрөөс хойш хоёр охин хааяа л утсаар ярихаас цаашгүй болов. Сүүлийн үед утсаар ярих бүрд лалын шашиндаа оруулах гэж ухуулаад байдаг болж охин минь горьдлого нэг мөсөн тасрав бололтой утсаар ч ярихаа болив. Хөөрхий дөө ийм л улс энд ингэж зовж явдаг. Дүрвэгсэд ээ гэж.

Б.Алтантуяа

time.mn